| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 102/2016/03524/и |
| Дугаар | 834 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 834
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****
Хариуцагч: “****” ХХК /
Нийгмийн даатгалын шимтгэл, алданги нийт 25 485 086 /хорин таван сая найман зуун тавин мянга хорин найм/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагч компанийн төлөөлөгч ****, нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “****” ХХК нь тус хэлтэст бүртгэлтэй нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлдөг байгууллага юм. Тус компани нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-д заасан Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчиж 2014 оны 8 дугаар сараас 2016 оны 2 дугаар сарын 1-нийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй явсаар 16 990 057 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрхи байгууллагын холбогдох албан тушаалтантай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах удаа дараа шаардаж байсан боловч одоог болтол зохих төлбөрөө төлөхгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Иймд Нийгмийн даатгалын хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар алданги тооцож, 2014 оны 9 дүгээр сараас 2016 оны 2 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд 8 495 028 төгрөгийн алдангийг хуульд заасан хугацаанд ногдуулаад байна. Шимтгэл алданги бүгд 25 485 086 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү.
Хариуцагч, түүний төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани геологийн зураглал, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг 1:50 000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын төслийг **** нутгуудад хэрэгжүүлж байна. Бид хийсэн ажлын санхүүжилтыг сар бүр авч ажлаа явуулдаг ба 2014 оны 7 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл улсын төсвийн орлого бүрдэхгүй байна гэсэн шалтгаанаар санхүүжилт 5-8 сараар тасарч байгаатай холбогдон компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож ажилчдын цалин нийгмийн даатгалын шимтгэл, татварын өглөг, банкны зээлийн эргэн төлөлт, лабораторийн өглөг зэргийг цаг хугацаанд барагдуулж чадахгүй байдалд хүрээд байна. Үүний улмаас **** дансыг нэхэмжлэгч байгууллагын зүгээс хаасан байгаа. Бидний зүгээс тухайн гийгмийн даатгалын шимтгэлийг ойрын хугацаанд барагдуулах хүсэл эрмэлзэл их байвч улс орны эдийн засгийн чадамжаас хамаарч санхүүжилтгүйн улмаас өнөөдрийн энэ байдалд ороод байна. Манай компани 16 990 057 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба улс орны эдийн зэсгийн хүндрэлээс шалтгаалан төсвөөс санхүүжилт цаг хугацаандаа ороогүйн улмаас хугацаа хэтэрсний алданги болох 8 495 028 төгрөгийг нэмж төлөх боломжгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “****” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй төлбөр, алданги нийт 25 485 086 төгрөг гаргуулахыг хүсчээ.
Талууд төлбөрийн хэмжээний тухайд маргахгүй, харин хариуцагч нь үндсэн төлбөр болох 16 990 057 төгрөгийг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүйгээс тооцогдсон 8 495 028 төгрөгийн алдангийн тухайд улс орны эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан төсвөөс санхүүжилт цаг хугацаандаа ороогүйн улмаас үүссэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч компанийн ажилтнууддаа олгосон, нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлсэн тайланг үндэслэн гаргасан тооцоогоор 16 990 057 төгрөгийн өр үүссэн байна.
Нэхэмжлэгч байгууллага Нийгмийн даатгалын хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар алданги тооцож, 2014 оны 8 дугаар сараас 2016 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд 8 495 028 төгрөгийн алдангийг тооцсон нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч “****” ХХК нь шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О,З хувиар тооцогдсон 8 495 028 төгрөгийн алдангийн тухайд төсвөөс орох санхүүжилт хугацаандаа ороогүйн улмаас тооцогдсон гэж маргаж байгаа ч хэдэн төгрөгний ажил хийж гүйцэтгэсэн, санхүүжилтыг хэдийд авсан, одоо хэдэн төгрөгийн санхүүжилт авах ёстой талаар нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон бусад бичгийн нотлох баримтыг үндэслэн “****” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл,алдангид 25 485 086 /хорин таван сая найман зуун тавин мянга хорин найм/ төгрөгийг гаргуулан **** олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “****” ХХК-иас 25 485 086 /хорин таван сая найман зуун тавин мянга хорин найм/ төгрөгийг гаргуулан **** олгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 285 375 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ