| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0435/Э |
| Дугаар | 439 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч О.Пүрэвсүрэн,
Шүүгдэгч Ч.Б, Ч.Б, Д.Г, тэдгээрийн өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Ч.Б, Ч.Б нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808 0272 41537 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 48 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, ээж, охин, зээ нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-777 тоотод оршин суух хаягтай, урьд нь 2004 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлэн 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай. Б овогт Д.Г, /РД:УХ........./,
Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, дөрвөн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчин 1-4 тоотод оршин суух хаягтай, урьд 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1344 дугаартай шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураахгүй 02 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шйидвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай. Б овогт Ч.Б /РД: ЖЮ............./,
Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, охин, 2 зээгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Жамсран уулын Өвөр 3А-2003 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, С овгийн Ч.Б, РД:ТИ............/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Г, Ч.Б, Ч. Бнар нь 2018 оны 05 дугаар сарын 23-наас 2018 оны 05 дугаар сарын 25-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан дэглий” зочид буудалд иргэн Г.Б-н виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.100.000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Г нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо ХААН банкны эцсийн буудлын орчим иргэн Х.Н-ыг зодож хамрын ясны хугарал, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын угалз уруулд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Д.Г, Ч.Б, Ч. Б нар 2018 оны 05 дугаар сарын 23-наас 2018 оны 05 дугаар сарын 25-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах” Цагаан дэглий” зочид буудалд иргэн Г.Б-н виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.100.000 /хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч Г.Б:.. Би Солонгосоос ирээд удаагүй бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрийн банканд байршуулсан 5.000.000 төгрөгөө өөрийн ХААН банкны 5090616426 дугаартай данс руу хийсэн юм. Уг данс нь миний ХААН банкны виза карттай холбоотой байдаг...Би 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр сэрсэн чинь Цамбагарав үйлчилгээний төвийн ард байрлах “Цагаан дэглий” буудалд байсан...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тамхи татах гэж гараад Гантулга гэх залуутай танилцсан. Бид хоёр дэлгүүрээс архи аваад буудалдаа ууж байгаад би унтсан...2018 оны 05 дугаар сарын 24-ний өглөө буудалдаа ганцаараа сэрсэн ба Гантулга удалгүй хүүхэд дагуулцан орж ирсэн. Тухайн үед би нилээн согтчихсон байсан. Маргааш нь буюу 25-ны өглөө “Цагаан дэглий” буудлын өрөөнд сэрэхэд миний халаасанд байсан виза карт алга болчихсон байсан...Цагаан дэглий буудалд 2 хүүхэн, 1 залуугийн мөнгийг би төлж өрөөндөө оруулсан байсан...Тэр залуу уг буудлаас 2-3 удаа гарч яваад удалгүй орж ирсэн гэж буудлын хүлээн авагч хэлсэн...тэр 2 хүүхнийг танихгүй, тэр залууг харвал танина.../1х, х-13-14/,
2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 18 минутад 1.300.000 төгрөг, 04 цаг 03 минутад 800.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Би Зандансүрэнг 150.000 төгрөг АТМ-ээс аваад ирээч гэхэд 300.000 төгрөгийн гүйлгээ хийж надад 150.000 төгрөг өгсөн...Эдгээрээс бусад гүйлгээг би өөрөө хийсэн...гэх мэдүүлэг /1х, х-220-221/,
- Хаан банкны депозит дансны хуулга:..Г.Б-н 5090616426 тоот данснаас 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 18 минутад 1.300.000 төгрөг, 04 цаг 03 минутад 800.000 төгрөгийн зарлага гарсан.../1х, х-34/,
- Хаан банкны депозит дансны хуулга:...Ч.Б-н 5019014983 тоот дансанд 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 1.300.000 төгрөг, 2018.05.25-ны өдөр 460.000 төгрөгийн орлого орсон.../1х, х-34/,
- Хаан банкны Цамбагарав төвийн АТМ-ын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл:..2018.05.24-ний 15 цаг 17 минутад хар өнгийн фудболк, өмд, гутал, хүрэн өнгийн тайрмал үстэй, 35-40 насны эмэгтэй Хаан банкны 2 ширхэг карт барьж орж ирэв. Нэг картаа АТМ-д уншуулан их хэмжээний мөнгө авч, нөгөө картаа уншуулан авсан мөнгөө АТМ-д буцаан хийв...2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 00 цаг 06 минутад хар өнгийн фудболк, хар гутал, дээгүүрээ хантаазтай эмэгтэй 800.000 төгрөг авч, дахин карт уншуулан дансандаа орлого хийж байна.../1х, х-40-41/,
- гэрч Ш.А:..2018 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 10:00 цагийн үед өөрийн ажил болох “Цагаан дэглий” зочид буудал дээр ресепшины ээлж хүлээлцсэн юм. Тэгээд би өрөөнүүдээ цэвэрлэж байхад, халамцуу залуу гаднаас орж ирээд би урьд шөнө танай зочид буудлын 17 тоот өрөө авч үйлчлүүлсэн хүн байна, өрөө авъя гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнийг 216 тоот өрөө рүү оруулсан...Тухайн үед тэр эрэгтэй 2 эмэгтэй, 1 эрэгтэй залуутай хамт орж ирсэн...Хамт орж ирсэн хүүхнүүд нь зочид буудлаас орж гараад байсан...шөнө хэдэн цагийг санахгүй байна 216 тоот өрөөг шалгахад нөгөө залуу ганцаараа унтаж байсан...Удалгүй хамт орж ирсэн залуу нь ганцаараа орж ирээд 20 орчим минутын дараа буцаж гарсан, дахиж орж ирээгүй...Бас нөгөө 2 хүүхэн нь орж ирээд 216 тоот руу ороод удалгүй гарсан...Шөнө бас нөгөө халимаг үстэй хүүхэн орж ирж байгаа харагдсан.../1х, х-18-19/ гэх мэдүүлэг,
- шүүгдэгч Ч.Б:..2018 оны 05 дугаар сарын сүүлээр Саппорогийн буудал дээр Бямбасүрэн гэх эмэгтэйтэй таарсан. Бид хоёрыг юм яриад зогсож байхад 2 залуу явж байхаар нь Б-д энэ хоёр нилээн мөнгө төгрөгтэй юм шиг байна уулзах уу гэж хэлсэн. Тэгээд уулзаад Б гэх залуу би зочид буудалд нэг өрөө авчихсан, тийшээ очий гэсэн.Тэндээ 2 шил архи уусан...Г нь картнаас нь мөнгө авий, би кодыг нь мэднэ гэсэн...Тэгээд Г бид хоёр картыг нь аваад Титэм плазагийн хажуу талын Хаан банкны АТМ рүү явсан...би ганцаараа ороод 1.300.000 төгрөг авсан...Г гэх залууд 200.000 төгрөгийг, Б-д 500,000 төгрөг өгсөн.../1х, х-76-77/,
- шүүгдэгч Ч.Б:..2018 оны 05 дугаар сард Саппорогийн автобусны буудал дээр би Б-тэй тааралдаад юм ярьж байхад Б, Г нар хамт хамт уух уу гэсэн...“Цагаан дэглий” буудалд орсон...Тэндээ ууж байгаад бид гурав гарсан. Г гэх хүн данснаас мөнгө авах санааг гаргасан. Би картных нь кодыг мэднэ, мөнгийг нь хуваагаад авчихья гэж хамт байхдаа хэлсэн...Тэр 2 мөнгө авахаар явсан, би үлдээд утсанд ирсэн мессежийг устгасан...Бнадад 500.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /1х, х-87-88/,
- шүүгдэгч Д.Г:..2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед Цамбагаравын автобусны буудлын хавьд харих гээд явж байгаад Б гэх залуу буудлаасаа төөрчихлөө надад туслаач гэсэн...би “Цагаан дэглий” гэх буудалд хүргэж өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б пиво аваад ирээч гэсэн. Тэгээд очиход Б хүүхэн авий гэхээр нь бид хоёр Саппорогийн автобусны буудал руу 13 цаг өнгөрч байхад 40 орчим насны 1 эмэгтэйтэй яриа өрнүүлж байгаад бас нэг эмэгтэй найзтай нь авахаар болоод нийт 80.000 төгрөгийг өгсөн...Буудалдаа очоод Б-г тасарчихаар нь картнаас нь мөнгө авсан...АТМ рүү Б бид 2 явсан, нөгөө эмэгтэй гар утсан дээр мөнгө гарсан гэх мессэж ирэхлээр нь устгахаар үлдсэн...Б надад 200,000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /1х, х-98-99/,
- шүүгдэгч нар :…өөрсдийн үйлдсэн гэмт хэргээ тус бүр хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо ХААН банкны эцсийн буудлын орчим иргэн Х.Н-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч Х.Н-ын:..2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр 14 цагийн орчим гэрийнхээ ойролцоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хаан банктай эцсийн буудал дээр байдаг Лаки гэх хүнсний дэлгүүрт хүнсний зүйл авах гээд зогсож байхад 40 орчим насны ах намайг юугаа хараад байгаа юм бэ гээд татаж гаргаад дэлгүүрийн үүдэнд хавсраад газар унагаасан бөгөөд ноцолдож байхад нэг хөгшин ах ирээд миний нүүр, хамар хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг / 1х, х-145-146,
- гэрч Н.Б-ын:..2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би, Г ахтай Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хаан банктай эцэс дээр тааралдаад хамтдаа 2 шил 0,5 граммын архи уусан...Би Лаки дэлгүүр рүү ороход тэнд нэг залуу намайг хараад надтай маргалдсан...Гантулга ах намайг өмөөрч нэг удаа өшиглөсөн гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /1х, х-151-152/,
- шинжээчийн 2019.01.10-ний өдрийн дүгнэлт : 1.Х.Н-ын биед хамрын ясны хугарал, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын угалз, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /1х, х-156/,
- шүүгдэгч Д.Г-ын:..2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Батаа гэх дүүгийнхээ хамтаар 0,5 граммын архийг хувааж уусан бөгөөд 14 цагийн орчимд Хаан банктай эцсийн буудлын орчимд байдаг Лаки дэлгүүрийн тэнд очсон...Батаа дэлгүүр лүү ороод нэг залуугийн хамт барьцалдаад гараад ирсэн...Салахгүй зууралдаад байхаар нь дүүгээ өмөөрч тэр залуугийн нүүр хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /1х, х-149-150/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэрэгт хамааралтай, хангалттай байх ба тухайн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул шүүгдэгч нарт холбогдох тухайн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Шүүгдэгч нарын хулгайлах гэмт үйлдлийн улмаас хохирогчид 2.100.000 төгрөгийн хохирол учирсан талаар эргэлзээтэй, маргаантай асуудалгүй бөгөөд хохирогч, шүүгдэгч нар тус бүр хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Д.Г, Ч.Б, Ч.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Хохирогч Х.Н нь автомашины дугуй засвар ажиллуулдаг, өдөрт 40.000-350.000 төгрөг олдог, ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ /1х, х-146/ гэх боловч ажилгүй байсан хугацаа болон орлогыг тодорхойлсон баримтгүй тул шийдвэрлэх боломжгүй, харин нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Г-аас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Хохирогч Г.Б-д гэмт хэргийн улмаас нийт 2.100.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Д.Гантулга 200.000 төгрөг, Ч.Б 500.000 төгрөг төлөх, харин Ч.Б нь хохирогчид 800.000 төгрөгийг төлж, 600.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байх ба шүүгдэгч нар хохирлын асуудлаар маргаагүй, харин шүүгдэгч тус хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, тус бүр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хохирлыг барагдуулах боломжтой болохоо мэдүүлсэн болно.
Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Харин шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Учир нь : хохирогч нь хохирсон гэх тухайн цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн үедээ үл таних Д.Г, Ч.Б, Ч.Б нартай өөрөө хүсч уулзан танилцсан, улмаар зочид буудалд хамт орж архидах, хоноглохоор тохиролцсон төдийгүй хохирогч нь архидан согтуурснаас өөртөө тавих хяналтаа алдсан, картаа бусдад өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтын эх сурвалжтай байх тул тухайн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хамаарах үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.Б ял шийтгүүлж байгаагүй, харин шүүгдэгч Д.Г, Ч.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байх боловч ялтай байдал нь дуусгавар болсон, 2015 оны Эрүүгийн хуулиар өмнөх Эрүүгийн хуульд ялтай байдлын зохицуулалтыг хассан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т : эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан тул шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Г, Ч.Б, Ч.Б нар тус бүр хөдөлмөрийн гэрээний дагуу тогтмол ажил эрхэлдэггүй, харин цагийн болон тогтмол бус байдлаар ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэнд болон тэдний хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Ч.Б, Ч.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон тэдний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн нь тогтоогдсон тул тэнсэх үндэслэлгүй, харин түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн ерөнхий ангийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт-дискийг уг хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Д.Г, Ч.Б, Ч.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Ч.Б нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ч.Б, Ч. Б нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Б, Ч. Бнарт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Г-д тус тус мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-гаас 200.000 төгрөг, Ч.Б-гаас 600.000 төгрөг, Ч.Б-ээс 500.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Г.Б-д олгосугай.
8. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч Х.Нгэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Г-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт-дискийг уг хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР