| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0434/Э |
| Дугаар | 438 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Р.Энх-Оюун,
Шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.И-д холбогдох 1908003450371 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, битон армартурчин мэргэжилтэй, “Мөнх Ар Үр” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 40-30 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Х овогт Б.И РД:ЖЛ...............,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :
Шүүгдэгч Б.И нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Э-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Б.И нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Э-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч Л.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй пабад найзуудтайгаа уулзаж ганц нэг шил архи хувааж уучихаад салсан. Уусан газрынхаа ойролцоо ганцаараа явж байтал үл таних залуу гэнэт ямар ч шалтгаангүй миний нүүрэнд цохисон...би түүнээс зуурч байгаад өөрийнхөө утсаар цагдаа дуудсан...Миний хамар, зүүн нүдэнд гэмтэл учирсан...төрийн тусгай албан хаагдын нэгдсэн эмнэлэгт хэвтэж нүд хамарны хагалгаанд орсон. И гэх залуу нүүрэнд цохиж учруулсан...гэх мэдүүлэг /хх-17-18/,
- гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 5 шард Л.Э-тэй уулзаад дараа нь толгойтод очоод нэрийг нь шил мэдэх 1 караокед ороод архи дарс ууж байгаад дараа нь 19 цагийн үед Л.Э согтуу машинаа бариад 19 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын ойролцоо байх зочид буудал орох гээд машинаас бууж байтал манай найз залуу Б.И ирээд Л.Э-ыг наад эмэгтэйгээ явуулаач яах гээд байгаа юм бэ гэтэл Л.Э Б.И-ныг очиж заамдаж аваад өшиглөөд байхаар нь Идэрчулуун нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл Л.Э газар унаад босож ирэхдээ нүүр нь хавдсан нүүрнээс нь цус гоожсон байдалтай босож ирсэн. Ингээд дараа нь цагдаа дуудсан …гэх мэдүүлэг /хх-9/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1265 дугаартай “Л.Э-н биед хацар ясны нумны хугарал, зүүн нүдний дотор хана, доод хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-12/,
- шүүгдэгч Б.И-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудлын орчимд байрлах зочид буудлын гадна миний үерхдэг эмэгтэй болох Маралмаа танихгүй залуутай зогсож байсан. Би М-г явъя гэхэд танихгүй залуу гараас нь бариад явуулахгүй байсан. Тэгээд тэр залуу нь чи юу юм бэ гээд бид 2 хоорондоо маргалдаад тэр залууг гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэр залуу надад цохиулаад босож ирэхэд зүүн нүд нь хавдчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-50/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.И-ныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 1.677.780 төгрөг нэхэмжилснээс /х-37-42/ шүүгдэгч нь 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх төлбөрийг 3 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахаар шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Учир нь хохирогчийн хувьд шүүгдэгчийн найз эмэгтэйтэй буудлын гадна байсан улмаар тус эмэгтэйг явуулахгүй байснаас шүүгдэгч нь хохирогчийн эсрэг үйлдэл хийсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал үүссэн гэж үзнэ, шүүгдэгч нь урьд гэмт хэрэгт шийтгүүлж байгаагүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулав.
Бусад асуудал :
Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.И-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.И-г 700 нэгж буюу 700000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.И-д оногдуулсан 700000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.И нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.И-наас 677.780 төгрөг гаргуулж, хохирогч Л.Э-д олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР