Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 149

 

  Ц.Э, Ч.З нарт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

өмгөөлөгч Ж.Чимэг, Ж.Жаргалсайхан

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дүгээр магадлалтай, Ц.Э, Ч.З нарт холбогдох 201510000301 дугаартай хэргийг шүүгдэгч Ц.Э, өмгөөлөгч Ж.Чимэг, Ж.Жаргалсайхан нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Ц-ийн Э нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Ч-ын З нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Э-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Ч.Загдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э-д 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Ч.З-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

 

Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э, өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, Ж.Жаргалсайхан нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ж.Чимэг, Ж.Жаргалсайхан, прокурор Ц.Бурмаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.З-ын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Ч.З нь тухайн хэрэг учрал болох үед Ц.Э-ийн өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх битгий хэл өөрийгөө хамгаалах чадваргүй түүний шууд халдлаганд өртөж байсан болох нь насанд  хүрээгүй  гэрч Б, гэрч С нарын мэдүүлгээр нотлогддог. Ц.Э нь хэрэг учрал болдог орой нүүрэндээ ямар нэгэн ил харагдах шарх сорвигүй байсан болох нь гэрч А-ийн мэдүүлгээр нотлогддог. Ц.Э-ийн биед хөнгөн гэмтэл учирсан гэх эмнэлгийн тодорхойлолт 5 хоногийн дараа хийгдсэн болох нь гэрч Б-ийн мэдүүлгээр нотлогддог. Эдгээр баримтуудаас үзэхэд Ч.З-ын үйлдэл хохирогч Ц.Э-ийн биед учирсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогддоггүй бөгөөд уг нотолгооны гол хэрэгсэл болох шинжээчийн дүгнэлт нь хэрэг учрал болсноос хойш 5 хоногийн дараа хийгдсэн эмнэлгийн тодорхойлолтод үндэслэгдсэн байдаг. Иймд Ч.З-д холбогдох хэрэгт зохих ажиллагааг хийсэн боловч энэ нь эргэлзээгүйгээр нотлогдоогүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Ч.З-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэх үед хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Э хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Ч.З-аас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй учраас Ч.З-д холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний зардлыг төлж барагдуулсан бөгөөд цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлж барагдуулна. Иймд надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар багасгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Э-ийн өмгөөлөгч Ж.Чимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг анхан шатны шүүх ноцтойгоор зөрчсөн. Учир нь хэргийн оролцогч нар нь хоёулаа уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон байхад шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зөвхөн хохирогчоор тогтоогдсон талаараа ярих зүйл байгаа эсэхийг асуугаад шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 263 дугаар зүйлд шүүгдэгчийн мэдүүлгийг сонсох, 265 дугаар зүйлд хохирогчийн мэдүүлгийг сонсох ингэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 266 дугаар зүйлийн 266.2 дэх хэсэгт заасан журмын дагуу хохирогчийн эрх үүрэг, хүлээлгэх хариуцлагын тухай сануулж шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулах процессын ажиллагаа хийх хуулийн шаардлагыг хангаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар шүүх хуралдааныг явуулж болохгүй гэсэн хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүйгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчоор шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг тусгаагүй. Давж заалдах шатны шүүх Ц.Э-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж болох байсан. Иймд Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551 дэх хэсэгт зааснаар Ц.Э-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Ц.Э, Ч.З нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Ч.З-д холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Э нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ч.Загдыг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.З нь  2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтуугаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.Э-ийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй гэрч Э.Б, гэрч Ц.С, А.Э нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Э, Ч.З нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг хангалттай шалгаж тогтоосон байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Ц.Э, Ч.З нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон хуульд заасан ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх Ц.Э, Ч.З нарт хуульд заасан хохирогчийн эрх, үүргийг эдлүүлээгүй, хууль бусаар хязгаарласан гэх өмгөөлөгчийн гомдолтой холбогдуулан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг судлан үзэхэд шүүх хуралдаан даргалагч дээрх шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд хохирогчоор оролцож буй болохыг мэдэгдэж хохирогчийн хувьд мэдүүлэх зүйл бий эсэхийг лавласан, Ч.З эрүүл мэндийн байдал болон гэм хорын нэхэмжлэлийн талаар мэдүүлэг өгсөн нь тэмдэглэгдсэн байх бөгөөд Ц.Э-ийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт зааснаар оролцогчийн эрхийг хязгаарлах замаар байцаан шийтгэх ажиллагааны журмыг зөрчин хэргийг хэлэлцсэн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байхыг ноцтой зөрчилд тооцохоор байгаа бөгөөд Ц.Э, Ч.З нарын хувьд энэ нөхцөл байдал бий болоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах асуудал нь хэргийг хэлэлцэж буй шүүхийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж ялыг хасаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцогдохгүй тул шүүгдэгч Ц.Э түүний өмгөөлөгч Ж.Чимэг нарын “...Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэсэн гомдлыг хяналтын шатны шүүх хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.З-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байх тул өмгөөлөгч Ж.Жаргалсайханы “Ч.З-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хариуцлагаа чөлөөлж өгнө үү...” гэсэн гомдлыг хүлээн авч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “...Шүүгдэгч Ч.З-д холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ж.Чимэг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                          Ч.ХОСБАЯР