| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 135/2024/00804/и |
| Дугаар | 209/МА2025/00042 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 209/МА2025/00042
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 307/ШШ2025/00607 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “114,444,694 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...”*******” ХХК нь “*******” ХХК-аас барилгын арматурын төмөр худалдан авах зорилгоор арматурын үнэ болон түүнийг тээвэрлэх зардлыг “*******” ХХК-ийн дансанд шилжүүлсэн.
Гэвч “******* ХХК нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд арматурын төмрийг “*******” ХХК-д хүлээлгэн өгөөгүй тул талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг актаар “*******” ХХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч , “*******” ХХК-ийг төлөөлөн ахлах нягтлан бодогч нар оролцсон. Тус тооцооны үлдэгдлийн баталгаа №2011/03/16-01 тоот хуудсаар “*******” ХХК нь “*******” ХХК-д 114,444,694 төгрөгийн өртэй гарсан болно.
“*******” ХХК-ийн өр төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан албан бичгийг хүргүүлж байсан хэдий ч хариу өгөхгүй өдийг хүрсэн.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан авах эрхтэй гэж, 492.1.1-т Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шаардах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл харилцан тохиролцсон арматурын төмрөө хүлээлгэн өгөх үүргээ “*******” ХХК нь биелүүлээгүй, “*******” ХХК-ийн арматурын төмөр худалдан авахаар шилжүүлсэн мөнгийг буцаан өгөөгүй өнөөдрийг хүрсэн ба тус компани нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ. / х.х 1-2 /
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын татгалзал, хариу тайлбарын агуулга:
...Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөх боломжгүй байна. Үүнд,
а. Нэхэмжлэлд “*******” ХХК нь “*******” ХХК-аас барилгын арматур төмөр худалдан авах зорилгоор арматурын үнэ болон түүнийг тээвэрлэх зардлыг “*******” ХХК-ийн дансанд шилжүүлсэн гэж дурдсан боловч нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтад төлбөр төлсөн баримт байхгүй байна.
б. Талуудын байгуулсан гэх тооцооны үлдэгдлийн баталгаанд төлөгч байгууллагын тэмдэг дарагдаагүй. Мөн өглөг авлагын товч тайланд тамган тэмдэг дарагдаагүй нь дээрх баримтууд хууль зүйн хүчин төгөлдөр нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс дээрх баримтыг үндэслэж нэхэмжилсэн төлбөрийг төлөх хуулийн үүрэггүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / х.х 32 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 114,444,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,239 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
а. Бусдад төлөх төлбөрийн үүргээ өөрийн санхүүгийн хэрэгсэлд хэрхэн бүртгэх нь тухайн байгууллагын эрх биш.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт /5 дахь хэсгийн сүүлийн догол мөр/ "Тодруулбал, хариуцагч "*******" ХХК нь бусдад төлөх төлбөрийн үүргээ өөрийн санхүүгийн баримтад хэрхэн бүртгэх нь тухайн байгууллагын асуудал байх бөгөөд энэхүү санхүүгийн бүртгэлд өөрчлөлт орсон нь дээрх хуульд заасан "...үүрэг үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон... ” гэх үндэслэл болон үр дагавар бий болгохгүй болно ” гэжээ.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-т Бусдын эд хөрөнгийг...шударга бусаар олж авсан этгээд ийнхүү олж авсан үеэс....буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан.
“*******” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу хуримтлагдсан ашгаа өсгөж, бусдад өгөх өглөгөө хууль бусаар өөрийн хөрөнгө болгосон нь бусдын хөрөнгийг шударга бусаар олж авсан үйлдэл юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зорилт бол “хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах” байсан.
Гэтэл бусдад өгөх өглөгөө хуулийг өөрт давуу байдлаар ашиглан 2015 онд 12 дугаар сарын 13-нд хуримтлагдсан ашгаа өсгөж тус мөнгийг өөрийн орлого болгож байгаа нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч байгаа үйлдэл.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь бусдад өгөх өглөгт огт хамааралгүй атал илтэд хууль бусаар ашиглаж байгаа үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүх тус үйлдэл дээр дүгнэлт өгөхгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэс бүхий байх зарчимд нийцэхгүй байх бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй гол үндэслэл болсон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
б. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тухайд.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 -т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна" гэж мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” тоолохоор зохицуулсан.
“*******" ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “*******” ХХК-д өгөх өглөө өөрийн орлого болгон авсан мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг үндэслэн байгуулсан ажлын хэсэгт нэхэмжлэгч талаас төлөөлөгч байхгүй, мөн тус хуулийн дагуу өглөгөө хаасан талаар ч мэдэгдээгүй тул мэдэх ямар ч боломж байгаагүй. Харин 2023 онд өгөх өглөгөө хаасан гэдгийг мэдсэнээр “Эксконстракшин'’ ХХК-ийн шаардах эрх үүссэн тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т "Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолно.
Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл яригдаж байгаа бөгөөд 2015 оны 11 дугаар сарын 13-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үндэслэн бусдад өгөх өглөгөө хааж хуримтлагдсан ашгаа өсгөж, орлогоо нэмэгдүүлж буюу бусдын хөрөнгийг хууль бусаар авч байгаа нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэл юм. Анхан шатны шүүхээс хуулийг зөв хэрэглээгүй. Хөөн хэлэлцэх хугацааг 3 жил биш 10 жил байх ёстой. Иймд 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 307/ШШ2025/00607 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. /х.х 196 /
5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
8. Нэхэмжлэгч “*******” ХХК нь “*******” ХХК-д холбогдуулан 114,444,694 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Хэргээс судалбал:
9. Нэхэмжлэгч “*******” ХХК нь “*******” ХХК-аас арматур төмөр худалдан авах зорилгоор 2007 оны 10 дугаар сард 100,000,000 төгрөг, 2007 оны 11 дүгээр сард 130,000,000 төгрөг нийт 230,000,000 төгрөгийг “*******” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны тоот данс руу шилжүүлсэн боловч “*******” ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу нэхэмжлэгч талд 114,444,694 төгрөгийн арматурын төмөр нийлүүлээгүй, өглөгтэй болох нь хэрэгт авагдсан 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, Голомт банкны орлогын мэдүүлгийн баримтууд, “*******” ХХК-ийн дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
10. Талуудын хооронд арматур төмөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч “*******” ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 114,444,694 төгрөгийн өглөгтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг ба талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.
11. Харин хариуцагч тал нь хоёр байгууллага тооцоо нийлж, 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа хийгдсэн бөгөөд тухайн үеэс “*******” ХХК-ийн эрх зөрчигдсөн байхад зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бол,
нэхэмжлэгч тал “*******” ХХК нь дээрх өр төлбөрийг төлнө гэж байсан боловч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манайд өгөх өглөгөө данснаасаа хассан, энэ тухай бидэнд мэдэгдээгүй байсан ба бид энэ талаар 2023 оны 12 дугаар сард мэдсэн, энэ үеэс бидний эрх зөрчигдсөн тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.
12. Хэргийн 150, 167 дугаар талд авагдсан өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, тооцоо хаах баримтаар “*******” ХХК нь “*******” ХХК-ийг “авлагагүй” гэж бүртгэн 114,444,679 төгрөгийг данснаасаа хасч тооцсон байх ба энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн, дээрх хуулийн дагуу бусдад төлөх төлбөрөө данснаасаа хасч тооцсон гэдэгтээ маргаагүй байна.
13. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлд “хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан.
Дээрх хуулийн гол зорилго нь хувь хүн хуулийн этгээд нуун дарагдуулсан хөрөнгө болон орлогоо ил болгох, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд тусгах эдгээр үйл ажиллагааг сайн дураараа хийсэн тохиолдолд хариуцлага, албан татвараас чөлөөлөх зорилго бүхий агуулгыг илэрхийлж байна.
Гэтэл хариуцагч байгууллага нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг агуулгаас өөрөөр тайлбарлан хэрэглэж, бусдад өгөх өглөгийг данснаасаа хасч тооцон, өөрийн ашгаа өсгөж, орлогоо нэмэгдүүлж, бусдын хөрөнгийг хууль бусаар авч байгаа нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
14. Мөн “” ХХК нь арматур худалдан авахаар шилжүүлсэн төлбөрөө буцаан шаардаж байгаа нь хэлцлээсээ татгалзсаны буюу талуудын хоорондох үүргийн харилцаа дуусгавар болсны илэрхийлэл гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн боловч “*******” ХХК нь 2 талын гэрээний харилцааг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор /арматур нийлүүлэх үүрэг/ биелүүлээгүйгээс “” ХХК нь өөрийн биелүүлсэн үүргээ буцаан шаардаж байгааг хэлцлээсээ татгалзаж, үүргийн харилцаа дуусгавар болсон, улмаар “*******” ХХК нь дээрх хуулийн агуулгыг өөрөөр тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзнэ.
15. Хариуцагч тал нь хоёр байгууллага тооцоо нийлж, 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа хийгдсэн бөгөөд тухайн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдох бөгөөд шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.
16. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т ” Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.” гэж, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.” гэж тус тус заасан.
“*******” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “*******” ХХК-ийг “авлагагүй” гэж 114,444697 төгрөгийг данснаасаа хасч тооцсон байх ба энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдээгүй гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн, “*******” ХХК нь энэ талаар 2023 оны 12 дугаар сард мэдсэн гэж тайлбарлаж байгааг хариуцагч үгүйсгээгүй байна.
17. Дээрх байдлаас дүгнэж үзвэл нэхэмжлэгч “*******” ХХК-ийн шаардах эрхийг эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс буюу 2023 оны 12 дугаар сараас тоолж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэхээр байна.
18. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, “*******” ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 114,444,679 төгрөгийг гаргуулж, “*******” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 307/ШШ2025/00607 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад
“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас 114,444,694 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай” гэж,
2 дахь заалтыг
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,239 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 730,239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 730,239 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Г.МЯГМАРСҮРЭН