Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Хохирогч Н.О

Иргэний нэхэмжлэгч Д.Ү

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн Э сумын харъяат, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой,  орчуулагч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С овогт Н.Д-д холбогдох эрүүгийн 1920001790116 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг О нэртэй дэлгүүрийн үүдэнд явган зорчигч Н.О-г мөргөж зам тээврийн осол гарган эрүүл  мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг өнгөрч байхад махны дэлгүүр орж мах авах гээд ... дугаартай Приус машинаа унаад Үлэмж баян дэлгүүр рүү явсан. Тэнд очоод машинаа байрлуулах гэж байтал О төвийн хажуу талаар явсан нарийхан замаар цэнхэр өнгийн суудлын машин хурдтай гарч ирэхээр нь баруун гар талруугаа дарж тормозоо гишгэх гэж байгаад сандраад хаазаа гишгэж урд явж байсан хүүхэд хөтөлсөн эмэгтэйг мөргөчихсөн. Тухайн үед машинаасаа буугаад нөгөө мөргүүлсэн эгч дээр очоод яаж байна гэсэн гайгүй гэж байсан. Ингээд би өөрөө эмнэлэг болон цагдаа дуудсан. Эмнэлэг дээр очоод рентгэн зураг авахуулсан. Тэгээд аймаг руу явж үзүүлэх үү гэхэд та нартай хамт явахгүй гээд байсан, мөн манай нөхөр болон эгч гэрт нь очиж уулзсан, эмчилгээ энэ тэр хийлгэх үү гэж асуусан. О эгчийн ар гэр их хэл амтай хүмүүс байсан, намайг тухайн үед хэлэх, хэлэхгүйгээр дайраад байсан болохоор би очиж уулзахаасаа айгаад байсан юм, цаашид гарах эмчилгээний зардлыг боломжоороо төлнө. О эгчээс албан ёсоор уучлалт гуйж байна, намайг уучлаарай. О эгчид хэрэгт байгаа баримтаар 188,531 төгрөг, Ү эгчид 100,000 төгрөг сая шүүх хурал дээр өгсөн. Би нэг нас гарантай хүүхэдтэй, ажил хийхгүй байгаа, нөхөр маань хүнд зодуулаад нэг нүд нь сохорсон, олон удаа хагалгаанд орсон. Торгуулийн доод хэмжээг оногдуулж өгнө үү гэв. “ гэсэн  мэдүүлэг

Хохирогч  Н.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 16 цагаас 17 цагийн хооронд Замын-Үүд сумын 2-р баг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” нэртэй үйлчилгээний төвийн урд талаар явган хүний замаар найз Ү-н хүү Т-г зүүн гартаа хөтлөөд бид хоёрын араас манай найз Үржин манай охиныг тэврээд явж байхад цагаан өнгийн суудлын машин явж байгаа харагдаж байсан боловч гэв гэнэт миний бөгсөн биеийн ар тал ахар сүүл хэсэг рүү цагаан өнгийн жижиг суудлын машин хамар хэсгээрээ мөргөөд би явж байсан газраасаа 2-3 алхам зайтай сөхрөөд 4 хөллөөд суусан байсан. Тэгээд машиныг унаж явж байсан жолооч болох эмэгтэй машинаас бууж ирээд миний хажуу талд ирж зогсоод миний зүүн талын гарнаас та босож чадах уу гэж асуугаад миний гарнаас татаад байх үед би босож чадахгүй миний бөгсөн бие өвдөөд, толгой дүүрч өвдөөд босож чадахгүй байсан. Тэгээд эмнэлгийн машин ирээд аваад явсан. Аймаг явж үзүүл гэсэн, би энэ хүмүүсийн машинтай явахгүй гэж хэлсэн болохоос биш хамт эмнэлэг явж үзүүлэхгүй гэж хэлээгүй. Аймаг дээр очоод эмнэлэг дээр очоод үзүүлээд явж байхад Д-г ирсэн болов уу гээд хараад байсан ирээгүй, дараа нь нөхөр нь гэрт ирээд үзүүлж харуулах уу гэхээр нь наадам болох гэж байна, амралтын өдрүүд таарах байх, наадмын дараа болъё гэсэн боловч ирээгүй, 7 сарын сүүлчээр эгч нь гэж хүн ирээд мөнгө, төгрөг хэдийг авах гээд байгаан гээд дайраад байсан, тухайн үед би эмчилгээнд явах гэсэн боловч боломж бололцоогүй байна гэж хэлсэн. Хэрэг шалгагдаад хүндэвтэр гэмтэл гарсан чинь эдний тал прокурор, шүүхэд шилжих нь гээд сандраад л эхэлсэн байх. Хэргийг цагдаа дээр нь аргалах гээд гүйгээд байснаас Д өөрөө огт ирээгүй. Би тухайн үед төрчихсөн, дөнгөж нэг сар гаруй л болж байсан, адилхан нялх хүүхэдтэй байж ирээд яаж байна, энэ тэр гээд явсан гомдолгүй гэж хэлэх амандаа хүрэх л байсан, тэгээгүй болохоор гомдолтой байна. Өмгөөлөгч нь гээд хүн хохирлыг чинь барагдуулъя гээд утасдсан, хэрэгт өгсөн бармт бол зөвхөн Дорноговь аймаг руу ирсэн, явсан замын зардлын баримт болохоос биш хохирлыг баримт биш байсан учраас би 188,000 төгрөгийг аваагүй байсан юм, сая шүүхээс хүлээн авлаа. Би одоогийн байдлаар хот хүрээ явж үзүүлж чадаагүй байна,  цаашид үзүүлээд гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно, одоо бөөр, нуруу, тархи өвдөөд байгаа” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Д.Ү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Болсон үйл явдлын талаар Д, О нар ярьсан учраас дахиж ярих шаардлагайгүй байх. Тухайн үед эмнэлэг дээр очиход Т эмч хажуунаас нь харчихаад л зүгээр байна гэсэн. Тэгээд маргааш нь О-н хамт Сайншанд сум руу явж хүүхдээ Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед гэмтлийн эмч байхгүй байна гээд буцаад ирсэн. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дахин Сайншанд сум руу явж Нэгдсэн эмнэлгийн эмчид хүүгээ үзүүлэхэд эмчилгээ бичиж өгч тэрний дагуу эмч тариаг нь авч хэрэглэсэн. Манай хүүхэд уйлсан, айсан шинжтэй, бие нь жоохон сул байгаа 2 настай учир биеийнхээ зовиурыг хэлж чадахгүй байгаа. Д-н хувьд яаж байна гэж ганц ч асуугаагүй, 100,000 төгрөгийн зардал гарсан байсныг сая шүүх хурал дээр хүлээн авлаа. Хүүгээ эмчлүүлсэн баримтаа цуглуулж байгаад нэг мөр иргэний шүүхэд хандаж хохирлоо барагдуулж авна” гэсэн мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай энхэр Н.Д миний нэр дээр байдаг гэр бүлийн дундын эзэмшлийн тээврийн хэрэгслийг унаж явж байгаад Зам тээврийн хэрэгслийн осолд орсон тул би иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Үнэлгээний байгууллагаас гаргасан дүгнэлтэй санал нэг байна. Манай гэр бүлийн дундын эзэмшлийн тээврийн хэрэгсэл тул надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэг санал хүсэл байхгүй. Би хэргийн материалтай танилцахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/

... улсын дугаартай ... маркын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 03-ны өдрийн “1. Н.О-н биед ахар сүүл ясны хугарал, тархи доргилт, өгзөгт зулгаралт гэмтэл учирчээ.  

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Ахар сүүлний хугарал гэмтэл дангаараа хүндэвтэр зэрэгт, тархи доргилт гэмтэл дангаараа хөнгөн зэрэгт, өгзөгний зулгаралт гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 32/

Н.О-н амбулаториор эмчлүүлэгдсийн картын хуулбар /хх-ийн 33-35/

2019 оны 06 сарын 27-ны өдөр Н.О-г хүлээж авсан яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36-37/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 03-ны өдрийн” 1.Б.Т-н биед тархи доргилт, нүүр, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн гэмтэл дангаараа хөнгөн зэрэгт, цээжний гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ин 41/

Г.Т-н амбулаториор эмчлүүлэгдсийн картын хуулбар /хх-ийн 42-43/

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд техник хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 07 сарын 31-ний өдрийн “  Хариулт 1. ... улсын дугаартай  ... загварын цагаан өнгийн суудлын автомашин нь техникийн хувьд ерөнхий өнгө үзэмжийн хувьд үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байна.

Хариулт 2. ... улсын дугаартай ... загварын цагаан өнгийн суудлын автомашин нь урьд техникийн хяналтын үзлэг 2019 оны 10-р сарын 19 нд Дорноговь аймгийн Замын -Үүд сумын техникийн хяналын үзлэгийн төвд хамрагдсан байна. Стандарт хангаж байсан бүрэн гэсэн үг

Хариулт 3. Бүрэн стандарт хангаж байсан тул осолд нөлөөлөхгүй

Хариулт 4. ... улсын дугаартай ... загварын цагаан өнгийн суудлын автомашин техникийн бүрэн бус байдал байхгүй.

Хариулт 5. Осол болсон шалтгаан нь техникийн элэгдэл хорогдлоос шалтгаалсан зүйл байхгүй “ 16 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48/

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч С.Б-н “1. ... маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Зорчигч нарын буруутай үйлдэл байхгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

2. Явган зорчигч Н.О, Г.Т нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Зам тээврийн осолд нөлөөлөөгүй.

3. Осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэргийн газрын үзлэгийн схем зурагтай танилцахад ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээс үүссэн тоормосны мөр байхгүй байна. Иймээс ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсоох арга хэмжээ аваагүй байна.

4. Жолооч Н.Д нь 2019 оны 05 дугаар сарын 15-нд тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна.

 5. ... маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг Тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэхээр байна.

6. ... маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Н.Д-н буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.

 7. Осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэргийн газрын үзлэгийн схем зурагтай танилцахад ... маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр байхгүй учраас автомашины тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явсаныг тодорхойлох боломжгүй” гэсэн 08 тоот дүгнэлт /хх-ийн 60/

... улсын дугаартай ... маркын тээврийн хэрэгслийг битүүмжлсэн прокурорын тогтоол /хх-ийн 77/

Шүүгдэгч Н.Д нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн  эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 81/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “О“ дэлгүүрийн үүдэнд явган зорчигч Н.О-г мөргөж, зам тээврийн осол гарган, улмаар түүний эрүүл  мэндэд нь ахар сүүлний хугарал бүхий  хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь хх-ийн 60 дугаар хуудсанд авагдсан Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч С.Б-н ... тоот дүгнэлтээр хэрэгт тогтоогдсон байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм, хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан  гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Н.О-н мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Ү-н  мэдүүлэг, шинжлэн судлагдсан хохирогч Н.О-н амбулаториор эмчлүүлэгдсийн картын хуулбар /хх-ийн 33-35/, 2019 оны 06 сарын 27-ны өдөр Н.О-г хүлээж авсан яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36-37,  Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 03-ны өдрийн Н.О, Г.Т нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтүүд, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч С.Б-н ... тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Д-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирол болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь энэ гэмт хэргийн бусдад учруулсан хохирлын нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр явсан замын зардалд  хохирогч Н.О 188,531 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ү 100,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад тэдэнд төлж барагдуулсан тул шүүгдэгч Н.Д-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэнийхээ дараа хохирлоо нэхэмжилнэ гэж мэдүүлдэг тул тэдний иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээллтэй үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг гарсаны дараа битүүмжилсэн, уг тээврийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Г.Б өмчлөлийн хөрөнгө байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож, буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм, хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Д-г  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун  мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4. Хохирогч Н.О, иргэний нэхэмжлэгч Д.Ү нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслэлийн битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Д-т оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Д нь 600,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.Ц