Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсандашийн Амарсанаа |
Хэргийн индекс | 135/2016/00569/и |
Дугаар | 171 |
Огноо | 2016-10-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 171
А.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2016/00569/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1150 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Боржигин овогт А-ийн А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Харнууд овогт З-ийн Э-т холбогдох
“1.500.000 төгрөг гаргуулах, хариуцагч З.Э-ийн 300.000 төгрөг гаргуулахыг хүссэн” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч З.Э-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч А.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие З.Э-т 2015 оны 2 дугаар сарын 23-нд Улаан-Үдэ рүү бараанд яваад ирье гэхэд нь 1.500.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай эээлсэн. Миний найз Т.******* мөнгөө тоолж өгч байхад миний дэргэд зогсож байсан. Мөнгөө авмаар байна гэхээр би худалч биш, хулгайч биш, би юмтай хүн. Хүлээж бай гэдэг. Иймд З.Э-ээс 1.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би танил Т.*******ээр зуучлуулан А.А-тай танилцаж түүнээс 1.100.000 төгрөг авсан. Найз Т.******* 400.000 төгрөг авсан гэж байсан. Авсан мөнгөнөөсөө 600.000 төгрөгийг *******т А.А-д өгөөрэй гэж өгөөд явуулсан. 500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Өгч чадаагүй байтал А.А- дэлгүүр дээр ирж хүүхдээс хүнсний зүйл авч байсан гэсэн. Танай ээжээс чинь авлагатай гэж согтуу гэрт ирж 2 эсгий туурга, портер машины дугуй зэрэг эд зүйлийг заруулж авсан байсан.
Иймд 500.000 төгрөгөө миний юмыг зараад авсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч З.Э-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
З.Э- миний бие хөдөө ажилд явсан хойгуур А.А- нь манай гэрт очиж хүү Б.******* шахан дарамталж байгаад ээжийн чинь өрийг авч байна гэж хэлээд 2 эсгий туурга, портер машины 2 дугуй хүнд зарж мөнгө болгож авсан байна. Эдгээр зүйлийг худалдан авсан хүмүүс А.А-г эсгий дугуй зарсан, зарахаар авч явсан гэдгийг гэрчилж надад хэлсэн. Иймд 2 эсгий 1 бүрийн үнэ 50.000 төгрөг, 2 дугуй 1 бүрийн үнэ 100.000 төгрөг гэж бодоод 300.000 төгрөгийг А.А-гаас гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нар шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч 3.Эрдэнэчимэгийнд очиж 2 хоносон нь үнэн. Гэхдээ дугуй, эсгий зараагүй. Түүний хүү Б.******* зараад архи авч уусан. Эдгээр хөрөнгө нь З.Э-ийнх гэдэг нь нотлогдоогүй тул зөвшөөрөхгүй гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1150 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч 3.Эрдэнэчимэгээс 1.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож 300.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэггийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 3.Эрдэнэчимэгээс 38.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч З.Э- давж заалдсан гомдолдоо:
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, болсон үйл явдал бодит байдалд эөв дүгнэлт хийж чадсангүй. Би А.А-гаас 1.100.000 төгрөг л авсан. Гэрч гээд байгаа Т.******* 400.000 төгрөг тухайн үөд зээлж авсан. Би А.А-г танихгүй учраас Т.Эрдэнэцэцгийг даган очиж хоёулаа л тус тусдаа мөнгө эээлж авсан. Гэтэл хамт мөнгө зээлсэн хүн гэрчийн худал мэдүүлэг өгч шүүх түүнийг нь бодит үнэнд тооцон гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн шийдвэр гаргаж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. Т.******* нь хүнээс 400.000 төгрөг зээлж авсан. Миний өгүүлсэн 600.000 төгрөгийг А.А-д өгөөгүй учраас саймширч худал мэдүүлэг өгсөн байна.
Энэ хүн худал хуурмаг аргаар үндэслэлгүй хөрөнгөжиж миний эрх ашгийг хохироож байгаад би гомдолтой байна. Мөнгө өгч авч байхад Т.******* нь бичлэг хийж бичлэгээ А.А-д өгсөн тухай хэлдэг ч энэ баримт нь хэрэгт байхгүй түүнийгээ гаргаж өгдөггүй. Би шударга зандаа хөтлөгдөж А.А-гаас 1.100.000 төгрөг авсан гэж үнэнээ хэлсэн. Өгсөн авсан баримт байхгүй байхад би аваагүй гэж хэлж болох л байсан. Тийм хүмүүжил байхгүй учраас үнэн зөвөөр хэргийг шийдүүлье гэж бодож асуудалд хандсан. Гэтэл шүүх үгсэн тохиролцсон хүмүүсийн мэдүүлгээр үнэлэлт өгч шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн сөрөг нэхэмжлэл гаргасаныг хэрэгсэхгүй болгосон. А.А- манай хүүхдийг огт танихгүй байж гэрт очин өр авлага нэхэж гэрийн эсгий, машины дугуй заруулж мөнгийг нь авч ууж идэн миний хөрөнгийг үрэн таран хийсэн. Машины дугуй миний хөрөнгө уг машин нь актлагдсан бичиг баримтгүй задлагдаад бүтэн машин гэж үзэхээргүй болсон учраас би бичиг баримтыг нь хэрэгт өгч чадаагүй. Миний хүү Б.Ганхөлөг нь тусдаа гараагүй бидний хөрөнгө дундын өмч байхад З.Э-ийн хөрөнгө гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Мөнгө төгрөг нэхэж эзгүйд манайд очиж дугуй аваад түрээд эсгий зараад явж байсаныг олон гэрчүүд хэлээд байхад нэхэмжлэгчийн талын гэрчийн мэдүүлгийг үнэлж миний асуулгасан гэрчүүдийн мэдүүлэгг үнэлэлт өгөөгүйд гомдолтой байна. Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлаг хангаагүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч А.А- хариуцагч З.Э-т холбогдуулж 1.500.000 төгрөг гаргуулахаар, хариуцагч З.Э- эсгий туурга болон машины дугуйны үнэ 300.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан бөгөөд анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Энэ шийдвэрийг хариуцагч З.Э- эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо: Би А.А-гаас 1.500.000 төгрөг аваагүй, 1.100.000 төгрөг зээлсэн бөгөөд 400.000 төгрөгийг ******* бид хоёр тус тусдаа авсан, сүүлд би Т.*******ээр 600.000 төгрөг А.А-д өгүүлсэн, 500.000 төгрөг өгөх үлдэгдэлтэй байхад А.А- намайг эзгүй хойгуур манайд ирж 2 хоноод эсгий туурга 2-ыг портер машины дугуйны хамт зарж мөнгөө авсан.
Одоо нэхэмжлэгчид ямар нэгэн төлбөргүй байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, болсон үйл явдал, бодит байдалд зөв дүгнэлт хийж чадаагүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Миний талын гэрчүүдийн мэдүүлэгт үнэлэлт өгөөгүйд гомдолтой байна гэжээ.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримт болон хэргийн үйл баримтад дараах дүгнэлтийг хийлээ.
Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр аман хэлцлээр 1.500.000 төгрөг өгч авалцсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Т.*******ийн мэдүүлэг / х/х-ийн 13,25 хуудас/-ээр нотлогдох бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч З.Э- Т.*******ээр дамжуулж 600.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж тайлбарладаг боловч, гэрч Т.*******ийн мэдүүлэг / х/х-ийн 25 хуудас/-ээр үгүйсгэгдэнэ.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл энэ үүргээ биелүүлээгүй байна.
Хэргийн 62, 63 дугаар талд авагдсан гэрч Б.Энхцэцэг, Б.Мөнхцэцэг нарын мэдүүлэг нь нэхэмжлэгч А.А-г хариуцагчийн өмчлөлийн эсгий туурга, машины дугуй зарж борлуулсан гэдгийг нотлоогүй бөгөөд хэргийн 84 дүгээр талд авагдсан хариуцагч З.Э-ийн төрсөн хүү Б.Ганхөлөгийн мэдүүлгээр эсгий туурга, машины дугуй нь хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс харвал эсгий туурга болон машины дугуйны үнэ 300.000 төгрөг нэхэмжилж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл байх бөгөөд шүүх зүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах байсан боловч сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан нь хуульд нийцээгүй байна.
Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль баримтлаагүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг шийдвэрлэх байсан байна.
Иймд хариуцагч З.Э-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч З.Э-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
Л.АМАРСАНАА