| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/1036/Э |
| Дугаар | 428 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 428
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч М.Сансарсайхан,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Тамир,
Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Э.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1834 0025 71217 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин захад хүнсний лангуу ажиллуулдаг ам бүл 4 эхнэр, хоёр хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын 53-9-65 тоотод оршин суух, урьд Сонгинохайрхайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овогт Э.Х регитсрийн дугаар: /ЧВ............./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 63-08 тоотод иргэн Б.Г-ыг дүү Т-гийг зодлоо гэх шалтгааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн 5 хороо Баянголын 63-08 тоотод иргэн Б.Г-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар :
Шүүгдэгч Э.Х 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 63-08 тоотод иргэн Б.Г-г дүү Т-гийг зодлоо гэх шалтгааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Б.Г:..2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5-хороо баянголын 63-08 тоот эхнэрийн хашаа байшинд эхнэр бид хоёрыг маргалдсны дараа хүүхэд хадам ах Х-д хэлсэн байсан...тэгээд Х ирээд намайг боож унаган, гараараа хацар руу хоёр удаа цохисон. Мөн Х гэрийн үүдэнд хүзүү уургалж боож унагаагаад уруул руу цохиж, мөргөж, зодсон...гэх мэдүүлэг /х-69, 98/,
- гэрч Э.Т:..2018 оны 04 сарын 15-ны өдөр нөхөр бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдсан. Манай хүү айсандаа Х ахын эхнэр рүү хэлэхэд цагдаа дуудсан байсан...Ганболд бид 2 цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү явах гээд байж байтал Хишигсүрэн ах гаднаас орж ирээд Г-той маргалдан заамдалцсан. Г-г боож унагаагаад Х ах Г дээр нь гарсан байхаар нь салгасан чинь нөхөр Г-ын уруул язарсан байсан...гэх мэдүүлэг /х-10, х-71, 207/
- насанд хүрээгүй гэрч М.Б:..2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр аав ээж хоёр маргалдаад байхаар нь Х ахыг утсаар дуудахад эхнэр нь цагдаа дуудсан байсан. Тэгээд ээж, аав хоёр тайвшраад эвлэрээд байж байхад цагдаа нар орж ирээд хэлтэс дээр очиж асуудлыг шийднэ гээд бид нар гарсан чинь Х ах хашааны үүдэнд таараад аавыг боож унагаагаад, уруулд нь гараараа цохисон, энэ үед ээж салгаад би гэртээ үлдээд тэр хэд цагдаа руу явсан...гэх мэдүүлэг /х-73-74/,
- шинжээчийн...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 236 дугаар дүгнэлт: Б.Г биед баруун нүдний ухархайн ханын хугарал, тархи доргилт, доод уруулын дотор салстад сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /х-25/,
- шинжээч Э.Э:..2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр цохиулснаас болж шинэ хугарал үүссэн байна. Ийм учраас компьютерийн томографикийн зурган дээр шинэ хуучин хавсарсан хугарал гэж бичсэн байна. Ганболдын баруун нүдний ухархайн ханын шинэ хугарал, тархи доргилт, доод уруулын сорив гэмтэл нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үзүүлэхэд шинэ гэмтэлд хамаарна. Учир нь шүүх эмнэлэгийн журманд 14 хоногийн дотор үүссэн бол шинэ гэмтэл гэж үзнэ, мөн ясны хугарал, эдийн дутагдал бүхий шарх гэмтлүүд нь эдгэрэлтийн хугацаанаас хамаарч шинэ хуучин эсэхийг тогтооно... гэх мэдүүлэг /х-38, 204-205/,
- шүүгдэгчийн:..2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний утас холбогдохгүй байсан тул эхнэр над руу Т зодоод байна гэхлээр нь дүүгээ өмөөрч Г муудалцаад миний өөдөөс мангасдаж, дайраад байхаар нь барилцаж аваад газар унаад дээр доороо орж ноцолдсон. Т салгаад бид нар цагдаа дээр ирсэн...гэх мэдүүлэг /х-83, 141, 146/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Э.Хишигсүрэн 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн 5 хороо Баянголын 63-08 тоотод иргэн Б.Ганболдыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь :
-хохирогч Г:..2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр би хашаандаа байж байтал Хишигсүрэн гаднаас хоёр найзын хамт согтуу орж ирээд “ чи ер нь яах гээд байгаа гөлөг вэ“ гээд миний хагалгаа хийсэн баруун нүдэнд гараараа хоёр удаа цохиод, цамцаар хоолой боож ухаан алдуулж байгаад толгой, цээж рүү өшиглөж, зодсон мөн миний машины ар хэсэгт хөлөөрөө өшиглөж, шил арчигчийг хугалж, танхайрсан. Тэгээд цагдаа дуудсан чинь зугтаад явчихсан гэх мэдүүлэг /х-96-98/,
- гэрч Д.Б:..2018 оны 05 дугаар сард...11 цагийн үед байх найз Х хамт аавынх нь гэрээс юм авахаар очсон. Би хашаанд хүлээж байхад Хишигсүрэн ороод удаагүй хашаан дотор нь хүмүүс маргалдаад байхаар нь орсон чинь түүний дүү Т найз залуутай нь Х н маргалдаж бие биенийгээ заамдаад зогсож байсан. Цаанаас нь дүү Т ирээд бид хоёр салгасан. Хохирогчийн биед ямар гэмтэл учирсан эсэхийг хараагүй гэх мэдүүлэг /х-143/,
- гэрч Э.Т:..2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Х хоёр найзтайгаа найзынхаа машинтай, архи үнэртүүлсэн ирэхээр нь Г машинаас буугаад уулзсан чинь заамдаж боогоод харилцан заамдалцаад Г нүүрэнд цохисон. Тэнд байсан хоёр найз нь бид нартай салгасан...гэх мэдүүлэг /х-105, 208/,
- шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын өдрийн 6204 дугаартай“...Б.Г-н биед баруун нүдний алимны доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогттогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /х-107/,
- шүүгдэгч Э.Х:..2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр найз Б-гийн хамт грашнаас юм авах гэж очиход Г-д хашаанд машинаа угаагаад зогсож байхаар нь ямар нүүрээрээ энд байгаад байгаа юм бэ гэсэн чинь явах болоогүй байна гөлөг минь гэсэн...намайг түлхэж хоорондоо барилцаж заамдалцаж авсан. Энэ үед Т, Б нар салгасан. Г-н биед учирсан хүзүүний зулгаралт заамдалцахад учирсан байх, урьд нь нүдний хагалгаанд орсон байсан учраас ноцолдох явцад доригсон байх. Түүнээс биш зодолдож бие биенээ цохисон зүйл болоогүй...гэх мэдүүлэг/ х-141, 146, 200-201/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул шүүгдэгчид холбогдох тухайн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Шүүгдэгчийн хувьд хохирогчийн эрүүл мэндэд 2 удаа тухай бүр гэм буруугийн санаатай хэлбэр, идэвхтэй үйлдлээр хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ба 2015 оны Эрүүгийн хуульд нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдснийг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр хуульчлаагүй, мөн нэг төрлийн гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд буюу "тусгай давтан гэмт хэрэг нэг бүрт тус бүр ял оногдуулах” үндэслэл зохицуулалт хуульчлагдаагүй тул хохирогчийн эрүүл мэндэд 2 удаа хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн 2 удаагийн гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зөв болно.
Шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэр, идэвхтэй үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 2018.04.15-ны өдөр үйлдсэн, мөн дахин 2018.05.12-ны өдөр тухайн гэмт хэргийг давтан үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хамгийн сүүлд гэмт хэрэг үйлдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Э.Х-г хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 1.427.960 төгрөг нэхэмжилсэн /х-170-172, 219-220/ байх ба хохирогчийн өмгөөлөгчийн тооцсоноор 1.427.960 төгрөг төлөгдөөгүй, уг хохирлыг шүүгдэгч төлөхөө хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Учир нь: тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл буюу шүүгдэгчийн дүүд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн бодит үйлдэл нөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдээгүй байх тул энэ нь шүүгдэгчийг хууль зөрчсөн зан үйлд өдөөн түлхсэн буюу тухайн нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамааруулах үндэслэлтэй.
Мөн шүүгдэгч нь 2000 онд ял шийтгүүлсэн гэх боловч ялтай байдал нь хэдийн дуусгавар болсон, 2015 оны Эрүүгийн хуулиар өмнөх Эрүүгийн хууль дахь ялтай байдлын зохицуулалтыг хассан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т: эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүгдэгч нь ам бүл 4, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Э. Х-г хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Х-г 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Х-д оногдуулсан 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Х нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Х-гээс 1.427.960 /нэг сая дөрвөн зуун хорин долоон мянга есөн зуун жаран/ төгрөгийг хохирогч Б.Г-д олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР