Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 205/МА2025/00012

 

                                                                                         Р.Ц-ын нэхэмжлэлтэй иргэний

                                                                                                          хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр  сарын 21-ний өдрийн 311/ШШ2025/00172 дугаар шийдвэртэй

Р.Ц-ын нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох лабораторийн 128 нэр төрлийн хөрөнгийг худалдан авсны үнэ 22,277,073 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.С, Э.Б /цахимаар/, хариуцагч компанийн захирал М.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.А нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Р.Ц нь хариуцагч “М” ХХК-нд холбогдуулан мал эмнэлгийн ариун цэврийн лаборторийн 30 нэр төрлийн хөрөнгийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, тус хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийн үнэ 1,995,085 төгрөгийг, мөн худалдсан 98 нэр төрлийн хөрөнгийн үнэ 20,281,988 төгрөгийн хамт, нийт 22,277,073 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл: … Миний бие МУ-ын Засгийн газрын 1999 оны шийдвэрээр сумдын мал эмнэлгүүдийг хувьчлах үед …. сумын мал эмнэлгийг хувьчлах дуудлага худалдаанд оролцож 10 хүнтэй өрсөлдөн 750,0 мянган төгрөгнөөс өсгөж 6550,0 мянган төгрөгөөр худалдан авч, аймгийн мал эмнэлгийн ариун цэврийн лабраторийн …… ажлаа өгч хувийн мал эмнэлгийг хөгжүүлэхийн төлөө 24 жилийн хөдөлмөр хүч хөрөнгөө зарцуулан ажилласан… Гэвч сум орон нутгийн дарга нар солигдох бүрдээ шинээр мал эмнэлэг байгуулж тэдгээр нь лабораторигүй мөртлөө мах, сүү, малын гаралтай бүтээгдэхүүний ариун цэврийн гэрчилгээ бичдэг болсоноор ашиг орлого муудаж хүн ажиллуулж чадахгүй болсон. Мөн өөрөө нас өндөр болоод мал эмнэлэгийн лабораторио худалдах болсон юм. Лабораторийг худалдах гэж байгаагаа ойр тойрны хүмүүст хэлж зарлаж байсан. Гэтэл "М” ХХК-ны захирал М.А, эхнэр О нар нь манай лабораторийг зарах гэж байгаа талаар Аймгийн засаг даргаас сонссон гээд манай лабораторийн өрөөнд ирж байсан. Тэгээд манай компани хиам хийдэг тул лаборатори хэрэгтэй байгаа. Танай лабораторийг авъя гэхэд нь би зөвшөөрсөн. Ингээд манай лабораторийн бүх эд хөрөнгийг үзэж 128 нэр төрлийн 22,277,073 төгрөгийн эд хөрөнгийг хүлээн авсан жагсаалт үйлдэж, гарын үсэг зураад, тамга тэмдгээр баталгаажуулсан. Тухайн үед ард иргэдийн хүнсний аюулгүй байдлын төлөө сэтгэл зүрхээ зориулан хийж байсан ажлыг маань М.А, О нар үргэлжлүүлэн хийх гэж байгаад нь урам орж, мөн худалдан авсан хөрөнгийн үнийг удаахгүй өгөх байх гэж итгээд, эд зүйл хүлээлцсэн баримт бичгийн 3 дугаар жагсаалтанд дурдсан 30 нэр төрлийн хөрөнгө нь 1,995,085 төгрөгийн үнэлгээтэй боловч түүнийг хариу төлбөргүйгээр тэдэнд хандивлах буюу бэлэглэхээр болсон юм. Ингээд 2020 оны 5 сард "..." ХХК нь худалдан авсан эд хөрөнгийн үнэ 8,0 сая төгрөг өгсөн боловч үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан. Харин түүний дараа дээрх 8,0 сая төгрөгийг "….” ХХК-нд төрөөс олгогдсон бөгөөд төлбөрийг төр ингэж төлөх ёсгүй байсан талаар шүүхийн шийдвэр гарч 8,0 сая төгрөг нь эргэж хураагдсан. Гэтэл "….." ХХК нь уг лабораторийн тоног төхөөрөмжийг төрөөр авахуулах ёстой байсан гэж маргаж, иргэн надаас худалдан авсан тоног төхөөрөмжийнхөө үнийг одоог хүртэл төлөхөөс татгалздаг. Иймд "…..” ХХК-ийн худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэ 20,281,988 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү. Мөн 2024 онд шүүхэд гаргасан хариу тайлбартаа "Хэрвээ худалдаж авахаар байсан бол бид үүнийг 3,0 саяар ч худалдаж авахгүй 60, 70-аад оны хэрэглээнээс гарсан, хугацаа нь 10 жилийн өмнө дууссан хуучин багаж авахгүй байсан" гэснийг уншаад туйлын их гомдож байна. Энэ компани өөрийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг өөрсдөө ирж үзэж шалгаад авсан бөгөөд урьдчилгаа төлбөрт 8,0 сая төгрөгийг ч өгч байсан. Гэтэл одоо бүтэн нэг лабораторийн 128 нэр төрлийн хөрөнгийг 3,0 сая төгрөгний үнэгүй мэтээр үгүйсгэж дорд үзэх юм гэж бодсонгүй. Сайхан сэтгэлийн үүднээс тухайн үед хариу төлбөргүйгээр 30 нэр төрлийн хөрөнгийг хандив, бэлэг болгон өгч байсан. Гэвч хариуцагч шүүхэд үнэн зөв тайлбар гаргахын оронд басамжилж хүний сайхан сэтгэл рүү ус цацаж гомдоож байна… гэжээ.

Хариуцагч М.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ, “…М.А миний бие дахин үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Лабораторийг аймгаас манай үйлдвэрийг дэмжих зорилгоор өгч байна гэж ойлгосон. Манайд лабораторийг худалдан авах хүсэл зориг байхгүй байсан. Худалдсан бол манайх авахгүй байсан” гэж маргажээ...”

3. Хариуцагч компанийн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Р.Ц-ын нэхэмжлэлтэй ….. ХХК-д холбогдох 128 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 22,277,073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр оролцож байна. Өмнө нь нэхэмжлэгч гаргаж миний зүгээс хаашдаа манайх худалдаж аваагүй учраас шүүх нь үнэн зөвөөр шийдвэрлэнэ байлгүй гээд өмгөөлөгчгүй орсон чинь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 31-ний өдрийн 140/ШШ2023/00260 дугаартай шийдвэрээр надад эд хөрөнгө шилжсэн учраас худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна гэж ямар ч үндэслэлгүй шийдвэрлэсэн тул манайх Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж, тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд ирээгүй учраас анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг нь буцаасан. Гэтэл дахин үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан учраас 128 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 22,277,073 төгрөгийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талын хариу татгалзал, тайлбарын агуулга: ...Миний зүгээс анх худалдах, худалдан авах гэрээний дагуу 22,277,073 төгрөг шаардаж уг нэхэмжлэлд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан. Давж заалдах шатны шүүхээс буцаасан үндэслэл нь “тоног төхөөрөмж шилжүүлэх тухай талуудын гарын үсэг зурсан баримтад хандиваар төхөөрөмж шилжүүлсэн талаар тусгасан, хариуцагч мөн тийм агуулгатай тайлбар өгсөн байхад үйл баримтын талаар зохигч талуудаас гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь нотлох баримтыг үнэлэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж магадлалын 8-р хуудсанд дурдсан юм. Тодруулбал, шилжүүлэн өгсөн хөрөнгийн жагсаалтын 3 дугаар хуудсанд 30 нэр төрлийн 1,995,085 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хандиваар буюу хариу төлбөргүй шилжүүлсэн үйл баримтыг дүгнэх талаар магадлалд дурдаж буцааж байсан. Нэхэмжлэгч би хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дахин нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилж 2024.08.22-нд гаргасан нэхэмжлэлдээ хандивласан 30 нэр төрлийн эд хөрөнгөтэй холбоотойгоор бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, уг хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийн үнэ 1,995,085 төгрөгийг, мөн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан 98 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 20,281,988 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн. Энэ нэхэмжлэлийн хүрээнд хариуцагчид шилжүүлсэн 128 нэр төрлийн эд хөрөнгөнөөс хариу төлбөргүй шилжүүлсэн 30 нэр төрлийн хөрөнгийг бэлэглэлийн гэрээний дагуу, хариу төлбөртэй шилжүүлсэн 98 нэр төрлийн хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний дагуу шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэтэл "….." ХХК-ны зүгээс давж заалдах шатны шүүх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн мэтээр сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуульд гэрээг ямар нөхцөлд хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлүүдийг заасан байдаг атал сөрөг нэхэмжлэлд тэдгээр үндэслэлийн алийг ч дурдаагүй байгаа тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч .... ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 12,281,988 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,995,085 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар .... ХХК-ны сөрөг нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Ц-т холбогдох 128 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 22,277,073 төгрөгийн үнэ бүхий худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн 269,335 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч .... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 211,461 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Ц-т олгож  шийдвэрлэжээ.

 6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Р.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ худалдах, худалдан авах гэрээний дагуу 20,281,980 төгрөгийг, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, тус гэрээгээр шилжүүлсэн 1,995,085 төгрөгийн хамт нийт 22,277,073 төгрөг гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх үүнээс худалдах, худалдан авах гэрээний дагуу 12,281,988 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 8,000,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосон. Мөн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тус гэрээний дагуу шаардсан 1,995,085 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосон. Тус шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт "…. аймгийн …. сумын орон нутгийн хөгжлийн сангаас “…… “ХХК-ийн шинээр нээгдэж буй үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор 8,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлж байсан ба тухайн 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд лабораторийн тоног төхөөрөмжийн үнэд тооцуулан өгч байсан болох нь эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол болон талуудын тайлбар, гэрч Ц.Б, Б.О нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна". Иймд дээрх 8,000,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт …лабораторийн тоног төхөөрөмжийн үнэд тооцуулан хүлээлгэн өгсөн байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, дээр дурдсан 8,000,000 төгрөгийг төсвөөс гарган хариуцагч компанид олгож дэмжлэг үзүүлэх нь хуульд нийцэхгүй бөгөөд төрийг хохироосон байна гэж эрүүгийн хэргийн шүүх үзсэн. Тодруулбал, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.15-ны 2022/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолд ….. аймгийн ….. сумын Орон нутгийн хөгжлийн санд 8,000,000 төгрөгний хохирол учирчээ. Иймд шүүгдэгчээс 8,000,000 төгрөгийг …. аймгийн …. сумын Орон нутгийн төсөвт буцаан олгох нь зүйтэй гэсэн. Улмаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт шүүгдэгч Б.М-ээс 8,000,000 төгрөг гаргуулж, хохирогч байгууллага болох …. аймгийн …. сумын Орон нутгийн төсөвт олгосугай гэж шийдвэрлэсэн. Иймд орон нутгийн төсвөөс хариуцагч …. ХХК-д 8,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм. Миний бие тус 8,000,000 төгрөгийг шийтгэх тогтоолд заасны дагуу Орон нутгийн төсөвт төлж барагдуулсан энэ талаар зохигчид маргаагүй юм. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, худалдах, худалдан авах гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч компанийн захирал М.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: …Миний бие Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 21-ний өдрийн 311/ШШ2025/00172 дугаартай шийдвэртэй танилцан эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. …Анхан шатны шүүхийн дүгнэснээр Р.Ц бид 2-ын хооронд Иргэний хуулийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзвэл, уг гэрээний талууд буюу худалдан авагч …. ХХК нь тухайн эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориггүй, түүнийгээ худалдагчид тухайн эд хөрөнгийг худалдан авах санал тавьж, эд хөрөнгийн үнэ бусад нөхцлүүдийн талаар харилцан тохиролцсон байх шаардлагатай. Мөн худалдах, худалдан авах гэрээ нь хоёр талын гэрээ байдаг. Гэтэл бидэнд тухайн хуучин багажуудыг худалдан авах хүсэл зориг байгаагүй. Бид Р.Ц-т тухайн багажуудыг худалдаж авья гэсэн саналыг тавиагүй, Р.Ц ч гэсэн манайд худалдах санал тавиагүй уулзаагүй. Бид аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга нар үйлдвэрт хэрэгтэй тоног төхөөрөмжийг авч бэлэглэнээ гэж амласан, мөн аймгийн Засаг дарга тэр лабораторийг очоод үз, би зохицуулна гэж хэлсний дагуу уг мал эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийг орон нутгийн удирдлагуудын зүгээс бидний үйл ажиллагааг дэмжихээр бидэнд үнэгүй буюу хандив, бэлэглэлийн журмаараа өгнө гэдгээр бид ойлгож, хүлээж авсан. Энэ нэхэмжлэл нь худалдах, худалдан авах гэрээний дагуу хийгдсэн зүйл огт биш бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрүүгийн хэрэгтэй холбоотой юм. Тухайн тоног төхөөрөмжүүдийг аймаг орон нутгаас татаас дэмжлэг тусламж үзүүлж “Эрүүл монгол хүн” хөтөлбөрөөс 8,000,000 төгрөг гаргуулж манай байгууллагын дансаар авсан гэж ойлгосон. М нь шалгагдаж байх хугацаандаа тоног төхөөрөмжүүдээ авах гэж 2 удаа ирсэн санагдаж байна. Тухайн үед өгөх гэтэл Авлигатай тэмцэх газрын мөрдөгч тухайн хуучин багаж төхөөрөмжүүдийг хэнд ч өгч болохгүй яагаад гэвэл хэрэг дуусах хүртэл танайх хариуцахаар битүүмжилсэн байгаа өгч болохгүй гээд өгүүлээгүй нь, бидний буруу болсон байна. Нийтэд илэрхий болсон шүүхийн шийдвэрийг хавсаргав. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх ямар ч боломжгүй, эрүүгийн хэргийн шийдвэрээс харж болно. Би эрх зүйн мэдлэггүй, анхан шатны шүүх хаашдаа үнэн, мөнийг нь олоод шийдвэрлэнэ гэж бодож байтал манайхыг 22,0 сая төгрөгийн өрөнд оруулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би тухайн лабораторийг бэлэглэлийн журмаар л авах хүсэл зорилготой байсан. Анхан шатны шүүх хүсэл илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, үнийн болон үйлдэл эс үйлдэхүй, бусад нөхцөл байдлуудад дүн шинжилгээ хийгээгүй хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасанд гомдолтой байна... Энэ Р.Ц гэдэг хүн надтай худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, мөнгөө хаанаас авахаа мэдэж байсан. Надтай худалдах, худалдан авах гэрээ хийсэн бол яагаад дахиад аймгийн удирдлагуудаас мөнгөө хөөцөлдөөд явахгүй, надаас л мөнгөө авах ёстой. Шүүхээс тоног төхөөрөмжид үзлэг тооллого хийлгэсэн байгаа. Бүх тоног төхөөрөмж бүрэн бүтэн байгаа. Миний бодлоор дарга нарын наймаанд орж, үнэгүй зүйл хахууль байдаг гэдгийг яс махаараа мэдрээд явж байна. Би одоо энэ тоног төхөөрөмжийг нь буцааж өгөх хүсэлтэй байна. Тоног төхөөрөмж нь 22,000,000 төгрөгийн үнэтэй гэдгийг анхнаасаа мэдээгүй. Хэзээ мэдсэн гэхээр Б.М шүүхэд нэхэмжлэл гаргаад, шүүгчийн туслах бичиг өгснөөс хойш лабораторийн үнийн талаар анх мэдсэн. Энэ хүний лаборатори бүрэн бүтэн байгаа болохоор буцааж өгье. Иймээс Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8. Хариуцагчийн компанийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: …Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т …дээрх баримтуудыг үндэслэн талууд гэрээний зүйлийн үнэ, тоо ширхгийг хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, гэрээний зүйлийг хүлээн авч байсан байна. Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх үзэв. 6-т Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус, тус хүлээнэ гэж хуульчилсан байна. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад нэхэмжлэгч Р.Ц нь өөрийн 98 нэр төрлийн лабораторийн тоног төхөөрөмжийг хариуцагч ….. ХХК-д хүлээлгэн өгөх, хариуцагч компани хэлэлцэн тохирсон үнийг нэхэмжлэгчид төлөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна... гээд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний маргаан гэж үзэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж хариуцагчаас 12,281,988 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэсэн хуулийн шаардлагатай нийцээгүй. Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг бичгээр болон амаар хийгдсэн гэж баримт, мэдүүлэг байхгүй, худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болоход 1-т: Худалдан авагч нь тухайн эд хөрөнгийг худалдан авах хүсэл сонирхолтой байх энэхүү шаардлага хангагдаагүй хариуцагч тал төрийн байгууллагын амлалт, бэлэглэлийн журмаар ирж байгаа үнэ төлбөргүй шилжүүлсэн хөрөнгө гэж хүлээн авсан байдаг. 2-т: худалдан авагч, худалдагч нарын хүсэл зориг нэг цэг дээр байхаар хуульчилсан нь худалдан авагч нь тухайн хөрөнгийг хариу төлбөртэй худалдан авах хүсэл зорилготой байх, гэтэл нэг нь зарах сонирхолтой, нөгөө нь үнэ төлбөргүй авах сонирхолтой байсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогддог. Хариуцагч талын мэдэлд шилжүүлсэн ч нөгөө талаар гэрээ хийгдсэн зорилго, агуулга нь үйлдвэрийн нээлтэд амалсан амлалтын дагуу төрөөс хувийн хэвшлээ дэмжин үнэ төлбөргүй эд хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн болохоор үнэ төлбөргүй бэлэг гэж хүлээн авах зорилгоор эд хөрөнгийг хүлээн авсан. Эдгээр шинжээс үзэхэд талуудын хооронд хийгдсэн хөрөнгө хүлээн авсан баримтын жагсаалт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинж, агуулгатай нийцэхгүй байна. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-т Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно... гэж заасан боловч хариуцагч талаас мөнгө төлөхөөр тохиролцсон төлбөр төлөх гэсэн ямар ч үйлдэл хийгээгүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1.хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон... гэж заасан боловч, талууд хэлцлийн гол нөхцлийг тохиролцоогүй өөр, өөр хүсэлт сонирхолтой байсан тогтоогддог. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно. Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсний дагуу шилжүүлсэн хөрөнгийг дутаалгүй хадгалж байгаа тул нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжүүлсэн хөрөнгийг буцаан өгөхөд бэлэн байгаа шүүхийн үзлэгээр тогтоосон. Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд Иргэний хуулийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзвэл уг гэрээний талууд буюу худалдан авагч …… ХХК тухайн эд хөрөнгийг худалдан авах хүсэл зоригтой, түүнийгээ худалдагчид тухайн эд хөрөнгийг худалдан авах санал тавьж, эд хөрөнгийн үнэ бусад нөхцлүүдийн талаар харилцан тохиролцсон байх шаардлагатай. Мөн худалдах, худалдан авах гэрээ нь хоёр талын гэрээ байдаг. Гэтэл хариуцагч тал болох ….. ХХК-ний захирал М.А-ийн тайлбараар ...бидэнд тухайн хуучин (эд хөрөнгө шилжүүлэх үед баталгаат болон ашиглалтын хугацаа нь дуусаад 10, 20 жил болсон 1960, 70-аад оны үеийн хэрэглэгддэггүй) багажуудыг худалдан авах хүсэл зориг байгаагүй. Бид Р.Ц-т тухайн багажуудыг худалдаж авья гэсэн саналыг тавиагүй, Р. Ц ч гэсэн манайд худалдах санал тавиагүй уулзаа ч үгүй. Бид аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга нар үйлдвэрт хэрэгтэй тоног төхөөрөмжийг авч бэлэглэнээ гэж амласан, мөн аймгийн Засаг дарга тэр лабораторийг очоод үз, би зохицуулна гэж хэлсний дагуу уг мал эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийн хамт орон нутгийн удирдлагуудын зүгээс бидний үйл ажиллагааг дэмжихээр бидэнд үнэгүй буюу хандив, бэлэглэлийн журмаараа өгнөө гэдгээр ойлгож, хүлээж авсан. Энэ нэхэмжлэл нь худалдах, худалдан авах гэрээний дагуу хийгдсэн зүйл огт биш бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрүүгийн хэрэгтээ холбоотой юм. Тухайн тоног төхөөрөмжүүдийг аймаг, орон нутгаас татаас дэмжлэг, тусламж үзүүлж “Эрүүл монгол хүн” хөтөлбөрөөс 8,000,000 төгрөг гаргуулж манай байгууллагын дансаар авсан гэж сүүлд ойлгосон. Манай компанийн дансыг авч дансанд чинь 8,000,000 төгрөг орсон байгаа тэрийг аваад өг гэж өөрөө бэлнээр авсан. Би тэр мөнгөний талаар юу ч мэдэхгүй, ойлголтгүй байсан. Хэдэн төгрөгний эд хөрөнгө хүлээлгэж өгсөн, хэдэн төгрөгийн эд хөрөнгийг хандив тусламжаар өгсөн, хэдэн төгрөгний барааг нь худалдахаар өгсөн, хэдэн төгрөгийг нь сумаас өгөхөөр тохиролцсон, хэдэн төгрөгийг нь аймгаас өгөхөөр тохиролцсоныг, сумаас ямар зориулалтаар тэр хугацаа нь дууссан эд хогшлийг авахаар болсон, хэзээ М гэдэг хүнд өгөхөөр шийдсэн, хэзээ манай компанийн дансанд хийнэ гэж тохиролцсоныг би огт мэдэхгүй. Дараа нь М нь сумаас гаргуулж авах мөнгөө аваад аймгийн төрийн сангаас авах мөнгөө авч чадаагүй байж байгаад аудитаар баригдсан гэж ойлгосон. Тэр эд хөрөнгийн жагсаалт гээд байгаа гарын үсэг тамгатай жагсаалт нь аймгийн төрийн сангаас мөнгөө гаргуулж авахад гүйлгээ хийхэд санхүүгийн баримт дээр хавсаргахад хэрэглэсэн болохоос, манайхтай за тэдэн төгрөгөөр зарах гэж байгаа нь юм, танайх ийм үнээр авах уу гэж нэг ч удаа уулзаж, ярилцаж байгаагүй үнийн талаар энэ жагсаалтын эх хувь нь аймгийн төрийн сангаас АТГ авсан шүү дээ. Хэрэв бид нарын хоорондох буюу хувь компани, хувь хүний худалдах, худалдах авах гэрээ байсан бол юу бол гэж аймгийн төрийн сангаас гарч ирэх вэ дээ. М нь шалгагдаж байх хугацаандаа төрөөс авах мөнгөө авч чадахааргүй боллоо, өөрийн шилжүүлсэн юмаа авья гэж тоног төхөөрөмжүүдээ авах гэж 2 удаа ирсэн санагдаж байна. Тухайн үед өгөх гэтэл авлигатай тэмцэх газрын мөрдөгч тухайн хуучин багаж төхөөрөмжүүдийг хэнд ч өгч болохгүй яагаад гэвэл хэрэг дуусах хүртэл танайх хариуцахаар битүүмжилсэн байгаа өгч болохгүй гээд өгүүлээгүй нь бидний буруу болсон байна. Шүүхээс үзлэг хийхэд тухайн хаалгыг АТГ-аас лацадсан байгааг харуулсан нийтэд илэрхий болсон. Эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хавсаргаад байхад худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх ямар ч боломжгүй нь эрүүгийн хэргийн шийдвэрээс харж болно... гэсэн тайлбарыг үгүйсгэсэн баримтуудыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа компанийн удирдлагын зүгээс гэрээ байгуулах чин хүсэл байгаагүй, хэрэв гэрээ гэж үзэх юм бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, дэх хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн, эсхүл дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэхээр байна... гэж миний тайлбарыг бүрэн оруулалгүй дүгнэлт хийсэн байна. Миний бие Иргэний хуулийн 56 дугаар зүйлд анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийг шүүх нэхэмжлэлийн шаардлага гаргасан, гараагүй шууд дүгнэлт хийх зохицуулалттай. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, 57.2. Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна... гэж заасан. Иргэний хуулийн 58 дугаар зүйлд …Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл 58.1. ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. 58.2. Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ, 58.2.1-т хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, 58.2.2.-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно: 58.3.4. тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн. 58.4. Төлөөлөгч буюу зуучлагч төлөөлүүлэгч буюу үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийн илэрхийллийг буруу ташаа мэдээлсний (Завхан аймгийн засаг дарга Д.Б-ны мэдээллээс) үндсэн дээр хийсэн хэлцлийг энэ хуулийн 58.2-т хамааруулж болно... гэсэн зохицуулалтын дагуу сөрөг нэхэмжлэлээ тайлбарласан боловч, уг хэсгийг орхигдуулж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн талуудын хоорондын илэрхийлсэн хүсэл зориг, тухайн үед үүссэн агуулга зэргээс үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн эд хөрөнгө хүлээлцсэн үйл баримт нь худалдах, худалдан авах гэрээ бус, хариуцагч талаас төрөөс хувийн хэвшлээ дэмжсэн эд хөрөнгийн дэмжлэгийг авах зорилготой эд хөрөнгө үнэ төлбөргүй шилжүүлсэн агуулгатай /зорилготой/ байна. Талуудын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй. Хариуцагч нь тухайн жагсаалт дээр гарын үсэг зурж байгаа сэдэлт нь /бодол санаа нь төрөөс манай компанид дэмжлэг болгож үнэ төлбөргүй өгч байгаа гэсэн ойлголттойгоор гарын үсэг зурсан байдаг. Гэтэл энэ ойлголт сэдэлт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй зохигчдын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4-т заасан "тохиролцооны зүйл байсан, сэдэлтийн талаар төөрөгдсөн" хэлцэл гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Уг 8,000,000 төгрөгийг .... сумын Засаг даргын тамгын газраас ...... ХХК-ны дансанд шилжүүлээд, .... ХХК-наас Р.Ц-т тоног төхөөрөмжийнхөө үнийг шилжүүлснийг, Б.М-ийг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж энэ мөнгийг авсан байна гэдгээр эрүүгийн хариуцлага оногдуулсан байгаа. Тэгэхээр 8,000,000 төгрөг нь ямар учиртай вэ гэхээр ..... ХХК-ны дансанд орж ирсэн мөнгийг Р.Ц-т шилжүүлсэн. Р.Ц нь ...... ХХК-д тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлээд худалдах, худалдан авах гэрээний дагуу ..... сумаас өгсөн байхад, тухайн үед ..... сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.М-ийг өөрөө албан тушаалаа ашиглаад шилжүүлсэн гэх байдлаар эрүүгийн хэргээр асуудал шийдвэрлэгдсэн байдаг. Үнэн бодит нөхцөл байдал нь ....... сумын Засаг даргын тамгын газраас ...... ХХК-д тоног төхөөрөмж авахад нь туслалцаа үзүүлж тухайн мөнгийг шилжүүлсэн. ..... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ..... ХХК-д ямар нэгэн тоног төхөөрөмж авч өгөх боломжгүй байна гэдгээ хэлсэн. Харин дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой гэсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлтэй байна. Р.Ц болон ..... ХХК-ны хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Түүний дагуу лабораторийн тоног төхөөрөмжийг .... ХХК нь хүлээж авсан байна. .... ХХК нь лабораторийнхоо тоног төхөөрөмжөө худалдаж авсны дараа ямар нэгэн хэлбэрээр хуульд заасан хугацаанд энэ тоног төхөөрөмж ашиглах боломжгүй байна, буцаана гэсэн шаардлага гаргаагүй байгаа. Тийм учраас худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь үндэслэлтэй байна гэв.  

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол дээр нэмээд хэлэхэд хавтаст хэрэгт авагдсан Завхан аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 198 дугаартай шийдвэрээс лабораторийн үнэ 8,0 сая төгрөгийг .... ХХК-д өөрийн хөрөнгөөрөө биш, төсвийн хөрөнгөөр өгсөн нь тогтоогддог. Энэ төлбөрийг төрийн байгууллага хувь компанийн өмнөөс төлөх нь хуулиар зөвшөөрөгдөхгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Төсвөөс төлсөн мөнгийг төсөвт буцааж төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан. Ийм учраас 8,0 сая төгрөгийг .... ХХК төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Хуулиар төлбөр төлж байгаа үйлдэл нь зөвшөөрөгдөхгүй учраас иргэний хэргийн анхан шатны шүүх дээр .... ХХК-ийн төлөх төлбөрийг нь төрөөс 8,0 сая төгрөг өгснөөрөө хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээний дагуу хийгдсэн төлбөр байна гэж үзэх боломжгүй. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр нь төлбөрт оруулж шийдвэрлэсэн үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргасан. Энэ 8,0 сая төгрөгийг төрөөс төлөх боломжгүй, төлөгдсөн байлаа гэхэд хууль зөрчих учраас эргэж төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан. Тэгэхээр 8,0 сая төгрөгийг тухайн эд хөрөнгийг худалдан авсан ........ ХХК төлөх нь хуульд нийцнэ. Тийм учраас давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...тухайлбал, хавтаст хэргийн 15, 110 дугаар хуудаст авагдсан өөрийнх нь тайлбарт Б.М гэдэг хүн лабораторио зарж борлуулах гэж байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Д.Б-аас мэдсэн гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Д.Б даргын өгсөн мэдээллээр хариуцагч нь нэхэмжлэгчтэй холбогдсон байгаа. Нэгдүгээрт, тухайн мэдээллээс хариуцагч юу гэж ойлгож болохоор байсан гэхээр тухайн лаборатори төрийн өмч хөрөнгө биш юм байна. Хоёрдугаарт, хувь хүн хөрөнгөө төрд ч бэлэглэхгүй, компанид ч бэлэглэхгүй, хувь хүн хөрөнгөө зарж борлуулах гэж байгаа гэдгийг тодорхой ойлгохоор байсан. Энэ талаар аймгийн Засаг даргад хэлж байсан гэдгийг хариуцагч тал ч тайлбартаа хэлдэг, одоо ч асуултад хариулахад хөрөнгийн үнэ байсан гэж ярьдаг. Энэ мэдээллүүдийг авчхаад нэхэмжлэгч дээр очиж лабораторийг үзээд хөрөнгийн жагсаалтай танилцаад, гарын үсэг зураад, хөрөнгөө шилжүүлээд авсан. Ийм нөхцөл байдал, үйлдлүүд болоод байхад худалдан авах хүсэл зорилготой байгаагүй, худалдах, худалдан авах асуудал яригдаад байна гэдгийг ойлгоогүй гэж тайлбарлаж байгаа нь няцаагдаж байна. Дараа нь худалдан авагч хариу төлбөртэй худалдан авах хүсэл зориг байгаагүй, хариуцагч талаас төлбөр төлөх гэсэн ямар ч үйлдэл хийгээгүй гэж давж заалдах гомдол дээр дурдсан байсан. Гэтэл хариуцагч компанийн дансанд тоног төхөөрөмжийн үнэ гэсэн утгатай 8,0 сая төгрөг ороход хариуцагч данснаасаа 8,0 сая төгрөгийг аваад нэхэмжлэгч талд өгсөн байгаа. Тэгэхээр тухайн лабораторийн тоног төхөөрөмж бол хариу төлбөртэй зүйл юм байна гэдгийг ойлгосон гэдэг нь тодорхой харагдаж байна. Энд ямар нэгэн тодорхойгүйгээр 8,0 төгрөг орж ирээд, түүнийг юу ч мэдэхгүй нэхэмжлэгчид өгөөд байгаа зүйл бол биш. Тоног төхөөрөмжийн үнэ байна гэдгийг мэдэж байсан. Гуравдугаарт, талууд хэлцлийн гол нөхцөлийг тохиролцоогүй өөр, өөр сонирхолтой байсан гэдэг зүйлийг гомдол дээр бичсэн байсан. Хавтаст хэрэгт авагдсан эд хөрөнгийг шилжүүлсэн баримт дээр ямар эд хөрөнгө шилжүүлсэн, ямар тоо хэмжээтэй, нэг бүрийнх нь үнэ нь хэд юм гэдгийг маш тодорхой бичсэн. Тэгээд түүнийгээ танилцуулаад гарын үсгийн зураад авсан баримт байгаа. Үүнээс худалдах, худалдан гэрээний гол нөхцөлүүдийг талууд тохироод, тохирсны дараа тэр хөрөнгийг шилжүүлсэн байна гэдэг нь харагдаж байна. Мөн аймгийн Засаг дарга лабораторийг очоод үз би зохицуулна гэсэн үг, үсэг хэргийн материалд байхгүй байгаа. Анхан шатны шүүх хуралд хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэг болон 56.1.3 дахь хэсэгт заасан заалтуудыг барьж тайлбарлаж байсан. Энэ 2 заалт нь худалдах, худалдан авах нэг гэрээн дээр яригдах боломжгүй. Нэг нь халхавчилж хийсэн хэлцэл буюу 2 хэлцэл нэг нь нөгөөгөө халхавчлах тухай ойлголт байна. Нөгөөх нь дүр үзүүлсэн хэлцэл буюу хэлцэл хийх бодит хүсэлгүй хэр нь хэлцэл хийж байгаа маяг үзүүлсэн тохиолдолд хэрэглэгдэг 2 өөр зохицуулалтыг нэг гэрээнд хэрэглэх нь боломжгүй гэсэн ийм мэтгэлцээн анхан шатны шүүх дээр явагдсан. Энэ талаар шүүхээс дүгнэлт өгсөн байгаа. Гэтэл давж заалдах гомдол дээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3 дахь хэсэг заасан заалтуудын ноцтой төөрөгдлийн асуудал гээд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлыг давж заалдах гомдол дээр дурдсан байсан. Энэ нөхцөл байдлуудаас харахаар хариуцагч талын байр суурь ойлгомжгүй байна. Үндсэн нэхэмжлэлээс худалдах, худалдан авах гэрээ хуульд заасны дагуу байгуулагдаагүй гэж тайлбарласан мөртлөө суурь нэхэмжлэл гаргахаараа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болоход тооцуулна гэдэг нэхэмжлэл гаргаад байдаг. Тэгэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаараа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдгээ зөвшөөрөөд байгаа юм шиг байдал харагдаад байна. Иймд давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Сая хариуцагчийн тайлбараас харахаар худалдан авч байгаа тоног төхөөрөмжийн хариу төлбөрийг нь төрийн байгууллага төлөх байсан, ийм ойлголттой байсан, манай компани төлөхгүй гэж тайлбарлаад байна. Эд хөрөнгийг төрийн байгууллага өөртөө авч ашиглаагүй, хариуцагч компани авч ашигласан. Хариуцагч компанийн тухайд манайх төрөөс дэмжлэг авахаар боллоо, төрөөс орж ирж байгаа мөнгөөр тоног төхөөрөмжийн үнийг төлчих юм байна гэдэг ийм тооцоололтой байсан байдаг. Гэтэл төрөөс хувийн компанийн авч байгаа хөрөнгийг төлөх боломжгүй, хуулиар хориглоод ирэхээр энэ нь бэлэглэл байсан юм гэдэг агуулгаар тайлбарлаад байна. Тийм байх боломжгүй. Нэгэнт энэ компани тухайн эд хөрөнгийг өөрсдөө үзэж хараад очсон авсан, үнэ төлбөртэй гэдгийг мэдэж байсан. Гол нь үнэ төлбөрийг төрөөр төлүүлнэ гэсэн тооцоолол нь хэрэгжихгүй болонгуут энэ төлбөрийг төлөхгүй байх, эсхүл төр төлөх ёстой байсан гэдэг байдлаар хандах боломжгүй. Худалдагч тал гэрээнд худалдана гэдгээ анхнаасаа илэрхийлж байсан. Тэгэхээр энэ компани төрөөр төлүүлнэ үү, өөрсдөө төлнө үү гэдэг нь худалдагчид ач холбогдолтой зүйл биш юм. Ямартай ч шилжүүлэн өгсөн хөрөнгийнхөө үнийг л авах нь чухал байсан. Төрөөр төлүүлнэ гэсэн тооцооллын алдааг, сөрөг үр дагаврыг худалдагч тал үүрэх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.        

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, хариуцагч талын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.

2. Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй, үйл баримтад эрх зүйн дүгнэлтийг үндэслэлтэй хийгээгүй байна.

3.  Нэхэмжлэгч Р.Ц нь хариуцагч “………” ХХК-нд холбогдуулан мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн 30 нэр төрлийн хөрөнгийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, тус хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийн үнэ 1,995,085 төгрөгийг, мөн худалдсан 98 нэр төрлийн хөрөнгийн үнэ 20,281,988 төгрөг, нийт 22,277,073 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Хариуцагч М.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ,” Лаборторийг аймгаас манай үйлдвэрийг дэмжих зорилгоор өгч байна гэж ойлгосон. Манайд лаборторийг худалдан авах хүсэл зориг байхгүй байсан” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компаниас нэхэмжлэгч Р.Ц-т холбогдуулан 128 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 22,277,073 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Р.Ц, хариуцагч “….” ХХК-ны захирал М.А нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ариун цэврийн лаборатори худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, гэрээний үнэ гэж 12,281,988 төгрөгийг хариуцагч М.А-ээс гаргуулж, Р.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,995,085 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

7. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч Р.Ц нь өөрийн өмчлөлийн мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн 128 нэр төрлийн тоног төхөөрөмж болон бусад эд хөрөнгийг хариуцагч “……….“ ХХК-д хүлээлгэн өгсөн, уг маргаж буй зүйл одоо “…….” ХХК-ийн эзэмшилд байгаа үйл баримт тогтоогдож байна.

Маргаан бүхий дээрхи эд хөрөнгө ямар гэрээ, хэлцэл, тохиролцооны үндсэн дээр “……….“ ХХК-ийн эзэмшилд шилжсэн талаар талууд маргаж байна.

8. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзнэ гэж, Мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж, 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл” гэнэ гэж тус тус заасан байна.

9. Хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, эд хөрөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримтаас  харахад хариуцагч “.....” ХХК нь маргаан бүхий эд хөрөнгийг худалдан авах хүсэл зоригийг худалдагчид илэрхийлээгүй, талууд хөрөнгийг худалдах, худалдан авах үнэ, үнийг төлөх арга хэрэгсэл, хугацаа болон худалдах эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар зэрэг худалдах худалдан авах гэрээнд зайлшгүй тусгавал зохих нөхцөлийн талаар тохиролцоогүй байдал тогтоогдож байна. Энэ нь гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон тохиолдолд  гэрээ байгуулагдсанд тооцох хуулийн зохицуулалттай нийцэхгүй тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

10. Нөгөө талаар нэхэмжлэгч Р.Ц-ын нэхэмжилж буй маргаан бүхий дээрхи эд хөрөнгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь ...... аймгийн .......... сумын .......... даргаар ажиллаж байхдаа хариуцагч компанид шилжүүлэн өгч, улмаар уг компаниас санхүүгийн баримт бүрдүүлэн авч, ........ сумын орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн 8,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч компанийн дансаар дамжуулан бэлнээр авсан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг гэж үзэж,  Б.М-ийг гэм буруутай гэж үзсэн, үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн энэ хууль бус үйлдлийн улмаас маргаан бүхий эд хөрөнгө хариуцагч “.......” ХХК-ийн эзэмшилд шилжсэн байх бөгөөд зөвхөн хэрэгт авагдсан эд хөрөнгө шилжүүлсэн гэх баримтад үндэслэн талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

11. Иймээс нэхэмжлэгч Р.Ц нь “.........” ХХК-иас  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардах эрхгүй байна.

12. Харин нэхэмжлэгч Р.Ц нь  хариуцагч “..... “ ХХК-д ямар нэгэн гэрээ хэлцэл хийх зорилгогүйгээр хууль бус үйлдлийн улмаас маргаан бүхий эд хөрөнгийг шилжүүлсэн, хариуцагч тал тухайн эд хөрөнгийг шударгаар олж аваагүй тул хариуцагч “............” ХХК нь тухайн эд хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

13. Нэхэмжлэгч Р.Ц нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд хариуцагч уг эд хөрөнгийг буцааж өгөхийг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр зөвшөөрсөн байна. Гэвч нэхэмжлэгч маргаан бүхий эд хөрөнгөө буцааж авахгүй гэх бөгөөд худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийн үнэ нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

14. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа  шүүхэд нотлоогүй, тайлбар дүгнэлтээсээ зөрүүтэй агуулга бүхий нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

15. Иймд дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр  сарын 21-ний өдрийн 311/ШШ2025/00172 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Ц-ын хариуцагч “………” ХХК-д холбогдуулан “мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн 30 нэр төрлийн хөрөнгийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, тус хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийн үнэ 1,995,085 төгрөгийг, мөн худалдсан 98 нэр төрлийн хөрөнгийн үнэ 20,281,988 төгрөг, нийт 22,277,073 төгрөгийг гаргуулах, хариуцагч “…………” ХХК-ийн нэхэмжлэгч Р.Ц-т холбогдуулан 128 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 22,277,073 төгрөгийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус, тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус, тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,350 төгрөг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,400 төгрөгийг, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”,  “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.НАМХАЙДОРЖ

                                                                         ШҮҮГЧИД                                         Ч.ЭНХТӨР

                                                                                                                                 Б.АРИУНБАЯР