| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0703/Э |
| Дугаар | 703 |
| Огноо | 2019-07-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 703
2019 07 24 2019/ШЦТ/703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлчин хийдэг гэх, ам бүл 1, , ял шийтгэлгүй, Б.Ц,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Б.Ц Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хэвлэлийн хүрээлэнгийн хашаан дотор байсан иргэн А.Мөнхбаатарын эзэмшлийн 38-46 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр лазер тэгш ус, уран хөрөө, 64-ийн хийн буу, 30-ийн хийн буу зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 375.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч А.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэвлэлийн хүрээлэнгийн хойд талын хаалган дээр байрлах камерыг шүүтэл нэг үл таних залуу миний машинаас эд зүйл авч байгаа бичлэг байсан. Лазер тэгш ус, уран хөрөө, 64-ийн хийн буу, 30-ийн хийн буу зэрэг эд зүйлээ алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би урьд өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ Зоригоо, Зунцаг гэх хүмүүст өгсөн, дэлгүүрт зарсан гэх зэргээр худал мэдүүлсэн юмаа, учир нь хулгайлсан эд зүйлсийн хохирол нь бага тусах байх гэж бодоод худал мэдүүлсэн. Би зарсан хүмүүсээ танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хэвлэлийн хүрээлэнгийн хашаан дотор байсан иргэн А.Мөнхбаатарын эзэмшлийн 38-46 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр лазер тэгш ус, уран хөрөө, 64-ийн хийн буу, 30-ийн хийн буу зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж 375.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Мөнхбаатарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц-ын үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Ц-ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч А.Мөнхбаатар “...Б.Ц-аас 375.400 төгрөг хүлээн авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтээ /хх-ийн 46 дугаар хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо төлж
барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал
тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгч Б.Ц-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ц нь 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ц-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар Б.Ц тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэргийн улмаас 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ