| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/00170/и |
| Дугаар | 558 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 558
2016 оны 08 сарын 26 өдөр Дугаар 181/ШШ2016/00558 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, ЭТНО, “Пийс таур” барилга, 7 давхар 705 тоотод байрлах, “ВишнФанд Банк Бус Санхүүгийн байгууллага” ХХК /РД:2823624 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа 56 гудамж, 778 тоотод оршин суух, Боржигон овогт Лувсандоржийн Эрдэнэбат /РД:ХК76071012/-д холбогдох,
405,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Л.Эрдэнэбат нь 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ВишнФанд ББСБ-ын Улаанбаатар-4 салбараас 10804795 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 2.4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлээ төлж байгаад алга болсон. 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байна.
Удаа дараа утсаар ярьж гэрт нь очсон боловч хаалгаа онгойлгож өгөхгүй хэл амаар доромжлон энд тэнд явж байна гээд зээлээ төлөхгүй байна. Одоогийн байдлаар нийт үлдэгдэл 400,000 төгрөгийн төлбөртэй байна.
Иймд зээлдэгч Л.Эрдэнэбатаас үндсэн зээл 350,000 төгрөг, хүү 50,000 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, бүгд 405,000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж, манай хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Хариуцагч Л.Эрдэнэбат миний бие 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ВишнФанд ББСБ-аас зээл авсан нь үнэн. ВишнФанд ББСБ-ын нэхэмжилж байгаа 405,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ВишнФанд Банк Бус Санхүүгийн байгууллага” ХХК нь хариуцагч Л.Эрдэнэбатад холбогдуулан 405,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Эрдэнэбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 405,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Л.Эрдэнэбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Л.Эрдэнэбат нь нэхэмжлэгч “ВишнФанд Банк Бус Санхүүгийн байгууллага” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 405,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,000 төгрөгөөс 6,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 6,500 төгрөгийг, хариуцагч Л.Эрдэнэбатаас 6,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ө.УЯНГА