| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2015/10312/и |
| Дугаар | 781 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 781
| 2016 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 102/ШТ2016/00781 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч А.Сарантуяа, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн 7 дугаар гудамжны 88 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ХЕ 61101034, Боржигон овогт Пунцагийн Гантулгын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 24 дүгээр байр, 32 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ГД 78062777, Боржигон овогт Содномын Манлайбаатарт холбогдох
Зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд 1 193 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Молор-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Иргэний нисэхийн ерөнхий газрын Газрын тусгай үйлчилгээний албанд Тээврийн үйлчилгээний хэлтэст жолоочоор ажилладаг 2315 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуваарийн дагуу албаны өмчлөлийн Хьюндай маркийн 61-17 УБЕ улсын дугаартай автобусаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хотын төвөөс нисэхийн чиглэлд ажил үүргээ гүйцэтгэн явж байхад Манлайбаатар өөрийн эзэмшлийн 89-00 УНБ улсын дугаартай автомашинаа жолоодож явахдаа Бармаш компанийн урд талын Петровис шатахуун түгээх станцын гарцаар төв замд нийлэхдээ замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан заалтыг зерчиж жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.Хьюндай маркийн 51-17 УБЕ улсын дугаартай автобусны жолооч П.Гантулга Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөөрчөөгүй байна гэсэн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 34 шинжээчийн дүгнэлт гарсан. С.Манлайбаатар замын хөдөлгөөний дүрэм баримталж замын хөдөлгөөнд оролцоогүйн улмаас байгууллагын өмчлөлийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж 1.193.000 тэгрөгийн хохирол учруулж тухайн хохиролын үнэлгээг даатгалын хохирлын үнэлгээний ВЕNDО компаниар тогтоолгосон бөгөөд С.Манлайбаатар өөрийн буруугаас зам тээврийн осол гаргаж учруулсан хохирлоо төлж барагдуулахгүй байгаа төдийгүй жолоочийн албан журмын даатгалд даатгуулаагүй байсан нь тухайн үед тогтоогдсон.Миний эзэмшилийн байгууллагын өмчлөлийн Хьюндай маркийн 61-17 УБЕ улсын дугаартай автобус нь ИНЕГ-ын Чингис Хаан олон улсын нисэх буудалд үйлчилгээнд явдаг автомашин тул тухайн автобусыг яаралтай засварлаж үйлчилгээнд явуулахгүй бол нислэлгийн аюулгүй байдал алдагдахад хүрсэн тул өөрийн таньдаг хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж албаны автомашиныг засварлуулж, ажил үйлчигээнд нь хэвийн явуулсан.Иймд 1 193 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Молор-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуваарийн дагуу албаны өмчлөлийн Хьюндай маркийн 61-17 УБЕ улсын дугаартай автобусаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хотын төвөөс нисэхийн чиглэлд ажил үүргээ гүйцэтгэн явж байхад иргэн С.Манлайбаатар өөрийн эзэмшлийн Ланд криузер маркын 89-00 УНБ улсын дугаартай автомашинаа жолоодож явахдаа Бармаш компанийн урд талын Петровис шатахуун түгээх станцын гарцаар төв замд нийлэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан заалтыг зөрчиж жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Хьюндай маркийн 6117 УБЕ улсын дугаартай автобусны жолооч Гантулга замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчөөгүй байна гэсэн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 34 шинжээчийн дүгнэлт гарсан.С.Манлайбаатар замын хөдөлгөөний дүрэм баримталж замын хөдөлгөөнд оролцоогүйн улмаас байгууллагын өмчлөлийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж 1,193,000 төгрөгийг хохирол учруулж тухайн хохирлын үнэлгээг даатгалын хохирлын үнэлгээний Вендо компаниар тогтоолгосон бөгөөд С.Манлайбаатар өөрийн буруугаас зам тээврийн осол гаргаж учруулсан хохирлоо төлж барагдуулахгүй байгаа төдийгүй жолоочийн албан журмын даатгалд даатгуулаагүй байсан нь тухайн үед тогтоогдсон.П.Гантулгын эзэмшлийн байгууллагын өмчлөлийн Хьюндай маркийн 61-17 УБЕ улсын дугаартай автобус нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Чингис хаан олон улсын нисэх буудалд үйлчилгээнд явдаг автомашин тул тухайн автобусыг яаралтай засварлаж үйлчилгээнд нь явуулахгүй бол нисэлгийн аюулгүй байдал алдагдахад хүрсэн тул өөрийн таньдаг хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж албаны автомашиныг засварлуулж, ажил үйлчилгээнд нь хэвийн явуулсан. С.Манлайбаатарын буруугаас зам тээврийн осолд орж байгууллагын автомашины насжилт чанарыг муутгасан тул ажил олгогчийн зүгээс П.Гантулгад өөр автомашин эзэмшүүлж цалин буурсан төдийгүй С.Манлайбаатар нь учруулсан хохирлоо барагдуулахгүй байгаа явдал нь нэхэмжлэгчийг давхар маш ихээр хохироож байгаа.Иймд дээрх 1 193 000 төгрөгийг С.Манлайбаатараас гаргуулж нэхэмжлэгч П.Гантулгыг хохиролгүй болгож өгнө үү.Урд урдны шүүх хуралдаан хойшилж байхад С.Манлайбаатар гэдэг хүн тухайн зам тээврийн ослыг гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Юуг хүлээн зөвшөөрөөгүй вэ гэхээр тухайн зам тээврийн ослын улмаас үүссэн хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй гээд шинжээч томилуулсан байдаг.Нэхэмжлэгч П.Гантулга нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар тайлбарлахад П.Гантулга тухайн автомашинд засвар хийгээд байгууллагыг хохиролгүй болгочихсон байдаг.Үүнийг нотолсон баримт хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд байгууллагын тодорхойлолт байгаа. /2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 06б/173 тоот тодорхойлолтыг уншив/.Өөрөөр хэлбэл П.Гантулга гэдэг хүн хувиасаа мөнгө гаргаад байгууллагын хохирлыг барагдуулчихсан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад осолд холбогдсон 61-17 УБЕ улсын дугаартай автомашин Иргэний нисэхийн ерөнхий газрын өмчлөлийн машин байна. Тэгэхээр хэнд гэм хор учирсан гэдэг нь чухал.Иргэний хуулийн 62, 63 дугаар зүйлд төлөөлөгчийн талаарх зохицуулалт байгаа.Иргэний нисэхийн ерөнхий газраас энэ нэхэмжлэлийг гаргах эрхийг П.Гантулгад өгсөн эсэхийг нягталж шалгах шаардлагатай.Тиймээс энэ нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан байна гэсэн үндэслэлээр холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Зам тээврийн ослын талаар үйл баримттай танилцсан.Хэрэгт байгаа хэрэг үзлэгээр тогтоосон үзлэгийн акт байгаа боловч тэр баримтад С.Манлайбаатарын гарын үсэг байхгүй байгаа.Өөрөөр хэлбэл С.Манлайбаатарын танилцсан хэргийн газрын үзлэгийн акт биш байна гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан учраас холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Гантулга хариуацгч С.Манлайбаатарт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 1 193 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь П.Гантулгыг авто машины хохиролын төлбөрийг Иргэний нисэхийн ерөнхий газарт бүрэн төлөөд барагдуулж байгууллагыг хохиролгүй болгосон тул иргэн П. Гантулга Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирлоо иргэн С.Манлайбаатараас шаардах эрхтэй гэж байхад хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний нисэхийн ерөнхий газраас нэхэмжлэл гаргах эрхийг П.Гантулгад өгсөн эсэх нь тодорхойгүй ба байгууллагыг хохиролгүй болгосон тухай санхүүгийн баримт байхгүй, шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, П.Гантулга нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэж маргаж байна.
Хэргийн 21 дүгээр хуудсанд тээврийн хэрэгслийн гэрчилгээний техникийн тодорхойлолтоор Hyundai County 61-17 УБЕ улсын дугаартай авто машины өмчлөгч нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ТҮАБ гэж бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч П.Гантулгын хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.
Хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан Нисэхийн ерөнхий газрын тусгай үйлчилгээний албаны 2016 оны 2 дугаар сарын 4-ны өдрийн 06/б-173 дугаартай баримтад-“Тус албаны тээвэр үйлчилгээний хэлтсийн жолооч П.Гантулга 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хьюндай маркийн 61-17 УБЕ улсын дугаартай автобусаар ажил үүргээ гүйцэтгэж байх үед иргэн С.Манлайбаатарын буруугаас түүний жолоодож явсан Ланд криузер маркын 89-00 УНБ улсын дугаартай авто машинтай зам тээврийн осолд орсны улмаас тус автобусанд их хэмжээний эвдрэл гарч даатгалын хохирлын үнэлгээний компаниар үнэлүүлж хохирлын зардал 1 193 000 төгрөг гарсныг жолооч П.Гантулга хувиасаа төлж тус автобусыг засаж байгууллагыг хохиролгүй болгосон нь үнэн” гэжээ.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан байхад дээрх баримтаар Иргэний нисэхийн ерөнхий газрыг П.Гантулга төлөөлж тухайн байгууллагын эд хөрөнгөд бусдын учруулсан хохиролыг нэхэмжлэх эрх олгосон байна гэж үзэх боломжгүй юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр П.Гантулгын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Манлайбаатарын хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн ажлын хөлс 100 000 төгрөгийг хүсэлт гаргасан талаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар С.Манлайбаатараас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 1 193 000 /нэг сая есөн зуун ерэн гурван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн П.Гантулгын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч П.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 182 /гучин гурван мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч С.Манлайбаатараас 100 000 /нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулан Хөрөнгийн Үнэлгээний төв ХХКомпанид олгосугай.
4.Шүүхийн тогтоол гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тус шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН
ШҮҮГЧИД А.САРАНТУЯА
Ж.КУЛЬДАНА