Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 59

 

 

Д.Б, Ц.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 105/А дугаар шийтгэх тогтоол,

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар магадлалтай, 201414000421 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Р.Бямбажавын гомдлоор хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Д овогт Д-ийн Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулж ойн тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт,

 

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ж овогт Ц-ийн Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн модыг худалдан авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулж ойн тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 105/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-өд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, Д.Б-ийг ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хэрэгт хураагдаж ирсэн 3.036 шоо метр шинэс модыг улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-оос 1,672,228 төгрөг гаргуулан улсын орлого болгож, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Д.Б-ид оногдуулсан 1 жил хорих ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Б-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, улсын яллагчийн эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 105/А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “248 дугаар зүйлийн 248.1.1” гэж нэмж, 8 дугаар заалтыг 3 дахь заалт болгон “Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Орхон аймгийн прокурорын газраас Д.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

 

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Р.Бямбажав хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Б-ийг шүүх үндэслэлгүйгээр цагаатгалаа гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх гэрч З, Ү нарын мэдүүлгийг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа тодорхойлоогүй ба Б-, Б- нарын хоорондоо утсаар ярьсан ярианы бичлэгийг огт үнэлээгүй, 2 шүүгдэгчийн нэгнийх нь мэдүүлгээр нөгөөгийнх нь мэдүүлгийг үгүйсгэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. ... хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх үнэлээгүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийн хамтран оролцогч Б-д ял завшуулж байгаа тул тогтоол, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү” гэжээ.

 

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б-ийн гэм буруутай үйлдэл нотлогдоогүй тул түүний үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь зөв гэж үзэж байна. Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байсныг улсын яллагч эсэргүүцэл бичиж зөвтгөсөн байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

Д.Б-, Ц.Б- нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэхэд шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байх бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн дараах ноцтой зөрчил тогтоогдож байна. Үүнд:

 

1. Шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэх талаар.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-өд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүх талаас нь, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзэлгүйгээр нэг талыг барьсан дүгнэлт хийснээс гадна, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй шүүхийн тогтоол үйлджээ.

Шүүх Ц.Б-ийн шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга, шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж буй нотлох баримт болон яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг ямар учраас үгүйсгэж байгаагаа огт дүгнээгүй нь Ц.Б- гэм буруугүй эсэх талаар эргэлзээ төрүүлж байна.

Тухайлбал, Ц.Б-ийг яллаж буй нотлох баримтуудын үндэслэл, нотолгоог шүүх хэрхэн няцаан үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхойлон заагаагүй атлаа “хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна” гэх ганц өгүүлбэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх зарчмыг зөрчжээ.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэх явцад гарсан зөрчлийн талаар.

 

Шүүх Ц.Б-ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгүүлэхээр захиалсан, уг модыг худалдан авсан үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлийг заасан атлаа уг нотлогдон тогтоогдоогүй гэх үйлдлээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон нь шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байх бөгөөд “шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байна” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг хэрхэн үнэлсэн, мөн зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх, уг модыг тээвэрлэх, худалдах, худалдан авсны улмаас байгаль орчинд ямар хохирол учирч, Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний материаллаг шинжийг агуулж байгаа талаар дүгнэлт хийгдээгүй байна.

 

4. Прокророос Д.Б-ийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа түүний уг модоо бусдад худалдсан гэх үйлдлийн талаар ямар нэг хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлснийг анхаарах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Р.Бямбажавын “тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 105/А дугаар шийтгэх тогтоол, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Б-, Ц.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж, хэрэг шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.ГАНЗОРИГ