| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2024/00054/И |
| Дугаар | 225/МА2025/00022 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 225/МА2025/00022
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 225/МА2025/00022 |
П.Дын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 320/ШШ2025/00340 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: П.Дын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш ХХК-нд холбогдох
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг, 0 дүгээр байрны 0 дүгээр давхрын 0 тоотод байрлах 56.88 метр квадрат 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ШХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунбаатар /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Пгийн Д нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр №2017/27 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг ШХХК-ийн захирал З.Гтэй байгуулсан. Гэрээгээр захиалагч талаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум 0-р баг, 0-р байрны 1 давхар 0 тоотод байрлах, 56,88м 2 хоёр өрөө орон сууцыг бариулахаар ШХХК-нд захиалга өгч, төлбөр 30 хувь болох 15,016,000 төгрөгийг тушаасан. Орон сууц захиалан бариулах гэрээний нэг дэх хэсэгт заасан гэрээний нийтлэг үндэслэлд зааснаар 1мкв нэгж талбайн үнэ нь 880,000 төгрөг байхаар тохирсон ба гэрээнд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөхөөр заасан. Гэвч гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтад ороогүй, харин 2022 оны 10 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн ашиглалтад орж, улсын комисс одоо хүртэл хүлээн аваагүй байдаг. Гэрээ байгуулснаас хойш уг байр ашиглалтад орохгүй маш их удсан, байр ашиглалтад орж улсын комисс хүлээж аваагүй, одоог хүртэл аваагүй тул үлдэгдэл мөнгөө төлөөгүй байгаа юм. Миний зүгээс гэрээнд заасан захиалагчийн үүргээ биелүүлж төлбөрийн 30 хувь буюу гэрээнд заасан хэсгийг бүрэн төлсөн. Одоо үлдэгдэл төлбөр бэлэн байна.
Иймээс Пгийн Дыг Хөвсгөл аймгийн Мөрөн сум 0 дугаар багийн 0 дүгээр байрны 1 давхрын 0 тоотод байрлах, 56,88м2 хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2017/25 дугаартай орон сууц захиалгын гэрээнд урьдчилгаа төлөх хугацаа, хэмжээг тогтоож өгсөн. Тус гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, 8.2.2, 8.3.2-т заасан гэрээний заалтын агуулгаас нь авч үзвэл үлдэгдэл төлбөрийг барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагчид шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх нөхцөл хангагдсан үед бүрэн төлөхөөр тохирсон. Нэхэмжлэл гаргаснаас хойш гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийг бүрэн төлсөн нь гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. 2017 оны дугаар сарын 09-ний өдрийн 2017/25 дугаартай гэрээний төлбөр нийт 50,054,500 төгрөгийг төлж гэрээний үүргийг 100 хувь биелүүлсэн. гэжээ.
Хариуцагч ШХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 0 дүгээр байрны 0 тоотод байрлах, 56,88м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж буй 0 дүгээр байр нь бүхэлдээ АББСБ ХХК-ийн барьцаанд 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг бөгөөд АББСБ ХХК нь манай компанид холбогдуулан 706,866,367 төгрөгийг ШХХК-аас гаргуулахаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч, үүргийн гүйцэтгэлийг БГ07232021 тоот барьцааны гэрээний дагуу ШХХК-ийн эзэмшлийн Ү-000 улсын бүртгэлийн дугаартай, 000552309 тоот гэрээний дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 0 дүгээр байр, тоот хаягт байрлах орон сууцны барилгаар хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргаж байгаа болно. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/25 дугаартай Орон сууц захиалгын гэрээний 4.6, 5.4 дэх заалтыг захиалагч П.Д зөрчсөн тул уг гэрээг цуцалсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийтэд илэрхий нөхцөл байдлын улмаас барилгын үйл ажиллагаа удааширсан. Тухайн үед Ковид цар тахал тархаж, хорио цээрийн дэглэм тогтоож, бүх байгууллагын үйл ажиллагаа зогссон байсан. Цар тахалтай холбоотойгоор барилгын материалын ханш 2-3 дахин нэмэгдсэн. Гэрээг өөрчлөн байгуулах гэсэн боловч гэрээг хүлээн авчхаад гарын үсэг зурж өгөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхгүй явж байснаа шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан гаргасан. Иргэний тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.4-т Урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ гэж заасан. Гэтэл тухайн заалтад дурдагдсан зөвшөөрлийг огт аваагүй. ...Дээрх нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 320/ШШ2025/00340 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч П.Дыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 0 дүгээр байрны 0 дүгээр давхрын 00 тоотод байрлах, 56.88м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч П.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,222 (дөрвөн зуун найман мянга хоёр зуун хорин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 408,222 (дөрвөн зуун найман мянга хоёр зуун хорин хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч ШХХК давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд тус тус зааснаар шүүхийн шийдвэр /магадлал/ заавал биелэгдэх ёстой.
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар энэхүү маргаантай холбоотой шүүхээс гарах шийдвэр АББСБ ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байхад уг хуулийн этгээдийг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.11.27-ны өдрийн 225/МА2024/00030 дүгээр магадлалд заасан ажиллагааг биелүүлээгүй.
...Мөн хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад АББСБ ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр заавал оролцуулж, тайлбар болон холбогдох баримтуудыг нотлох баримтаар авах, мөн иргэний хэрэг үүсгэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.06.09-ний өдрийн захирамж, АББСБ ХХК-ийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагыг тус тус нотлох баримтаар гаргуулан авах хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгон 2024.04.24-ний өдрийн 405 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.11.27-ны өдрийн 225/МА/2024/00030 дүгээр магадлалаар "...хариуцагчийн өмгөөлөгчийн гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлтэй, ...0 тоотод урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхдээ ШХХК-ийн зөвшөөрлийг аваагүй учир энэ тэмдэглэгээ нь хууль зөрчиж хийгдсэн гэж маргасан байхад анхан шатны шүүх... ...зээлийн гэрээ, барьцааны гэрээний үндсэн дээр улсын бүртгэлийн байгууллагад барьцаалбарт бүртгэгдсэн, үүнээс хойш нэхэмжлэгч П.Д нь тухайн орон сууцны 0 тоотод урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн ...талаар талууд маргаагүй гэх ойлгомжгүй дүгнэлт хийжээ. Энэ нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж дүгнээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 880,000,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс энэ талаар тайлбар хийн давж заалдах шатны шүүхийн магадлалын биелэлтийг хангуулж, АББСБ ХХК- ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг мөн гаргасан боловч шүүх хүлээн аваагүй.
2.Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан гэдэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн төлбөр төлсөн баримтуудыг судалж үзэхэд хариуцагч ШХХК-нд огт хамааралгүй өөр хүний данс байхад шүүх үүнийг байрны урьдчилгаа төлөгдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн шилжүүлсэн гээд байгаа мөнгө нь тус 0 дүгээр байрыг барихад огт зарцуулагдаагүй. Зарцуулсан талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй, ийм баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ шүүхэд нотлох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж, баримтаа шүүхэд гаргаагүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
Тодруулбал, шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 7-д Нэхэмжлэгч П.Д гэрээний үүрэг болон орон сууцны үнэд 50,054,400 төгрөг төлөхөөс нийт 49,617,000 төгрөг төлж, 437,400 төгрөг дутуу төлсөн. Харин 2022.06.02-ны өдөр Хаан банкны 000 тоот дансанд шилжүүлсэн гэх 5,000,000 төгрөг тус гэрээний үүргийн дагуу төлсөн талаар нотлогдохгүй байх ба орон сууцны бохирын шугам солих сүлжээний засварт төлсөн 437,500 төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлсөн төлбөрт тооцохгүй гэж, Үндэслэх хэсгийн 9-д ...нэхэмжлэгч П.Д... Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу хариуцагч ШХХК-д 49,617,000 төгрөг төлж, гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн... гэж ойлгомжгүй, зөрүүтэй дүгнэлтүүдийг хийсэн. Хэрвээ анхан шатны шүүх 2022.06.02-ны өдөр Хаан банкны 000 тоот дансанд шилжүүлсэн гэх 5,000,000 төгрөг нь гэрээний үүргийн дагуу төлсөн болох нь нотлогдохгүй гэж үзсэн юм бол 2022.06.06-ны өдрийн 5,000,000 төгрөг, 2022.09.19-ний өдрийн 4,000,000 төгрөг, 2022.11.17-ны өдрийн 517.000 төгрөг нь мөн адил Хаан банкны 000 тоот Дгийн Гын дансанд шилжиж орсон тул гэрээний үүргийн дагуу ШХХК-д төлсөн гэж үзэхгүй.
...3.Маргаан бүхий 0 дүгээр байрыг улсын комисс хүлээж аваагүй, нэхэмжлэгч орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй байхад хүч хэрэглэн, айлган сүрдүүлж, дарамтлан нүүн орж гэрээний 5.4 дэх заалтыг зөрчсөн. Мөн орон сууцыг ашиглалтад орохоос өмнө гүйцэтгэгч талын зөвшөөрөлгүйгээр орон сууцаа бусдад хөлслүүлсэн, бусдад худалдахаар санал болгон гэрээний 4.6 дахь заалтыг зөрчсөн ба гэрээг дүгнэж, акт үйлдэн орон сууцыг хариуцагч П.Дт хүлээлгэн өгөөгүй.
Иймээс ч 2017.05.09-ний өдрийн 2017/25 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г цуцалсан. Улмаар гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Уг гэрээ цуцлах тухай мэдэгдэл болон өмнө нь гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах санал, өөрчлөлт оруулсан гэрээг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Үүнтэй нэхэмжлэгч огт маргадаггүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээнд өөрчлөлт оруулах санал, гэрээ цуцлах мэдэгдэл ирсэн гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх энэ талаарх баримтыг үнэлж, дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
4.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 8-д ...барьцааны гэрээ байгуулагдах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүргийг хариуцагч хэрэгжүүлээгүй... гэжээ. Гэтэл 49 дүгээр орон сууцыг АББСБ-д барьцаалж, зээл авахдаа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон тус газрын ажилтан, албан хаагч нарт мэдэгдэж, албан бичгээр зөвшөөрлийг нь авсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь маргаагүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025.03.25-ны өдөр ажлаар Дундговь аймагт явж байгаад цаг агаарын ноцтой үзэгдлийн улмаас шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэвч шүүх цаг агаарын онц ноцтой үзэгдэл болсон нь нийтэд илэрхий. Мөн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болох ШХХК-ийн хуульд заасан урьдчилсан тэмдэглэгээ хийхийг зөвшөөрсөн зөвшөөрөл байхгүй, хамтран мэдүүлэг гаргаагүй байхад дээрх 0 дүгээр байрны 0 тоот орон сууцанд урьдчилсан тэмдэглэгээг хийсэн. Уг урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэл нь эрхийн улсын бүртгэлийн үнэн зөв байх зарчим болон Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.4-д Урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дүгээр зүйлийн 31.3-т Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад /нотлох баримтын хуулбарыг хавсаргана гэж тус тус заасныг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 22.1-д Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийхдээ Иргэний хуулийн 185 дугаар зүйл, Эд, хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дүгээр зүйлийг тус тус баримталсан бөгөөд мэдүүлэгт хүсэлт, холбогдох гэрээ болон бусад баримт бичгийг тус тус хавсаргана гэснийг тус тус зөрчсөн. Иймээс ШХХК нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гарган захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 880,000,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Иймд анхан шатны шүүх дээрх захиргааны болон иргэний хэргүүдийг эцэслэн шийдвэрлэсний дараа уг П.Дын нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ёстой байсан баримт байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гал-Эрдэнийг шүүх хуралдаанд оролцуулж, тайлбар хийн мэтгэлцэх эрхээр нь хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэсэн.
Иймд дээрх үндэслэлүүдээр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 320/ШШ2025/00340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
1.Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч ШХХКомпанид холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг, 0 дүгээр байрны 1 давхрын 0 тоотод байрлах 56,88 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч АББСБ ХХК нь манай компанид холбогдуулан 706,866,367 төгрөг гаргуулахаар ...нэхэмжлэл гаргаж маргаж байгаа болно. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2017/25 дугаартай Орон сууц захиалгын гэрээний 4.6, 5.4 дэх заалтыг захиалагч П.Д зөрчсөн тул уг гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй... гэж маргажээ.
2.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Дыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг, 0 дүгээр байрны 0 дүгээр давхрын 00 тоотод байрлах, 56.88м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
3.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ нотлохоор 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №2017/25 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, итгэмжлэл, ШХХК-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн албан тоот, мөнгө тушаасан баримтууд, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн талаарх баримт зэргийг нэхэмжлэлийн хамт шүүхэд ирүүлжээ /хх-н 4-11 тал/.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 34,000,000 төгрөг тушаасан баримт, 0-р байрны оршин суугчид бохирын шугам сүлжээний засварт мөнгө төлсөн жагсаалт, гэрээний дагуу төлсөн гэх 9,517,000 төгрөг тушаасан баримт, 600,000 төгрөг тушаасан баримт зэргийг нотлох баримтаар үнэлүүлэхээр шүүхэд өгсөн байна /хх-н 27-30, 39-41, 52 тал/.
Мөн шүүгчийн 2024 оны 00 дүгээр сарын 08-ны өдрийн 155/ШЗ2024/00210 дугаартай захирамжийн дагуу Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий орон сууцанд урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн эсэх, уг байранд хэн нэгэн өмчлөгчөөр бүртгэгдсэн эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-н 33-35 тал/, шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШЗ2024/01343 дугаартай захирамжийн дагуу маргаан бүхий орон сууцанд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн баримтуудыг ирүүлсэн байна /2-р хх-н 112-117 тал/.
5.Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан судлахад Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдын 35 айлын орон сууцыг барих барилгын ерөнхий гүйцэтгэгч ШХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг, 0 дүгээр байрны 0 дүгээр давхрын 0 тоотод байрлах 56.88 метр квадрат 2 өрөө орон сууцны 1 м.кв талбайг 880,000 төгрөгөөр тооцон 2017 оны 12 дугаар сарын 25-нд багтаан барьж ашиглалтад оруулах, захиалагч захиалгын нийт дүнд 50,054,400 төгрөг төлөхөөр тохиролцжээ.
6.Нэхэмжлэгч П.Д нь орон сууцны төлбөрт нийт 49,617,000 төгрөг төлж, гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн, байрны шугам сүлжээний засварт 437,500 төгрөг төлсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч захиалгын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй /1-р хх-н 27-29, 39-41, 52, 117 тал/.
7.Гэрээ байгуулах үед орон сууцны барилгын ажил эхлээгүй байсан, орон сууцыг хариуцагч тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээний агуулга, хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
8.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Өөрөөр хэлбэл гэрээний нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээг тогтоон орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулгатай байх тул энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.
Дээрх гэрээний 1-р нөхцөлд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор 5,500,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн тохиолдолд орон сууцны 1м.кв-ыг 880,000 төгрөгөөр худалдан авах боломжтой... гэж заасны дагуу нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5,500,000 төгрөг төлсөн, талууд гэрээнд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.
9.Хариуцагчийн гаргасан АББСБ ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн аваагүй, 2022.06.06-ны өдрийн 5,000,000 төгрөг, 2022.09.19-ний өдрийн 4,000,000 төгрөг, 2022.11.17-ны өдрийн 517.000 төгрөг нь мөн адил Хаан банкны 000 тоот Дгийн Гын дансанд шилжиж орсон тул гэрээний үүргийн дагуу ШХХК-д төлсөн гэж үзэхгүй, З.Г-ийг шүүх хуралдаанд оролцуулж, тайлбар хийн мэтгэлцэх эрхээр нь хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх агуулга бүхий гомдлын тухайд:
...Гэрээний талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ээр орон сууцны барилгыг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан барьж гүйцэтгэхээр тохиролцсон байх боловч хариуцагч гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх ба орон сууцыг өөр этгээд барьцаалсан гэх байдал нь уг орон сууцыг өмчлөх нэхэмжлэгчийн эрх, захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх хариуцагчийн үүргийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгчээс 000 тоот дансанд 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөгийг 2022 оны 10 дүгээр сарын 17-ны өдөр 517,000 төгрөгийг байрны урьдчилгаа Д гэсэн утгаар шилжүүлсэн дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...517,000 төгрөг, 5,000,000 төгрөг орж ирсэн байсан санагдаж байна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан Гын дансаар захиалгын гэрээгээ сунгасан албан хаагчдын төлбөрийг дамжуулан авч үйл ажиллагаандаа зарцуулсан... гэх тайлбарыг гаргасан тул 000 тоот дансанд П.Д байрны урьдчилгаа гэсэн утгаар төлөгдсөн нийт 9,517,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн төлбөр гэж үзэх үндэслэлтэй.
Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зохигчийн хүсэлтийг хүлээн авах эсэх, хэрхэн шийдвэрлэх нь тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээний асуудлын дээр талуудын хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон тул давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. гэж зохицуулсан бөгөөд АББСБ ХХК-ийг
гуравдагч этгээдээр оролцуулах эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
10.Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч ШХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 320/ШШ2025/00340 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412.770 /дөрвөн зуун арва хоёр мянга долоон зуун далан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Л.ЭРДЭНЭБАТ