| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0579/Э |
| Дугаар | 611 |
| Огноо | 2019-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 611
2019 08 02 2019/ШЦТ/611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадарчийн Довчинсүрэнд холбогдох эрүүгийн 1911007520486 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, ах, эгч, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-11 гудамжны 21 тоотод түр оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 496 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Б.Д./РД:...............,
Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-13-207 тоотод эгч Б.Дугарсүрэнгийн гарыг модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гардаг өдөр би сийлбэр хийдэг найзтайгаа уулзаж архи уусан. Тэгээд гэртээ багажаа авах гээд ирэхэд эгч уур хүргээд байхаар нь би морин хуурны толгойгоор гар руу нь цохисон. Цагдаа дуудсаныг нь мэдээгүй. Тэгээд цагдаа орж ирээд намайг аваад явсан гэв”.
шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өөрийн төрсөн эгч Дугарсүрэнтэй архи уусан учраас маргалдсан ба эгч цагдаа дуудсан байсан учраас гомдоод морин хуурын толгойгоор гар луу нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,
Хохирогч Б.Дугарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...цагдаа орж ирээд уулзахаар нь би тэр цагдаад хандаж “энгэрт нь баахан хутга байгаа шүү, наадах чинь хүний аминд хүрнэ шүү” гээд хэлчихсэн чинь л намайг чи муу цагдаад барьж өглөө гээд ухас гээд надруу дайраад морин хуурын толгой хийх гээд бэлдсэн байсан прус шиг нарийхан мод аваад намайг 2 удаа цохисон ба би гараараа хаагаад мод нь хугарсан. Тэгээд манай нөхөр, цагдаа хоёр байсан учраас тэр 2 барьж аваад надаас салгаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №2356 дугаартай
-Б.Дугарсүрэнгийн биед зүүн шуунд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 30 /гуч/ хоног хорих ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №341 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 50 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар хоног 39 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 10 сар 9 хоногоор тогтоов.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангиас 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөр тасалбар болж тус өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хүртэл нийт 32 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Д.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дох хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 30 /гуч/ хоног хорих ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №341 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 50 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 39 хоног дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 10 сар 9 хоногоор тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Дд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дий энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 32 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД