Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2025/00044

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  05 дугаар сарын 22-ны өдрийн 307/ШШ2025/00846 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хорын хохиролд 7,339,602 төгрөг гаргуулах" тухай,

тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй,  хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн  байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас гэм хор учруулсны төлбөрт 7,339,602 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс хүүхдийн эмчилгээтэй холбоотой гарсан зардал болох 369,491 төгрөг, шатахууны зардал 614,000 төгрөг, авто зогсоолын зардал 43,000 төгрөг, нийт 1,026,491 төгрөгийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч, 6,313,111 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж маргажээ. / х.х-1-7, 69-70, 138-140/

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

Өсвөр насны ******* нь 2024 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан-50 цогцолбор дээр насанд хүрээгүй хохирогч *******ийн эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 941 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна. /х.х-40-41/

Гэвч өсвөр насны яллагдагч *******ий үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх насны хязгаар 16 нас байхаар хуульд заасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар өсвөр насны яллагдагч ******* нь 16 насанд хүрээгүй байсан учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /х.х-11-15/

5. Өсвөр насны яллагдагч *******д холбогдох хэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсны дагуу тэрээр өөрийн үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Түүнчлэн ******* нь хэрэг учрал болох үед иргэний эрх зүйн зарим чадамжтай байсан байх тул Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-т “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана” гэж хуульчилсны дагуу түүний хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын хохирлыг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэж байх ба талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож, тэдний шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлсон байна.

6. Хэрэгт авагдсан баримтаар насанд хүрээгүй иргэн *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогдсон, Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын   хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох  журам”-ын 3.2.1, 3.1.2-т заасны дагуу гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15-30%-аар тогтонги алдагдуулсан байна.

Насанд хүрээгүй иргэн *******ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь  түүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсны улмаас хууль ёсны төлөөлөгч нар нь хүүхдээ асрахын тулд цалингүй чөлөө авах шалтгаан нөхцөл бий болсон байх тулд энэ хугацаанд дутуу авсан цалин хөлсийг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй.

7. Насанд хүрээгүй иргэн *******ийн биед хүндэвтэр гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас түүний сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрсэн, уг шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна гэж шинжээчийн дүгнэлт гарсан байна. /х.х-16-17/

Насанд хүрээгүй иргэн *******ийн сэтгэцэд учирсан гэмтэл нь *******э нь тамирчны амжилтад сөргөөр нөлөөлөх үр дагаврыг үүсгэх боломжтой ба нөгөөтээгүүр гэм хор учруулсан иргэн ******* нь насанд хүрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс 3 хувиар / 660,000*150=99,000,000*3% / тооцож, 2,970,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлын үлдэх шаардлага болох 323,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

8. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 22-ны өдрийн 307/ШШ2025/00846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,878 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                      Г.ДАВААРЕНЧИН                                     

                                                                                                             Я.ТУУЛ