Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2025/00041

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  04 дүгээр сарын 16-ны өдрийн 307/ШШ2025/00593 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Тээврийн хөлс нийт 1,118,513,481 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд  нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

            ... “*******” ХХК нь “*******” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүдэр тээвэрлэлтийн гэрээ байгуулж, тээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээний хугацаа явц дундаа сунгагдаад, нэмэлт өөрчлөлт ороод 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан.
          “*******” ХХК-ийн менежер , “*******” ХХК-ийн холбогдох албан тушаалтан, тээвэр ложистик хариуцсан дарга нартай худалдан авалтын талаар очиж уулзаж гэрээ байгуулах талаар тодруулахад худалдан авалтын хэлтсийн дарга т манайх дараагийн тендерийг зарлана, тэр хүртэл тээврийн ажлыг зогсоохгүй, ажил саатуулахгүй явуулж бай, танайхтай нэмэлт гэрээ байгуулна гэж хэлсэн.

Үүний дагуу тээврийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Энэ явц дундаа дээрх тухайн албан тушаалтнуудтай холбогдоод гэрээ хийгдэж байна уу? гэхэд холбогдох албан тушаалтнууддаа танилцуулж байна, дарга байхгүй байна гэдэг асуудлыг хэлээд яваад байсан.

2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 39 тээврийн хэрэгслээр 1667 тээвэр хийж, 151,667.4 тонн хүдэр тээвэрлэж хийж гүйцэтгэсэн.

Энэ хугацаанд “*******” ХХК-ийн нягтлан бодогч тэй тооцоо нийлсэн байдаг. 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу гэрээ дууссанаас хойших 806,535,270.1 мөнгө гэдэг акт үйлдээд харилцан баталсан байдаг.

Үүнээс хойш 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд гэрээний дагуу 41,999.6 тонн хүдрийг тээвэрлэж, 311,943,666 төгрөгийн тээврийн хөлсний авлага дахин үүсэж, нийт төлбөрт 1,118,513,481 төгрөг болсон боловч хариуцагч нь одоог хүртэл төлбөрийг шийдвэрлэж өгөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв. гэжээ. / 1 х.х 1-2 /

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын татгалзал, хариу тайлбарын агуулга:

“*******” ХХК нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль”-н дагуу “*******” ХХК-иас зарласан нээлттэй тендерт шалгарч ”2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ДТҮ/АТ/202203 дугаартай “Хүдэр тээвэрлэлтийн гэрээ”-г 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд байгуулж, Төмөртолгойн хүдрийн уурхайгаас “Дархан терминал хүртэл ойрын зайн тээврийг гүйцэтгэсэн.

Дээрх ДТҮ/АТ/202203 дугаартай гэрээний хугацаа дууссан тул талууд харилцан тохиролцож, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 тдэх хэсэгт заасныг үндэслэн тус гэрээний ажлыг нэмэгдүүлэн хугацааг нэг жилээр буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж ДТҮ/АГ/20203-1 дугаартай Хүдэр тээвэрлэлтийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийг байгуулан хамтран ажилласан.

Мөн тээвэрлэгч талын албан хүсэлт болон ДТҮ/АТ/202203 дугаартай “Хүдэр тээвэрлэлтийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн тээврийн зардлыг нэг тонн тутамд нэмэгдүүлсэн хэлбэрээр унийг тохируулж, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ДТҮ/АГ/20203-2 дугаартай Хүдэр тээвэрлэлтийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийг байгуулж ажилласан.

Гэрээний талууд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх Үндсэн гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийн хүрээнд хийгдсэн нийт ажил гүйцэтгэлийн өглөг авлагын дэлгэрэнгүй дүгнэж 6,053,318,145.0 төгрөг (Зургаан тэр бум тавин гурван сая арван найман мянга нэг зуун дөчин тав) төгрөгийн санхүүжилтийг “*******” ХХК-д олгохоор тооцоолсон.

Нэхэмжлэгч тал нь дээрх ДТҮ/АТ/202203 дугаартай “Хүдэр тээвэрлэлтийн гэрээ” болон нэмэлт, өөрчлөлтүүдтэй холбоотой үүргийн гүйцэтгэл дээр маргаагүй ба гэрээний хүчин төгөлдөр хугацаа дууссан үеийн ажил гүйцэтгэлтэй холбоотой төлбөрийн асуудлаар “*******” ХХК-д ажиллаж байсан нэр бүхий ажилтнуудыг дурдан нэхэмжлэлд тусгасан нь тухайн ажилтнууд нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий, хууль ёсны эрх зүйн үр дагавар үүсгэх этгээдүүд мөн эсэх дээр үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлага бий болж байна.

Иймд хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт, шаардлагатай нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч, мэтгэлцэх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллана гэжээ. /  х.х 117-118 /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 1,118,513,481 /нэг тэрбум нэг зуун арван найман сая таван зуун арван гурван мянга дөрвөн зуун наян нэг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,750,517 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,750,517 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

“*******” ХХК нь тендерт шалгарч, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр талуудын хооронд ДТҮ/АГ/202203 дугаартай “Хүдэр тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан.

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан дээрх гэрээний хүрээнд хугацаа сунгах, ажлыг хөлсийг нэмэгдүүлэх агуулгатай 2 удаагийн нэмэлт өөрчлөлтөөр үндсэн гэрээг өөрчилсөн байдаг.

Ингэж гэрээнд нэмэлт өөрчлөлт хийхдээ анх байгуулагдсан ДТҮ/АГ/202203 дугаартай үндсэн гэрээний нийт ажлын хөлс 3,976,000,000 төгрөг байсныг бензин түлшний үнэ нэмэгдсэн гэх агуулгаар 2,077,318,000 төгрөг буюу нийт үнийн дүнгээс 52 хувиар илүү нэмэгдүүлсэн зөрчил гаргасныг Төрийн аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтаар тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2- т заасныг удирдлага болгон тус гэрээний нэмэлт өөрчлөлтүүд болон гэрээгүйгээр ажил гүйцэтгэсэн үйл баримтыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн.

Дээрх Төрийн аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын агуулга нь гагцхүү ДТҮ/АГ/202203 дугаартай Хүдэр тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ болон түүний нэмэлтүүдээс гадна, нэхэмжлэгч талын нэхэмжилж буй гэрээгүйгээр ажил гүйцэтгэсэн хугацааны төлбөрийн дүнтэй мөн уялдаж байгаа юм.

Учир нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хүдэр тээврийн ажлын ажлын хөлс нь Төрийн аудитын газрын дүгнэлт бүхий актаар ирүүлсэн, өмнөх хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн гэрээний нэмэлтэд тусгагдсан ажлын хөлс нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцогдсон байгаа юм.

Гэвч “*******” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан хугацаа буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрээгүйгээр ажил гүйцэтгэж 1,118,513,481 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлдээ хариуцагч “*******” ХХК-ийн нэр бүхий ажилтнуудыг нэр заан дурдаж, гэрээгүй байх хугацаанд ажил явуулах чиглэл, заавар өгсөн талаар бичсэн тул хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс тухайн ажилтнуудыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэрчээр асуугдсан нэр бүхий “*******” ХХК-ийн албан хаагч нь нэхэмжлэлд дурдсан агуулгаар гэрээгүй хугацаанд ажил гүйцэтгэх зөвшөөрөл чиглэл огт өгөөгүй тухай бичгээр мэдүүлсэн байдаг.

Хариуцагч талаас дээрх нэхэмжлэлтэй холбоотой Төрийн аудитын газрын дүгнэлт, зөрчил арилгах тухай албан бичгийг үндэслэн Авлигатай тэмцэх газарт холбогдох баримтыг бүрдүүлж, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гомдол, мэдээлэл хүргүүлсэн.

Энэ нь ДТҮ/АГ/202203 дугаартай Хүдэр тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтүүдээс гадна, нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан гэрээний хугацаа дууссан үед ажил гүйцэтгэсэнтэй холбоотой үйл баримтуудыг хуулийн дагуу шалгуулж тогтоолгох агуулгатай юм.

Гэвч Сум дундын анхан шатны Шүүхийн зүгээс Хариуцагчаас тухайн иргэний хэрэгтэй холбоотой Авлигатай тэмцэх газарт гаргасан гэх гомдол, мэдээлэл нь “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд алдаатай, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.

Хариуцагч талаас Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан эхлэх үед буюу 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр холбогдох баримтуудыг хавсарган тухайн иргэний хэрэг маргаантай холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт мэдээлэл хүргүүлсэн талаар дурдаж, Шүүх хуралдааныг хойшлуулж, Авлигатай тэмцэх газарт “*******” ХХК-тай холбоотой хэрэг хянагдаж байгаа эсэх талаар лавлагаа мэдээллийг Шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч тус шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1-д тус тус заасныг баримтлан Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тухайн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Улмаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зохицуулалтыг огт харгалзаагүй, мөн Төрийн аудитын газрын санхүүгийн хяналтаар илэрсэн “*******” ХХК-тай холбоотой зөрчлийн агуулгын хотлох баримтыг нягтлаагүй, мөн Авлигатай тэмцэх газарт гаргасан мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй шалтгаан нөхцөлд үнэлэлт дүгнэлт хийлгүй, хариуцагч “*******” ХХК-иас 1,118,513,481 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******“ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 307/ШШ2025/00593 дугаартай Шүүхийн шийдвэрийг хяналтын журмаар магадлан, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэж өгнө үү.

Энэ хугацаанд “*******” ХХК-ийн зүгээс Авлигатай тэмцэх газарт удаа дараа албан бичиг хүргүүлж, “*******” ХХК-тай холбоотой гэрээ болон гэрээгүйгээр ажил гүйцэтгэсэн үйл баримттай холбоотой асуудлаар Эрүүгийн хэрэг нээсэн эсэх талаар лавлагаа хүсэхэд тус газрын мөрдөн шалгах хэлтсээс 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн 06/8741 дугаартай албан тоотоор: “ДТҮ/АГ7202203 дугаартай Хүдэр тээвэрлэлтийн гэрээг дүгнэсэн боловч гэрээний хугацааг сунгаагүй, тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр үргэлжлүүлэн “*******” ХХК-иар хүдэр тээвэрлэлтийн ажил гүйцэтгүүлсэн” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч хянан үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” талаар баримт ирүүлснийг хавсаргав гэжээ. / 2 х.х 79-81 /

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

7. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

8. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан нийт 1,118,513,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “гэрээний хугацаа дууссан бөгөөд хариуцагч байгууллага нь Төрийн өмчийн компани тул аливаа бичгийн гэрээгүй, тендер шалгаруулахгүйгээр ажил үйлчилгээг бусдаар хийлгэх боломжгүй тул гэрээгүйгээр тээвэр хийсэн хугацааны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

9. Хэрэгт авагдсан 2022 оны 10 сарын 20-ны өдрийн №ДТҮ/АГ202203 дугаартай гэрээ, Хүдэр тээвэрлэлтийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн ДТҮ/АГ/202203+1 дугаартай гэрээ, 2023 оны 12 сарын 12-ны өдрийн Хүдэр тээвэрлэлтийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр талууд төмрийн хүдэр, хүдрийн баяжмал тээвэрлэх гэрээ байгуулж, тэдний хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, энэхүү гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, “*******” ХХК нь дээрх эрх зүйн харилцааны дагуу шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлт зөв байна. /хх-ийн 121-128, 182-183/

10. “*******” ХХК нь 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэл тээвэрлэлт хийсэн, тээвэрлэлт хийхдээ хариуцагч “*******” ХХК-ийн захиалгаар, түүний зөвшөөрлөөр уурхайн талбайд нэвтэрч тээвэрлэлт хийж байсан нь хэрэгт авагдсан хариуцагч “*******” ХХК-ийн пүүлэгчийн гаргасан ТТТХУ-аас тээвэрлэсэн хүдрийн мэдээ, талуудын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал тээвэрлэлтийн хугацаа, тээвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ, мөн тооцсон үнийн дүнгийн хэмжээ зэрэгт маргаагүй байна.

11. Анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг зөв тогтоож, шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлсон байна.

     12. Хариуцагч тал Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд хууль тогтоомжид заасны дагуу гэрээ, хэлцэл хийгдэх журамтай бөгөөд энэхүү журмыг зөрчсөн, гэрээг бичгээр хийгээгүй гэж тайлбарлаж байх бөгөөд энэхүү үндэслэл нь хэлцлийн нөгөө талын биелүүлсэн үүргийг үгүйсгэх, хөлс төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

13. Дээр дурдсан үндэслэлээр “*******” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан тээврийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

14. Дээр дурдсан нөхцөл байдлыг дүгнэж үзвэл талууд харилцан тохиролцож хүдэр тээвэрлэлтийн гэрээг байгуулсан,  нэмэлт өөрчлөлт оруулсан, гэрээний үүрэг биелэгдсэн, бичгээр гэрээ байгуулахгүйгээр тээвэрлэлт хийсэн гэж байгаа боловч “*******” ХХК-ийн захиалгаар, түүний зөвшөөрлөөр уурхайн талбайд нэвтэрч тээвэрлэлт хийж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул “...гэрээнд нэмэлт өөрчлөлт хийхдээ анх байгуулагдсан ДТҮ/АГ/202203 дугаартай үндсэн гэрээний нийт ажлын хөлс 3,976,000,000 төгрөг байсныг бензин түлшний үнэ нэмэгдсэн гэх агуулгаар 2,077,318,000 төгрөг буюу нийт үнийн дүнгээс 52 хувиар илүү нэмэгдүүлсэн зөрчил гаргасныг Төрийн аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтаар тогтоож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2- т заасныг удирдлага болгон тус гэрээний нэмэлт өөрчлөлтүүд болон гэрээгүйгээр ажил гүйцэтгэсэн үйл баримтыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн,

 “...Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлдээ хариуцагч “*******” ХХК-ийн нэр бүхий ажилтнуудыг нэр заан дурдаж, гэрээгүй байх хугацаанд ажил явуулах чиглэл, заавар өгсөн талаар бичсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

15. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Авлигатай тэмцэх газраас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025.4.16-ны өдрийн 307/ШЗ2025/02844 дугаар захирамжаар “...хариуцагч байгууллагын эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг эрх бүхий байгууллага шалгаж, тогтоох асуудал нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг болох хөлс гаргуулах тухай шаардлагыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй” гэх үндэслэл заан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчөөгүй байна.

 16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025.05.07-ны өдрийн 06/8741 дугаартай албан бичгийг хавсарган ирүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар хэргийн оролцогч нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй ба дээрх нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй болно.

17. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  04 дүгээр сарын 16-ны өдрийн 307/ШШ2025/00593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 5,750,517 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.         

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

      

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                      Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                            Г.МЯГМАРСҮРЭН