| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2025/00177/и |
| Дугаар | 209/МА2025/00048 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 209/МА2025/00048
“*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 307/ШШ2025/00735 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 98,587,500 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
“*******” ХХК болон “*******” ХХК нар 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №2023/52 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “*******” ХХК нь “*******” ХХК-иас LIUGONG CLG885H маркийн өөрөө авто ачигчийг 175,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Уг гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу “*******” ХХК нь өмнө нь байгуулсан 2022/70 дугаартай Захиалгаар худалдах, худалдан авах гэрээ-ний урьдчилгаа төлбөрт төлсөн 60,000,000 төгрөгийг энэ гэрээний төлбөрөөс хасуулах, 60,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр, төлж чадахгүй бол хэтрүүлсэн сар тутамд 1,5 хувийн хүү буюу 825,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэтэл “*******” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлбөрийг бүрэн төлсөн байх ёстой боловч гэрээгээр тохиролцсон хугацаанд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн төлбөр 55,000,000 төгрөг, №2023/52 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3-д тохиролцсоны дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 1 жил 1 сарын хүүний төлбөр 10,725,000 төгрөг, нийт 65,725,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.
“*******” ХХК-ийн зүгээс хуримтлагдсан төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч “*******” ХХК-ийн зүгээс ямар ч төлбөр төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс “*******” ХХК болон “*******” ХХК нарын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3-т заасны дагуу “*******” ХХК нь “*******” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцон нэхэмжлэх эрхтэй.
Үүний дагуу “*******” ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гэрээний төлөгдөөгүй үндсэн төлбөрийн үлдэгдэл 55,000,000 төгрөгөөс алданги тооцоход /395 хоног*275,000 төгрөг/ нийт алданги 108,625,000 төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх алдангиас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 32,862,500 төгрөгийн алдангийг үндсэн төлбөр болон хүүний төлбөр дээр нэмэгдүүлэн нэхэмжилж байна.
Хоёр компанийн хооронд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №2022/70, №2022/71 дугаартай хоёр гэрээ байгуулагдсан. Явцын дунд нэг техник худалдаж авахаа болиод нэг техник худалдаж авсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч талаас ямар нэгэн доголдолгүй техник шилжүүлж өгсөн бөгөөд №2022/70 дугаартай гэрээний 4.1-т зааснаар 1 жилийн баталгаат хугацааг өгсөн. Гэрээний дагуу баталгаат хугацааны дагуу хариуцагч компаниас ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй. Өөрсдөө ямар нэгэн мэдэгдэл өгсөн гэж хэлдэг боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Харин хариуцагч талаас 2023 оны 9 дүгээр сард худалдаж авсан техникт доголдол гараад байна гэхэд нь тухайн үед баталгаат хугацаа дууссан байсан ч нэхэмжлэгч компаниас дуудлагын техникч нараа хариуцагч компани руу явуулаад Дорнод аймгийн Баяндун суманд үйл ажиллагаа явуулж байх үед нь очиж, моторыг нь зайлшгүй солих шаардлагатай байсан тул Монголианкамминс компаниас худалдаж авч сольсон.
Хариуцагч компаниас 2023 оны 8 дугаар сард бид нар авахаа больсон техникийн урьдчилгаанд өгсөн 60,000,000 төгрөгийг оролцуулаад дахиад нэг техник худалдаж авъя гэдэг санал гаргаад 10 дугаар сард одоо энэ маргаан бүхий техникийг худалдахаар талууд тохиролцсон байгаа. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал техникийг шилжүүлж өгсөн. Харин хариуцагч талаас №2022/70 тоот гэрээний урьдчилгаанд 60,000,000 төгрөгийг энэ гэрээний төлбөрөөс хасуулж, мөн тухайн үед 60,000,000 төгрөгийг нэмж төлсөн бөгөөд үлдэгдэл 55,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хүү, алданги тооцон нэхэмжилж байгаа.
Харин хариуцагчийн хариу тайлбартаа дурдаад байгаа №2022/71 дугаартай гэрээний зүйлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлээд дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Харин №2022/70 дугаартай гэрээний урьдчилгаанд төлсөн 60,000,000 төгрөгийг оролцуулаад энэ маргаан бүхий техникийг шилжүүлэх гэрээ байгуулсан. Тиймээс №2022/70, №2022/71 дугаартай хоёр гэрээ нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч хамааралгүй. Хэрэв дээрх хоёр гэрээнээс үүдэлтэй хохирол учирсан гэж үзэж байгаа бол хариуцагч тал тусдаа нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Иймд “*******” ХХК болон “*******” ХХК нарын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэл болох 55,000,000 төгрөг, хүүний төлбөр 10,725,000 төгрөг, алданги 32,862,500 төгрөг, нийт 98,587,500 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. / х.х 1-2 /
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
Манай компани нэхэмжлэгч компанитай нэхэмжлэлд дурдсан гэрээнээс өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,325,990 мянган юанийн буюу тухайн үеийн ханшаар 594,043,520 төгрөгийн үнэ бүхий CLG933Е маркийн экскаватор Захиалгаар худалдах худалдан авах №2022/70 тоот гэрээг, мөн 12 дугаар сарын 21-ний өдөр 3,271,810 мянган юанийн буюу 1,465,770,880 төгрөгийн үнэ бүхий CLG970Е маркийн экскаватор Захиалгаар худалдах худалдан авах №2022/71 тоот гэрээнүүдийг тус тус байгуулж хамтран ажиллаж эхэлсэн юм. Бид тус гэрээний төлбөрүүдийг гэрээнд заасны дагуу тухай бүр төлсөн ч эд хөрөнгүүдийг хүлээн авсны дараа гэрээнд заасан баталгаат хугацаанд доголдлууд илэрч эхэлсэн тул бид энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж мөн албан бичиг хүргүүлж байсан. Тухайлбал, бид 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №01/56 тоот албан бичгээр доголдлын тухай мэдэгдэж, засварын дагуу хэт удаж ирсэн, шаардлага хангахгүй байгааг дурдаад доголдлуудыг харгалзан CLG933Е маркийн экскаваторыг худалдан авахгүй болохыг мэдэгдсэн юм.
Нэхэмжлэгч компани анх доголдол илэрснээс хойш 6 сарын хугацаанд тодорхой арга хэмжээ авч доголдлыг бүрэн арилгаагүй төдийгүй энэ хугацаанд бидний ажил сул зогсож тус гэрээнүүдийн төлбөрийн хүрээнд банкнаас авсан зээлийн төлбөр төлж чадахгүй нөхцөлд хүрээд байсан юм. Улмаар бид 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №66 тоот албан бичгээр цуцалсан гэрээний урьдчилгаа төлбөрийг буцаан төлөх, мөн CLG970Е загварын экскаваторын засварыг бүрэн хийж дуусгах тухай мэдэгдлийг мөн хүргүүлсэн.
Мөн бид засварын зарим сул зогсолтын үед шаардлагатай ажлыг өөр техник хэрэгсэл түрээслэн гүйцэтгэж үүнд нэг удаад 30,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөх нөхцөл байдал үүссэн. Улмаар 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлд дурдсан гэрээг үлдэгдэл төлбөрийн хүрээнд байгуулсан ба уг гэрээг байгуулах болсон шалтгаанууд нь:
1. Нэхэмжлэгч бидний өмнө байгуулсан гэрээний төлбөрийг буцаан төлөх боломжгүй байсан, удаа дараа шаардсан ч төлөөгүй шинэ гэрээ байгуулах санал болгосон.
2. Мөн гэрээ байгуулснаар №2022/71 тоот гэрээний зүйл болох CLG970Е загварын экскаваторын засвар үйлчилгээг эцэслэн дуусгах, байнгын хэвийн ажиллагаатай болгох тухай тохиролцоо зэрэг байсан юм.
Бидний зүгээс 2021 онд байгуулсан тус гэрээнүүдийн хүрээнд бидэнд учирсан хохирол, түрээсийн болон хүүгийн нэмэлт зардал, нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас бидэнд төлөх алдангийн төлбөрийг бид бүрэн нэхэмжлэх боломжтой байсан ч талуудын хамтын ажиллагаа, цаашдын харилцааг хүндэтгэн өнөөдрийг хүртэл аливаа гомдол, нэхэмжлэл огт гаргаагүй.
Мөн нэхэмжлэгчийн шаардлагадаа дурдсан гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөд ч тодорхой чанарын доголдлууд үүсээд байхад нэхэмжлэгчээс ийнхүү шүүхэд хандсаныг бид бизнесийн ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / х.х 33-34 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 83,737,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ГХОХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650,888 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 576,637 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Нэхэмжлэгч “*******” ХХК-аас манай компанид холбогдох “Гэрээний төлбөрийн үлдэгдэл, хүү, алдангид нийт 98,587,500 төгрөг гаргуулах тухай” хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд 83,737,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн анхан шатны шүүх гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эрхийг хязгаарласан буюу Нэхэмжлэгчтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргасныг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №307/11132025/02824 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж мөн тус захирамжийг гомдол гаргах эрхгүйгээр гаргасан юм.
Тус татгалзсан захирамждаа шүүгч Иргэний хуулийн 238 дугаар зүйл заалтыг дурдаж нэг гэрээнээс үүдэлтэй байх талаар тайлбарласан. Гэтэл Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т “биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж заасан байх ба үндсэн нэхэмжлэлд нэхэмжлэгч биднээс төлбөр шаардаж сөрөг нэхэмжлэлд бид мөн нэхэмжлэгчээс буцаан төлбөр шаардсан ижил төрлийн харилцан шаардлага байсан.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2-т талуудыг 2021 оны 12-р сарын 21-ний өдөр № 2022/71 тоот гэрээ, мөн 2021 оны 12-р сарын 21 –ний өдрийн №2022/70 тоот гэрээ байгуулагдсан болохыг түүнчлэн үндсэн маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №2023/52 тоот гэрээг №2022/70 тоот гэрээний урьдчилгаа төлбөрийг оролцуулан байгуулсан болохыг тогтоосон. Ингэхдээ мөн № 2022/71 тоот гэрээний доголдолтой холбоотойгоор дээрх нөхцөл байдал үүссэнийг ч үйл баримтаар тогтоогдсон гэж үзсэн байна.
Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтаар дээрх нэр бүхий 3 гэрээ нь талуудын хооронд ижил нөхцөлтэй, ижил үүрэг хүлээж хийгдсэн гэрээнүүд төдийгүй нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ ч №2023/52 тоот гэрээний урьдчилгаа төлбөрт №2022/70 тоот гэрээний дүнг суутгаснаа хүлээн зөвшөөрч тус 2 гэрээ нь хамааралтай болохыг тогтоосон. Дээрх №2022/70 тоот гэрээ хэрэгжээгүй буюу төлбөрийг дараагийн гэрээн шилжүүлсэн үндсэн шалтгаан нь өөрөө № 2022/71 тоот гэрээний доголдол, мөн нэхэмжлэгч тус төлбөрийг буцаан төлөхгүй байсан нөхцөл байдал зэрэг байхад уг шалтгаан нөхцөлийг авч хэлэлцэхгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн дурдсан 2 гэрээг авч үзэн хэргийг тайлбарлаж шийдвэрлэсэн, сөрөг нэхэмжлэлээс татгалзсан зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. /х.х 119-120 /
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
7. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
8. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 98,587,500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэргээс судалж үзэхэд:
9. Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч “*******” ХХК нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №2023/52 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “*******” ХХК нь Liugong CLG855H маркийн өөрөө авто ачигчийг “*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, “*******” ХХК нь авто ачигчийн төлбөрт 175,000,000 төгрөг төлөх, уг төлбөрөөс 60,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2022/70 тоот Захиалгаар худалдах, худалдан авах гэрээ-ний урьдчилгаа төлбөрт төлсөн 60,000,000 төгрөгийг уг төлбөрөөс хасуулж, үлдэх 55,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр, хэрэв тохирсон хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс сарын 1,5 хувийн хүү, өдрийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ
10. Талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох Liugong CLG855H маркийн өөрөө авто ачигчийг “*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, “*******” ХХК нь гэрээний дагуу төлөх 175,000,000 төгрөгөөс 60,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлж, өмнө байгуулсан №2022/70 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 60,000,000 төгрөгийг дээрх гэрээний төлбөрөөс хасуулж, үлдэх 55,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Харин гэрээний зүйл болох Liugong CLG855H маркийн өөрөө авто ачигчтай холбоотой доголдол үүссэн эсэх, өмнө байгуулсан №2022/71 тоот гэрээнээс үүссэн хохиролтой холбоотой хариуцагч “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах нь үндэслэлтэй эсэхэд маргажээ.
11. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр гэрээ байна.
12. Анхан шатны шүүх талуудын хооронд үүсэн эрх зүйн харилцаа болон үйл баримтыг зөв тогтоож, маргаж буй асуудлыг зөв тодорхойлжээ.
13. Талуудын байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ худалдагч, худалдан авагч биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч “*******” ГХОХХК нь гэрээний зүйл болох Liugong CLG855H маркийн өөрөө авто ачигчийг “*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул хариуцагч “*******” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
14. Хариуцагч “*******” ХХК нь дээрх гэрээний үлдэгдэл төлбөр болох 55,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч “*******” ГХОХХК-д төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөв тодорхойлж, “*******” ХХК-иас Liugong CLG855H маркийн өөрөө авто ачигчийн үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ГХОХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
15. Хариуцагч “*******” ХХК нь Liugong CLG855H маркийн өөрөө авто ачигч доголдолтой байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
16. Талууд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.2, 3.3-т зааснаар худалдан авагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс сарын 1,5 хувийн хүүгийн төлбөр төлөхөөр тохиролцжээ.
Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч “*******” ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд 55,000,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч “*******” ХХК-д гэрээний 3.3-т заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 1 сарын 1,5 хувийн хүү тооцон шаардах эрхтэй байх ба 1 сарын хүү 825,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Тодруулбал талууд гэрээний төлбөр төлөх сүүлийн хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэж тохиролцсон уг 1 сарын хугацаанд төлбөр төлөөгүй тул 1,5 хувийн хүү авах эрх үүссэн, хариуцагч тал 1 сарын хүү 825,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
17. Талууд Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлд “...үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс өдрийн 0,5 хувийн алданги тооцох”-оор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцсэн, нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд гэрээний үлдэгдэл төлбөр, гэрээнд заасан хүү хамаарах тул хариуцагч “*******” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 55,825,000 төгрөг /55,000,000+825,000/ гэж тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасантай нийцжээ.
Хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 423 хоногоор тооцоход 118,069,875 төгрөг /55,825,000 төгрөг 0.5%423 хоног/ байх ба ******* ХХК-иас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алдангид 27,912,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй байна.
18. Дээрх үндэслэлээр хариуцагч “*******” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрт 55,000,000 төгрөг, хүүд 825,000 төгрөг, алдангид 27,912,500 төгрөг, нийт 83,737,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэв.
19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “Нэхэмжлэгчтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргасныг 2025 оны 04-р сарын 16-ны өдрийн №307/11132025/02824 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж мөн тус захирамжийг гомдол гаргах эрхгүйгээр гаргасан”,
-дээрх нэр бүхий 3 гэрээ нь талуудын хооронд ижил нөхцөлтэй, ижил үүрэг хүлээж хийгдсэн гэрээнүүд төдийгүй нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ ч №2023/52 тоот гэрээний урьдчилгаа төлбөрт №2022/70 тоот гэрээний дүнг суутгаснаа хүлээн зөвшөөрч тус 2 гэрээ нь хамааралтай болохыг тогтоосон. Дээрх №2022/70 тоот гэрээ хэрэгжээгүй буюу төлбөрийг дараагийн гэрээнд шилжүүлсэн үндсэн шалтгаан нь № 2022/71 тоот гэрээний доголдол, мөн нэхэмжлэгч тус төлбөрийг буцаан төлөхгүй байсан нөхцөл байдал зэрэг байхад уг шалтгаан нөхцөлийг авч хэлэлцэхгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн дурдсан 2 гэрээг авч үзэн хэргийг тайлбарлаж шийдвэрлэсэн” гэжээ.
19.а. Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “” ХХК-д холбогдуулан 236,577,088 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 307/ШЗ2025/02824 дугаар захирамжаар “сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №2023/52 дугаартай зээлээр худалдах худалдан авах тухай гэрээний үүрэгт 98,587,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх шаардлагагүй” гэж үзэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасантай нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл: зөвхөн хоорондоо тооцогдох боломжтой шаардлагыг шүүх сөрөг нэхэмжлэлийн журмаар үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэж болох ба хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №2022/71 дугаар гэрээний хохирол, алданги гаргуулах тухай шаардлага байгаа нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцох боломжгүй, өөр өөр цаг хугацаанд байгуулагдаж, харилцан хүлээх үүргээ тодорхойлсон гэрээ байх тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг буруутгах боломжгүй байна.
19.б. Хэрэгт авагдсан зохигчийн тайлбараас үзвэл талуудын хооронд байгуулсан № 2022/71 тоот гэрээний дагуу үүссэн доголдлыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу доголдлыг арилгасан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд №2022/70 тоот гэрээ хэрэгжээгүй буюу төлбөрийг дараагийн гэрээнд шилжүүлсэн үндсэн шалтгаан нь № 2022/71 тоот гэрээний доголдол, мөн нэхэмжлэгч тус төлбөрийг буцаан төлөхгүй байсан нөхцөл байдалтай холбоотой гэж үзэж № 2022/71 тоот гэрээнээс үүссэн хохирол, алдангийг үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдож, хамтатган шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.
20. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 05 дугаар сарын 07-ны өдрийн 307/ШШ2025/00735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 576,637 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Г.МЯГМАРСҮРЭН