| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 155/2023/01301/И |
| Дугаар | 225/МА2025/00021 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 225/МА2025/00021
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 225/МА2025/00021 |
Х.С, П.С нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 00 дугаарсарын 19-ний өдрийн 155/ШШ2025/00322 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х.С, П.С нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Д, Д.Т нарт холбогдох
Д.Тын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 0 тоотод байрлах хашаанд барьсан гражийн зориулалттай барилга байгууламж нь хөрш болох П.С, Х.С нарын амьдарч байгаа хувийн орон сууцанд тулгаж, цонхыг бүрэн хэмжээгээр хааж барьсан нь эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж баригдсан болохыг тогтоолгох, хариуцагчид барьсан гражаа буулгахыг даалгах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 тоот хашаанд байрлах бохирын цооногийг П.С, Х.С нарын өмчлөлийн цооног болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.Дгийн хууль ёсны эзэмшил бүхий газартай давхацсан газрын хэмжээгээр П.С, Х.С нарын барьсан хувийн сууцыг нурааж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С, П.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Жамба, хариуцагч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр, Б.Манлайбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.С, П.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ...бид хувийн ажлаар гэрээсээ хэд хоног Улаанбаатар хот руу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд яваад ирэхэд хөрш болох Д.Т нь манай сууцны байшингийн урд хэсэгт тулгаж, зүүн талын нэг давхрын цонхыг бүрэн хэмжээгээр хааж гражийн зориулалттай барилга байгууламж барьсан байна.
...Иймд: 1.Хариуцагч Д.Тын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 0 тоот-т байрлах хашаанд барьсан гражийн зориулалттай барилга байгууламж нь хөрш болох П.С, Х.С бидний амьдарч байгаа хувийн орон сууцанд тулгаж, цонхыг бүрэн хэмжээгээр хааж барьсан нь эзэмшигч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж баригдсан болохыг тогтоолгох,
2.Хариуцагчид барьсан гражаа буулгахыг даалгах,
3.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 0 тоот хашаанд орон сууцны минь баруун талд байшингаас 6 метрт байрлах бохирын цооногийг П.С, Х.С бидний өмчлөлийн цооног болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д.Т Д.Д нар шүүхэд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Байшингийн цонхыг аль, алийг нь хаагаагүй. Нар тусдагаараа тусаж байгаа. ...Гражийн дээврийн үзүүр хэсэг л байшинтай зэрэгцсэн байгаа. Нэхэмжлэгч нарын байшингийн зүүн талын хашаа нь манаачтай байдаг. Мөн камер суурилуулах боломжтой. Утаснаасаа гэрээ хянаад явах боломжтой. ...Гражид гал түлдэггүй, тог, цахилгаангүй. Машиныг нар, салхинаас хамгаалах зориулалттай болохоос гал гарах үндэс, нөхцөл байхгүй. Гражийн хаалга хөнгөн тул дуу чимээ гардаггүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Д.Т, Д.Д нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...П.С, Х.С нарын маргаж буй хувийн сууцны зарим хэсэг нь яг үнэндээ манай газар дээр баригдсан байх тул иргэн Д.Д миний хууль ёсны эзэмшил бүхий газартай давхацсан газрын хэмжээгээр П.С, Х.С нарын барьсан хувийн сууцыг нурааж, газрыг албадан чөлөөлж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч П.С, Х.С нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Бид өөрсдийн эзэмшлийн газар дээр баригдсан байшинг буулгах үндэслэлгүй юм. Хариуцагч Д.Т, Д.Д нарын эзэмшлийн газар руу орж баригдаагүй байгаа. Үүнтэй холбоотой баримтыг хавсралтаар хүргүүлж байна. Иймд энэхүү нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2025 оны 00 дугаарсарын 19-ний өдрийн 155/ШШ2025/00322 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар хариуцагч Д.Тын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 тоотод байрлах хашаанд барьсан гражийн зориулалттай барилга байгууламж нь хөрш болох П.С, Х.С нарын амьдарч байгаа хувийн орон сууцанд тулгаж, цонхыг бүрэн хэмжээгээр хааж барьсан нь эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж баригдсан болохыг тогтоож, хариуцагч нарт барьсан гражаа буулгахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 тоот хашаанд байрлах бохирын цооногийг П.С, Х.С нарын өмчлөлийн цооног болохыг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсаныг, хариуцагч Д.Дгийн П.С, Х.С нарт холбогдуулан Д.Дгийн хууль ёсны эзэмшил бүхий газартай давхацсан газрын хэмжээгээр П.С, Х.С нарын барьсан хувийн сууцыг нурааж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус тус баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг, хариуцагч Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.С, Х.С нарт олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ орхигдуулж, үйл баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр хэрэг маргааныг ийнхүү шийдвэрлэсэн нь хариуцагч талын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлжээ.
Тодруулбал, шүүхийн шийдвэрт Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 130 дугаар тушаалын хавсралтаар баталсан Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.1.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын Галын аюулаас хамгаалах шаардлагын 1-д заасныг зөрчсөн гэж дурдсан байх боловч, хариуцагч нарын барьсан ахуйн зориулалттай, хувийн авто граж \гарааш\ -ийн зай хооронд тус норм ба дүрэмд огт хамаарагдахгүй юм.
...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул ...шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д.Т давж заалдах гомдолдоо: ...Хэн нэгний явцуу эрх ашгаас шалтгаалан өөрийн мөнгө, хүч хөдөлмөрөөр бүтээн босгосон эд хөрөнгө болох авто гражаа яагаад ч буулгаж, нурааж чадахгүй.
Нэхэмжлэгч гэгдэх П.С, Х.С нарын амьдрах эрх зөрчигдөөд байгаа гэдэг нь үндэслэлгүй, энэ талаар баримт хавтаст хэрэгт байхгүй.
Иймд ... шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч Д.Т, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч П.С, Х.С нар нь хариуцагч Д.Тын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 тоотод байрлах хашаанд барьсан гражийн зориулалттай барилга байгууламж нь хөрш болох П.С, Х.С нарын амьдарч байгаа хувийн орон сууцанд тулгаж, цонхыг бүрэн хэмжээгээр хааж барьсан нь эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж баригдсан болохыг тогтоолгох, хариуцагчид барьсан гражаа буулгахыг даалгах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 тоот хашаанд байрлах бохирын цооногийг П.С, Х.С нарын өмчлөлийн цооног болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл,
хариуцагч Д.Д нь түүний хууль ёсны эзэмшил бүхий газартай давхацсан газрын хэмжээгээр П.С, Х.С нарын барьсан хувийн сууцыг нурааж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 тоот хашаанд байрлах бохирын цооногийг П.С, Х.С нарын өмчлөлийн цооног болохыг тогтоолгох тухай шаардлагаасаа, хариуцагч нь түүний хууль ёсны эзэмшил бүхий газартай давхацсан газрын хэмжээгээр П.С, Х.С нарын барьсан хувийн сууцыг нурааж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар хариуцагч Д.Тын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 тоотод байрлах хашаанд барьсан гражийн зориулалттай барилга байгууламж нь хөрш болох П.С, Х.С нарын амьдарч байгаа хувийн орон сууцанд тулгаж, цонхыг бүрэн хэмжээгээр хааж барьсан нь эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж баригдсан болохыг тогтоож, хариуцагч нарт барьсан гражаа буулгахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаарбагийн 0 тоот хашаанд байрлах бохирын цооногийг П.С, Х.С нарын өмчлөлийн цооног болохыг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсныг хариуцагч Д.Дгийн П.С, Х.С нарт холбогдуулан Д.Дгийн хууль ёсны эзэмшил бүхий газартай давхацсан газрын хэмжээгээр П.С, Х.С нарын барьсан хувийн сууцыг нурааж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсныг тус тус баталж шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.
Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн бол шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж дүгнэх бөгөөд шүүхийн шийдвэр дээрх шаардлагыг хангажээ.
Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй. гэж, 135.4-т Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй. гэж тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгч П.С, Х.С нарын амьдарч буй амины орон сууцны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах хананаас хариуцагч нарын барьсан гражийн хана хүртэлх хоорондын зай 1 метр 65 сантиметр, амины орон сууцны ертөнцийн зүгээр зүүн урд талын булангаас гражийн булан хүртэлх зай нь 29,5 сантимерт болох нь үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 45-52-р хуудас/, нэхэмжлэгч нарын тайлбар болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн ...нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар шаардах эрхтэй гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд:
1.Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар тодорхойлсон үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нарын энэхүү эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Аливаа иргэн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх үүрэгтэй бөгөөд бусад хүний эрх, эрх чөлөөг хохироох учиргүй. Гэтэл хариуцагч нар бусдын амины орон сууцтай хэт ойр /29,5см-1,65м зайтай/ автомашины граж /гарааш/ барьсан нь нэхэмжлэгчид, тэдний гэр бүлийн гишүүдийн гадаад орчны дуу чимээний нөлөөлөл, галын эрсдлээс хамгаалагдсан, аюулгүй, тайван орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн ...нэхэмжлэгч нарын аюулгүй орчинд амьдрах эрх ашиг сонирхолд илтэд харшилсан, хөршийн эрх зөрчигдсөн, ...гал тусгаарлах хамгаалалтын зай хамгийн багадаа 6м байх норм, дүрэм зөрчсөн талаарх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
2.Анхан шатны шүүхийн ...хариуцагч нарын барьсан граж Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 130 дугаар тушаалын хавсралтаар баталсан Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтаар баталсан шаардлагаар тогтоосон норм, дүрэм зөрчсөн талаарх дүгнэлтийг буруутган дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Тодруулбал, Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын сайдын Барилгын норм ба дүрэм батлах тухай /Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/ 2010 оны 12 дугаар сарын 23-ны 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Авто зогсоол-д тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлсон бөгөөд норм ба дүрмийн 4.1-д Хот суурин газарт авто зогсоол байршуулах газрын хэмжээ, бусад барилга байгууламж хүртэлх зайг БНбД 30-01-04 ба БНбД 30-02-07-гийн дагуу авна. гэж заасан.
Мөн Монгол Улсын Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын ашиглалтад тавих ерөнхий шаардлага MNS 6877:2020 стандартаар амины орон сууц, бусад туслах барилга байгууламж хоорондын зайг тогтоосон.
Дээрх стандарт, норм, дүрмээр амины орон сууцны өрөө тасалгааны цонхноос зэргэлдээ эдэлбэр газарт байрлах хөрш айлын сууцны барилгын хана ба бусад туслах барилга байгууламж хүртэлх зай 6м-ээс багагүй байхаар тодорхойлсныг хариуцагч нар зөрчсөн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
3.Монгол Улсын Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын ашиглалтад тавих ерөнхий шаардлага MNS 6877:2020 стандартын 3-ын 3.7-д бусад туслах барилга байгууламж гэж ...битүү авто зогсоол, агуулах, ариун цэврийн байгууламж, ногооны хүлэмж зэрэг;-ийг ойлгохоор заасан учир дээр дурдсан стандарт, норм, дүрмүүдээр тодорхойлсон үндсэн шаардлага авто граж /гарааш/- д мөн тавигдана.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн норм ба дүрэм нь хувийн, ахуйн зориулалт бүхий авто граж \гарааш\-д холбогдох харилцааг огт зохицуулаагүй гэх, хариуцагчийн ...Нэхэмжлэгч гэгдэх П.С, Х.С нарын амьдрах эрх зөрчигдөөд байгаа гэдэг нь үндэслэлгүй, энэ талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр анхан шатны шүүх хуралдааны бичлэг шинжлэн судалж ...ямар зүйл, заалт баримталж хэргийг шийдвэрлэсэн талаар асуухад шүүгч Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 гэж хэлсэн атал шийдвэрт Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-д заасныг баримталсан, шийдвэр, тайлбар зөрүүтэй гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Учир нь, шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг баримталсан нь шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа Д.Тын барьсан гражийн зориулалттай барилга байгууламж нь нэхэмжлэгч нарын хувийн орон сууцанд тулгаж, цонхыг бүрэн хэмжээгээр хааж барьсан нь эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж баригдсан болохыг тогтоож, хариуцагч нарт барьсан гражаа буулгахыг даалгасан гэж тайлбарласантай нь нийцсэн байна.
Түүнчлэн шүүгч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг тайлбарлахдаа хэргийг шийдвэрлэсэн хуулийн зүйл, заалтыг зөрүүтэй хэлсэн гэх байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167, 168 дугаар зүйлд заасан шийдвэрт өөрчлөлт оруулах, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 00 дугаарсарын 19-ний өдрийн 155/ШШ2025/00322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 /Нэг зуун дөчин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ