| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 144/2024/00121/И |
| Дугаар | 203/МА2025/00024 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 203/МА2025/00024
2025 оны 05 сарын 07 өдөр Дугаар 203/МА2025/00024 Даланзадгад сум
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Ж.*******т холбогдох иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 144/ШШ2024/00102 дугаар шийдвэртэй
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.*******т холбогдох 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №39/23 тоот "Хүнд даацын тээврийн хэрэгсэл түрээслүүлэх, түрээслэх тухай гэрээ-ний дагуу 20 820 776 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, О.******* нар /цахимаар/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын үндэслэл:
Өндөр Алтайн Зам ХХК нь иргэн Ж.*******тай 2023 оны 08 сарын 17-ны өдөр №39/23 тоот "Хүнд даацын тээврийн хэрэгсэл түрээслүүлэх, түрээслэх тухай гэрээ байгуулан гэрээний тусгай нөхцөлийн 2.1-т заасны нөхцөлийн 2.1-т заасны дагуу 3 сарын хугацаанд *******, *******, *******, ******* улсын дугаартай 4 ширхэг өөрөө буулгагчийг компанийн гүйцэтгэж буй авто замын төслийн ажилд ашиглах зорилгоор түрээслэхээр харилцан тохиролцсон.
Ж.******* нь 2023 оны 08 сарын 20-ны өдөр 3 ширхэг техникийн төслийн талбайд авчирсан тул гэрээний тусгай нөхцөлийн 1.1-т "Техник ажлын талбай дээр очсоноор техник бус бүрт 2,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлнэ 8.1-т '...Түрээслэгч нь ажлын талбай хүртэлх түлшийг түрээсийн техник байгаа газар болох Өвөрхангай аймгаас литр тутмыг 3,200-өөр тооцон техник тус бүрт 250 литр түлш, нийт 1,000 литр түлшний үнэ болох 3,200,000 төгрөгийг энэхүү гэрээ байгуулагдмагц Түрээслүүлэгч тал хариуцна гэж тус тус заасны дагуу тухайн өдөр нь манай төслийн талбайд ирсэн техник тус бүрийн урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөг, Өвөрхангай аймгаас ирсэн замын зардалд 800,000 төгрөг буюу тус бүрт 2,800,000 төгрөг нийт 8,400,000 төгрөгийг Ж.*******ын эзэмшлийн Хаан банк дахь тоот дансанд шилжүүлнэ.
Гэтэл Ж.******* нь төслийн талбайд 3 хоног ажил гүйцэтгээд манай компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр, гэрээний хугацаа дуусахаас өмнө техникээ буцаан татсан. Тухайн 3 өдөрт Ж.******* нь гэрээний дагуу нийт 1,973,774 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Урьдчилгаа төлбөр болон замын зардалд шилжүүлсэн нийт 8,400,000 төгрөг, гэрээний тусгай нөхцөлийн 8.3-д Түрээслүүлэгч талын түрээсийн техникийн ажиллах түлш, шатахууныг Түрээслэгч хариуцна гэж заасны дагуу ажил гүйцэтгэхэд нь зориулж тухайн 3 техникт хийсэн түлшний үлдэгдлийн үнэ болох 1,194,550 төгрөг, нийт 9,594,550 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасахад манай компани Ж.*******аас 7,620,776 төгрөгийн авлагатай болж байна.
Мөн гэрээний 10.4-т "...гэрээний хугацаа дуусахаас өмнө техникээ буцаан татсан тохиолдолд энэхүү тусгай нөхцөлийн 8.1-д дурдсан тээвэрлэлтийн зардлыг Түрээслэгчид нөхөн төлөхөөс гадна нэг сарын түрээсийн төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг Түрээслэгчид төлнө гэж заасан ба гэрээний хавсралт №1-т 1 сарын түрээсийн үнэ техник тус бүр 11,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөг байх ба үүний 30 хувь 13,200,000 төгрөгийн торгуулийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.
Иймд Түрээслүүлэгч Ж.******* талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хугацаа дуусахаас өмнө техникээ буцаан татсан тул 2023 оны 08 сарын 17-ны өдрийн №39/23 тоот "Хүнд даацын тээврийн хэрэгсэл түрээслүүлэх, түрээслэх тухай гэрээ-ний дагуу нийт 20,820,776 төгрөгийг Ж.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын үндэслэл:
Би очоод 4 хоног ажилласан байгаа. 4 хоног ажиллах хугацаанд Өндөр алтай зам ХХК асфальтын үйлдвэр ажиллуулдаг тухайн үед хятадууд нь төлбөр тооцоогоо өгөхгүй байгаа жолооч нар нь нэг өдөр ажиллаагүй зогссон гэдгийг бүгд мэдэж байгаа. Миний буцах болсон шалтгаан болсон. Би буцаж явахдаа нөхцөл байдал, төлбөр тооцоогоо өгөхгүй байна, хүмүүс чинь ийм байдалтай байна гэдгийг нь хэлээд явсан. Дарга гээд 9911-тэй дугаараас залгаж ярихад нь нөхцөл байдал хэцүү цаашдаа ажиллах боломжгүй танайх түрээс тооцоогоо өгөхгүй 2 сар ажилласан хүмүүс нь түрээс тооцоогоо авч чадахгүй хятадууд нь үйлдвэрээ зогсоосон, Би 4 өдөр ажилласан, 4 өдөр ажилласан бага зэргийн зөрүү гарах байх, тэрийгээ бодоод явуулаарай, би үлдэгдэл мөнгийг чинь буцааж шилжүүлнэ гэдгээ хэлчихсэн, тийм нөхцөл байдал үүсээгүй бол ажлаа хаяж явахгүй ажиллаад байж байсан, замын компаниуд ер нь одоо хэцүү байдаг. 30% алданги дээр санал нийлэхгүй байна ийм муухай, том компани байж, би гурван машин авч очсон дөрвөн машин болгоод нэг машин нэмчихсэн байна. Миний машинуудын дугаарууд *******, *******, ******* техникүүд байгаа үлдэгдэл зөрүү мөнгийг бол өгнө 30% санал нийлэхгүй очиход нөхцөл байдал тийм байсан. Би явж очоод ажлаа хийсэн гэрээнийхээ дагуу очсон эхний өдөр намайг ажилд гаргаагүй яагаад гэвэл Өндөр алтай зам ХХК талаас техник нь эвдрэлтэй гээд ажилд гаргаагүй, би бол үндсэндээ түрээсийг нь бодохоор 12,000,000 төгрөг гээд өдрийн 400,000 төгрөгөөр очиж ажилласан юм нөат оруулахгүй 11,000,000 төгрөг гэж бодож байсан байх, түлшний үлдэгдэл дээр бол тусдаа түлш аваагүй, наад компани чинь бол арай л биш байгаа даа. Өөр хэлээд байх юм алга тэр 30% алданги хүлээн зөвшөөрөхгүй, харин өдрийн 400,000 төгрөгөөр 4 өдрийн мөнгө нийт үлдэгдэл 1,200,000 төгрөгийг өгөх талаар өмгөөлөгчдөө хэлсэн байгаа өмгөөлөгч тайлбар хэлэх байхаа. 30% алданги санал нийлэхгүй байна. Гэрээний дагуу очиж ажилсан, мөнгө төгрөгийг нь авчхаад алга болоогүй гэжээ.
3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.*******аас 2,394,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,426,226 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,053.88 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.*******аас 53,262.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* давж заалдах гомдолдоо: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс Өндөр Алтайн Зам ХХК болон иргэн Ж.******* нарын хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №39/23 тоот Хүнд даацын тээврийн хэрэгсэл түрээслүүлэх, түрээслэх тухай гэрээ нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал,
1. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулсан №39/23 тоот Хүнд даацын тээврийн хэрэгсэл түрээслүүлэх, түрээслэх тухай гэрээ-ний 10.4-т дуусахаас өмнө техникээ буцаан татсан тохиолдолд энэхүү тусгай нөхцөлийн 8.1.-д дурдсан тээвэрлэлтийн зардлыг түрээслэгчид нөхөн төлөхөөс гадна нэг сарын түрээсийн төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг түрээслэгчид төлнө. гэж тодорхой заасны дагуу ажлын талбай хүртэлх замын зардал болох 2,400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Гэтэл анхан шатны шүүх уг хэсгийг орхигдуулан, гэрээний 10.4-т заасан торгуулийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасантай нийцээгүй байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гарсан бодит хохирол буюу тухайн ажил гүйцэтгэх техникүүдийг ажлын талбайд ирэхэд нь зориулж олгосон мөнгийг Иргэний хуульд заасан анзтай хамаатуулж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна.
2. Анхан шатны шүүхээс хариуцагч Ж.*******ын хариу тайлбар нь талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1, 8.1-д заасантай нийцсэн байна гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй.
Учир нь Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа миний бие дээрх 3 машинаа Цагаанхад түрээсийн талбайд авч ирээд 4 хоног түрээслүүлсэн. 1 хоногийн түрээс 400,000 төгрөг, 12 сая төгрөг байхаар тохиролцсон. 4 хоногийн түрээс 1 машины 1,600,000 төгрөг, 3 машины 4,800,000 төгрөг болж байгаа... гэж тайлбарласан нь бодит байдалтай нийцээгүй бөгөөд хариуцагчийн тайлбараас өөр нотлох баримтаар нотлогддоггүй. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь түрээсийн гэрээ бус ажил гүйцэтгэх гэрээ юм. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг хоногоор бус ажлын бодит гүйцэтгэлээр тооцож төлөхөөр харилцан тохиролцож гэрээнд тусгасан байдаг. Ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн зүгээс Ж.*******ын эзэмшлийн 3 техникийн ажилласан хугацааны тооцоо нэгтгэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг тооцоо нэгтгэлээр 3 техник нь нийт 1,973,774 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь харагддаг. Мөн нийт ажил гүйцэтгэхэд нь зориулж олгосон түлшний үлдэгдлийг тооцоход 1,194,550 төгрөг байгаа нь харагдана. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч өөрийн тайлбартай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн. Уг хуулийн заалт нь хариуцагчид мөн хамааралтай заалт бөгөөд хариуцагч нь түрээсэлсэн техникийн ажилласан хугацаатай холбоотой тайлбараа баримтаар нотолж чадаагүй. Мөн хариуцагч нь түрээсийн техникийн 1 хоногийн төлбөр 400,000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөр 12,000,000 төгрөг байхаар тохиролцсон гэж тайлбарладаг боловч №39/23 тоот Хүнд даацын тээврийн хэрэгсэл түрээслүүлэх, түрээслэх тухай гэрээ-ний хавсралтад түрээсийн техник тус бүрийн нэг сарын түрээсийн төлбөр 11,000,000 төгрөг байна гэж заасан байдаг.
3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 10.4-т ...гэрээний хугацаа дуусахаас өмнө техникээ буцаан татсан тохиолдолд энэхүү тусгай нөхцөлийн 8.1.-д дурдсан тээвэрлэлтийн зардлыг Түрээслэгчид нөхөн төлөхөөс гадна нэг сарын түрээсийн төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг Түрээслэгчид төлнө.' гэж заасан нь Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасантай нийцсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээний 10.4-т заасан торгуулийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцээгүй байна гэж дүгнэж нэг сарын түрээсийн төлбөрийн 30 хувьтай тэнцэх торгууль болох 13,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 144/ШШ2024/00102 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 20,820,776 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд зөв тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, талууд гэрээгээр торгууль төлөхөөр тохиролцсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчээс энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчаас гаргуулах торгуулийн хэмжээ нь хуульд нийцээгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна.
4. ******* ХХК нь Ж.*******тай 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хүнд даацын тээврийн хэрэгсэл түрээслүүлэх, түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээний 1-т Энэхүү гэрээний дагуу түрээслүүлэгч нь өөрийн эзэмшлийн Хавсралт №1-д заасан тоо, ширхэг үзүүлэлт бүхий техникээр Өмнөговь аймаг дахь түрээслэгчийн заасан талбайд тухайн техникийн тусламжтайгаар хийж гүйцэтгэх ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор түрээслэх, түрээслэгч нь Хавсралт №1-д заасан төлбөрийг төлөхөөр тохиролцжээ. /хх-7-11/
5. Нэхэмжлэгч шаардлагаа урьдчилгаа төлбөр болон замын зардалд шилжүүлсэн нийт 8,400,000 төгрөг, гэрээний тусгай нөхцөлийн 8.3-д Түрээслүүлэгч талын түрээсийн техникийг ажиллах түлш, шатахууныг түрээслэгч хариуцна гэж заасны дагуу ажил гүйцэтгэхэд нь зориулж тухайн 3 техникт хийсэн түлшний үлдэгдлийн үнэ болох 1,194,550 төгрөг, нийт 9,594,550 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасахад манай компани Ж.*******аас 7,620,776 төгрөгийн авлагатай болж байна. Мөн гэрээний 10.4-т "...гэрээний хугацаа дуусахаас өмнө техникээ буцаан татсан тохиолдолд энэхүү тусгай нөхцөлийн 8.1-д дурдсан тээвэрлэлтийн зардлыг түрээслэгчид нөхөн төлөхөөс гадна нэг сарын түрээсийн төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг түрээслэгчид төлнө гэж заасан ба гэрээний хавсралт №1-т 1 сарын түрээсийн үнэ техник тус бүр 11,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөг байх ба үүний 30 хувь 13,200,000 төгрөгийн торгуулийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй гэж тайлбарласан.
Хариуцагч нь Би явж очоод ажлаа хийсэн гэрээнийхээ дагуу очсон эхний өдөр намайг ажилд гаргаагүй яагаад гэвэл Өндөр алтай зам ХХК талаас техник нь эвдрэлтэй гээд ажилд гаргаагүй. Би бол үндсэндээ түрээсийг нь бодохоор 12,000,000 төгрөг гээд өдрийн 400,000 төгрөгөөр очиж ажилласан юм нөат оруулахгүй 11,000,000 төгрөг гэж бодож байсан байх, түлшний үлдэгдэл дээр бол тусдаа түлш аваагүй. Тэр 30% алданги хүлээн зөвшөөрөхгүй. Харин өдрийн 400,000 төгрөгөөр 4 өдрийн мөнгө нийт үлдэгдэл 1,200,000 төгрөгийг өгнө гэж татгалзжээ.
5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5.2. Талуудын байгуулсан гэрээний хавсралт 1-ийн 1-д төлбөрийн хуваарийг тохиролцсон байх бөгөөд Ж.******* нь төслийн талбайд 3 хоног ажил гүйцэтгээд гэрээний хугацаа дуусахаас өмнө техникээ буцаан татсан. Өндөр алтай зам ХХК нь урьдчилгаа төлбөр болон замын зардалд нийт 8,400,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.
Түүнчлэн зохигчдын байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 8.3-д Түрээслүүлэгч талын түрээсийн техникийн ажиллах түлш, шатахууныг түрээслэгч хариуцна гэж заасны дагуу ажил гүйцэтгэхэд нь зориулж тухайн 3 техникт хийсэн түлшний үнэ 1,194,550 төгрөг, нийт 9,594,550 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасч тооцоход Ж.*******аас 7,620,776 төгрөгийн авлагатай талаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаасан тайлбарыг гаргаагүй байх тул дээрх төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
5.3. Торгуулийн тухайд талуудын хооронд байгуулсан гэрээний 10.4-т Хэрэв түрээслүүлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг талын санаачлагчаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, гэрээнээс татгалзсан буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө техникээ буцаан татсан тохиолдолд энэхүү тусгай нөхцөлийн 8.1-д дурдсан тээвэрлэлтийн зардлыг түрээслэгчид нөхөн төлөхөөс гадна нэг сарын түрээсийн төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг түрээслэгчид төлөхөөр тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
Мөн хуулийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь торгуулийг хариуцагчаас шаардах эрхтэй байх боловч хариуцагч Ж.******* нь гэрээнээс татгалзах үндэслэлээ 4 хоног ажиллах хугацаанд Өндөр алтай зам ХХК асфальтын үйлдвэр ажиллуулдаг тухайн үед хятадууд нь төлбөр тооцоогоо өгөхгүй байгаа жолооч нар нь нэг өдөр ажиллаагүй зогссон гэдгийг бүгд мэдэж байгаа. Миний буцах болсон шалтгаан болсон. Би буцаж явахдаа нөхцөл байдал, төлбөр тооцоогоо өгөхгүй байна, хүмүүс чинь ийм байдалтай байна гэдгийг нь хэлээд явсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал няцаасан тайлбар гаргаагүй, дээрх байдлаас түрээслүүлэгч гэрээнээс татгалзах нөхцөл байдал үүсээгүй талаарх үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу торгуулийг 30 хувиар тохирсныг 10 хувиар багасгаж тооцон хариуцагчаас гаргуулах нь гэрээний талуудын шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
6. Иймд, талуудын байгуулсан түрээсийн гэрээний үүрэгт 7,620,776 төгрөг, торгууль 4,400,000 төгрөг нийт 12,020,776 төгрөгийг хариуцагч Ж.*******аас гаргуулж, нэхэмжлэгч Өндөр алтай зам ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 144/ШШ2024/00102 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 232.6 гэснийг Иргэний хуулийн 232.8 гэж, 2,394,550 төгрөгийг гэснийг 12,020,776 төгрөгийг гэж, нэхэмжлэлийн шаардлагаас 18,426,226 төгрөгийг гэснийг нэхэмжлэлийн шаардлагаас 8,800,000 төгрөгийг гэж,
2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 гэснийг 56.2 гэж, 53,262.8 төгрөгийг гэснийг 207,282 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,053 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР