| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 135/2022/00922/и |
| Дугаар | 209/МА2025/00045 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 209/МА2025/00045
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 307/ШШ2025/00666 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******,
******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “KOMATSU PC-1250 экскаваторын 2 стартерын үнэ нийт 12,000,000 төгрөгийг гаргуулах" тухай,
Иргэний хэргийг хариуцагч *******ын өмгөөлөгч *******ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/ , хариуцагч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
******* миний бие 2018 оны 05 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөрлөгийн үйлдвэрийн аж ахуйн гражаас “Япон улсад үйлвэрлэсэн КОМАТ811РС- 1250 экскеваторын үндсэн носос 1 ширхэг, КОМАТЦУ РС-1250 экскеваторын стартер 2 ширхэг, Герман улсад үйлдвэрлэгдсэн ЛШВНЕК.-924 маркын экскеваторын үндсэн носос 1 ширхэг” зэргийг Дархан хотын Шарын гол сумын харъяат *******д заруулахаар хүлээлгэн өгсөн.Тухайн үед ******* болон түүний хүү ******* нар нь 1 сарын дотор сэлбэгийг маань зарж борлуулж өгнө, авах хүмүүс бэлэн байгаа гэж хэлсэн учир миний бие итгээд өгч явуулсан болно.
Түүнээс хойш 1 сарын дараа холбогдоход асуудалгүй, тун удахгүй гэх мэтээр худал хэлэн явсаар удаа дараа шаардсаны эцэст КОМАТЦУ РС-1250 экскаваторын үндсэн нососыг надад буцаан өгсөн. Үлдсэн хөрөнгийг асуухад КОМАТЦУ РС-1250 экскеваторын стартер 2 ширхэг зарж борлуулсан бөгөөд танд удахгүй мөнгийг нь шилжүүлнэ гэх мэтээр худал ярьсаар бүтэн нэг жил өнгөрсөн.
Иймд арга буюу 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан. Үүний дагуу 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 190802701 дугаар бүхий “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол гарч ажиллагаа хийгдсэний, … тус хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2600 дугаар бүхий “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” Прокурорын тогтоол гарсан.
Гэвч ******* нь уулзсан өдрөөс хойш мөн л холбоо сураггүй алга болж миний итгэлийг удаа дараа эвдсэний үндсэн дээр миний бие 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт “хэрэг бүртгэлтийн хэргийг дахин шалгаж өгнө үү” хэмээн гомдол гаргасан боловч ....гомдлыг хүлээн авахаас татгалзсан Прокурорын тогтоол гарсан.
*******, ******* нарын үйлдэл нь миний итгэлийг олох замаар намайг хууран мэхэлж, удаа дараа худал ярьж итгэл эвдсэн тул миний бие 2020 оны 02 дугаар сард дахин Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт тус асуудлаар гомдол гаргасан боловч мөн л адил иргэн хоорондын хэлцлээс үүдэлтэй маргаан тул гомдлыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Үүнээс хойш удаа дараа холбоо тогтоох гэж оролдсон, ингээд иргэний журмаар шүүхэд хандаж байна. *******, ******* нарт 2018 оны 05 дугаар сард хүлээлгэн өгсөн сэлбэгийн зах зээлийн үнийг нэхэмжлэлд хавсаргасан бөгөөд буцааж авсан сэлбэгийн үнийг хасаад 32,000,000 төгрөгийн сэлбэгээ аваагүй байгаа болно. Тус үнийн дүн нь тухайн үеийн зах зээлийн ханшийг тооцож гаргасан дүн болно.
Иймд *******, ******* нараас 2018 оны 05 дугаар сард хүлээлгэн өгсөн “Япон улсад үйлдвэрлэсэн КОМАТЦУ РС-1250 экскаваторын стартер 2 ширхэг, Герман Улсад үйлдвэрлэгдсэн LIВНЕК-924 маркийн экскаваторын үндсэн носос 1 ширхэг” сэлбэгийг нөхөн гаргуулах, хэрэв сэлбэгийг зарж борлуулсан бол сэлбэгийн үнийн дүнтэй тэнцэх төлбөрийг төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ. / 1 х.х-1-3 /
2. Хариуцагч *******ын татгалзал, хариу тайлбарын агуулга:
...******* анхнаасаа худлаа ярьсан нь гэрчийн мэдүүлгээр тодорхой байгаа. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* эдгээр сэлбэгийг анх 12,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж худлаа ярьж байгаа. Одоо 12,000,000 төгрөг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн стартер хуучин байсан, олон газраар хөдөө уурхайгаар бензин тосоо барж худалдах гэж явсан боловч авах хүн олдохгүй 500,000 төгрөгөөр худалдаж борлуулсан. ******* 2010 онд хуучин сэлбэг ас авсан байж энэ сэлбэгээ 2018 онд надад хүлээлгэж өгөөд одоо тэр сэлбэг шинэ байсан гэж худлаа ярьж байна. Тухайн сэлбэг шинэ гэдгийг ямар ч газраар тогтоолгосон баримт байхгүй байна. Одоо энэ сэлбэгээ авна гэвэл зарсан газраасаа буцаагаад 500,000 төгрөгөөр аваад өгч болно. Гэрч мэдүүлэгтээ 2010 онд уг сэлбэгийг авсан гэж мэдүүлсэн байгаа. компаниас шинэ сэлбэг гаргах боломж байхгүй. Давхар давхар харуул хамгаалалттай байсан. Би Гантулгыг тэр үед таньдаг байснаас нэг ч удаа биечлэн уулзаж байгаагүй. Оюу толгой компанид ажилладаг гэсэн сураг байдаг. Одоо хаана байгааг мэдэхгүй, утасны дугаарыг нь л мэднэ. Одоо энэ сэлбэг дээр ямар ч маргаан байхгүй. Хэрэв ******* энэ сэлбэгээ авна гэвэл буцааж өгч болно.” гэжээ. / 1 х.х 30-33, /
3. Хариуцагч *******ын татгалзал, хариу тайлбарын агуулга:
Миний аав *******ын бичсэн хариу тайлбартай санал нэг байна. Нэмэгдэл хариу тайлбар бичих шаардлага байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /1 х.х-37 /
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас KOMATSU PC-1250 экскаваторын 2 стартерын үнэ нийт 12,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын LIBHER-924 маркийн экскаваторын насос гаргуулах эсвэл түүний үнэ 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 317,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 206,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******ын өмгөөлөгч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
а. Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт “....Талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т заасан даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээсэн нь даалгаврын гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.” гэж үзсэн атал тоног төхөөрөмжүүдийг бусдад худалдан борлуулж 2 ширхэг стартерийг ******* нь зараад зардлаа хий өгсөн хариуцагчийн тайлбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 534 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгч нь зардалд 2,000,000 төгрөг хассан тухай тайлбар зэргээс зардлыг талуудаас тодруулж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнгээс хасаагүй. Мөн үйл явдлаас дүгнэлт хийхэд нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй эсэх эргэлзээ үүсэж байна.
б. Нэхэмжлэгч нь 2 стартерийн үзүүлэлтийг 7.5w, 5.5w эсхүл 7.5w, 11w гэж эргэлзээ бүхий байдлаар ирүүлсэн байхад энэ талаар шүүхээс тодруулаагүйн улмаас үнийн санал дээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
“Трансвест Монголиа” ХХК-аас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05/130 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2 ширхэг стартер нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр нийт 20,071,355.46 төгрөг гэсэн үнийн саналыг үндэслэсэн ч тус тоног төхөөрөмж нь ямар үзүүлэлтэй эсэх нь тодорхойгүй, “” ХХК-аас 2025 оны 03 дугаар сарын 21 -ний өдрийн 20 дугаартай албан бичгээр 11w үзүүлэлтэй 2 ширхэг стартер нь нийт 33,056,100 төгрөг гэж үнийн саналыг ирүүлсэн ч нэхэмжлэгчийн тус 2 стартер нь 11w үзүүлэлттэй мэт, нэхэмжилж байгаа стартерийн нэгнийх нь үнэлгээ ирүүлээгүй байхад үндэслэлгүй дүгнэлтэд хүрсэн.
в. Нэхэмжлэгчийн өөрийнх нь нотлох баримтаар гаргаж өгсөн 2 стартерийн зураг нь энгийн нүдээр харахад элэгдэлд орсон байхад түүнийг шинэ мэтээр үзэн одоогийн зах зээлийн шинэ стартерийн үнээр тогтоох боломжгүй. Шинэ гэж үзсэн байлаа ч техник технологи хөгжиж байгаа цагт он удаан жил хадгалсан 2 стартер нь шинэчлэгдсэн, үзүүлэлт сайтай стартерийн үнэд дүйцэх боломжгүй.
Шүүхээс 2 стартерийн шинэ, хуучин эсэх, ямар үзүүлэлттэй байсан, 2 компаниас ирүүлсэн үнэлгээ нь ямар үзүүлэлттэй стартерийн үнэлгээ болох талаар, бодит үйл явдлын талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүйн улмаас нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэл муутай шийдвэр гаргасан.
Тус 2 стартерийг шинэ, хуучин эсэх, одоогийн үнэлгээ зэргийг шинжээчээр дүгнэлт гаргуулах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 2 х.х-59-60 /
5. Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Экскаваторын сэлбэг гаргуулах, эсвэл сэлбэгийг зарж борлуулсан бол сэлбэгийн үнэ 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад LIBHER-924 маркийн экскаваторын насосыг буцааж авахыг зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд KOMATSU PC-1250 экскаваторын 2 стартерын үнэ нийт 12,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ. / 1 х.х-1-3, 2 х.х-45/
Харин хариуцагч нарын зүгээс “...2 ширхэг стартер нь хуучин стартер байсан, уг 2 ширхэг стартерыг ******* зараад зардалдаа хэрэглэ гэхээр нь манай хүү ******* тус бүрийг нь 100,000 төгрөгөөр зарж, зардалдаа хэрэглэсэн, *******ын сэлбэгийг зарахын тулд бид нараас 1,200,000 төгрөгийн зардал гаргасан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж, 500,000 төгрөг авна гэвэл нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч болно гэж маргажээ. / 1х.х-30-33, 37, 2 х.х-45/
Хэргээс үзэхэд:
8. Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 5 сард *******той ярьж тохиролцсоны дагуу түүний хүү *******т KOMATSU PS-1250 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг, KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхэг, LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхгийг борлуулахаар хүлээлгэн өгсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Мөн комаtsu PS-1250 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхгийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө авсан, LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн нь үзлэг хийсэн тэмдэглэл гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзжээ.
9. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т “даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох нэр бүхий сэлбэгүүдийг хариуцагч нараар зарж борлуулах, уг сэлбэгүүдийг зарж өгсөн тохиолдолд урамшуулал олгох талаар тохиролцож, дээрх сэлбэгүүдийг хариуцагч нарт шилжүүлж өгсөн байх тул талуудын хооронд даалгаврын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
10. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаж буй 2 ширхэг стартерын үнийг гаргуулахаар зохигчийн хүсэлтээр 3 удаа шинжээч томилсон боловч шинжээчээр томилогдсон этгээдүүд нь “үнийн судалгаа гаргахад тухайн оны зах зээл дээр борлуулагдаж байсан үнийн судалгаа, мэдээлэл ховор, ижил төстэй эд хөрөнгийн үнэ ханшийн талаарх мэдээлэл байхгүй тухайн үед сэлбэгүүд хэвийн ажиллагаатай байсан эсэх нь эргэлзээтэй” гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзжээ. / 1 х.х-113, 116-118, 120, 202-205, 234, 238-240, 244/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн хүсэлтээр 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 307/ШЗ2025/01199 дугаартай шүүгчийн захирамжаар маргаан бүхий сэлбэгийн үнийг тодорхойлоход “” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05/130 дугаартай албан бичгээр “...шүүгчийн захирамжид заасан KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхгийн үнэ 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт 20,071,355.46 төгрөг /НӨАТ багтсан/ байна.” гэж, “” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай албан бичгээр “...танай газраас ирүүлсэн албан мэдэгдлийн дагуу Komatsu PС-1250 маркийн экскаваторын 2 ш стартерын үнийн саналыг гарган хүргүүллээ... 30,051,000, НӨАТ 3,005,100 төгрөг, нийт 33,056,100 төгрөг” гэж тус тус үнийн санал ирүүлжээ. /2 х.х-19, 21-23/
11. Хэрэг бүртгэлтийн шатанд маргаж буй 2 ширхэг стартерын үнийг 12,000,000 төгрөгөөр үнэлж байсан, нэхэмжлэгч нь ижил болон ойролцоо төрлийн стартерын зах зээлд борлуулагдаж буй жишиг үнээс харьцангуй багаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсны дагуу шүүх стартерын үнийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. / 1 х.х-17-19/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч нь “ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байх тул гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
12. Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1-т “даалгавар өгөгч нь өгсөн даалгаврынхаа гүйцэтгэлийг хүлээн авах, гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлийг даалгавар гүйцэтгэгчид олгох, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй.” гэж хуульчилсны дагуу даалгавар өгөгч буюу нэхэмжлэгч ******* нь даалгавар гүйцэтгэгч буюу хариуцагч нарт хөлс төлөх үүрэг нэхэмжлэгч *******т хуулийн дагуу үүснэ.
Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчээс зарж борлуулахаар өгсөн сэлбэгийг борлуулахын тулд 1,200,000 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нарын гаргасан зардал болох 1,200,000 төгрөгийг хасаж, 10,800,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 1,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 25-ны өдрийн 307/ШШ2025/00666 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 401 дүгээр зүйлийн 401.1-т зааснаар хариуцагч *******, ******* нараас KOMATSU PC-1250 экскаваторын 2 стартерын үнэд нийт 10,800,000 /арван сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Я.ТУУЛ