| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 144/2025/00032/И |
| Дугаар | 203/МА2025/00023 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 203/МА2025/00023
2025 оны 05 сарын 07 өдөр Дугаар 203/МА2025/00023 Даланзадгад сум
Х.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2025/00066 дугаар шийдвэртэй
Х.*******гийн нэхэмжлэлтэй
Их Өлзийт овогт *******гийн *******тэй 1995 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн Лагнаадорж овогт *******ын *******тэй 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл тус тус хамтын амьдралтай байсныг тогтоох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбарын үндэслэл:
Х.******* миний бие нь 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн ******* суманд төрсөн. Өмнөговь аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд 1982 онд элсэн орж 1990 онд 8-р анги төгссөн. Сургуулиа төгсөөд Өмнөговь аймгийн ******* сумын Далай багт ээж Ц.*******, аав Д.******* нарын хамт мал маллаж эхэлсэн. Миний бие нь Б.*******тэй багаасаа үерхэж нөхөрлөсөн ба 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүү З.******* төрсөн. Ингээд 1992 оны намар бид нэг гэрт орж, албан ёсоор гэр бүл болон Өмнөговь аймгийн ******* сумын Далай багт мал маллан хамтран амьдарсан ба 1997 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Б.******* бид нар 2000 оны дуустал хамт амьдарсан ба таарч тохирохгүй улмаас салж тус тусдаа амьдрах болсон. Ингээд Б.*******гээс салж тусдаа амьдарч байх хугацаанд буюу 2002 оноос одоогийн нөхөр Б.*******тэй танилцаж, улмаар гэр бүл болон одоог хүртэл Өмнөговь аймгийн ******* сумын Далай багт мал маллан хамтран амьдарч байна. Б.******* бид хоёр 2003 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн Б.ийг Дундговь аймгийн Өлзийт сумын Б. гэх айлаас 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үрчлэн авч, өөрсдийн овог нэрээр овоглож өсгөсөн. Миний бие нь Б.*******гээс салж тусдаа амьдрах болсон тул 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүү *******ын овог, эцгийн нэрийг өөрчилж, өөрийнхөө нэрээр овоглосон. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний нэр дээр малын А данс гараагүй ба малчнаар ажиллаж байсан талаарх баримтууд бүгд нөхөр Б.******* болон Б.*******гийн нэр дээр гарсан тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж хохироход хүрээд байна. Б.*******тэй гэрлэлтийн баталгаагаа цуцлуулаагүй болохоор Б.*******тэй гэрлэлтээ бүргүүлээгүй өдийг хүрсэн. Ийм намайг Их Өлзийт овогт *******гийн ******* 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31- ний хооронд. Мөн Лагнаадорж овогт *******ын *******тэй 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл тус тус гэр бүл болон хамтран амьдарч байгаа болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтад зааснаар Х.*******гийн Их Өлзийт овогт *******гийн *******тэй 1995 оны01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хооронд, мөн Лагнаадорж овогтой *******ын *******тэй 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл тус тус гэр бүл болон хамтран амьдарч байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Х.******* давж заалдах гомдолдоо:
Нэхэмжлэгч намайг Б.*******тэй гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа тул одоо болтол эхнэр нөхөр гэж үзнэ, гэрлэлтээ цуцлуулсан баримтаа өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Миний бие шүүхэд эхнэр нөхөр мөн үү, биш үү, одоо Б.*******тэй хамт амьдарч байгаа юу үгүй юу гэдгээ тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй. Гэрлэлтээ цуцлуулаагүй ч гэсэн салаад олон жил болсон, өөр өөр хүмүүстэй амьдраад хүүхдүүдтэй болсон хүмүүс зөндөө байдаг. Тийм байхад зөвхөн гэрлэлтээ цуцлуулаагүй учир өөр бусадтай хамтын амьдралтай байж болохгүй, үүнийг тогтоох боломжгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.
Хамтын амьдралтай байсан эсэхийг зөвхөн гэрлэлтийн баталгаагаар хэмжиж, хязгаарлаж, миний эрхийг зөрчиж, хохироож байгаад гомдолтой байна. Миний бие Б.*******тэй гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хамтын амьдралтай байсан, тэр хугацаанд хүү З.******* төрсөн. З.******* нь эцэг Б.*******гээр овоглож байсныг өөрчилж, надаар овоглосон, сүүлд нь гэрлэлтээ батлуулсан, энэ талаар баримтыг хэрэгт хавсаргасан.
Мөн миний бие Б.*******гээс салаад 2002 оноос эхлээд Б.*******тэй гэр бүл болоод хамтран амьдраад одоог хүртэл хамт амьдарч байна. Энэ хугацаанд буюу 2003 онд охин Б.ийг өргөн авч бид өсгөж хүмүүжүүлсэн, өөрсдийн нэрээр овоглосон. Энэ талаарх баримтыг мөн хэрэгт хавсаргасан. Хамтын амьдралтай байснаа тогтоолгох үндэслэл нь миний бие одоо өндөр насны тэтгэвэрт малчин статусаар гарах гэтэл мал маллаж байсныг нотлох мал тооллогын бүртгэл болох малын А данс нь өрхийн тэргүүний нэр дээр гардаг, үүнээс болж миний бие тэтгэвэрт гарах боломжгүй болж хохироход хүрээд байгаа.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож, гэрлэлтийн баталгаатай л бол тухайн хүнтэй эхнэр, нөхөр учир хамт амьдарсан гэж үзнэ, эсхүл гэрлэлтийн баталгаатай л бол бусад хүмүүстэй хамтын амьдралтай байсан гэж үзэхгүй гэх утгатай дүгнэлт хийж, намайг давхар хохироож байгаад гомдолтой байна.
Хамтын амьдрал гэдгийг заавал эхнэр, нөхрийг ойлгоно гэсэн ойлголт байхгүй. Хүн аавтайгаа, ээжтэйгээ, ах, эгч, дүүтэйгээ, хамаатан садантайгаа, бусад хүмүүстэй хамт амьдарч болно. Дээрх хүмүүстэй иргэн хүнд шаардлага гарвал, өөр хамт амьдарсныг тогтоох баримт байхгүй бол шүүхээр тогтоолгодог. Үүнийг тогтоох журмыг хуульд тусгайлан заагаагүй. Хуульд тогтоох журмыг нь тусгайлан заагаагүй бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал-ыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан.
Гэрлэлтээ цуцлах уу? үгүй юу гэдэг хүний эрхийн асуудал. Гэрлэлтээ цуцлуулсан баримт шаардаад байгаагаас дүгнэхэд: Одоо гэрлэлтээ цуцлуулаад гэрлэлт цуцлуулсан баримтаа шүүхэд өглөө гэхэд гэрлэлт цуцлуулснаас өмнөх өөр хүнтэй хамтран амьдарч, үр хүүхэд өгсөн хүмүүжүүлж байсныг тогтоох боломжгүй гэсэн хариуг өгөх юм шиг ойлгогдож байна. Миний бие Б.*******тэй гэрлэлтээ батлуулсан ч тодорхой хугацаанд хамтын амьдралтай байсан, Б.*******тэй гэрлэлтээ батлуулаагүй ч 2002 оноос одоог хүртэл хамтын амьдралтай байгаа нотлох бүх баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Иймд намайг Их Өлзийт овогт *******гийн *******тэй 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хооронд, мөн Лагнаадорж овогт *******ын *******тэй 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл тус тус гэр бүл болон хамтран амьдарч байгаа болохыг тогтоож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2025/00066 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Х.*******гийн нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.
Нэхэмжлэгч Х.******* нь 1995 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Б.*******тэй, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Б.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож гэрлэлтийн баталгаатай л бол тухайн хүнтэй эхнэр, нөхөр учир хамт амьдарсан гэж үзнэ, эсхүл гэрлэлтийн баталгаатай л бол бусад хүмүүстэй хамтын амьдралтай байсан гэж үзэхгүй гэх дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх онцгой ажиллагааны журмаар иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэснээр эрх зүйн тодорхой харилцаа үүсэх, өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болгох үр дагаврыг үүсгэдэг онцлогтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14 тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж зохицуулснаас үзэхэд иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлт нь эрх зүйн ач холбогдол бүхий байх үндсэн шаардлага байгаа эсэхийг үндэслэл бүхий тогтоох нь чухал юм. Ихэнх тохиолдолд төрөөс олгох тэтгэвэр, тэтгэмж, халамж, нөхөн олговор авах эрх үүсгэх зорилгоор энэ төрлийн хүсэлт гаргадаг хэдий ч шүүх тухайн хүсэлт гаргагчийн зорилго, үндэслэл нь эрх зүйн ач холбогдол бүхий байх шинжийг агуулж байгаа эсэхийг зөв шалгаж тогтоох нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр үүсэх бусад харилцааны эхлэл, үр дагавар хуульд нийцсэн байх шаардлагыг хангах суурь нөхцөл нь болдог.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтаас үзвэл:
1. Нэхэмжлэгч Х.******* нь Их өлзийт овогт *******гийн *******тэй 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан нь:
Гэрч С.Отгонжаргалын Х.******* нь Б.*******тэй 1990 онд анх танилцсан. Тэр хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. 1995 оноос 2000 оныг хүртэл хамтран амьдарч байгаад салсан. Х.******* нь Б.*******тэй хамтран амьдарч байхдаа Өмнөговь аймгийн ******* сум Угалзын нүх, Бор азарга гэдэг газар манайхтай айл саахалтууд байдаг байсан болохоор сайн мэдэж байна. гэх мэдүүлэг,
Гэрч М.Ундармаагийн Х.******* нь Б.*******тэй 1995 оноос 2000 оныг хүртэл хамтран амьдарч байгаад салсан. Х.*******, Б.******* хоёр дундаасаа нэг хүүтэй. Х.******* нь хуучин нөхөр болох Б.*******тэй хамтран амьдарч байхдаа Өмнөговь аймгийн ******* сум Угалзын нүх гэдэг газар айл саахалтууд байдаг байсан болохоор сайн мэдэж байна. гэх мэдүүлэг,
Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн №0013525 дугаартай 1990 оны 12 дугаар сарын 04-нд төрсөн ******* овогтой *******ыг Боржигон овогт *******гийн ******* гэж өөрчилснийг 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн 09-рт бүртгэж, гэрчилгээ олгов. гэрчилгээний хуулбар,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Их өлзийт овогт *******гийн *******, Боржигин овогт *******ны ******* нарын гэрлэлтийг 1997 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 7 дугаарт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн Миний бие нь Б.*******тэй багаасаа үерхэж нөхөрлөсөн ба 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүү З.******* төрсөн. Ингээд 1992 оны намар бид нэг гэрт орж, албан ёсоор гэр бүл болон Өмнөговь аймгийн ******* сумын Далай багт мал маллан хамтран амьдарсан ба 1997 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Б.******* бид нар 2000 оныг дуустал хамт амьдарсан ба таарч тохирохгүй улмаас салж тус тусдаа амьдрах болсон. гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Х.*******, Б.******* нар нь 1997 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн хэдий ч түүнээс өмнө хамтран амьдарч байсан нь дээрх үйл баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Их өлзийт овогт *******гийн *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Х.******* нь Лагнаадорж овогт *******ын *******тэй 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтран амьдарч байгаа болох нь:
Гэрч С.Отгонжаргалын Х.******* нь одоо байгаа нөхөр болох Б.*******тэй 2002 оноос хойш одоог хүртэл хамтран амьдарч байгаа. Х.******* нь одоо хамтран байгаа нөхөр Б.*******тэй ******* сумаас баруун хойш Сухайн бууц гэдэг газар амьдарч байгаа. Би Х.*******гийн нөхөр Б.*******гийн дүү нь учраас одоог хүртэл хамт амьдарч байгааг нь сайн мэдэж байна. гэх мэдүүлэг,
Гэрч М.Ундармаагийн Х.******* нь одоо байгаа нөхөр Б.*******тэй 2002 оноос хойш хамтран амьдарч байгаа. Х.*******, Б.******* нар нь нэг охин өргөж авсан. Х.******* одоо хамтран амьдарч байгаа нөхөр Б.******* нар нь манай гэрээс 10-15 километрийн зайтай байдаг. Зун болохоор саахалт болон бууж амьдарцгаадаг учраас сайн мэдэж байна. гэх мэдүүлэг,
Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газраас олгосон №14 дугаартай Эцгийн овог нэр *******ын *******, эхийн нэр Хашхүүгийн *******, Б.*******гийн ийг 2003 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрснийг 2003 оны 03 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн. үрчилсний гэрчилгээний хуулбар,
Өмнөговь аймгийн ******* сумын Далай багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай Тус багийн иргэн ******* овогтой ******* // нь нөхөр ******* овогтой *******гийн хамт ам бүл хоёул Далай багт оршин суудаг нь үнэн болно тодорхойлолт, нэхэмжлэгчийн 2002 оноос одоогийн нөхөр Б.*******тэй танилцаж, улмаар гэр бүл болон одоог хүртэл Өмнөговь аймгийн ******* сумын Далай багт мал маллан хамтран амьдарч байна. Б.******* бид хоёр 2003 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн Б.ийг Дундговь аймгийн Өлзийт сумын Б. гэх айлаас 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үрчлэн авч, өөрсдийн овог нэрээр овоглож өсгөсөн. гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд Х.*******, Лагнаадорж овогт *******ын ******* нар нь 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл хамтран амьдарсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж тодорхой заасан ба хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хамтын амьдралтай байснаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж тодорхойлсон нь дээрх хуулийн заалтад хамаарч байгааг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Х.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 144/ШШ2025/00066 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заалтад зааснаар Х.*******гийн Их Өлзийт овогт *******гийн ******* 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31- ний хооронд мөн Лагнаадорж овогт *******ын *******тэй 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл тус тус гэр бүл болон хамтран амьдарч байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-т зааснаар Х.*******г Их Өлзийт овогтой *******гийн *******тэй 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Лагнаадорж овогтой *******ын *******тэй 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл тус тус хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай. гэж,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Х.*******гээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР