Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 409

 

 

 

 

                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Баярмаа,         

           улсын яллагч Д.Ганчимэг,

        шүүгдэгч Б.Э нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Б.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808051660007 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Баруун туруун суманд төрсөн, 34 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Алтай бургастайн шугай” ХХК-ны захирал, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 22А байрны 5 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 10.667.500 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б.Э, РД:УЕ............

Холбогдсон хэргийн талаар:  

   Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорогийн автобусны буудлын орчимд 2018 оны 11 дүгээр сарын 6-7 нд шилжих шөнө иргэн Д.Э маргалдаж, улмаар түүний хөл, гуян тус газарт өшиглөж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :   

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

   Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорогийн автобусны буудлын орчимд 2018 оны 11 дүгээр сарын 6-7 нд шилжих шөнө иргэн Д.Эмаргалдаж, улмаар түүний хөл, гуян тус газарт өшиглөж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

- хохирогч Д.Э мөрдөн байцаалтад өгсөн:... Тэр залуу намайг татаж газар унагаад миний баруун талын хөлний шуумаг дээрээс барьж байгаад зүүн талын гуй, хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. ...Би Э гэдэг залуугийн цээж нь тус газар нь хумсны хутганы хумс үрдэг үзүүртэй хэсгээр нь нэг удаа хатгасан. Өөр цохиж зодсон асуудал байхгүй...Би архи дарс хэрэглээгүй эрүүл байсан. Э нэлээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-14-17/,

-гэрч С.Б:...Тэгээд юу болсон талаар асуухад Э чи өчигдөр гудамжинд чанга орилж хашгираад байхад нэг хөгшин ах хүрч ирээд над руу уурлаад чи наад хүүхдээ битгий дээрэлхээд зодож цохиод бай гээд маргалдаад тэр ах миний хөхний доор хутгалчихсан гэж хэлсэн. Э ээжийг нь маарлаар боочихсон байсан... гэх мэдүүлэг /хх-27-29/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №13594 дугаартай:...Д.Э-н биед зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-35/

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээр маргаангүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.   

 

Иймд шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:    

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.   

Хохирогч Д.Э нь баримтаар 170.000 төгрөг нэхэмжилсэн ба хохирол төлөгдсөн, хохирогчийн одоо гомдол саналгүй, эвлэрсэн гэдгээ илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан (хх-191) байх тул шүүгдэгч Б.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн торгох ялыг биелүүлэхэд хамаарах шүүхэд гаргасан баримт зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг торгох ялыг төлөх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэв.        

Бусад асуудал     

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.    

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь :    

1. Шүүгдэгч Б.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э  нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР