Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 172

 

М.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс: 135/2016/00802/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1102 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Харчид овогтой М-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Дархан-Уул аймгийн “*******” цогцолбор сургууль, Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газарт холбогдох 

          “нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 21.906.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

          Нэхэмжлэгч М.Б-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

          Нэхэмжлэгч М.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Би одоо 57 настай, 1979 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Нийслэлийн 10 жилийн бага ангийн багшаар 1 жил, 1980 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 22-ны хооронд Нийслэлийн найрамдлын районы 33 дугаар сургуульд бага ангийн багшаар нийт 10 жил 11 сар 25 өдөр, 1991 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 25-ны хооронд Нийслэлийн Октябрийн районы 81 дүгээр сургуульд бага ангийн багшаар нийт 3 жил 6 сар 04 хоног ажилласан. 1994 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2001 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр сургуулийн хичээлийн эрхлэгчээр 6 жил 09 сар 05 хоног 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 26-ны хооронд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн бага ангийн багшаар 1 жил 10 сар 25 хоног.  2003 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 27-ны  өдөр  хүртэл  Сонгинохайрхан  дүүргийн 9 дүгээр сургуульд сургалтын ахлах менежерээр 11 сар 25 өдөр, 2006 оны 08 дугаар сарын 22-ны өрөөс 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн “*******” цогцолбор сургуульд сургалтын менежерээр 9 сар 19 хоног нийт 25 жил 09 сар 09 хоног улсад ажилласан юм. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт зааснаар өндөр настны тэтгэвэрт гарсан.

           Мөн 23 жил орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд ажилласан бол буцалтгүй тэтгэмж авна гэсэн заалтыг удирдлага болгон 609.500 төгрөгөөр сарын цалинг тооцож нийт 36 сарын цалин болох 21.906.000 төгрөгийг холбогдох хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг “*******” цогцолбор сургууль шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Б- тус сургуульд  2006-2007 оны хичээлийн жилд 9 сар ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн. 2014 онд тэтгэвэрт гарахдаа манай байгууллагад ажиллаж байгаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн эөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг Боловсрол соёлын газар шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Б- нь "*******" цогцолбор сургуульд 2006 оны 08 дугаар сарын 22-ноос эхлэн 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан. М.Б- нь 2015 онд өндөр настны тэтгэвэрт гарахаар тэтгэмжийн мөнгө авах өргөдөл гаргасан байна. Тухайн байгууллагын нягтлан бодогч 2015 оны төсвийн төлөвлөгөөнд нэрийг оруулсан байна. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох” гэсэн заалттай нийцэхгүй байна. Иймд өндөр настан тэтгэвэрт гарах үед “*******” цогцолбор сургуульд ажиллаж байгаагүй тул уг мөнгөн тэтгэмжийг олгох боломжгүй гэж үээж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1102 дугаар шийдвэрээр:

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 43.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б-гийн гаргасан хариуцагч Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газар, “*******” цогцолбор сургуульд холбогдох нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 21.906.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.480 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцааж гаргуулж, нэхэмжлэгч М.Б-д олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч М.Б- давж заалдсан гомдолдоо:

  Миний бие анхан шатны шүүхийн 2016.08.18-ны өдрийн 1102 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд хууль ёсны дагуу байна гэсэн заалтыг ноцтой зөрчиж шийдвэр гаргажээ гэж би өөрийн зүгээс дүгнэж байна. Боловсролын байгууллагад бага ангийн багшаар 13 жил, хичээлийн эрхлэгч, сургалтын менежерээр 15 жил нийт 28 жил үнэнч шударгаар үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Шүүхийн шийдвэрт миний ажилласан жил болон хамгийн сүүлд Дархан-Уул аймгийн “*******” цогцолбор сургуульд ажилласан нь тогтоогдсон байна.   Мөн улсад 28 жил ажилласан гэж дурджээ.

    Би энэхүү хуулийн болзол шаардлагыг хангаж төрөөс олгодог нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ тэтгэвэрт гарахаасаа өмнө бүх бичиг баримтаа бүрдүүлж холбогдох байгууллагадаа өгсөн. Миний материалыг аймгийн Боловсрол соёлын газар, “*******” цогцолбор сургуулийн холбогдох албан тушаалтнууд хүлээн авч зохих газарт нь уламжлан надад нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг олгох мөнгө нь төсөвт нь суусан байна. Гэтэл дээрх тэтгэмжийн мөнгө  надад олгогдохгүй байсаар өдий хүрсэн тул өөр гарцгүй болж шүүхэд хандсан.  Анхан шатны шүүх хууль ёсны баримтууд бүгд тогтоогдсон гэсэн боловч Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт заасан шалгуур үзүүлэлтийг хэрэглэхгүйгээр хуулийг буруу хэрэглэж Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчдад хамааралтай заалтыг хэрэглэж асуудлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Боловсролын байгууллагад ажилладаг ажилтан, албан хаагчид нь төрийн болон үйлчилгээний албан хаагчийн зэрэглэлд ордог байхад намайг төрийн жинхэнэ албан хаагчийн зэрэглэлээр үзэж асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч, орлогч захирал, сургалтын менежер, хичээл зохицуулагч, нийгмийн ажилтан, аргазүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах зэрэг албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох бөгөөд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгана” гэж тодорхой заасан байхад асуудлыг ингэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.  Мөн миний буруутай биш төрийн ажилтан, албан хаагчийн буруутай үйлдлээс болж нэг удаагийн тэтгэмж олгогдоогүй байхад тэтгэмжээ авч чадалгүй удаан хүлээсний эцэст зохих журмын дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгосон намайг тэтгэврийн хүн хууль зөрчиж давхар тэтгэмж авах гэлээ гэсэн ойлголтын зөрүүгээс болж буруу шийдвэр гаргасан юм болов уу гэж бодогдож байна. Иймд энэ асуудлыг сайтар нягтлан шалгаж миний эрх ашгийг хамгаалсан  бүх үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж энэхүү гомдлыг гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Б- хариуцагч Дархан-Уул аймгийн “*******” цогцолбор сургууль, *******т холбогдуулан “нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 21.906.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг нэхэмжлэгч М.Б- эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо: “...миний буруутай биш төрийн ажилтан, албан хаагчийн буруутай үйлдлээс болж нэг удаагийн тэтгэмж олгогдоогүй байхад тэтгэмжээ авч чадалгүй удаан хүлээсний эцэст зохих журмын дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгосон намайг тэтгэврийн хүн хууль зөрчиж давхар тэтгэмж авах гэлээ гэсэн ойлголтын зөрүүгээс болж буруу шийдвэр гаргасан юм. Иймд миний эрх ашгийг хамгаалсан үнэн зөв шийдвэр гаргана уу...” гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримт болон хэргийн үйл баримтанд дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч М.Б- хариуцагч Дархан-Уул аймгийн “*******” цогцолбор сургуульд 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс /хэргийн 56-57 дугаар хуудас/ сургалтын менежерээр ажиллаж байгаад 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь тус сургуулийн 2007 оны 35 дугаар тушаалаар /хэргийн 49 дүгээр хуудас/ тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Б- нь 1959 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, боловсролын байгууллагад 28 жил ажилласан бөгөөд тэтгэвэрт гарах хуульд заасан насанд хүрсэн үед буюу 2014 онд нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авахыг хүссэн өргөдлөө  Дархан-Уул аймгийн “*******” цогцолбор сургуульд гаргасан ба тус сургууль хүсэлтийг Боловрол соёлын газарт шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

Урьд ажиллаж байсан байгууллага нь тэтгэмж олгоогүй талаар маргаж байгаа энэ талаар анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Б- Дархан-Уул аймгийн “*******” цогцолбор сургуульд 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд сургалтын менежерээр ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдөх үедээ Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байсан учир түүнд нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авах эрх үүсээгүй, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т зааснаар тэтэгэвэрт гарах үедээ тус сургуульд ажиллаж байгаагүй гэсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбогдуулан зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудад  хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Нэхэмжлэгч М.Б-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ЭНХЖАРГАЛ            

                                                    ШҮҮГЧИД                                                     Л.АМАРСАНАА

                                                                                                                          С.ОЮУНЦЭЦЭГ