Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 5294

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Олимпийн гудамж-8,  өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 5428181, Киа Моторс Монгол ХХКомпанийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 1 дүгээр байрны 14 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн  дугаар ЧЗ 82071615, Гялаан овогт Нямтайваны Оргилд холбогдох

 

Худалдах, худалдан авах  гэрээний үүрэгт 87 808 430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Түвшинбаатар, хариуцагчийн төлөөлөгч Ц.Баясгалан, түүний өмгөөлөгч В.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Киа моторс ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани  Н.Оргилтой 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр К-36 дугаартай “Худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулсан.Уг гэрээгээр манай компани Н.Оргилд К1А ОРТ1МА маркийн нэг ширхэг автомашин хүлээлгэн өгөх, Н.Оргил нь автомашины үндсэн үнэ болох 49 000 000 төгрөгийг сар бүр 1,5 хувийн хүүтэйгээр гэрээгээр тохиролцсон графикийн дагуу төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн.Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж автомашиныг 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр акт үйлдэн хүлээлгэн өгсөн.Хариуцагч гэрээ байгуулагдсанаас хойш 2014 оны 10 дугаар сарын 08, 11 дүгээр сарын 08-ны өдрийн хүүгийн төлбөрт 1 469 025  төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүүгийн төлбөрт 1 468 021  төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр алдангийн талбөрт 2 531 979  төгрөгийг тус тус төлсөн ба үүнээс хойш өнөөдрийг хүртэл ямарч төлбөр хийгдээгүй байна. Манай компанийн Гүйцэтгэх захирал Б.Баясгалан, Худалдааны төлөөлөгч  Угтахбаяр нар Н.Оргилтой 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болон 2016 оны 03 р сарын 23-ны өдөр уулзаж түүний хүсэлтийн дагуу төлбөр төлөх графикт өөрчлөлт орсон.Уг өөрчлөлт бүхий төлбөрийн хоёр графикыг нэхэмжлэлд хавсаргасан болно.Бидний зүгээс Н.Оргилыг төлбөрөө төлөхийг шаардан албан бичгээр болон амаар дараа мэдэгдсэн боловч төлбөрийг хэдий хугацаанд хэрхэн төлөх тухай тохиролцсон графикийн дагуу төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрээд байна.Ингээд гэрээний дагуу төлөх ёстой үндсэн төлбөр 48 934 025  төгрөг, хүүгийн төлбөр 2015 оны 2 дугаар 8-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 9 393 802  төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 4 дэх заасны дагуу 2015 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар алданги нь 29 269 476  төгрөг болоод байна. Иймд 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан К-36 тоот гэрээний үндсэн төлбөр болох 48 934 025 төгрөг, хүүгийн төлбөр 9 393 802 төгрөг, алдангийн төлбөр 29 269 476 төгрөг  нийт 87 808 430  төгрөгийг Н.Оргилоос гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Түвшинбаатар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагчтай эвлэрлийн талаар ярилцаад тохирсон байгаа.Манай байгууллага хариуцагчаас 87 808 430 төгрөгийг нэхэмжилсэнээс 38 808 430 төгрөгөөс татгалзаж, үлдэх 49 000 000 төгрөгийг хариуцагч Н.Оргил 2016 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 17 сая төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 1-ний дотор        32 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Баясгалан шүүх хурадаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч байгууллагад 49 000 000 төгрөгийг дээрх нөхцлөөр төлөхөөр эвлэрч байна. Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Киа Моторс Монгол ХХКомпани хариуцагч Н.Оргилд холбогдуулан худалдах худалдан авах  гэрээний үүрэгт 87 808 430 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Киа Моторс Монгол ХХКомпани нэхэмжлэлийнхээ шаардлагын 38 808 430 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Оргил 49 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байх бөгөөд  хариуцагч Н.Оргил  17 000 000 төгрөгийг  2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 32 000 000 төгрөгийг  2017 оны 3 дугаар сарын 1-ний дотор  төлж барагдуулахаар тохиролцсон байх тул тэдний эвлэрэлийг батлах нь зүйтэй  байна.

 

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 402 950 төгрөгөөс  201 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн шарадлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 402 950 төгрөгийн 50 хувийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Киа Моторс Монгол ХХКомпани нэхэмжлэлийнхээ шаардлагын 38 808 430 /гучин найман сая найман зуун найман мянга дөрвөн зуун гучин/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Оргил нь 49 000 000 /дөчин есөн сая/ төгрөг төлөхийг зөвшөөрч  17 000 000 төгрөгийг  2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 32 000 000 төгрөгийг  2017 оны 3 дугаар сарын 1-ний дотор  төлж барагдуулахаар  эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 201 475 /хоёр зуун нэг мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН