Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 373

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,              

           улсын яллагч Э.Энхбат,

           өмгөөлөгч Л.Батаа,

            шүүгдэгч П.Ө, Э.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт П.Ө, Б овогт Э.Ч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908005410435 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Баян суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Баяннуур сум, 2 дугаар баг, Шаргал тал гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 9-243а тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт П.Ө РД: ГД.............

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ЭМШУИС-н 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгиохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 9-244 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э.Ч РД:НК._............

Холбогдсон хэргийн талаар:  

   Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 18 дугаар гудамжны 243 а тоотод 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн үед Э.Ч  нь П.Ө-д  хандаж өөрийн эцгийг нь уруу татаж архи уулгалаа гэж маргахад П.Өрнөхбаярын охин Ө.Э Э.Ч-тай маргаж гэрээсээ хөөснөөс шалтгаалж яллагдагч Э.Ч нь Ө.Э-г алгадах, үснээс нь зулгаах, нүүрийг нь маажих зэргээр зодож, Ө.Э-н биед тари доргилт, хамар, хацар, шанаанд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

П.Ө нь Э.Ч, Ө.Э нар маргаж, нэгнийхээ үснээс зулгааж ноцолдох үед Э.Ч-гийн  толгойн тус газар гар, хөлөөрөө цохих, дэвсэх, зүүн гарын хурууг хазах зэргээр зодож, Э.Ч-гийн  биед тархи доргилт, зулайн хуйх, баруун, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөх, баруун суганы зулгаралт, цус хуралт, баруун, зүүн алга, зүүн гарын 1, 2, 5 дугаар хурууны зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь :   

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

   Шүүгдэгч Э.Ч нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 18 дугаар гудамжны 243 а тоотод 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн үед хувийн таарамжгүй харилцааны улмаас Ө.Э алгадах, үснээс нь зулгаах, нүүрийг нь маажих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  

   Шүүгдэгч П.Ө нь Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 18 дугаар гудамжны 243 а тоотод 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн үед охин Ө.Э өмөөрч Э.Ч толгойн тус газар гар, хөлөөрөө цохих, дэвсэх, зүүн гарын хурууг хазах зэргээр зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь :   

- хохирогч Э.Ч  мөрдөн байцаалтад өгсөн:...Тухайн үед би Ө-т  хандаж  “та яагаад аавыг уруу татаж архи уугаад байгаа юм бэ” гэж хэлтэл охин Эрдэнэтуяа “гэрээс гар, зайл” гээд мөр лүү түлхсэн. Тэгэхээр нь Эрдэнэтуяаг нэг алгадаад үсдээд байж байтал Ө охиныгоо өмөөрөөд толгойн тус газар гараараа 2-3 удаа цохисон. Мөн зүүн гар хазсан ба унасан байхад толгойн тус газар 2 удаа дэвссэн. Охин Эрдэнэтуяатай үсдэлцсэн байхад Өрнөхбаяр зүүн гарын эрхий хуруу хазсан. Тэгээд би гэрээс нь гараад нөхрөө дуудсан. Э-тэй үсдэлцэж байхад аав Ө нь толгойн тус газар цохисон, гар хазсан, бас дэвссэн. Эрдэнэтуяагаас салгах гэж байхдаа хөхнөөс урсан...гэх мэдүүлэг /хх-43/

- гэрч Т.Б  мөрдөн байцаалтад өгсөн:.. Удалгүй эхнэр Ч орилоод “Б хүрээд ир” гэхээр нь харахад Ө-ын хашаан дотор нь гэрийнх нь гадаа Ч зогсоод “Ө миний хурууг хазаад толгой дээр дэвссэн” гэж хэлсэн. Ч дээр очиход үс нь сэгсийсэн “хуруугаа хазуулсан шүд орсон, толгой өвдөж байна гэсэн”...гэх мэдүүлэг /хх-50-51/

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №278 дугаартай:...Э.Ч биед тархи доргилт, зулайн хуйх, баруун, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн алга, зүүн гарын 1, 2, 5 дугаар хурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-68-69/,

-хохирогч Ө.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Ч эгчид хадаж “та одоо гараа битгий гэр оронд хэрэлдээд бай гээд гарнаас нь барьтал миний зүүн хацар руу нэг удаа алгадсан. Би та яагаад байгаа юм бэ гээд мөр рүү нь түлхсэн. Тэгтэл миний биед хүрлээ гээд орилж дайрсан. Намайг үсдээд газар унасан. Аавын нүүрийг маажих гээд байхаар нь аав гарыг нь хазсан. Аав Ч толгой руу 1-2 удаа гараараа цохиж намайг салгасан. Ч эгч намайг маажсан ба би Ч эгчид огт гар хүрээгүй үснээс нь зулгаасан. Миний биед Ч эгч гэмтэл учруулсан. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-38/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дугаар сарын 22-ны өдрийн №1482 дугаартай: ...Ө.Э-н биед тархи доргилт, хамар, хацар, шанаад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-58/,  

- шүүгдэгч П.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тухайн үед гараа атгаж байгаад Ч-гийн толгой тус газар нь 2-3 удаа цохисон. Ч цохиулаад манай охиныг үсдэхээ больсон, тэгтэл дахиад үсдсэн, салгах гээд очтол гараараа миний нүүрийг дараад байхаар нь зүүн гарын хурууг нь хазсан. Дахиж босож ирээд зодолдох гээд байхаар нь толгой дээр нь өвдгөөрөө 1-2 удаа өвдөглөсөн...гэсэн мэдүүлэг /хх-80-81/,

- шүүгдэгч Э.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Ө хандаж та яагаад аавыг уруу татаад архи уугаад байгаа юм бэ гэж гэтэл охин Э гэрээс гар, зайл гээд мөр лүү түлхсэн. Тэгэхээр нь Э-г нэг алгадаад үсдээд байж байтал...гэх мэдүүлэг /хх-96-98/,

- шүүгдэгч П.Ө-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

-шүүгдэгч Э.Ч-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч П.Ө, Э.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй байх тул шүүгдэгч тус бүрт холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Хохирогч Ө.Э баримтаар нэхэмжилсэн хохиролгүй, харин хохирогч Э.Ч нь баримтаар 350.000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч П.Ө уг хохирлыг төлөхөө илэрхийлсэн, хохирогчтой эвлэрсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ө-с  350.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ч-д олгох нь зүйтэй.                   

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарт торгох ял оногдуулах тухай улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт, шүүгдэгч нар хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулж, уг торгох ялыг төлөх хугацааг 3 сараар тогтоов.         

Бусад асуудал :       

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.     

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь :      

1. Шүүгдэгч П.Ө, Э.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ө, Э.Ч  нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Ө, Э.Ч нарт тус бүр оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.    

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Ө, Э.Ч нар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ө-аас 350.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ч-д олгосугай.

            6. Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

7. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ч хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.       

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч П.Ө, Э.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР