Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2025/0053

 

С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                  Г.Банзрагч

Шүүгчид:                                    М.Батсуурь

                                                       Х.Батсүрэн

                                                       Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                        П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0937 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2025/0110 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 171 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/505 дугаар тушаалыг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалаар нэхэмжлэгч “С” ХХК-д Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд “Бумбатын хяр” гэх газарт аялал жуулчлалын зориулалтаар 9 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгож, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан байх бөгөөд маргаан бүхий тушаалаар “газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

3.Нэхэмжлэгчээс: “... захиргааны байгууллагын үйл ажиллагаа удаашралтай байдлаас үүдэж барилгын ажил эхлүүлэх боломжгүй нөхцөл үүссэн, газар ашиглах гэрээ байгуулагдсанаас хойш барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг ажиллагаанууд хийгдэж байсан, санхүүгийн зардал гаргасан, шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй” гэж,

4.Хариуцагчаас: “ ... хээрийн үзлэг хийхэд тухайн газар хоосон байсан, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглах эрхийг цуцлах санал ирүүлсэн, цахим хуудсаар нийтэд мэдээлсэн, олон хуулийн этгээдүүдтэй хамтран ажилладаг учраас нэг бүрчлэн сонсох ажиллагаа хийх боломжгүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулаагүй” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа талуудын хооронд газар ашиглах гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн 2 жилээс дээш хугацаанд дараалан ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөл хангагдах учиртай.

5.2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “С” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 05/21 дугаар “Будда тур” аялал жуулчлалын цогцолбор барилгуудын загвар зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээг “Х” ХХК-тай байгуулж, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21/12 дугаар албан бичгээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт архитектур төлөвлөлтийн даалгавар олгох хүсэлт гаргаж, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр МЗХ2022/07-028 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тус батлуулсан, энэ хугацаанд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч захиргаатай тодорхой асуудлаар харилцаатай байсан нь тогтоогдсон.

5.3.Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр газар ашиглах эрх олгосон боловч 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар газар ашиглах эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байсан нь нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтээр тогтоогдсон, мөн гурвалсан гэрээг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хийсэн нь хариуцагч захиргаа дээрхи гэрчилгээг гаргаж өгөөгүй хугацаа алдсантай холбон тайлбарлаж, мөн энэ тухай хүсэлт гаргаж байсан, энэ тохиолдолд аль хугацаанаас тооцож 2 жил өнгөрсөн гэж үзсэн нь тодорхой тогтоогдохгүй.

5.4.Хариуцагч захиргаа шийдвэр гаргахын өмнө тухайн шийдвэр гаргахад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах ёстой атал энэ үүргээ биелүүлээгүй, тухайлбал нэхэмжлэгч байгууллага тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж буй бол ямар шалтгааны улмаас ийнхүү хугацаа алдсан болох, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг зайлшгүй дүгнэх ёстой байсан гэж шүүх дүгнэв.

5.5.Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд уг тушаалыг гаргахдаа эдгээр нөхцөл байдлыг тодруулаагүй, нэхэмжлэгч байгууллагын төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хэрхэн тооцож үзсэн нь ойлгомжгүй, зөвхөн Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг цуцлах саналд үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх үзлээ.

5.6.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газар гэх фэйсбүүк хаягаар нэхэмжлэгчид мэдэгдсэн нь хуулийн дээрхи заалтад нийцэхгүй, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас мэдэгдсэн гэх үйл баримт нь хариуцагчаас “мэдэгдэл хүргэсэн” гэж үзэх үндэслэл болохгүй.

6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6.1.Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох энэ зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал (а) газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, (б) ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, (в) ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.

6.2.“С” ХХК нь газар ашиглах эрх олгосон тухайн газарт энэ хэсгийн 4.2-т заасан үйл ажиллагаа явуулсан талаарх баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгчээс энэ байдлаар газар ашиглахад чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа гэж тайлбарлах хэдий ч ... хуулийн зохицуулалт, түүний агуулга, тайлбарласан хэм хэмжээтэй харьцуулан үзэхэд бусад хуулийн этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, архитектур төлөвлөлтийн даалгаврын хугацаа дууссан зэрэг нь “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх урьдчилсан нөхцөлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

6.3.Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ... хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу сонсох ажиллагааг хариуцагч захиргааны байгууллагын болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан ёсны цахим хуудсанд байршуулан хийснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай гэх мэдэгдлийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын цахим хуудас (фейсбүүк) хаягаар мэдэгдэж сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарлах ба 22 иргэн, аж ахуйн нэгжид хандан нэг мэдэгдэл гаргасан байдаг.

7.2.Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т зааснаар нэг захиргааны актаар 21 буюу түүнээс дээш тооны этгээдүүдийн асуудлыг шийдвэрлэх тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж болохоор зохицуулсан. Олон тооны этгээдэд мэдэгдэх ажиллагаа нь ижил хүсэлт зориг, нэг эрх, ашиг сонирхолтой, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд дундаасаа төлөөлөгчөө томилж оролцохоор ашиг сонирхлын хувьд нэгдсэн этгээдүүдийн хувьд ашиглагдах юм.

7.3.Харин маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/505 дугаар тушаал нь зөвхөн нэг этгээд буюу “С” ХХК-д хаяглагдсан юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам 22 аж ахуйн нэгжтэй хамтатган сонсох ажиллагааны мэдэгдлийг нийтэлсэн нь дээрх хуулийн 27.2-т нийцээгүй, сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр хүргүүлэх ёстой байсан.

7.4.Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн зохицуулалтыг хэм хэмжээний урьдчилсан нөхцөл буюу гипотез хэсгийг буруу ойлгож, зөрүүтэй хэрэглэсэн. Нэхэмжлэгчээс барилгын зураг болон архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн зэрэг арга хэмжээ авсан нь газраа зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулахын тулд байсан.

7.5.Мөн ковид-19 вирусийн цар тахал дэгдсэнээс шалтгаалан нэхэмжлэгч төлөвлөснийхөө дагуу газартаа ямар нэг хөрөнгө оруулалт оруулж үйл ажиллагаагаа явуулах, газраа зориулалтын дагуу ашиглах боломж хязгаарлагдсан. Нэхэмжлэгчийн газар ашиглах хугацаа нь тухайн цаг үетэй давхацсан.

7.6.Газар ашиглах эрхийн гэрчилгээ болон гурвалсан гэрээ нь газар ашиглах эрх олгосноос 1 жилийн дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр олгогдож байгуулагдсан. Нэхэмжлэгчээс энэ талаар маргаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэж буй нь шүүхийн үндсэн үүрэгт ч нийцэхгүй. Нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглахын тулд “Будда тур” аялал жуулчлалын цогцолбор барих төслийн хүрээнд 326,000,000 төгрөгийн санхүүгийн зардал гаргасан байгааг харгалзан үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

9.Тогтоогдсон үйл баримтын тухайд: Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулсан, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Будда тур” аялал жуулчлалын цогцолбор барилгуудын загвар зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээг “Х” ХХК-тай байгуулсан, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байна.

10.Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай асуудал нь нэхэмжлэгч газрыг ашиглахаар үйл ажиллагаа явуулсан эсэх, цар тахлын нөхцөл байдал газрыг ашиглахад нөлөөлсөн эсэх, хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдох эсэх, захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны алдаа гаргасан эсэх, сонсох ажиллагаа хийсэн эсэх болно.

11.Хууль хэрэглээний хувьд:

12.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

13.Учир нь нэхэмжлэгч “С” ХХК нь 2021 онд газар ашиглах гэрээ байгуулснаас хойш 2022 онд архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх тул хуулийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр “2 жил дараалан газар ашиглаагүй байх” урьдчилсан нөхцөл энэхүү маргааны тухайд үүсээгүй байна.

14.Давж заалдах шатны шүүхийн “тодорхой ажил үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй, хашаа барьж, бодитоор газраа ашиглаагүй” гэх дүгнэлт буруу бөгөөд “газрыг зориулалтын ашиглах” үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар газрыг ашиглах арга, хэлбэрийг эхний ээлжинд тодорхойлж, эрх бүхий байгууллагаас дулаан, цахилгаан, цэвэр усны холбогдох зөвшөөрөл авах, урьдчилан зураг төсөл боловсруулах, түүнийг захиргааны байгууллагаар зөвшөөрүүлэх зэрэг олон үе шаттай хийгдэх цогц ажиллагаа бөгөөд эдгээр ажиллагааг хийсэн, захиргааны байгууллагад хуулийн хугацаанд хандсан, өөрөөс хамаарах үйлдэл гүйцэтгэсэн байх нь газрыг ашигласан үйлдэлд тооцогдоно.

15.Түүнчлэн нэхэмжлэгчийн “цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй” тухай гомдол хууль зүйн үндэслэлтэй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалаар 9.0 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон, энэ цаг хугацаанд корона вируст халдварт цар тахлын улмаас бүх нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтож, онцгой нөхцөл байдал үүссэн нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан хамаарна.

16.Энэ талаар ижил төстэй хэргийн үйл баримттай маргаануудад хуулийг тайлбарлан хэрэглэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолуудад  тодорхой дүгнэсэн буюу Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэрэгт “... 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан үетэй давхацсан, энэ нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна” гэж дүгнэжээ.

17.Хариуцагчийн “байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлуулаагүй” гэх тайлбарыг хүлээн авах, улмаар нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хариуцагчаас зөвхөн “газрыг ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж, маргаан бүхий тушаалыг гаргасан, харин “байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлуулаагүй” гэж тушаалд заагаагүй, газрыг цуцлах үндэслэл болгоогүй тул маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлд хамаарахгүй асуудлаар шүүх дүгнэлт хийхгүй.  

18.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж, 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж заасан, энэ тохиолдолд хариуцагч сонсох ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу хэрхэн яаж ашигласан талаар тодруулаагүй, нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаагүй, зөвхөн “хээрийн газрын үзлэг хийхэд газар дээр хоосон байсан” гэж, бусад баримтыг цуглуулахгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

19.Давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг маргааны үйл баримтад холбогдуулж буруу тайлбарлан хэрэглэсэн, ижил төстэй хэрэг маргаанд Улсын дээд шүүхээс хуулийг тайлбарласан агуулгаас өөрөөр тайлбарлан хэрэглэжээ.

20.Тухайлбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэрэгт “...Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд “оролцогчийг сонсох” зорилго нь нэг талаар тухайн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн зүгээс өөрийн байр сууриа илэрхийлэх, баримт гаргах болон учир шалтгаанаа тайлбарлах зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг олгох, нөгөө талаас захиргааны байгууллагад “зорилгодоо нийцсэн”, “бодит нөхцөлд тохирсон”, хууль ёсны шийдвэр гаргахад туслах агуулгатай гэж үзэхээр байна”[1] гэж дүгнэж байсан, уг хэргийн үйл баримт энэхүү хэргийн үйл баримттай адилхан байна.      

21.Хариуцагчаас “... 21 буюу түүнээс дээш тооны этгээд байсан тул энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны журамд нийцсэн” гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хяналтын шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагаа явуулах” зохицуулалтын агуулга, зорилгыг тайлбарлах замаар түүнийг зөв хэрэгжүүлэх талаар дараах байдлаар хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоожээ.

22.“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт, “... захиргааны байгууллагаас гаргах гэж буй тухайн шийдвэрийн агуулгад хамаарах нөхцөл байдлыг зөв тогтоох зорилгын хүрээнд нэг цаг хугацаанд ижил үйл баримтаар нэгэн зэрэг холбогдсон бөгөөд үндэслэл нь ижил нэг шийдвэрийн үр дагаварт өртөж буй олон этгээдүүдийн тоо 21 хүрсэн тохиолдолд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэхдээ уг хуулийн 27.2.2-т заасан журмыг баримтална, энэ шалгуурыг хангаагүй, өөр өөр үйл баримттай, тус тусдаа үр дагавар үүсгэх, үндэслэл нь ялгаатай шийдвэрүүд гаргах тохиолдолд энэ журмыг хэрэглэхгүй” гэж дүгнэсэн байна.

23.Энэ тохиолдолд маргаан бүхий А/505 дугаар тушаал нь зөвхөн нэхэмжлэгч хуулийн этгээдэд чиглэж гарсан байхаас гадна бусад иргэн, хуулийн этгээдээс газрыг ашигласан байдал, үйл баримт нэхэмжлэгчийн газар ашиглаж байсан үйл баримтаас өөр буюу хуулийн “газрыг зориулалтын дагуу ашигласан” эсэх үйл баримт нь аж ахуйн нэгж болгонд өөр өөр тохиолдлоор үүсч, ялгаатай байх тул сонсох ажиллагааг тус тусад нь явуулах, холбогдох баримтыг гаргаж өгөх хугацаа олгож, уг баримтыг шинжлэн судалсны эцэст шийдвэр гаргах шаардлагатай.

24.Иймд давж заалдах шатны шүүхийн “... Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан ёсны цахим хуудсанд байршуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй” гэх дүгнэлт буруу, захиргааны байгууллага шийдвэрийн улмаас эрх нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдэд урьдчилан мэдэгдэх, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах үүрэгтэй.

25.Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2025/0110 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД                                                             М.БАТСУУРЬ

  Х.БАТСҮРЭН

   Ц.ЦОГТ

   П.СОЁЛ-ЭРДЭНЭ


[1] Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн танхим, 001/ХТ2025/23, “Хос гүн” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг