| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2025/00497/и |
| Дугаар | 209/МА2025/00046 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 209/МА2025/00046
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 307/ШШ2025/00652 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******,
******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, гэрээний үндсэн төлбөр болон алдангид 151,000,000 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
..Нэхэмжлэгч ******* миний бие нөхрийн хамт байраа томсгох зорилгоор Грийн таун-180 айлын орон сууцанд 71,57 м.кв байрыг 2022 оны 09 дүгээр сард захиалсан. Тухайн байрыг анх ******* ХХК-ийн байр зуучлагчдаас мэдэж Грийн таун төслийг удирдаж байсан ******* гэх хүний туслахтай очиж уулзаж Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалттай Грийн таун-180 айлын орон сууцны А байр 1 дүгээр орц, ******* тоотын 71.57 м.кв 3 өрөө орон сууцыг захиалсны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах №040 тоот гэрээ байгуулан 1 м.кв талбайн үнэ нь 2,500,000 төгрөгөөр 3 өрөө 71.57 м.кв бөгөөд нийт 178,925,000 төгрөгийн үнэ бүхий байрыг урьдчилгаа 25 хувь буюу 45,077,500 төгрөгийг гэрээ хийсэн өдрөө буюу 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч *******ын Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн байдаг. 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5 хувь буюу 8,600,000 төгрөгийг *******ын Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн болно.
Гэрээний үлдэгдэл 120,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүрийн 15-ны өдөр 6,000,000 төгрөгөөр 2024 оны 06 дугаар сар хүртэл 20 удаагийн төлөлтөөр, сүүлийн сард 2024 оны 07 дугаар сард 5,247,500 төгрөгөөр төлж дуусгахаар график байгуулсан.
Нэхэмжлэгч ******* миний зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөг, нийт 37,000,000 төгрөгийг *******ын Хаан банкны тоот дансанд төлсөөр ирсэн.
Уг орон сууц нь гэрээний дагуу 2023 оны 02 дугаар улиралд ашиглалтад орж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч барилга ашиглалтад ороогүй, бүр баригдаж дуусаагүй, сүүлийн 1 жилийн хугацаанд огт ажил хийгдээгүй, барилгын ажил зогссон шинжтэй өнөөдрийг хүрсэн нь захиалагч намайг хохироож байна. Миний зүгээс гэрээний нөхцөлийг огт зөрчиж байгаагүй, сар бүр төлбөрөө бүрэн төлсөөр ирсэн. Би өөрийн болон нөхрийн цалингаар төлсөөр өнөөдрийг хүрсэн хэдий ч одоо хүртэл байранд орох нь битгий хэл, барилга нь барагдаагүй цаашид баригдах эсэх нь тодорхойгүй байгаа нь бидэнд үнэхээр хүнд байдал бий болгож, санхүүгийн хувьд хохироосоор ирлээ.
Хариуцагч *******, ******* нар нь гэрээний 3.1-д заасан үүргээ зөрчиж захиалагч нарыг хохироож байна. Энэ компани нь Орхон аймагт орон сууц барихаар олон захиалагч нартай гэрээ байгуулсан хэдий ч мөн л бариагүй маргаантай шүүхээр явж байгаа болно.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг зөрчсөн зүйл огт байхгүй бөгөөд барилгын ажил зогссон хэдий ч төлбөрийг сар бүр төлсөөр ирсэн. Би 2023 оны 06 дугаар сард барилга дээр очиж уулзахад 2 давхраас дээш баригдаагүй анхны хэвэндээ байсан. Олон захиалагч нар эд нарыг барилга барихгүй иргэдийг хохироож байна гэж телевиз сурвалжилга дуудсан том асуудал үүссэн байсныг хараад цаашид төлбөрөө өгөхөө больсон байдаг. Намайг очиж уулзахад удаа дараа холбогдоход удахгүй барилгын ажил хийгдэж эхэлнэ хүлээж бай гэдэг хариу өгдөг, сүүлдээ бүр утсаа авахаа больсон.
Тиймээс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний 7.2-д Талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө гэж заасны дагуу хариуцагч нь 2023 оны 02 дугаар улиралд орон сууцыг ашиглалтад оруулаагүй, захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэл хугацаа 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 жил 215 хоногийн алдангийг гэрээний дагуу төлсөн төлбөрийн хамт нэхэмжилж байна. Гэрээний дагуу алдангийг тооцвол 1 хоногийн алданги гэрээний үнэ 90,000,000 төгрөгийн 0.1 хувь буюу 90,0000 төгрөг, 1 жил 215 хоног буюу 580 хоног 90,000 төгрөг, нийт 52,000,000 төгрөгийн алданги болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 90,000,000 төгрөг байгаа бөгөөд түүний 50 хувь болох 45,000,000 төгрөгийн алданги болж байна.
Бид гэр бүлийн хамт 2023 оны 07 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сарыг хүртэл байрны ажил хийгдэж байна уу, яаж байна гээд байнга залгаж, шаардаж, очиж шалгаж, цуглаанд очиж нэгдэж байраа хүлээсэн.
Гэрээ хийгдсэнээс хойш ашиглалтад орох хугацаа болсон, мөн бид өөрсдийн байраа зарж урьдчилгаа төлбөрийг хийж байсан, орох оронгүй болсон тул Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, , тоот 2 өрөө байрыг сарын 600,000 төгрөгөөр иргэн гэх хүнээс түрээслэн 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарыг хүртэл амьдарч 7,200,000 төгрөгийг төлсөн.
Мөн сүүлд 2024 оны 08 дугаар сараас эхлээд Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Хуучин хороолол, дүгээр байр, тоот 2 өрөө байрыг сарын 850,000 төгрөгөөр өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 03 дугаар сар хүртэл 8,500,000 төгрөгийг төлсөн болно.
Бид одоо мөнгө ч, байр ч байхгүй, бүтэн жил гаруй хугацаанд түрээсийн байраар хэцүү байдалд байна.
Иймээс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №040 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, үндсэн төлбөр болох 90,000,000 төгрөг, гэрээний 7.2-д заасан 0.1 хувийн алданги 45,000,000 төгрөг, нийт 135,000,000 төгрөгийг гэрээний дагуу нэхэмжилж байна.
Мөн нэхэмжлэгч миний хувьд түрээсийн байраар амьдарч байгаа тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасны дагуу орон сууц түрээслэн амьдарсан төлбөр болох 16,000,000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулах шаардлага гаргаж байгаа болно. Иймд *******, ******* нараас нийт 151,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. / х.х 1-2 /
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
...*******гийн зүгээс *******ын өөрийг нь төлөөлж гэрээ байгуулахыг зөвшөөрч хийж өгсөн итгэмжлэлийн дагуу *******тай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Грийн таун нэртэй 180 айлын орон сууцны А байр 1 дүгээр орц, ******* тоот 71.57 м.кв 3 өрөө орон сууцны №040 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрэг хийсэн. Тухайн гэрээ нь иргэн ******* иргэн ******* нарын орон сууц захиалгаар бариулахад үүсэх харилцааг зохицуулна гэж ойлгож байна. Харин тухайн графикийн дагуу төлсөн гэх нийт 90,000,000 төгрөг нь ******* миний данс руу орж тухайн мөнгийг захиран зарцуулаагүй болно. Тэгэхээр *******гийн хувьд иргэн *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
*******ын хувьд бол иргэн *******г өөрийгөө төлөөлж *******тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулах итгэмжлэл олгосон нь үнэн. Тухайн захиалгын гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох мөнгийг ******* хаан банкны тоот данс руу хийсэн. Мөн гэрээнд графикийн дагуу сар болгоны 15-ны өдрийн дотор буюу 2024 оны 07 дугаар сар хүртэл үлдэгдэл төлбөрийг төлж дуусгахаар гэрээ байгуулсан. Тухайн графикт заасны дагуу 2023 оны 06 дугаар сар хүртэл төлөлтийг иргэн *******ын тоот дансанд хийж байгаа тухайн сараас хойш гэрээнд заасан графикийн дагуу төлөлтийг хийхээ зогсоосон байна. Иргэн ******* тухайн гэрээг байгуулснаас хойш *******гаас гэрээтэй холбоотой ямар нэгэн төлөлт *******гийн данс руу орж захиран зарцуулсан зүйл байхгүй болно. ******* нь иргэн *******гийн орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, үндсэн төлбөр болох 90,000,000 төгрөг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги гэх 45,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 16,000,000 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн иргэн ******* нь мөн адил гэрээний үүргээ биелүүлээгүй нь тухайн гэрээнд тусгагдсан үлдэгдэл төлбөрийн төлөлтийн график болон мөнгө шилжүүлсэн баримтаас нь харагдаж байгаа болно гэжээ. / х.х 46 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар хариуцагч *******оос 99,177,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 51,822,500 төгрөгийг хэсгийг болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 983,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 653,837 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г цуцалж, гэрээний төлбөр болон алданги нэхэмжилснийг гэрээнээс татгалзаж байгаа учир алданги нэхэмжлэх эрхгүй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тай гэрээ байгуулахдаа орон сууцыг 2023 оны 2-р улиралд ашиглалтад оруулахаар тохиролцсон байх ба одоогийн байдлаар барилга 3 давхрын цутгалт хийгдээд барилгын ажил зогссон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч энэ байдлыг хүлээн зөвшөөрдөг, гэрээ цуцлахад татгалзах зүйлгүй гэсэн хариу тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэсний дагуу хариуцагч ******* нь орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, 3 давхраас илүү баригдаагүй зэрэг нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч гэрээг цуцлахаар шаардлага гаргасаар байтал гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгэгч шаардах эрхтэй гэсний дагуу нийт нэхэмжлэгчийн төлсөн 90,677,500 төгрөгийн төлбөрийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан, талууд алдангийн талаар хуулийн шаардлагад нийцүүлэн бичгийн гэрээ байгуулсаар байтал гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болох тул гэрээний нэмэлт үүрэг болох алдангийг гаргуулахаар шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. 2022.9.07-ны өдрийн 40 дугаартай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 7.2-д гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хувиар алданги шаардах эрхтэй, энэ талаар тохиролцсоор байхад алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь нэхэмжлэгчийн санхүүгийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн тул шийдвэрт өөрчлөлт оруулж алданги болох 45,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /х.х 66-67 /
5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, гэрээний үндсэн төлбөр болон алдангид 151,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан татгалзлын үндэслэлээ “ *******гийн хувьд: ******* нь *******ыг төлөөлөх итгэмжлэлийн дагуу *******тай Дархан-Уул аймаг Дархан сум, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Грийн таун нэртэй 180 айлын орон сууцны А байр 1 дүгээр орц, ******* тоот 71,57 м.кв 3 өрөө орон сууцны №040 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Тухайн гэрээ нь иргэн ******* иргэн ******* нарын орон сууц захиалгаар бариулахад үүсэх харилцааг зохицуулна гэж ойлгож байна. *******гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
Хариуцагч *******ын хувьд “*******гийн үндсэн төлбөр болох 90,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тус тус тайлбарлажээ.
10. Анхан шатны шүүх хариуцагч *******оос 99,177,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 51,822,500 төгрөгийг болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
11. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба гомдлын үндэслэлээ “шүүх ...хариуцагч ******* нь орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй, 3 давхраас илүү баригдаагүй зэрэг нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч гэрээг цуцлахаар шаардлага гаргасаар байтал гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн,
мөн ... гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болох тул гэрээний нэмэлт үүрэг болох алдангийг гаргуулахаар шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь хуул зүйн хувьд үндэслэлгүй байна” гэжээ.
Хэргээс судлан үзвэл:
12. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******ыг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* харилцан тохиролцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалттай, Грийн таун-180 айлын орон сууцны А байр 1 дүгээр орц, ******* тоотын 71.57 м.кв 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай №040 дугаартай гэрээг байгуулжээ.
Уг гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 2,500,000 төгрөгөөр, 3 өрөө 71.57 м.кв талбайн үнэ нийт 178,925,000 төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаа 25 хувь буюу 45,077,500 төгрөгийг гэрээ хийсэн өдрөө буюу 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч *******ын Хаан банкны тоот дансанд, 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5 хувь буюу 8,600,000 төгрөгийг *******ын Хаан банкны тоот дансанд тус тус шилжүүлсэн, гэрээний үлдэгдэл төлбөр болох 120,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүрийн 15-ны өдөр 6,000,000 төгрөгөөр 2024 оны 06 дугаар сар хүртэл 20 удаагийн төлөлтөөр, сүүлийн сард 2024 оны 07 дугаар сард 5,247,500 төгрөгөөр төлж дуусгахаар график байгуулсан байна. /х.х 7-8/
13. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, харин хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, гэрээний дагуу алданги, хохирол шаардах эрхтэй эсэхэд маргасан байна.
13.а Хариуцагч ******* нь хариуцагч *******ыг төлөөлж дээрх гэрээнд гарын үсэг зурсан, нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болон үлдэх төлбөрийг графикийн дагуу *******ын ХААН банкин дахь дугаарын дансанд төлж байсан болох нь зохигчийн тайлбар, дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /х.х 9-14/
Дээрх байдлаас үзвэл хариуцагч *******, ******* нарын хооронд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан, тэдний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагч *******оос ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардах эрхтэй, харин *******, ******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
13.б. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаагүй, харин гэрээг цуцалж, үндсэн төлбөр, алданги болон түрээсийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Гэрээнээс татгалзах гэрээг цуцлах асуудал нь хүчин төгөлдөр гэрээний хувьд яригдах асуудал бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн.
Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах асуудал нь өөр хоорондоо ялгаатай ойлголт бөгөөд гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа харилцан буцаадаг бол, гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэдэг.
Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээгээр нэхэмжлэгч ******* гэрээний тодорхой хувийг төлсөн байгаа боловч хариуцагч буюу гүйцэтгэгч тал нь гэрээний дагуу орон сууцыг барьж дуусгаагүй, тус барилга нь 3 давхраас дээш баригдаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь орон сууц ашиглалтад орох хугацаа болсон үеэс эхлэн хариуцагчийг буюу гүйцэтгэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж байсан хэдий ч үр дүн гараагүй гэж тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.
Иймд хариуцагч талыг гэрээнд заасан хугацаанд орон сууцыг барьж ашиглалтад оруулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг зөв тогтоож, хариуцагч *******оос гэрээний үндсэн төлбөрт шилжүүлсэн 90,677,500 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
13.в. талуудын хооронд байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн №040 дугаартай гэрээний 7.2-т алданги төлөх талаар тохиролцсон.
Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох тул үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болдог.
Иймд нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт үүрэг болох алдангийг гаргуулахаар шаардах эрхгүй харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сараас, 2204 оны 8 дугаар сарыг хүртэл хугацаанд Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр баг, , тоот 2 өрөө байрыг сарын 600,000 төгрөгөөр түрээсэлж, 7200,000 төгрөг төлсөн, Дархан-Уул аймаг, Дархан сум 14 дүгээр баг, Хуучин хороолол, дүгээр байр, тоот 2 өрөө байрыг сарын 850,000 төгрөгөөр түрээслэн нийт 8,500,000 төгрөг төлсөн гэж дээрх түрээсийн төлбөрүүдийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сараас 2024 оны 8 дугаар сарыг хүртэл хугацаанд Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр баг, , тоот 2 өрөө байрыг сарын 600,000 төгрөгөөр түрээсэлж, 7200,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Харин Дархан-Уул аймаг, Дархан сум 14 дүгээр баг, Хуучин хороолол, дүгээр байр, тоот 2 өрөө байрыг сарын 850,000 төгрөгөөр түрээсэн нийт 8,500,000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн ХААН банкны дансны хуулгаар нотлогдсон байна. /х.х 15-21
Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр түрээсийн төлбөрт шилжүүлсэн 8,500,000 төгрөгийг хариуцагч үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэн хангаж, нэхэмжлэгч нь 7,200,000 төгрөгийн түрээсийн төлбөрөө нотлоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.
14. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч гэрээг цуцлахаар шаардлага гаргасаар байтал гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн,
мөн ... гэрээнээс татгалзсанаар ...гэрээний нэмэлт үүрэг болох алдангийг гаргуулахаар шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 307/ШШ2025/00652 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 383,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Г.МЯГМАРСҮРЭН