| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0706/Э |
| Дугаар | 695 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 695
2019 07 22 2019/ШЦТ/695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Хохирогч Д.Отгон,
Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, хамтран амьдрагч С.Майцэцэг, 2 охины хамт , Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зуйлийн 126.2.3, 126.2.6-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, хорих ялыг нэмж нэгтгэн 8 жилийн хорих ял оногдуулж, урьд өмнө тэнсэн суллагдсан 6 cap 28 хоногийн хорих ялаас зарим болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 8 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 529 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, С.Д,
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Яллагдагч С.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны оройн 20 цаг 17 минутын үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн авто зам дээр “Хонда Инсайт” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогч Д.Отгоныг автомашинд нь хүрлээ гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн ханын хугарал, зүүн хөмсөг, баруун нүдний зовхины няцарсан шарх, цус хуралт, шууны арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Д.Отгон гэх хүн зам гарч байхад нь зам тавьж өгсөн. Зөрж гарахдаа машин цохиод, гэрлээ асаа гэж хэлсэн. Тухайн үед гэрлээ асаах шаардлагагүй байсан. Би машинаас буухад Д.Отгон нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүнд зодуулсан байдалтай байсан. Би энэ хүнийг сигналдаагүй, хараагаагүй. Би замын хөдөлгөөнд зүй зохистой оролцсон...” гэв.
Хохирогч Д.Отгон нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны орой манай хүүхэд алга болчихоор нь хайгаад явж байсан. Манай хүүхэд сэтгэл мэдрэлийн өвчтэй юм. Тухайн үед гадаа нилээн бүрэнхий байсан. Улаан өнгийн машин зөрөхөөр нь ард талд нь цохиод “гэрлээ асаа” гэж хэлсэн. Камерын бичлэгт бүх зүйл тодорхой харагдана. ...өөр хэлэх зүйлгүй, залуу хүнд ял шийтгэл оногдуулна гэж би хэлээд яахав дээ. Эмчилгээний зардлаа гаргуулж л авмаар байна” гэв.
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
Хохирогч Д. Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэрээсээ гараад ганцаараа засмал зам руу явсан. Замаар явж байсан машинд гараа хүргээд гэрлээ асааж яваач гэж хэлсэн, тэгсэн уг машин зогсоод жолооч нь гарч ирээд намайг шууд цохиж зодсон. Энэ явдал болохоос өмнө өөр хүнтэй маргалдаж, цохиулж зодуулсан асуудал байхгүй. Уг машины жолоочид зодуулсны улмаас миний биед гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Гэрч А.Энхбудын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би таксинд явахаар автомашинтайгаа зогсож байсан. ...Отгоо ах миний машины урдуур жаахан халамцуу алхаж гарсан. Гэтэл Сэлбээс хотын төв чиглэлийн зам руу явж байсан улаан өнгөтэй машин зогсож, Отгоо ахад зам тавьж өгсөн, машин зогсох үед Отгоо ах тэр машины ард талын багаж дээр гарынхаа алгаар хөл алдахдаа цохиж, тулсан. Тэгтэл машинаас жолооч нь бууж ирээд үгийн зөрүүгүй шууд Отгоо ахын салтаа руу нь жийсэн маягтай өшиглөөд, тонгойх үед нэг гараараа мөрөн дээрээс нь татаад нөгөө гараараа нүүрэнд нь хэд хэдэн удаа цохиж, нүүрэнд нь баруун билүү зүүн хөлөөрөө өвдөглөөд нүүр руу нь хөлөөрөө өшиглөсөн. Би машнаасаа буугаад ингэж болохгүй шүү дээ гэхэд “чамд ямар хамаатай юм бэ, ална шүү пиздануудаа” гэж хэлсэн... тэгэхээр нь би чи ингэж болохгүй гэж хэлэхэд надтай муудалцсан. Отгон ах амандаа тамхи зуучихсан явж байсан. Тэр залууд зодуулсны дараа хамраас нь цус гараад, нүд нь хүн харахын аргагүй хавдаж, овойсон, цус гарсан байсан. Тэр залуу аймаар зодсон. Ганц цохиод больчихгүй, дахин дахин цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Гэрч Ф.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... дуудлагаар очсон цагдаа гэх хүн надтай Д.Отгон гэх хүн хүнд зодуулсан байдалтай байна, түргэн тусламж дуудахгүй бол болохгүй шүү, одоо гэр рүү нь явууллаа гэж хэлсэн. Би гэртээ очиж Д.Отгонтой уулзахад нүднээс нь цус гарчихсан, баруун талын нүд нь хавдсан зүүн хөмсөгний дээд талд язарсан, хамраас нь гарсан цус хатчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн“... Д.Отгоны биед баруун нүдний ухархайн ханын хугарал, зүүн хөмсөг, баруун нүдний зовхины няцарсан шарх, цус хуралт, шууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тулд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 5379 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн “...Д.Отгоны биед баруун нүдний ухархайн ханын хугарал, зүүн хөмсөг, баруун нүдний зовхины няцарсан шарх, цус хуралт, шууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, Д.Отгоны биед учирсан баруун нүдний ухархайн ханын хугарал, зүүн хөмсөг, баруун нүдний зовхины няцарсан шарх, цус хуралт нь нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл, баруун шууны арьсны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй болно...” гэх 696 дугаартай дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны орой 20 цаг 17 минутын үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн авто зам дээр “Хонда Инсайт” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогч Д.Отгоныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь “хохирогч Д.Отгон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүнд зодуулсан байдалтай байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэгийг шалгуулах тухай хүсэлт гаргаж байсан” гэж тус тус мэдүүлж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч С.Д 2019 оны 04 дүгээр сарын 30-ны орой 20 цаг 17 минутын үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн авто зам дээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогч Д.Отгоныг автомашинд нь хүрлээ гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн ханын хугарал, зүүн хөмсөг, баруун нүдний зовхины няцарсан шарх, цус хуралт, шууны арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Отгоны мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “манай хүүхэд алга болчихоор нь хайгаад явж байсан. Өөр хүнд зодуулчихаад явж байсан бол тийм их хавдартай нүдтэй, тэгээд бүрэнхий болсон үед яаж зам гарч явж чадахав дээ, ...гэрээсээ гараад ганцаараа засмал зам руу явсан. Замаар явж байсан машинд гараа хүргээд гэрлээ асааж яваач гэж хэлсэн, тэгтэл уг машин зогсоод жолооч нь гарч ирээд намайг шууд цохиж зодсон. Энэ явдал болохоос өмнө өөр хүнтэй маргалдаж, цохиулж зодуулсан асуудал байхгүй. Уг машины жолоочид зодуулсны улмаас миний биед гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Энхбудын “...машинаас жолооч нь бууж ирээд Отгоо ахтай үгийн зөрүүгүй шууд салтаа руу нь жийсэн маягтай өшиглөөд Отгоо ахыг тонгойх үед нэг гараараа мөрөн дээрээс нь татаад нөгөө гараараа нүүрэнд нь хэд хэдэн удаа цохиж, нүүрэнд нь баруун билүү зүүн хөлөөрөө өвдөглөөд нүүр руу нь хөлөөрөө өшиглөсөн. Отгон ах амандаа тамхи зуучихсан явж байсан. Тэр залууд зодуулсны дараа хамраас нь цус гараад, нүд нь хүн харахын аргаггүй хавдаж, овойсон, цус гарсан байсан. Тэр залуу аймаар зодсон. Ганц цохиод больчихгүй, дахин дахин цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Д-ы үйлдсэн гэмт үйлдлийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч болон гэрчүүдийн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.
Дээрх гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд хохирогч Д.Отгон 1513360 /нэг сая таван зуун арван гурван мянга гурван зуун жаран/ төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байх ба шүүх түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан 1.500.060 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна. Үүнд: “Манба дацан” хийдэд 11000 төгрөгөөр шашны ном уншуулсан гэх болон “Бүрнабадар” ХХК-ны хүнсний дэлгүүрээс 2300 төгрөгөөр саван авсан гэх нийт 13300 төгрөгтэй холбогдох хэсгийг хасч тооцон 1500060 /нэг сая таван зуун жаран/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн болно.
Мөн хохирогч нь цаашид өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С. Д-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Отгонд 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг хохиролд тооцож төлсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар сиди 1 ширхэг хураагдсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Д-ыг 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар С.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч
С.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2-д тус тус зааснаар шүүгдэгч С.Д-аас нийт 1.500.060 /нэг сая таван зуун жаран/ төгрөгийг гаргуулж хохирогч Д. Отгонд олгож, хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Д-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Д-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ