| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 135/2025/00027/и |
| Дугаар | 209/МА2025/00039 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 209/МА2025/00039
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 307/ШШ2025/00343 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх" тухай,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/ хариуцагчийн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...Төлбөр гаргуулахаар хураагдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, ******* тоот 4 өрөө байр нь Монгол Улсын иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар нэр бүхий 7 гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байтал бусад өмчлөгчдийн эрхийг ноцтойгоор зөрчиж бүхэлд нь битүүмжлэн хураан авах тогтоол үйлдэж, улмаар эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн.
Түүнчлэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, ******* тоот улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 53.0 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг “” ХХК-ийг байгуулахаас 2 жилийн өмнө 8 хувийн орон сууцны зээлд хамрагдаж авсан. Үүнтэй холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг ханган баталгаа болгон “*******” ХХК-иас улсын бүртгэлийн байгууллагад барьцаалбарт бүртгүүлсэн байхад үүрэг гүйцэтгүүлэгч ******* буюу гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчиж хууль бусаар битүүмжлэн хураан авсан нь хуульд нийцэхгүй байна.
Дархан-Уул аймаг, нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэснийг ноцтой зөрчиж, мөн Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн бусад өмчлөгчдийн эрхийг зөрчиж хуульд нийцэхгүй хууль бус ажиллагаа явуулж гийн хамтран өмчлөлд бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 53.0 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг зөвхөн компанийн төлөх өр төлбөрийг барагдуулах зорилгоор 1 хүний хөрөнгө мэтээр битүүмжлэн хураан авсан нь үндэслэлгүй байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасныг үндэслэн төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, , тоот улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 53.0 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, хураагдсан эд хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байн гэжээ. / х.х 1-2 /
2. Хариуцагчийн төлөөлөгч ын татгалзал, хариу тайлбарын агуулга:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01729 дугаартай захирамжаар “” ХХК-иас 98,210,000 төгрөг гаргуулж “” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүх шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх захирамж гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан.
Төлбөр төлөгч “” ХХК-ийн талаар холбогдох байгууллагуудаас лавлагаа авахад тус компанид ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бүртгэлгүй гэдэг нь тогтоогдсон. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч болох гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хорооллын ******* тоот 53.0 м.кв талбайтай орон сууцыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23070458/06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу “" ХХК-ийг шинжээчээр томилсон. “” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 136,729,857 төгрөгөөр тогтоосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээний тайланг талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Дээрх үнэлгээг “” ХХК нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 135/Ш32024/02349 дугаартай захирамж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 209/МА2024/00063 дугаартай магадлалаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд анх төлбөр гаргуулах ажиллагаа, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хураасан тогтоолыг тухайн үед иргэн ******* мэдэж байсан. Өөрөө оролцоод, үнийн саналаа өгч байсан. Манайхаас удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44-р зүйлийн 44.1-т “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвшөөрөөгүй тохиолдолд уг арга хэмжээг явагдсанаас хойш 7 хоногийн дотор, мэдээгүй бол мэдсэнээс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байгаа. Тийм учраас нэгдүгээрт гомдол гаргах дараалал зөрчсөн байна. Дээрээс нь гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна.
Мөн хуулийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. Иймд дээрх хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х-55 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан *******ы хариуцагч д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 7 байрны тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 53,0 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгөөс хасаж, битүүмжлэлээс чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 307/ШШ2025/00343 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1-р хороолол, ******* тоотод байрлах 53 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжилсэн эд хөрөнгөөс хасаж, битүүмжлэлээс чөлөөлж, шийдвэрлэсэн.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн судлаагүй, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх заалт, 84 дүгээр зүйлийн 84.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 307/ШШ2025/00343 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /х.х 250/
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгч *******гийн
гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нь зүйтэй гэж дүгнэв.
7. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь д холбогдуулан орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ. /х.х-1-2,-55/
Хэргээс үзэхэд:
9. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 135/ШШ2022/01729 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч “” ХХК-иас 98,210,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “” ХХК-нд олгох, хариуцагч нь төлбөрийг графикийн дагуу хуваан төлөхөөр тохирсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 135/ШЗ2023/00638 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, мөн өдрийн 80 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, талууд энэ талаар маргаагүй. /х.х 59-64/
2023 оны 11 сарын 17-ны өдрийн 23070458/04 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч “” ХХК-ийн захирал болон түүний нөхөр ******* нарын өмчлөлд бүртгэлтэй Дархан-Уул аймаг, Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, ******* тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 53,0 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилж, 2023 оны 12 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 25/01 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор тус орон сууцыг 95,710,900 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2024 оны 12 сарын 31-ний өдрийн 10:00 цагт худалдан борлуулахаар тогтоосон боловч энэхүү тогтоолыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоолоор хүчингүйд тооцжээ. /х.х 49, 65-80, 117/
10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т: “төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж тус тус зохицуулсан.
Төлбөр төлөгч нь хуулийн этгээд учир хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа эхний ээлжид хуулийн этгээдэд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгч хуулийн этгээдийн баланс, санхүүгийн тайлан, компанийн өөрийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн талаарх лавлагааг холбогдох байгууллагаас авч, төлбөр төлөгч хуулийн этгээд нь өөрийн гэсэн ямар нэгэн хөрөнгөгүй, хуулийн этгээдийн хөрөнгө нь төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй зэрэг нөхцөл үүссэн тохиолдолд хуулийн этгээдийн төлөөлөгчийн хувьд ногдох хөрөнгөөс төлбөрийг гаргуулах ажиллагаа явагдах учиртай.
Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс төлбөр төлөгч “” ХХК-д бүртгэлтэй ямар нэгэн эд хөрөнгө байхгүй болох нь тогтоогдсон учир үүсгэн байгуулагч гийн хамтран өмчлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасантай нийцэж байгаа гэж тайлбарладаг боловч “” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн мэдээллийг төрийн байгууллагуудын лавлагааны системээс авснаас өөр ажиллагаа хийгээгүй байна. /х.х 6-9, 115/
11. 2014 оны 03 сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 7 байрны тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай 53,0 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, нар бүртгэгдсэн байна. /х.х 6/
Маргаж буй тус эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн *******, нар нь 2009 оны 07 сарын 20-ны өдөр гэр бүл болсон болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байгаа бөгөөд тус орон сууцыг 2014 оны 03 сарын 31-ний өдөр *******ны орон сууцны зээлийн гэрээгээр худалдан авсан байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.” гэж хуульчилсны дагуу гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзнэ. /х.х 10, 17-29/
12. Нэгэнт төлбөр төлөгч хуулийн этгээдэд холбогдуулан явуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн явуулах үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй атлаа хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн гэр бүлийн дундын эд хөрөнгийг хураан авч битүүмжилж, албадан дуудлага худалдаа явуулж байгаа нь гэр бүлийн бусад гишүүдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 307/ШШ2025/00343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Гомдол гаргагч нь давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Я.ТУУЛ