Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 702

 

 

   2019        07          24                                  2019/ШЦТ/702

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

          Улсын яллагч П.Бямбасүрэн,

          Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Д-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, "Зэлтэрийн Хишиг" ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, ах, эгч нарын хамт  , ял шийтгэлгүй гэх, Ж.Д,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Ж.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 4 дүгээр гудамжны 247 тоот нийтийн байрны 10 тоот өрөөнд хохирогч Г.Урангоог гэрээсээ хөөлөө гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Ж.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Ж.Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 06 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 4 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 4 дүгээр гудамжны 247 тоот нийтийн байрны 10 тоот өрөөнд хохирогч Г.Урангоог гэрээсээ хөөлөө гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

     Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, 

            Хохирогч Г.Урангоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз н.Отгонбаатар, н.Заяа, н.Ээгий, н.Дашка, н.Сэргэлэнбаатар нарын хамт архи уусан. Хэсэг хугацааны дараа би тэднийг одоо явцгаа гэхэд Дашка гэдэг залуу гараараа нүд рүү нэг удаа цохисон, мөн гарахдаа хөлөөрөө хавсарч унагааж нүүрнээс маажсан. Би өмнө Дашка гэдэг хүнийг харж байгаагүй. Тэр өдөр найз нарын хамт манай гэрт ирсэн.  Одоо толгой болон нүд өвдөж байна мөн нүүрэн хэсэгт хумсны шарх үүссэн, дээрх гэмтлийг Ж.Д надад учруулсан. Эхлээд миний зүүн нүд хамрын нуруу орчим нэг удаа гараараа хүчтэй цохисон. Би цагдаа дуудахад Ж.Д гарч явах гэхээр нь явуулахгүй гэж хаалга дарж зогсоход миний хацрыг маажиж, хүзүүнээс боож хөл хавсран газар унагаасан. Эмчилгээний зардал шилжүүлсэн, гомдолгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 17-18, 20 дугаар хуудас/,

 

          Гэрч Г.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Г.Урангоогийн гэрт очиход гэрт нь Эрдэнэзаяа хүүхдийн хамт гурвуулаа байж байсан. Архи нэгийг авч тавуулаа хувааж уусан ба архи дуусаж байхад найз Ж.Д нь Г.Урангоотай маргалдсан, тэгээд хоёулаа босож ирэхээр нь хоёр тийш нь болгосон. Тэгтэл Ж.Дорж ирээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиход Г.Урангоо доошоо суусан. Тэгтэл манай найз нар бүгд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

          Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн "...Г.Урангоогийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хацар, хүзүү, баруун гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тулд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  гэх 6998 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

          Яллагдагч Ж.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Г.Урангоо намайг “чи яв, чи гар яв, зайл” гэж хөөхөөр нь маргалдаж эхэлсэн. Би Г.Урангоог баруун гараараа нэг удаа нүүрэн тус газар нь зүүн нүд орчим нь нэг удаа цохисон чинь хойшоо хана мөргөөд унасан. Намайг цохиж зодсон зүйл байхгүй, гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

            Ж.Д-ын хохирол төлсөн баримтууд /хх-ийн 12 дугаар хуудас/, хохирогч Г.Урангоогийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

               Шүүгдэгч Ж.Д-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн   дугаар хуудас/, “Зэлтэрийн Хишиг” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, Ж.Д-ын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

         

          Шүүгдэгч Ж.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ж.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг Ж.Д-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Ж.Д-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.Д-ыг шүүхээс оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.         

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ