Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 430

 

 

 

                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,              

           улсын яллагч Р.Энх-Оюун,

            шүүгдэгч Д.Ч нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Д. Ч-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908006910402 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-н оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны завод 5-60б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ховогт Д.Ч , РД:ИС.................

Холбогдсон хэргийн талаар:  

   Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 цагаас 07 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Өргөө 18 дугаар байрны 06 тоотод хамтран амьдрагч Н.О-г  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :   

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

   Шүүгдэгч Д.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 цагаас 07 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Өргөө 18 дугаар байрны 06 тоотод хамтран амьдрагч Н.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

- хохирогч Н.О-н мөрдөн байцаалтад өгсөн:... Би Д.Ч-тэй  2017 оны 10 дугаар сард танилцан үерхэж би биенийхээ гэрээр орж гарч байгаад 2018 оны 10 дугаар сард манай гэрт хамт амьдарч эхэлсэн. Ч-тэй танилцсанаас хойш жаахан асуудлаас болж уурлаж гар хүрдэг байсан, тухайн үедээ цагдаад хэлэхгүй тэвчээд өнгөрдөг байсан...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн үед гэртээ юм ярьж байгаад шалихгүй асууудлаас болж маргалдсан. Тэгтэл нөхөр Ч ангийнхаа хүүхдүүдтэй уулзана гээд гараад явсан...Гарсных нь дараа нойр хүрэхгүй байсан учраас аятайхан хэлээд явчихгүй, уурлаж уцаарлаж гарлаа гэж мессэж бичсэн, хариу ирээгүй. Ингээд шөнө 3 цаг өнгөрч байхад Ч ирчихээд хаалга нүдээд байхаар нь онгойлгож өгөхгүй гэсэн чинь ядраад байна, унтмаар байна гэж зөөлхөн хэлэхээр нь онгойлгож өгсөн чинь шууд алгадаж унагаагаад, толгой тархи руу балбаж, өмднийхээ тэлээгээр бүх бие рүү ороолгосон. Тэгээд ядраад унтахаар нь цагдаад дуудлага өгч цагдаа нар эрүүлжүүлсэн. Миний биед учирсан цус хуралт гэмтлүүд нь өмднийхөө тэлээгээр ороолгоснос болж учирсан...гэх мэдүүлэг /хх-20-21/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №1777 дугаартай :...Н.О биед цээж, баруун бугалга, баруун шуу, баруун өгзөг, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-25/

- шүүгдэгч Д.Ч мөрдөн байцаалтад өгсөн:... 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр эхнэр бид хоёр фитнесийн эм хэрэглэнэ, хэрэглэхгүй гэдэг дээрээс болж маргалдсан. Ингээд би найзууд дуудаад байхаар нь орой 23 цагийн үед гарсаны дараа эхнэр уурлаад мессэж бичээд байсан би хариу бичээгүй. Би найз нартайгаа уулзаж 100 орчим грамм архи уугаад тэр хэд буудалд ороод би гэртээ шөнө 03 цагийн үед очиход эхнэр хаалгаа тайлахгүй хаалганы цаанаас хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би уучлалт уйгаад ядраад унтмаар байна гэсэн чинь онгойлгосон. Тэгээд би гэртээ ороод уурандаа эхнэрээ алгадаж унагаагаад өмднийхээ тэлээгээр ороолгосон...Одоо бид хоёр эвлэрсэн, ямар нэгэн маргаангүй болсон бөгөөд намар хуримаа хийхээр төлөвлөсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-49-50/,  

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, би удахгүй Япон улс руу тэмцээнд явах гэж байгаа тул торгуулийн ял оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.   

 

Иймд шүүгдэгч Д.Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:    

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.   

Хохирогч Н.О хохирол нэхэмжилсэн баримтгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Ч хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн торгох ялыг биелүүлэхэд хамаарах шүүхэд гаргасан баримт зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг торгох ялыг төлөх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэв.        

Бусад асуудал     

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.    

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь :    

1. Шүүгдэгч Д.Ч-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Ч-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ч нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР