| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0462/Э |
| Дугаар | 457 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 457
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга С.Сосорбарам,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох 1808045730310 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ......... дугаар хороо, Өнөр хороолол, Москва .............. оршин суух хаягтай, урьд ял шйитгүүлж байгаагүй, Б овогт Б.Б РД:ЧВ......................./,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Л-ийг “Хашааны төмөр хулгайллаа” гэсэн шалтгаанаар гар, хөл хэсэгт нь төмрөөр цохиж, эрүүл мэндэдэд “зүүн атгаал ясны далд хугарал, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Үүнд
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Л-ийг “Хашааны төмөр хулгайллаа” гэсэн шалтгаанаар гар, хөл хэсэгт нь төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Л.Л Би Сонсголонгийн зам болон цэвэрлэх байгууламжийн орчмоор явж, түүхий эд түүдэг юм. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр сонсголонгийн зам дээр түүхий эд өгдөг Самбуу гэдэг хүнтэй тааралдсан. Тэр үед Самбуу 11-47 гэсэн дугаартай приус машинтай явж байсан. Би С-тэй мэндэлсэн. Би тухайн үед Д овогтой Б гэдэг хүргэн ахтайгаа цуг явж байгаад С ахтай таараад хашаанаас чинь мод, нүүрсээ авлаа шүү гэж хэлээд хүргэн ахтайгаа 250 грамм архи хувааж уучихаад С ахын түүхий эд авдаг хашаан дээр очсон чинь цоожтой байхаар нь хашааг нь давж ороод хашаанаас нь миний эгч Н-ийн ширмэн төмөр болон цаанаас нь С-ийн төмөрнөөс нь 30 кг орчим төмөрийг хулгайлаад гарах гэсэн чинь С ах арматурын төмрөөр намайг зодсон. Намайг зодох үед хажууд хэн ч байгаагүй. Б.ах архи ууж байсан газраа согтуу хэвтэж байсан. Тэгээд миний гар хугараад гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж очсон. С ах миний эмчилгээний мөнгөнөөс 395.000 төгрөгийг төлсөн .........гэх мэдүүлэг хх-16-17 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Долгормаагийн хохирогч Л.Лхагвадоржийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийсэн №256 дугаартай дүгнэлт: Л.Л-ийн биед зүүн атгаал ясны хугарал, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэл нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийг чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт хх-33-34 дүгээр хуудас/,
- гэрч Н 2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой ирэхэд Л-ийн гар нь гэмтсэн учраас түргэн дуудаад явуулсан гэж охин хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа гэмтлий эмнэлэг дээр хагалгаанд орох үед нь хоол, цай аваачиж өгөхөд төмөр авдаг Б төмрөөр цохисон гэж хэлсэн. Үүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эмнэлгээс гарсан... гэх мэдүүлэг хх-53 дугаар хуудас/,
- гэрч Б.Б 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Л.Л бид хоёр хогын цэгийн орчим нэг шил архи уучихаад өдөр гэртээ харьж явсан. Нэг мэдсэн төмөр авдаг С ахйн хашааны буланд унтаж байсан. Тэгээд архи жоохон гарахаар нь гэртээ харихад Л.Л төмөр авдаг С ахын хашаа руу яаж орсон, яаж зодуулсан талаар согтуу байсан учраас мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг хх-55 дугаар хуудас/,
Хохирогч Л.Л-ийн гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, эмнэлэгийн магадлагаа хх-23-31 дугаар хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч Л.Л-д 390.000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан /хх-57/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна.
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 900 /есөн зуун/ нэгж буюу 900.000 / есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 900 /есөн зуун/ нэгж буюу/ 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, болохыг тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР