Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2016/000523

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 09 өдөр             Дугаар184/ШШ2016/00523            Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, **** холбогдох,

 

          “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх  тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Төвшинтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Төвшинтөгс нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр архивчаар ажилд орсон. Архивч албан тушаалтай ажилладаг байсан ба тус нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/54 тоот тушаалаар ажпаас үндэслэлгүйгээр халагдсан.

Учир нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны №Б/54 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай заасан. Гэтэл Н.Төвшинтөгс нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай санаачилга гаргаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй байхад ажил олгогч үндэслэлгүйгээр хуулийн дээрх заалтыг үндэслэн ажпаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Мөн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны №Б/54 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэсэн боловч хуулийн дээрх зохицуулалтад дурьдсан үйл явдал болоогүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан. Гэвч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, түүний нэгж татан буугдаагүй ба Н.Төвшинтөгс миний ажиллаж байсан архивчийн орон тоо хасагдаагүй, цөөрөөгүй бөгөөд ажлаас чөлөөлөх тухай 2016 оны №Б/54 дугаар тушаалд ч мөн адил орон тоо хасагдсан, цөөрсөн, татан буугдсан талаар дурьдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, ...-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд ...” гэж заасан.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Н.Төвшинтөгстэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө мэдэгдээгүй бөгөөд тушаал гарсан өдөр мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлгүйгээр цуцалсан юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны №Б/54 тоот тушаалыг хүчингүйд тооцож, Н.Төвшинтөгсийг  урьд эрхэлж байсан архивчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Өлзий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архивын ажилтнаар ажиллаж байсан Нацагдорж овогтой Төвшинтөгс нь анх 2013 оны 7 дугаар сард тус байгууллагад жолоочоор ажилд орсон бөгөөд 2015 оны 01 дүгээр сараас эхлэн архивчаар томилогдон ажилласан.

Тус хэлтэс нь Архив хариуцсан хоёр ажилтантай байсан бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/90 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар “Орон тоо, албан тушаал /ажпын байр/-ын жагсаалт” шинэчлэн батлагдаж уг жагсаалтад Архив хариуцсан ажилтаны орон тоо нэг байхаар тусгагдсан.

Иймд шинээр батлагдсан бүтэц тоонд багтааж ажиллах шаардлагын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1 дэх заалтын /аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн/ гэх заалтын дагуу Архивын ажилтан Н.Төвшинтөгсийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хэлтсийн даргын Б/54 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.

Уг тушаалыг гаргахын өмнө тухайн үед ажиллаж байсан хэлтсийн дарга Н.Алтанцэцэг нь Н.Төвшинтөгстэй уулзаж тухайн ажпын байр нь бүтэц орон тооноос хасагдаж байгаа тухай мэдэгдэж байсан. Нөгөө архивын ажилтан нь Оюунжаргал гэдэг илүү мэргэжлийн удаан жил ажилласан хүн байдаг. Тиймээс энэ хүнийг үлдээж Н.Төвшинтөгсийг ажлаас чөлөөлсөн. Н.Төвшинтөгсөд ажлаас чөлөөлөх тухай удаа дараа хэлж уулзаж байсан болохоор өөрийн хүсэлтээр гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Иймд Н.Төвшинтөгсийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

   

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Төвшинтөгс нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч Н.Төвшинтөгсийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон архивчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Н.Төвшинтөгсийг ажлаас чөлөөлөх тухай” Б/54 дугаар тушаал болон зохигчдын гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Н.Төвшинтөгсийг ажлаас чөлөөлөх тухай” Б/54 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.21 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Н.Төвшинтөгсийг архивчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч Н.Төвшинтөгсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл болон ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа “... Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар Архив хариуцсан ажилтны орон тоо хоёр байсныг нэг болгон цөөрүүлсэн ...” гэж тайлбарлаж, энэхүү тайлбартайгаа холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/90 дугаар тушаалыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Бүтэц, орон тоо, жагсаалт шинэчлэн батлах тухай” А/90 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн архив хариуцсан ажилтны орон тоог 1 байхаар тогтоож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байгаа боловч хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь уг тушаал гарахаас өмнө архив хариуцсан ажилтны орон тоо 2 байсан болон нэхэмжлэгч Н.Төвшинтөгсөөс өөр ямар ажилтан ажиллаж байсан талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Н.Төвшинтөгсийг ажлын байрны орон тоо цөөрсөн шалтгаанаар ажлаас чөлөөлөх бол энэ тухайгаа түүнд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч Н.Төвшинтөгс нь ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлий хүлээн аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарладаг ба хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь ажлаас чөлөөлөх талаархи мэдэгдлийг бичгээр мэдэгдээгүй бөгөөд чөлөөлөх болсон талаар амаар хэлж байсан гэж тайлбарлажээ.

 

Иймд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч Н.Төвшинтөгсийг ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 470.5-д заасныг зөрчсөн байна.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Н.Төвшинтөгсийг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй байх бөгөөд Н.Төвшинтөгс нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байх нөхцөл хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Иймд Н.Төвшинтөгсийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Төвшинтөгс нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн ба ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасан бөгөөд Н.Төвшинтөгсийн бүтэн ажиллаж байсан сүүлийн гурван сарын цалингаас тооцож нэг сарын дундаж цалин хөлс нь 619,571 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 28,817 төгрөг болох нь хэрэгт авагдсан Н.Төвшинтөгсийн №А0754445 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу Н.Төвшинтөгсийн ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан 2 сар, 21 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1,844,299 төгрөгийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгч Н.Төвшинтөгсөд олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Н.Төвшинтөгсийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Н.Төвшинтөгсийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200+44,458/ нийт 114,658 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Төвшинтөгсийг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилсугай.

 

            2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1,844,299 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Төвшинтөгсөд олгож, Н.Төвшинтөгсийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Төвшинтөгс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 114,658 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

                       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЦОЛМОНБААТАР