| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 307/2025/00361/и |
| Дугаар | 209/МА2025/00040 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 209/МА2025/00040
“******* ******* ******* ************** хэмнэх
технологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 307/ШШ2025/00616 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* эрчим хүч хэмнэх
технологи” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ГХОХХК-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээний үлдэгдэл төлбөр 297,500 юань буюу 140,253,400 төгрөг, ажлыг хугацаанаас өмнө дуусгасан урамшуулал 290,000 юань буюу 146,717,600 төгрөг, торгууль 40,068,150 төгрөг нийт 317,039,150 төгрөгийг гаргуулах" тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******, *******, өмгөөлөгч нар /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
- Гэрээний үлдэгдэл төлбөрийн тухайд:
...Гэрээний дагуу нэхэмжлэгч БНХАУ-ын хуулийн этгээд “******* ******* ******* ******* эрчим хүч *******” ХХК нь хариуцагч “*******” ГХОХХК-ийн төмрийн баяжуулах үйлдвэрт механик болон цахилгаан тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтад оруулах ажлыг 850,000 юаниар хийж гүйцэтгэхээр тохиролцсон.
2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ”-ний 3 дугаар зүйлд “Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Б тал нь 2018 оны 01 сарын 05-ны орчим барилгын ажлыг хийж гүйцэтгэх газар орох бөгөөд ажил гүйцэтгэх хугацаа нь ажлын 105 өдөр байна.
Нэхэмжлэгч нь 2018 оны 01 сарын 05-ны өдрөөс эхлэн ажлын 105 өдөрт ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.
Хариуцагч “*******” ГХОХХК-иас барилгын талбай руу оруулах хугацааг хойшлуулснаар барилгын ажил 2018 оны 01 сарын 16-ны өдөр эхэлсэн. Хариуцагч талаас барилгын талбайг чөлөөлөөгүй болон барилгын талбай руу оруулах хугацааг хойшлуулсан талаараа маргадаггүй болно.
БНХАУ-ын хуулийн этгээд “******* ******* ******* ************** *******” ХХК нь гэрээнд заасан ажлыг 2018 оны 01-р сарын 16-ны өдрөөс эхлэн 2018 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэл нийт ажлын 47 өдрийн хугацаанд стандартын дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн. Талууд 2018 оны 03 сарын 24-ний өдрийн 08:00 цагт ажлын туршилтын ажиллагааг хамтран шалгаж, эцсийн байдлаар ажлыг хүлээн авсан.
Хариуцагч “*******” ГХОХХК нь гэрээний нийт үнэ болох 850,000 юанийн 65 хувь буюу 552,500 юанийг төлсөн бөгөөд үлдэгдэл 297,500 юанийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Хариуцагч талаас гэрээнд заасан ажлын гүйцэтгэл, чанарт аливаа байдлаар гомдол санал гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж “*******” ГХОХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал болон одоогийн гүйцэтгэх захирал //-д удаа дараа мэдэгдсэн боловч үр дүнд хүрсэнгүй өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд нэхэмжлэгч нь 2023 оны 08 сард хариуцагчийн Дархан дахь үйлдвэрт очиж, гэрээний төлбөрийг шаардсан байдаг.
Иймд гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн тул гэрээний үлдэгдэл төлбөр 297,500 юанийг хариуцагч “*******” ГХОХХК-иас гаргуулах үндэслэлтэй байна.
Гэрээнд заасан урамшууллын тухайд:
Талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ”-ний 5 дугаар зүйлд “ Гэрээний нийт үнэ 850,000 юань байна. Хэрэв Б тал барилгын ажлыг хугацаанаас өмнө хийж дуусгавал А тал Б талд хугацаанаас өмнө дууссан хоног тутамд 5000 юанийн урамшуулал олгоно.”гэж заасан.
Нэхэмжлэгч БНХАУ-ын хуулийн этгээд “******* ******* ******* ************** *******” ХХК нь гэрээнд заасан ажлыг ажлын 47 өдрийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд ажил гүйцэтгэх хугацаа болох ажлын 105 өдрөөс 58 өдрийн өмнө ажлыг дуусгаж, хүлээлгэн өгсөн.
Иймд гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу А тал нь Б талд хугацаанаас өмнө дууссан хоног тутамд 5000 юанийн урамшуулал олгоно гэсний дагуу БНХАУ-ын хуулийн этгээд “******* ******* ******* ************** *******” ХХК-д ажлыг хугацаанаас өмнө дуусгасны урамшуулалд 290,000 юань (58 хоног х 5000 юань)-ийг төлөх үүрэгтэй байна.
Дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 297,500 юань болон гэрээнд заасны дагуу ажлыг хугацаанаас өмнө дууссаны урамшуулал 290,000 юань нийт 587,500 юань буюу 276,971,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. / 1 х.х 1-3 /
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
...“Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 297,500 юань болон гэрээнд заасны дагуу ажлыг хугацаанаас өмнө дууссаны урамшуулал 290,000 юань нийт 587,500 юань буюу 276,971,000 төгрөгийг гаргуулах тухай тус шүүхэд хянагдаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна.
Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага:
“Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ”-ний 11 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт “гэрээг гүйцэтгэх явцад аль нэг тал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг дангаар зөрчсөн тохиолдолд зөрчсөн тал нь нөгөө талдаа учруулсан бүх хохирлыг барагдуулаад зогсохгүй гэрээний үнийн дүнгийн 10%-ийг нөхөн төлнө." гэж заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 10% буюу 85,000 юань болох 40,068,150 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулах (2024 оны 11 сарын 27-ны өдрийн Монгол банкны юанийн хаалтын ханш 471.39 төгрөгөөр тооцсон.)
Нэхэмжлэлийн үндэслэл:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугар зүйлийн 26.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх” эрх нь зөвхөн нэхэмжлэгчийн эдлэх эрх бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг хангах үүднээс нэхэмжлэгч нь хэзээ, хэнээс, юу шаардахаа өөрөө бие даан шийдвэрлэх эрхтэй байдаг.
Нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор гэрээний үлдэгдэл төлбөр 297,500 юань болон гэрээнд заасны дагуу ажлыг хугацаанаас өмнө дууссаны урамшуулал 290,000 юань нийт 587,500 юань буюу 276,971,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч тус нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх бүрэн хангагдах боломжгүй гэж үзэж байна.
Иймд “Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ"-ний 11 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт “гэрээг гүйцэтгэх явцад аль нэг тал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг дангаар зөрчсөн тохиолдолд зөрчсөн тал нь нөгөө талдаа учруулсан бүх хохирлыг барагдуулаад зогсохгүй гэрээний үнийн дүнгийн 10 хувийг нөхөн төлнө." гэж заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 10% буюу 85,000 юань болох 40,068,150 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь гэрээ зөрчсөн үйлдэл бөгөөд гэрээ зөрчсөнтэй холбоотойгоор хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон буюу давагдашгүй хүчин зүйл болсон талаар огт нэхэмжлэгчид мэдэгдэж байгаагүй.
Иймд “Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ”-ний 11 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт заасны дагуу гэрээний үнийн дүн болох 850,000 юанийн 10 хувь буюу 85,000 юань болох 40,068,150 төгрөгийг хариуцагч “*******” ХХК- иас нэмж гаргуулж өгнө үү.
Ихэсгэж буй нэхэмжлэлийн шаардлага нь тус хэрэгтэй хамааралтай тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1 х.х 197-198/
2. Хариуцагч талын татгалзал, хариу тайлбарын агуулга
...уг гэрээ нь 2017 онд хийгдсэн бөгөөд одоог хүртэл тус компани нь манай компанид энэ гэрээгээр тоног төхөөрөмж суурилуулсан төлбөрийн тухай дурдаж байгаагүй болно. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу угсралтын ажлыг урьдчилан хийж гүйцэтгээгүй, түүнчлэн суурилуулсан тоног төхөөрөмж нь чанар, стандартын шаардлага хангаагүйн улмаас одоог хүртэл олон тооны тоног төхөөрөмж ашиглах боломжгүй болсон тул нэмэлт урамшууллын төлбөрийг олгох ёсгүй гэж үзэж байна.
Мөн бид Монгол улс болон Хятад улсаас төлөх ёстой бүх төлбөрийг гэрээний заалтын дагуу төлж дуусгасан бөгөөд ямар нэгэн өр төлбөр байхгүй. Тус оноос хойш багагүй хугацаа өнгөрч манай үйлдвэрийн захирал хоёр удаа солигдсон болно.
Иймээс бид одоогоор тухайн үеийн Монгол Улсад болон Хятад төлбөр төлсөн баримтыг бэлдэж байгаа бөгөөд бэлдэж дуусмагц Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэх болно гэжээ. / 1 х.х 55 /
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн ы гарын үсэг бүхий 2018.03.26-ны өдрийн тоног төхөөрөмжийг туршиж шалган хүлээн авсан хураангуй хүснэгт гэх баримтыг хүлээн зөвшөөрөхгүй хуурамч гэж үзэж байна.
нь 2018 оны 06 сарын 28-ны өдөр ажлаас гарч хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсныхоо дараа арбитраар манай компанитай ямар ч үндэслэлгүй хөдөлмөрийн маргаан үүсгэж маргалдсан хүн байгаа юм.
Дээрх байдлаас харахад нь манай компанийн эсрэг ажиллаж, санаатайгаар “Пү зө******* *******” ХХК-ийн талд орж хуурамч баримт дээр гарын үсэг зурсан гэж үзэж байна.
Иймд талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ “*******" ХХК нь бүрэн биелүүлж, гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / 1 х.х-188 /
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн 2025.03.20-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбарын агуулга:
...Гэрээгээр хүлээсэн үүргээ “*******” ХХК нь доорх байдлаар бүрэн төлж гэрээг дуусгавар болгосон.
Нэг. Гэрээний урьдчилгаа төлбөр төлөгдсөн талаар:
...төслийн ажил эхлэхээс өмнө БНХАУ-ын “” ХХК *******” ХХК-ийн төлбөл зохих урьдчилгаа төлбөрийг 2018 оны 01 дүгээр сарын өдөр БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банкны Тяньжин ГуоШин спортын хүрээлэнгийн хойд салбараар дамжуулан Хятадын хөдөө аж ахуйн банкны Чань ******* салбар дахь “Пү зө******* *******” ХХК-ийн тоот дансанд гэрээний урьдчилгаа 255,000 юань шилжүүлсэн. Төслийн ажлын явцад нэг удаагийн туршилтын дараа үнийн дүнгийн 35 хувь буюу 297,500 юань “ *******” ХХК-иас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 297,500 юань, төслийн ажил дууссаны дараа 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 255,000 юань, нийт 552,500 юанийн төлбөрийг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч -ийн эзэмшлийн Монгол улсын Голомт банк дахь тоот дансаар шилжүүлсэн ба энэ талаар нэхэмжлэгч маргадаггүй. Дээрх байдлаар гэрээний нийт үнийн дүнгийн 95 хувь буюу нийт 807,500 юанийг төлсөн байхад БНХАУ-д гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 255,000 юанийг орхигдуулж, зөвхөн Монгол Улсад хийсэн төлбөр тооцоог үндэслэн гэрээний үлдэгдэл төлбөр гэх агуулгаар 255,500 юань нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Хоёр. Гэрээнд чанарын баталгаа буюу 42,500 юанийн үлдэгдлийн талаар:
Тоног төхөөрөмжийг хүлээж авсны дараа доголдол үүсэж, дахин тохируулга хийсэн ба угсарсан тоног төхөөрөмжөө асуудалтай талаар тухайн үед “Пү зө******* эх технологи” ХХК нь өөрөө хүлээн зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу чанарын баталгаа 5 хувь буюу 42,500 юанийг “*******” ХХК төлөлгүй үлдээхээр талууд шийдвэрлэсэн байдаг тул 42,500 юанийг “Пү зө******* *******” ХХК нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
...2018 оны 7 сараас хойш “Пү зө Эрчим *******” ХХК-ийн зүгээс нэг ч гомдол санал гаргаагүй байснаа гэнэт 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Гурав. Гэрээнд заасан урамшуулал 290,000 юанийн нэхэмжлэлийн талаар:
...”Пү зө******* *******” ХХК нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх эцсийн хугацаа болох 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 84 хоногийн хугацаа хэтрүүлж, 2024 оны 07 сарын 03-ны өдөр ажлын гүйцэтгэлийг албан ёсоор хүлээлгэн өгсөн болох нь “үйлдвэрлэлийн шугам хүлээлцсэн акт”-аар нотлогдоно. Иймд “Пү зө******* *******” ХХК нь гэрээнд заасан хугацаанаас 58 өдрийн өмнө ажлыг дуусгасны урамшуулалд гэх үндэслэлээр 290,000 юань нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Дөрөв. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага
Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ “*******” ХХК нь бүрэн биелүүлж гэрээг дуусгавар болгосон ба гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул 85,000 юань буюу 40,068,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Тав. Хөөн хэлэлцэх хугацааны талаар:
Тэнжин ******* Хүний нөөц нийгмийн хамгааллын газраас боловсруулсан Ажлаас чөлөөлөгдсөн, нийгмийн халамж авсан хүмүүсийн бүсчилсэн жагсаалтаар Ван ши мин 2019.08.22-ны өдөр ажлаас гарсан тул нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Тяньжин Хэншан , Монгол Улсын хуулийн этгээд “*******” ХХК-д 2021 оны 03 сарын 15-нд хүргүүлсэн гэх “ тооцоо нийлж төлбөр төлөх тухай баримт” гэх Ван ши мин-ийн гарын үсэг бүхий баримтыг “*******” ХХК-д ирүүлсэн гэж үзээх боломж байхгүй. Учир нь энэ баримт манай компанид ирээгүй. Түүнчлэн 2021 оны 03 сарын 15-нд БНХАУ-д үйлдэгдэж тамга дарсан бичгийг тухайн өдрөө Монгол Улсад хүлээж авч гарын үсэг зурах боломж байхгүй.
Зургаа.Санал
Иймд гэрээ дуусгавар болсноос хойш 6 жил өнгөрч хөөн хэлэлцэн хугацаа өнгөрсний дараа гэрээний үлдэгдэл төлбөр гэх 297,500 юань болон ажлыг хугацаанаас өмнө дуусгасны урамшуулал 290,000 юань нийт 587,500 юань, торгууль 85,000 юань буюу нийт 317,039,150 төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /2 х.х 63-66/
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5, 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1-д тус тус зааснаар "******* ******* ******* ************** *******" ХХКомпанийн нэхэмжлэлтэй, ГХОХХКомпанид холбогдох “Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээний үлдэгдэл төлбөр нь 297,500 юань буюу 140,253,400 төгрөг, ажлыг хугацаанаас өмнө дуусгасан урамшуулал 290,000 юань буюу 146,717,600 төгрөг, торгууль 40,068,150 төгрөг нийт 317,039,150 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч "******* ******* ******* ************** *******" ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 1,542,805 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 358,290.75 төгрөг, нийт 1,901,095.75 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нь дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:
1. Нэхэмжлэгч БНХАУ-ын хуулийн этгээд “******* ******* ******* ************** *******” ХХК болон МУ-ын хуулийн этгээд “*******” ХХК- ийн хооронд байгуулагдсан “Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 297,500 юань буюу 140,253,400 төгрөг, ажлыг хугацаанаас өмнө дуусгасан урамшуулал 290,000 юань буюу 146,717,600 төгрөг, нийт 276,971,000 төгрөгийг гаргуулах
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр торгууль 85,000 юань буюу 40,068,150 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийтдээ 317,039,150 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
-Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг бүрэн хийж хүлээлгэж өгсөн үйл баримтыг шүүхээс үнэлж, дүгнээгүй тухайд:
1 дүгээр хавтаст хэргийн 151,152 дугаар талд авагдсан тоног төхөөрөмжийг туршиж шалгаж хүлээн авсан хураангуй хүснэгтээр 2018 оны 3-р сарын 26-ны өдөр хариуцагч компанийн ажилтан д хүлээлгэж өгсөн баримт. Уг баримтыг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь уг нотлох баримт ажил гүйцэтгэгч талд зөвхөн хуулбар хувь байсан бөгөөд уг баримтыг үндэслэж ажлыг хүлээлгэж өгсөн болохыг давхар нотлох зорилгоор хариуцагч талын ажилтан нь 2018 оны 3-р сарын 26-ны өдөр ажил хүлээн авсан болохоо нотолсон албан тодорхойлолтыг 2024 оны 6-р сарын 11-ний өдрийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүхээс уг нотлох баримтад огт дүгнэлт хийгээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэн шийдвэр гаргах хуулийн шаардлагыг хангаагүй байна. Харин хариуцагчийн итгэмжлэгч төлөөлөгч шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд 2018 оны 3-р сарын 26-ны өдөр ажил хүлээн авсан гэдэг дээр маргахгүй зөвхөн хуулбар хувь байна гэж маргадаг бөгөөд уг баримтын эх хувь нь хариуцагч компанид өөрт нь байгаа тул хариуцагч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй тал дээр шүүхээс огт дүгнээгүй болно.
- Хариуцагч ажлыг хүлээн авч гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлөөлгүй тухайд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тухайд:
...талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2.2-т “Төлбөрийг Б талын БНХАУ дахь данс руу банкны шилжүүлэг эсхүл өөр төрлийн мөнгөн гуйвуулгын хэлбэрээр хийнэ." гэж заасан. Харин хариуцагч яагаад гэрээнд зааснаас өөр дансанд гэрээний төлбөрийг төлсөн үндэслэлийг нотлох үүрэгтэй боловч шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй. МУ-ын Иргэний хуулийн 211.1 “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан. Энэхүү зохицуулалтаар үүрэг гүйцэтгэгч болох “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг нэхэмжлэгч БНХАУ-ын хуулийн этгээд “******* ******* ******* ************** *******" ХХК-ийн гэрээнд заасан дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байхад гэрээний 30 хувийг төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
-Гэрээний үлдэгдэл 5 хувь төлөөгүй талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй тухайд:
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2.1-т “Үлдсэн 5% нь чанарын баталгаа буюу тоног төхөөрөмж ашиглалтад орж 3 сарын турш чанарын аливаа асуудалгүй ажилласны дараа А тал нь Б талд бүх төлбөрийг төлөх ёстой." Талаар заасан. Гэтэл хариуцагчаас гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан гэсэн үндэслэлээр үлдэгдэл 5 хувийг төлөөгүй гэж маргадаг боловч хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох 2017 оны 12 сарын 25-ны өдрийн “” ХХК-аас “” ХХК-д гаргаж өгсөн нэхэмжлэх бичиг гэсэн бичгийг гаргаж өгсөн. Уг нэхэмжлэх бичиг нь ажил гүйцэтгэгч талын хийсэн ажилтай хамааралгүй болно. Учир нь ажил гүйцэтгэгч нь захиалагчийн гаргаж өгсөн материалаар ажлыг гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн уг тоног төхөөрөмжүүдийг угсрах ажлыг гүйцэтгэсэн дээр талууд маргадаггүй болно. Энэхүү “нэхэмжлэх бичиг” гэх баримт нь мотор нийлүүлсэн “” компаниас нийлүүлсэн тухайн мотортой холбоотой доголдол гарсантай холбоотой баримт байсан. Иймд нэхэмжлэгч гэрээний дагуу үлдэгдэл 5 хувь шаардах эрхтэй бөгөөд шүүхээс энэ тал дээр дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Хариуцагчийн зүгээс 2018 оны 07 сарын 08-ны өдөр ажлыг бүрэн хүлээж авсан талаар нотлох баримтыг гаргасан бөгөөд тухайн ажил нь доголдолтой байсан гэж нэхэмжлэлийн татгалзлаа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээний 6.2.1-т “Үлдсэн 5% нь чанарын баталгаа буюу тоног төхөөрөмж ашиглалтад орж 3 сарын турш чанарын аливаа асуудал гараагүй учраас гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 42,500 юанийг шаардах эрх нь үндэслэлтэй байна.
- Шүүхээс Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг талуудын хооронд байгуулсан гэрээний заалт болон хуулийн заалттай харьцуулж дүгнэн шийдвэрлээгүй тухайд:
Талуудын хооронд байгуулсан гэрээний 11.1.2-т “гэрээ зөрчсөн асуудлыг шийдвэрлэх: гэрээг гүйцэтгэх явцад аль нэг тал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг дангаар зөрчсөн тохиолдолд зөрчсөн тал нь нөгөө талдаа учруулсан бүр хохирлыг барагдуулаад зогсохгүй гэрээний үнийн дүнгийн 10%-ийг нөхөн төлнө." гэж заасан. Нэхэмжлэгч нь энэхүү заалтын дагуу гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 85,000 юань болох 40,068,150 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар торгууль нэхэмжлэх ёстой байтал гэрээний нийт үнийн дүнгээс анз тооцохоор гэрээнд заасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь нэгэнт гэрээнд талууд анз төлөхөөр харилцан тохиоролцсон бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг шүүхээс тодорхой болгох замаар анз тооцох боломжтой байсан. Хариуцагч гэрээний 35 хувь болох 297,500 юань буюу 140,253,400 төгрөг, ажлыг хугацаанаас өмнө дуусгасан урамшуулал 290,000 юань буюу 146,717,600 төгрөг, нийт 276,971,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон. Иймд шүүхээс 276,971,00 дүнгийн 10 хувь болон 27,697,100 төгрөгийн анз авах эрхийг зөрчиж шийдвэрлэсэн байна. Шүүхээс нэхэмжлэгчийг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул “Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр, урамшуулал, торгууль гаргуулах шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна.
Иргэний хуульд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс тооцох боломжтой талаар заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 3-р сарын 01-ний өдөр хариуцагчийн санхүү хариуцсан ажилтан Сон Кана-гийн тооцоо нийлсэн актаар мэдсэн талаар дурдсан. Шүүхэд энэхүү баримтын хуулбарыг гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч талд эх хувь байх боломжгүй бөгөөд харин энэхүү гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх талаар “Тооцоо нийлж төлбөр төлөх тухай бичиг”-ээр мэдэгдсэн байдаг. Энэхүү баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж шүүхэд гаргаж өгсөн. /хавтаст хэргийн 149-150 талд/
Түүнчлэн талуудын хооронд маргаан бүхий гэрээ болох “Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ"-ээс гадна өөр олон төрлийн ажлыг нэхэмжлэгч талаар гүйцэтгүүлсэн бөгөөд 2 талын хамтын үйл ажиллагааны хариуцагч тал болох “*******” ХХК гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг дээр олон удаа хугацаа боломжийг олгож байсан. Мөн дэлхий нийтээр Ковидын нөхцөл байдал бий болсонтой холбогдуулан хариуцагчид давагдашгүй хүчин зүйл үүссэнтэй холбогдуулан үүрэг гүйцэтгэх хугацааг хангалттай олгосон. Харин хариуцагч нь энэхүү гэрээгээр гүйцэтгэх ажил болон бусад гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж Дархан-Уул аймгийн шүүх болон БНХАУ-ын Тяньжин ******* арбитрын шүүхэд нэхэмжлэл гарган эрхээ хамгаалуулаад явж байгаа болно. Дээр дурдсан нэхэмжлэгч талын шаардах эрхээ хэрэгжүүлсэн үе буюу 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. /3 х.х 64-67 /
5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч БНХАУ-ын хуулийн этгээд болох “******* ******* ******* ******* эрчим хүч *******” ХХК нь хариуцагч “*******” ГХОХХК-нд холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 297,500 юань буюу 140,253,400 төгрөг, гэрээнд заасан ажлыг хугацаанаас нь өмнө дуусгасан урамшуулал 290,000 юань буюу 146,717,600 төгрөг, нийт 276,971,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээг гүйцэтгэх явцад аль нэг тал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг дангаар зөрчсөн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10 хувиар торгууль төлөхөөр тохиролцсоны дагуу торгууль 85,000 юань буюу 40,068,150 төгрөг, нийт 672,500 юань буюу 317,039,150 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. / 1 х.х-1-3, 55, 188, 197-198, 223, 2 х.х-63-66/
Хэргээс үзэхэд:
8. Нэхэмжлэгч БНХАУ-ын хуулийн этгээд болох “******* ******* ******* ******* эрчим хүч *******” ХХК нь 2017 оны 12 сарын 16-ны өдөр “*******” ГХОХХК-тай “Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ” байгуулж, талууд гэрээгээр “*******” ГХОХХК-ийн 500,000 тонн баяжуулах үйлдвэрийн техникийн өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг Дархан хотод хийж гүйцэтгэх, гэрээний үнийн дүн 850,000 юань байх, барилгын ажлыг хугацаанаас нь өмнө хийж дуусгавал хугацаанаас өмнө дууссан хоног тутамд 5000 юанийн урамшуулал олгох, төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилсан, талууд ирээдүйд бий болох хөрөнгийг гүйцэтгүүлэх, ажлын үр дүнг хүлээн авч төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
9. 2017 оны 12 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч БНХАУ-ын хуулийн этгээд болох “******* ******* ******* ******* эрчим хүч *******” ХХК-ийн хариуцагч “*******” ГХОХХК-тай байгуулсан “Механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээ”-ний 6.1-д “урьдчилгаа төлбөр: энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар хойш 7 хоногийн дотор А тал нь урьдчилгаа төлбөр болох гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувийг Б талд өгч, үйлдвэрлэл, түр байрлах байр, ажиллах хүчийг талбай руу нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ” гэж, 6.2.1-д “ажлын нэг удаагийн туршилт дуусахад нийт төлбөрийн 35 хувийг, бүх ажлыг хийж гүйцэтгэн туршилтын ажиллагаа дуусахад нийт төлбөрийн 30 хувийг төлнө. Үлдсэн 5 хувь нь чанарын баталгаа буюу тоног төхөөрөмж ашиглалтад орж 3 сарын турш чанарын аливаа асуудалгүй ажилласны дараа А тал нь Б талд бүх төлбөрийг төлөх ёстой” гэж тус тус заасны дагуу гэрээний нийт төлбөрийн 65 хувийн төлбөр төлсөнд нэхэмжлэгч тал маргаагүй.
Харин гэрээний 6.2.1-д зааснаар төлбөрийн 30 хувь болох 255,000 юанийг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх удирдлага болох -ийн Голомт банкны тоот данс руу шилжүүлснийг төлбөр төлсөн гэж үзэхгүй, 5 хувийг чанарын баталгаа буюу тоног төхөөрөмж ашиглалтад орж 3 сарын турш чанарын аливаа асуудалгүй ажилласны дараа төлөх гэж тохиролцсоны дагуу төлөөгүй учир чанарын баталгааны 5 хувь болох 42,500 юань, мөн гэрээний дагуу хийх ёстой ажлаа хугацаанаас өмнө гүйцэтгэсний урамшуулал 290,000 юань, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ зөрчсөн учир гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгууль болох 85,000 юань, нийт 672,500 юань буюу 317,039,150 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн зүгээс ...-ийн Голомт банкны 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тоот данс руу тушаасан 255,000 юанийн баримт нь өөр харилцаа... гэж тайлбарлаж буй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх...” гэж хуульчилсны дагуу нотлох баримт гаргаж ирүүлээгүй байна.
Түүнчлэн нь нэхэмжлэгч талыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байх тул түүний Голомт банкны тоот дансанд 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр түүний дансанд 255,000 шилжүүлсэн үйлдлийг энэхүү гэрээний төлбөр биш гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн төлбөр төлөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Иймд гэрээний төлбөрийн эхний 30 хувь болох 255,000 юань-ийг 2018 оны 01 сарын 03-ны өдөр Хятад улсад, дараагийн 35 хувийг Голомт банкны бэлэн мөнгөний зарлагын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 417,500 юанийн баримтаар /297,500+120,000 өмнөх гэрээний төлбөр/, дараагийн 30 хувь болох 255,000 юанийг нэхэмжлэгч компанийг шууд төлөөлөх эрхтэй этгээд болох -ийн Голомт банкны тоот данс руу 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тушаасан бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар хариуцагч тал гэрээгээр хүлээсэн төлбөрийн 95 хувийг төлсөн болох нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. / 1 х.х-115, 142-144/
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ...” гэж хуульчилсан.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хэзээ, хэрхэн хүлээж авсан талаар талуудаас ирүүлсэн баримт хоорондоо зөрүүтэй байгаа бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тоног төхөөрөмжийг туршиж шалгаж хүлээлгэн өгсөн гэх баримт нь хуулбар баримт бөгөөд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. / 1 х.х-151-152/
Харин хариуцагч талаас гаргаж ирүүлсэн “үйлдвэрлэлийн шугамыг хүлээлцсэн акт” нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа бөгөөд уг баримтад ажил гүйцэтгэж хүлээлцсэн, хүлээн авсан огноог 2018 оны 07 сарын 02 гэж тэмдэглэсэн байх тул ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлын үр дүн болох үйлдвэрлэлийн шугамыг хүлээлцсэн хугацааг 2018 оны 07 сарын 02-ны өдөр гэж тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. / 1 х.х-105-107/
Үйлдвэрлэлийн шугамыг 2018 оны 07 сарын 02-ны өдөр хүлээлцсэн байх тул ажил гүйцэтгэх гэрээг хугацаанаас нь өмнө дуусгасан гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй, хийж гүйцэтгэсэн ажлаа хугацаанаас нь өмнө дуусгасан гэдгээ нэхэмжлэгч тал нотолж чадаагүй байх тул ажлыг хугацаанаас нь өмнө дуусгасан урамшуулал гэх 290,000 юанийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
12. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 5 хувь буюу 42,500 юанийг чанарын баталгаа буюу тоног төхөөрөмж ашиглалтад орж, 3 сарын турш чанарын аливаа асуудалгүй ажилласны дараа төлөхөөр харилцан тохиролцжээ.
Гэвч нэхэмжлэгч нь халих бөөрөнцөгт тээрмийг угсрахдаа ашиглах үзүүлэлтийн дагуу суурилуулаагүйгээс JT1510-8 моторт гэмтэл гарч байсан болох нь нотлогдож байгаа бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзлыг нотлох баримтаар няцааж чадаагүй байх тул чанарын баталгааны 5 хувь болох 42,500 юанийг шаардах эрхгүй байна. / 2 х.х-9-13/
13. Гэрээний 11.1.2-т “...гэрээг гүйцэтгэх явцад аль нэг тал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг дангаар зөрчсөн тохиолдолд зөрчсөн тал нь нөгөө талдаа учруулсан бүх хохирлыг барагдуулаад зогсохгүй гэрээний үнийн дүнгийн 10 хувийг нөхөн төлнө.” гэж заасан байх боловч хариуцагчийн зүгээс гэрээний үүргийг ямар нэгэн байдлаар зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээний торгууль гэх 85,000 юанийг нэхэмжлэх эрх үүсэхгүй байна.
Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 18-ны өдрийн 307/ШШ2025/00616 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар "******* ******* ******* ************** *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, ” ХХК-нд холбогдох “механик болон цахилгаан тоног төхөөрөмж суурилуулах инженерийн гэрээний үлдэгдэл төлбөр нь 297,500 юань буюу 140,253,400 төгрөг, ажлыг хугацаанаас өмнө дуусгасан урамшуулал 290,000 юань буюу 146,717,600 төгрөг, торгууль 85,000 юань буюу 40,068,150 төгрөг нийт 317,039,150 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,743,146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН Я.ТУУЛ