Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 214/МА2025/00011

 

 

К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ер*******ий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 304/ШШ2025/00216 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: К******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* ******* ХХК-д холбогдох,

40,041,840 /дөчин сая дөчин нэгэн мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Т.Л*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М*******-*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ... Манай компани нь Б******* ******* ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нийт 180 тн мах бэлтгэн нийлүүлэх №20.0929/01 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 100 тн үхрийн махыг 1 кг-ийг 6,500 төгрөгөөр, 80 тн хонины махыг 1кг-ийг 5,300 төгрөгөөр бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон.

Манай компани нь урьдчилгаа төлбөр болгож эхний удаа 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 350,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 106,000,000 төгрөг, нийт 456,000,000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн. Гэтэл Б******* ******* ХХК нь зөвхөн 2 удаа нийлүүлэлтээр үхрийн мах 8 тн /8,628.6 кг/, хонины мах 20,9 тн /1020 гулууз/ буюу нийт 71,558,160 төгрөгийн үнэ бүхий мах бэлтгэж өгсөн. Гэрээний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүх махаа нийлүүлэх үүрэгтэй байсан боловч Б******* ******* компанийн захирал Т.Л******* нь мах үнэд орсон учир гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж мэдэгдээд үлдэгдэл төлбөр буюу 384,441,840 төгрөгөөс 8 удаагийн төлөлтөөр цувуулж нийт 244,400,000 төгрөгийг буцааж өгч 40,041,840 төгрөгийг эргэж өгөөгүй байна. Б******* ******* ХХК-ийн захирал Т.Л******* янз бүрийн шалтаг тоочин үлдэгдэл мөнгийг төлөхгүй байгаа тул 40,041,840 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар: К******* ХХК нь Б******* ******* ХХК-аар мах бэлтгэлийн ажил үйлчилгээ явуулж үүнээс 40,040,840 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь уг компани нь манайхаас махны үнийн зөрүү болон өөрийн алдагдлаа нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь баримтаар нотлогдох тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б******* ******* ХХК-аас 25,507,400 /хорин таван сая тавин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,534,440 /арван дөрвөн сая таван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөч/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,159 /гурван зуун тавин найман мянга нэг зуун тавин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* ******* ХХК-аас 285,487 /хоёр зуун наян таван мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн төлөөлөгч Т.Л******* нь давж заалдсан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн нийлүүлсэн хонь үхрийн махны хэмжээ болон кг бүрийн үнийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт болох хонины мах 20,875.7 кг махыг 1 кг-ийг нь 6,000 төгрөгөөр тооцож 125,254,200 төгрөг, үхрийн мах 8,691.2 кг махыг 1 кг-ийг нь 7,000 төгрөгөөр тооцож 60,838,400 төгрөг нийт нийлүүлсэн махны үнэ 186,092,600 төгрөг гэсэн дүгнэлт үндэслэлтэй болсон гэж үзэж байна.

Харин дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд "Комит сервис" ХХК нь Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №201030/07/434 дугаартай "Мал мах бэлтгэх, махны нөөц бүрдүүлэх, түүнийг хадгалах, худалдан борлуулахад хяналт тавих" тухай гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний зорилго нь "...Нийслэлийн хүн амын 2021 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд орон нутгийн малчин, үндсэн болон гэрээт брокероор дамжуулан мал, мах бэлтгэх, махны нөөц бүрдүүлэхэд арилжааны банкны шаардлага хангасан аж ахуйн нэгжтэй талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах, эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршино гэж тодорхойлсон.

1.Уг гэрээний 2.3.7-д "хавсралт 8 Бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжид 3,000,000,000 /гурван тэрбум/ төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн тухай Төрийн банкны Зээлийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 97/01 дугаар шийдвэр, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10/6507 тоот албан бичиг-ээр "К*******" ХХК нь дээрх гэрээний дагуу Төрийн банкнаас зээл авч улмаар мах бэлтгэн нийлүүлэгч бусад иргэн брокеруудаас мах бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон байна. Тэгэхээр уг гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээл олгох шийдвэр гарч санхүүжилт хийгдсэн гэж үзэхээр байна.

Гэтэл К*******" ХХК нь Б******* ******* ХХК-тай байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №20.0929/01 дугаартай гэрээ, уг гэрээний нэмэлт гэрээ болох 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №20.0929/01 Дэд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Энэхүү нэмэлт гэрээний 3.5, 3.6-д зааснаар үхрийн мах 100 тн, хонины мах 80 тн нийт 180 тонн махыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үхэр 30 тн, хонь 25 Тн, 2020 оны 12 сарын 25-нд үхэр 30 тн, хонь 25 тн, 2021 оны 01 сарын 30-ны өдөр үхэр 40 тн, хонь 30 тн гэх хуваариар нийлүүлэхээр тохиролцож, уг гэрээний 4.2-т "Бэлтгэн нийлүүлэгч захиалагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээрээс урьдчилгаа төлбөрийг мах бэлтгэлийн ажлыг эхлүүлэхэд шаардлагатай 80 хувь болох 859,200,000 /найман зуун тавин есөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлтгэн нийлүүлэгчийн банкны тоот дансанд шилжүүлнэ" гэж заасан, гэрээний 4.4-т Энэхүү гэрээнд Б******* ******* ХХК-ийн агуулахаас "К******* ХХК-ийн агуулах хүртэлх мах, махан бүтээгдэхүүн тээвэрлэх зардал, үйлчилгээ ороогүй бөгөөд тус зардлыг "К*******" ХХК нь бүрэн хариуцна гэж, 4.5-д "Захиалагч тал мал, мах бэлтгэлийн санхүүжилтийг тогтоосон цаг хугацаанд гэрээний дагуу бүрэн олгоно гэж тус тус тохиролцсоныг захиалагч тал болох "Комит сервис" ХХК нь зөрчсөн байна.

Энэ нь нэхэмжлэгч "К*******" ХХК-ийн нэхэмжлэл болон хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогддог бөгөөд гэрээ ёсоор 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 859,200,000 төгрөгийн санхүүжилтийг хийх ёстой байхад 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 350,000,000 төгрөг, 2020 оны 12 сарын 24-ний өдөр 106,000,000 төгрөг, нийт 456,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь харагдаж байгаа болно.

Дээрх байдлаар захиалагч "К*******" ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, улмаар санхүүжилт хоцорсон, улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргийг биелүүлэхэд нэмэлт зардал гарах болсон нь нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчилтэй салшгүй холбоотой гэж үзэж байна.

... Гэрээний төлбөр орж ирэх үед хөл хорио тогтоосонтой холбогдуулан малчид махаа авч ирж өгөх боломжгүй болж "Б******* ******* ХХК-ийн захирал Т.Л******* миний бие өөрөө хөргүүртэй машин, жолоочтой хөлсөлж, Аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авч байж, өөр бусад сум орон нутгийн иргэд, малчдаас махыг нь тухайн орон нутагт нь очиж авах ажлыг зохион байгуулж байсан.

Хорио цээрийн дэглэм тавьсан буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан гарсан зардал нь Хөвсгөл аймаг Мөрөн сумаас Я.Наранчулуунаас мах авахад *******- ******* БУН дугаартай Волво машины жолооч Т.Б******* болон ачигч, мал эмнэлгийн бичиг зэрэг зардалд 2,535,000 төгрөг, 82- БУА дугаартай машины жолооч Л.Б болон ажигч, мал эмнэлгийн бичиг зэрэг зардалд 2,595,000 төгрөг, Булганаас Улаанбаатар руу К*******-ийн Бд хонины мах ачихад 10 ачигчид 200,000 төгрөг, өөрийн машинаар өөрөө жолоо барин Хөвсгөл аймаг Мөрөн сум 3 удаа очиж ачихад түлшний зардалд 900,000*3=2,700,000 төгрөг, Булган аймаг Булган сум болон Г сумаас мах очиж авахад 850,000 төгрөг, Булган аймгийн Тэшиг, Баян- Агт, Сайхан сумаас *******-******* БУН дугаартай волво машинтай мах авахаар очсон зардалд 3,500,000 төгрөг зэргээр маш их төлөвлөөгүй зардлууд гарсан. Ингээд нийт 12,380,000 төгрөгийн зардал баримтаар гарсан болно.

Уг зардал нь нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаа хэмжээгээр төлбөрөө шилжүүлээгүйгээс шалтгаалан хугацаа алдаж, улмаар давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлт нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан гарсан хохирол тул уг төлбөрийг нэхэмжлэгчид төлөхгүй байх үндэслэлтэй гэж үзэн нэхэмжилсэн дүнгээс хасуулахаар тайлбар татгалзлаа баримтын хамт гаргасан болно.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх хэсэгт "Хариуцагч тал хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зарлагын баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.2-т "Гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хугацаанд нь хүлээн аваагүй бол ажлын үр дүн ажил гүйцэтгэгчийн эзэмшилд байсан ч гэсэн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас бий болох үр дагаврыг захиалагч хариуцна гэж заасан бөгөөд улс орон даяар ковид-19 цар тахлын хөл хорио тавьж, улмаар зорчих хөдөлгөөн бүрэн хаагдсан байхад гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр ажиллаж, улмаар нэхэмжлэгч К*******" ХХК-аас Булган аймгийн онцгой комисст хүргүүлсэн бичгийн дагуу зөвшөөрөл авч, орон нутгуудад зорчин малчдаас махыг авч, гэрээгээр хүлээсэн үүргээ боломжит хэмжээнд гүйцэтгэсэн бөгөөд үүнтэй холбогдуулан гарсан зардал 12,380,000 төгрөгийг төлөхгүй гэж татгалзан, улмаар гарсан зардалтай холбоотой санхүүгийн анхан шатны баримтуудыг эх хувиар нь гаргаж өгсөн.

 

2.Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 1- д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Мөн хуулийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно", 344.2-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнийн жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцож хөлс төлнө" гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд дээрх ажил гүйцэтгэх гэрээний нийт дүн нь 1 тэр бум гаруй төгрөг бөгөөд гэрээ бүрэн биелсэн тохиолдолд уг гэрээний Үнийн дүнгийн 8-10 хувьтай тэнцэх хэмжээний хөлс олгохоор тохиролцсон, мах бэлтгэн нийлүүлэх гэрээний зах зээлийн ханш нь гэрээний дүнгийн 8-10 хувиар хөлсийг тогтоодог тухай хариуцагчийн төлөөлөгч Т.Л******* тайлбарласан бөгөөд гэрээ бүрэн биелээгүй хэдий ч Иргэний хуулийн 346.2-т ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заасан бөгөөд гэрээний зохих хэсэг буюу гэрээгээр тохирсон нийт нийлүүлэх 180 тн мах нийлүүлэх ажлын тодорхой хэсэг буюу 186,092,600 төгрөгийн махыг бэлтгэн нийлүүлсэн байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч талаас төлж барагдуулах ёстой тул үлдэгдэл 13,127,400 төгрөг нь гүйцэтгэсэн ажлын хэсэгт тохирсон ажлын хөлс болно.

Иймд гүйцэтгэсэн ажлын хэсэгт тохирсон ажлын хөлсийг буцаан шаардах нь үндэслэлгүй бөгөөд гүйцэтгэгдсэн буюу нийлүүлэгдсэн махны хэмжээний хувь хэсгээс тодорхойлж ажлын хөлс төлөх нь зүйтэй бөгөөд 29 тн гаран мах буюу 186,092,600 төгрөгийн мах бэлтгэн нийлүүлэх ажлыг ямар нэгэн төлбөргүйгээр авч байгаа нь нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж байна.

Иймд мал мах бэлтгэн нийлүүлэх гэрээ-ээр захиалагчаас шилжүүлсэн нийт 456,000,000 төгрөгөөс буцаан төлөх төлбөр байхгүй болохыг дээрх байдлаар дэлгэрэнгүй тодорхойлон тайлбарлаж холбогдох баримтыг гаргаж өгсөн 244,400,000 төгрөгийг буцаан өгсөн болно.

Ингээд /125,254,200+60,838,400+12,380,000+13,127,400=211,600,000/ бөгөөд шүүхийн шийдвэрийн 25,507,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М*******-******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийт хүлээж авсан махны үнэ болон хэмжээний хувьд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагадаа бүрэн тодорхой нотолж чадаагүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд харилцсан чатад үзлэг хийснээр үхрийн мах болон хонины махны зөрүү үнийг тодорхойлж, анхан шатын шүүх шийдвэрлэсэн. Хүлээн авсан махны үнийн хувьд хариуцагч талаас гомдол гаргаагүй. Харин гомдолтой байгаа хэсэг нь анх байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дэд гэрээгээр захиалагч тал буюу К******* ХХК-аас гэрээний дагуу махны төлбөрийг хугацаандаа өгөөгүй. 2020 онд ковидын цар тахалтай холбоотой бүх нийтийн бэлэн байдал буюу 2020 оны 04 дүгээр сард болон Корона вирус, цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх нийгэм, эдийн засгийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаад, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж орон нутгуудад хөдөлгөөн хориглосон. Мах бэлтгэн нийлүүлэх гэрээний зорилго нь К******* ХХК-аас махны мөнгөө өгөөд, мөнгийг нь Б******* ******* ХХК-аас орон нутгийн мах бэлтгэн нийлүүлдэг брокерууд нь Булган аймгийн Булган суманд буюу Б******* ******* ХХК-ийн махны агуулахад махаа өгөх ёстой байсан. Гэтэл гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, зээл бүтээгүй гэдэг шалтгаанаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дахин гэрээ хийж, гэрээгээр тохирсон хугацаандаа буюу 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 859,200,000 төгрөгийг төлөх ёстой байтал энэ дүндээ хүрэхгүй төлбөр буюу 350,000,000 төгрөгийг эхэлж өгсөн. Гэтэл корона вирусийн цар тахлын улмаас хөл хорио тавигдаж, компанийн зүгээс улсын онцгой комиссоос бичиг авч, Комит сервис ХХК-аас мах бэлтгэн нийлүүлэх тендерт холбогдсонтой холбоотой бичгийн тодорхойлолтыг авч, улмаар орон нутгуудад очиж махыг ачиж авчрах шаардлага үүссэн. Үүнтэй холбоотой хариуцагч компанийн зүгээс гарсан зардал нь 12,380,000 төгрөг байна. Уг зардал нь нэхэмжлэгч талын гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гарсан зардал байгаа. Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.2 дахь хэсэгт заасны дагуу 12,380,000 төгрөгийн зардлыг захиалагч буюу Комит сервис ХХК хариуцах ёстой. Гэтэл гэрээгээр тохиролцоогүй учраас шийдвэрлэх боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайн хэсэгт нь гомдолтой байгаа.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгээс 12,380,000 төгрөгийн зардлыг хасахаар үлдэгдэл нь 13,127,400 төгрөг болж байна. Талуудын хооронд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна... Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. 456,000,000 төгрөг авсан тооцооны хувьд 244,400,000 төгрөгийг буцааж өгсөн, 25,254,200 төгрөгийн хонины мах нийлүүлсэн, 60,838,400 төгрөгийн үхрийн мах нийлүүлсэн. Энэ шүүхийн шийдвэрээр тодорхойлогдсон байгаа. 25,000,000 төгрөгийн хангагдсан хэсэгт давагдашгүй хүчин зүйлийн улмаас гарсан зардал болон гүйцэтгэсэн ажлын хэсэгт тохирсон хөлс учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэсэн гомдлыг хариуцагчийн төлөөлөгч бичгээр гаргасан. Уг гомдлыг өмгөөлөгчийн зүгээс бүхэлд нь дэмжиж байгаа гэв.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр, хуульд нийцсэн шийдвэр байна. Хариуцагч талаас нийт 456,000,000 сая төгрөг гарснаа хүлээн зөвшөөрдөг. Мөн нийлүүлсэн махны хэмжээ тохирдог. Үүнээс 60,838,400 төгрөгийн махыг нийлүүлсэн. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад яригдаагүй. Тухайн гэрээ цуцлагдаад 244,100,000 төгрөгийг буцаан шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч талаас төлбөр болох 40,000,000 сая төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан боловч шүүхээс тухайн үед махны үнэ өссөн гэдгийг хариуцагч талаас мэдэгдэж, нэхэмжлэгч тал хариу тайлбар гаргаагүй учраас зах зээлийн үнэлгээгээр бодож, нэхэмжлэгч тал 25,527,400 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн нь хуульд нийцэж байна. Хариуцагч тал ажлын хөлс авах ёстой гэдэг байдлаар тайлбар гаргаж байна. Гэтэл уг маргаан бүхий гэрээнд ямар нэгэн байдлаар ажлын хөлс дурдагдаагүй байгаа. Учир нь хариуцагч тал мах нийлүүлээд ашиг авна гэдэг байдлаар гэрээ бичгээр хийгдэх боломжтой байсан боловч хариуцагч тал хийгээгүй.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Т.Л*******ийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь ...манай компани гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болгож эхний удаа 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 350,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 106,000,000 төгрөг, нийт 456,000,000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн. Б******* ******* ХХК нь зөвхөн 2 удаа нийлүүлэлтээр үхрийн мах 8 тн /8,628.6 кг/, хонины мах 20,9 тн /1020 гулууз/ буюу нийт 71,558,160 төгрөгийн үнэ бүхий мах бэлтгэж өгсөн. Гэрээний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүх махаа нийлүүлэх үүрэгтэй байсан боловч Б******* ******* компанийн захирал Т.Л******* мах үнэд орсон учир гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж мэдэгдсэн. Үлдэгдэл төлбөр буюу 384,441,840 төгрөгөөс 244,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 40,041,840 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулна гэж,

Хариуцагч нь ...Тухайн үед үхэр болон хонины махыг гэрээнд заасан үнээр нийлүүлэх боломжгүй болсон тухайгаа илэрхийлж чатаар удаа дараа саналаа хэлсэн. Нийт 20875,7 кг хонины махыг 6000 төгрөгөөр тооцож нийлүүлсэн. 8691 кг үхрийн махыг нийлүүлсэн. Үхрийн 1 кг махыг 7000 төгрөгөөр тооцохоор 60,838,400 төгрөг болж байна. Нэхэмжлэгчид 244,400,000 төгрөгийг өгсөн. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн цаг үеийн нөхцөл байдал хөл хориотой холбоотой давагдашгүй хүчин зүйлийн улмаас гарсан зардал байгаа. 12,380,000 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлыг захиалагч үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн учир иргэний хуульд заасны дагуу захиалагч хариуцах ёстой гэж үзэж байгаа. 456,000,000 төгрөг авсан. Үүн дээр маргахгүй байгаа. Тооцоогоор 125,254,200 төгрөгийн хонины мах, 60,838,400 төгрөгийн үхрийн мах, 12,380,000 төгрөгийн зардал, 244,400,000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 13,127,400 төгрөгийн тооцоо үлдэж байгаа. Энэ тооцоог Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж үзэж байгаа. Үндсэн гэрээ бол 1 тэрбум төгрөгийн гэрээ байсан юм байна. Гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнд 100.0 сая төгрөгийн мах нийлүүлсэн юм байна. Тэгэхээр энэ махны нийлүүлсэн тохиролцоогоор 10 орчим хувийг хөлсөнд авах тохиролцоо байсан учир 13,127,400 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд Т.Л******* буюу Б******* ******* ХХК авах эрхтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэсэг гэрээний хөлс юм. Тийм учраас буцааж төлөхгүй гэж маргажээ.

3.Анхан шатны шүүх хариуцагч Б******* ******* ХХК-аас 25,507,400 /хорин таван сая тавин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,534,440 /арван дөрвөн сая таван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөч/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн төлөөлөгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа алдсан, мөн давагдашгүй хүчний улмаас зайлшгүй гарсан нэмэлт зардлыг гэрээний үүрэг зөрчсөн тал болох захиалагч "К*******" ХХК хариуцах нь зүйтэй тул ийнхүү баримтаар тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах үндэслэл бүхий тайлбар татгалзал гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй, гүйцэтгэсэн ажлын хэсэгт тохирсон ажлын хөлсийг буцаан шаардах нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

5.Хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Нэхэмжлэгч К******* ХХК нь Б******* ******* ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Мал мах бэлтгэн нийлүүлэх №01 дугаартай дэд гэрээ байгуулж, уг гэрээгээр үхрийн мах 100 тн, хонины гулууз 80 тн-ыг бэлтгэн 2020 оны 12 дугаар сарын 15, 2020 оны 12 дугаар сарын 25, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нийлүүлэхээр тохирсон. Мөн үхрийн махыг 1 кг тутмын үнийг 6,500 төгрөг, хонины махыг 1 кг тутмын үнийг 5,300 төгрөг байхаар тооцож гэрээ байгуулсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

5.2.Нэхэмжлэгч К******* ХХК нь хариуцагч Б******* ******* ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөр болгож 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 350,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 106,000,000 төгрөг, нийт 456,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба гэрээг цаашид гүйцэтгэх боломжгүй болсон тухайгаа хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэж, К******* ХХК-д 244,400,000 төгрөгийг буцаан шилжүүлсэнтэй талууд маргаагүй.

6.Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд үхэр, хонины махны килограмм болон үнийн дүн дээр маргаж байсан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд үхрийн мах 8,691.2 килограммыг 7,000 төгрөгөөр тооцож 60,838,400 төгрөгөөр, хонины мах 20,875.7 килограммыг 6,000 төгрөгөөр тооцож 125,254,200 төгрөгөөр худалдан авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бөгөөд хариуцагч үхэр, хонины махны килограмм, үнийг зөвшөөрсөн тайлбарыг мөн гаргасан.

7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн. Харин, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байх тул давж заалдаж шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.

 

7.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн болон өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн бөгөөд аливаа эд зүйлийг шинээр үйлдвэрлэн нийлүүлэх, эсхүл эд зүйлийг өөрчлөн өөр шинж чанар бүхий эд зүйл бий болгоход чиглэсэн байдаг онцлогтой.

Тодруулбал зохигчийн хооронд мал, мах бэлтгэн нийлүүлэх гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид үхрийн махыг 6,500 төгрөгөөр, хонины махыг 5,300 төгрөгөөр нийлүүлэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 180 тн махны үнийг шилжүүлэхээр тохиролцсон байгаа нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулахгүй харин худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний үр дүн шинээр эд зүйл бий болохгүй мөн эд зүйлийг өөрчлөн өөр шинж чанар бүхий эд зүйл бий болоогүй тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

8.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан ердийн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж хуульчилсан.

Дээрх хуульд зааснаар үхэр, хонины мах шилжүүлэхтэй холбоотой зардлыг хариуцагч хариуцна. Харин үхэр болон хонины махыг хариуцагчийн байгаа газраас нэхэмжлэгчийн байгаа газарт хүргэх тээвэрлэлтийн зардлыг нэхэмжлэгч хариуцах бөгөөд нэхэмжлэгч энэхүү хуульд заасан үүргээ биелүүлсэн талаар зохигч маргаагүй.

9.Нэхэмжлэгч К******* ХХК нь мах худалдан авах мөнгийг гэрээнд заасан хугацаанд хариуцагчид шилжүүлээгүйгээс цаг үеийн нөхцөл байдал болох короно вирус цар тахал гарч хөл хорио тогтоосон буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас Б******* ******* компани нь малчдаас очиж мах худалдан авахад 12,380,000 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлыг нэхэмжлэгч хариуцах ёстой гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч давагдашгүй хүчин зүйлийн улмаас 12,380,000 төгрөгийн зардал гаргасан тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Шүүх хуралдааны шатанд хариуцагчийн өмгөөлөгч 1-р хх-ийн 150-158 дугаар хуудсан авагдсан баримтыг судлуулсан боловч эдгээр баримтууд нь нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангаагүй болно.

10.Хариуцагч нь нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс авах ёстой гэж маргадаг. Зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын хөлс шаардах эрхгүй юм.

11.Иймд, анхан шатны шүүх хариуцагчаас 25,507,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,534,440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

12.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 304/ШШ2025/00216 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 285,487 /хоёр зуун наян таван мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 1*******.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА

 

Л.ХИШИГДЭЛГЭР