Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 705

 

 

   2019        07          24                                  2019/ШЦТ/705

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

          Улсын яллагч П.Бямбасүрэн,

          Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн   хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, даралтад зуухны машинист мэргэжилтэй, “Хот-Айл” ХХК-д харуулаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  , ял шийтгэлгүй гэх, О.Б,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 16 дугаар гудамжинд хохирогч Д.Алтансүхийг бусадтай маргалдлаа гэх шалтгааны улмаас хутгаар зүүн шанаа, зүүн гарын дотор булчин хэсгийг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ. 

          Шүүх шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 16 дугаар гудамжинд хохирогч Д.Алтансүхийн зүүн шанаа, зүүн гарын дотор булчин хэсгийг нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

     Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, 

        Хохирогч Д.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ахынхаас гараад явж байтал нэг шар машин гарч ирээд Дашка /Даваажаргал/ нэг залуутай буугаад ирсэн. Даваажаргалд өртэй байсан, тэр талаар жаахан маргалдаж муудалцахад Даваажаргалтай хамт явсан нэрийг нь мэдэхгүй нэг залуу гэнэт хутга барьчихсан над руу ухасхийгээд зүүн шанаа руу хутгалсан. Тэгэхээр нь зууралдаад авсан чинь дахиад зүүн гарын булчингийн дотор хэсэгт хутгалсан. Би зугтаагаад явсан. Зүүн гар лугшиж өвдөөд байна. Зүүн гартаа хоёр оёдол тавиулсан. Миний биед учирсан гэмтлийг О.Б гэх залуу надад учруулсан, ямар хутга байсныг мэдэхгүй, хараагүй. Тэр хүнд гомдол, санал байхгүй, эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээгүй, эвлэрсэн, хохирлын талаар маргаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 26-27 дугаар хуудас/,

            Гэрч Я.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би О.Б-ийн эхнэр нь байгаа юм, дундаасаа 2 охинтой одоо тавуулаа амьдардаг, согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, ар гэрээ авч явдаг сайн эцэг, уур уцаар байхгүй тайван хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

          Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн "...Д.Алтансүхийн биед зүүн бугалгад сорви гэмтэл тогтоогдлоо, гэмтэл иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 7391 дугаартай дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

          Яллагдагч О.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тухайн үед миний биед хутга байсан болохоор уг гэмтлийг би учруулсан, ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна, өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

         

          О.Б-ийн биед авч явсан гэх бор өнгийн иштэй нийт урт нь 16.5 см, ажлын хэсгийн урт нь 6.5 см, ажлын хэсгийн өргөн нь 1 см, нимгэн нь 0.2 см, бариулын урт 10 см, өргөн нь 1.2 см, нэг ширхэг жижиг эвхэгддэг хутгыг хураан авсан тухай тэмдэглэл, хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 

                Хохирогч Д.Алтансүхийн хохирлын талаар маргаан байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

               Шүүгдэгч О.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, “Хот Айл” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, О.Б-ийн дансны хуулга /хх-ийн 48 дугаар хуудас/, О.Б-ийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 63 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

         

          Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг О.Б-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар  бор өнгийн иштэй нийт урт нь 16.5 см, ажлын хэсгийн урт нь 6.5 см, ажлын хэсгийн өргөн нь 1 см, нимгэн нь 0.2 см, бариулын урт 10 см, өргөн нь 1.2 см, нэг ширхэг жижиг эвхэгддэг хутга хураагдсан болохыг тус тус дурдлаа.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн

хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар О.Б-ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Б-ийг шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн иштэй нийт урт нь 16.5 см, ажлын хэсгийн урт нь 6.5 см, ажлын хэсгийн өргөн нь 1 см, нимгэн нь 0.2 см, бариулын урт 10 см, өргөн нь 1.2 см, нэг ширхэг жижиг эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ