| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 155/2024/01267/И |
| Дугаар | 225/МА2025/00023 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 225/МА2025/00023
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 225/МА2025/00023 |
Х.Огийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2025/00312 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х.Огийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Хд холбогдох
5,652,500 (таван сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1,850,000 (нэг сая найман зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хулан, Э.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.О нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хотын чиглэлд хонины мах 855 кг, ямааны мах 5,646 кг, нийт 6,501 кг махыг Н.Хийн 00 ХӨНулсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэхээр түүнтэй харилцан тохиролцсон. Ингэхдээ би Н.Хд тээвэрлэлтийн зардалд 1,300,000 төгрөг төлөх, Н.Х нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үдээс өмнө Улаанбаатар хотод очихоор тохиролцсон юм. Гэтэл Н.Х нь харилцан тохиролцсон хугацаандаа Улаанбаатар хотод ирээгүй буюу 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хугацаа хожимдож ирсний улмаас миний махны чанар муудаж, махыг маань авахаар харилцан тохиролцсон байсан компани нь дээрх шалтгааны улмаас ямааны 2,555 кг мах, хонины 281 кг махыг авалгүй буцаасан.
...Улаанбаатар хотод ямааны махаа 1 кг нь 6,500 төгрөгөөр, хонины махаа 1 кг нь 8,000 төгрөгөөр тус тус үнэлж зарсан тул уг үнэлгээгээр үлдсэн махаа тооцож ямааны мах 2,555*6,500=16,607,500 төгрөг, хонины мах 281*8,000=2,248,000 төгрөг, нийт 18,855,500 төгрөгийн хохирол учраад байна.
Мөн Улаанбаатар хотод байхдаа махаа хөлдөөж байгаад зарах зорилготойгоор өдрийн 100,000 төгрөгийн төлбөртэйгөөр 2 өдөр хөлдөөгч түрээсэлж, махаа хөлдөөсөн. Уг хөлдөөгчний мөнгөө ч мөн адил гаргуулж авна.
Иймд ямааны мах 2,555*6,500=16,607,500 төгрөг, хонины мах 231*8,000=2,248,000 төгрөг, нийт 18,855,500 төгрөг, хөдлөөгчний түрээсийн төлбөр 200,000 төгрөг, нийт 19,055,500 төгрөгөөс анх тохиролцсон тээврийн зардал болох 1,300,000 төгрөгийг хасаж тооцон 17,755,500 төгрөгийг Н.Хэс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямааны мах 2,555 килограмм гэсэн байгаа нь буцаж ирсэн 2 уут махаа нэмсэн байгаа. Үүнийг 6,500 төгрөгөөр үржүүлэхээр 16,607,500 төгрөг, хонины мах 281 килограммыг 8,000 төгрөгөөр үржүүлэхээр 2,248,000 төгрөг нийт 18,855,500 төгрөг. Тухайн үед 200,000 төгрөгөөр хөлдөөсөн хөргүүрийн түрээсийг нэмэхээр 19,055,500 төгрөг, анх тохирсон тээврийн зардал 1,300,000 төгрөгөө үүнээс хасаад 17,755,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Одоо анх нэхэмжилсэн ямааны махнаас буцаж ирсэн ууттай ямааны махаа хасахаар 2,493 килограмм ямааны мах болж байгаа. Үүнийг зах зээлийн ханш болох 6,500 төгрөгөөр бодохоор 16,204,500 төгрөг, хонины мах 281 килограммыг 8,000 төгрөгөөр бодохоор 2,240,000 төгрөг, хөлдөөгч түрээс 200,000 төгрөгийг нэмээд нийт 18,652,500 төгрөг болж байна. Эндээс тээврийн зардал 1,300,000 төгрөгөө хасаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай данс руу шилжүүлсэн 11,700,000 төгрөгийг хасаад одоо 5,652,500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Н.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагт Эмээлтэд Х.О ирж машин онгойлгож махаа үзээд маргааш буюу 30-ны өглөө эрт Нарантуул 2 худалдааны төвд махаа зарна тэнд очоорой гээд явсан.
Хариуцагч Н.Х миний хувьд нэхэмжлэгч Х.Отэй Хөвсгөлөөс Улаанбаатар луу мах тээвэрлэх л гэрээг л амаар байгуулсан. Миний бие амаар байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Харин нэхэмжлэгч Х.О харилцан тохиролцсон 1,300,000 төгрөгийг төлөөгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бичгээр гэрээ хийгээгүй амаар гэрээ хийсэн. ...Хугацаа алдсан гэж нэхэмжлэл гаргаад байгаа юм уу, үнэр орсон гэж нэхэмжлэл гаргаад байгаа юм уу, танай хөргүүр ажиллахгүй байсан гэж нэхэмжлэл гаргаад байгаа юм уу. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжтой байх ёстой. ...Жолоочтой тээвэрлүүлж Эмээлт хүргүүлэхээр тохирсон болохоос биш 6, 7 хоног тийм том машинаар Улаанбаатар хот дундуур Нарантуул дээр оч гэхээр нь очоод, Эмээлт дээр оч гэхээр нь очоод байх ямар ч үүрэг байхгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Гэрээний дагуу махыг нь Хөвсгөлөөс Улаанбаатар хот руу хүргэж өгсөн боловч махны эзэн гэх Х.О янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж байгаад сүүлдээ хэл амаар доромжлоод махаа өөрсдөө зарж өгөөрэй гээд уурлаад хаяад явсан. Хаяад явсан махыг нь би Дэнжийн 1000 хөргүүрт хоногийн 25,000 төгрөгөөр тохирч хадгалуулсан.11 дүгээр сарын 5-ны өдрөөс одоог хүртэл хадгалуулж байгаа. Хөргүүрт хийхийн тулд эхний 10 хоногийн хөлс болох 250,000 төгрөгийг дансаар өгч махаа хадгалуулсан болно. Энэ бүх хугацаанд махны эзэн гэх Х.О хамт байсан бөгөөд өөрөө энэ байдлыг маш сайн мэдэж байгаа. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал хугацаанд 113,000 төгрөгийн түлш зарцуулсан. Мөн энэ хугацааны хоолны мөнгөнд 100.000 төгрөг зарцуулсан.
Иймд Хөвсгөлөөс Улаанбаатар хот руу мах тээвэрлэсэн зардал болох 1,300,000 төгрөг, хөргөгчинд хадгалсан махны төлбөр 250,000 төгрөг, түлш 200,000 төгрөг, хоол 100,000 төгрөг, нийт 1,850,000 төгрөгийг Х.Огээс гаргуулах өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд Н.Хийн автомашины хөргүүр доголдолтой, хугацаа хоцорсноос болж мах муудсан асуудал гарсан. Манайх тээврийн зардал 1,300,000 төгрөгийг өгнө гэж нэхэмжлэлдээ бичээд өөрийн шаардсан мөнгөн дүнгээсээ хасаж тооцсон байгаа. Манайх ч гэсэн Улаанбаатар хотод энэ явдлаас болж нэмэлт зөндөө зардал гаргасан. Үүнийг нэг бүрчлэн тооцож оруулаагүй. Зөвхөн зарж борлуулах байсан махаа зах зээлийн ханшаар тооцсон. Түүнээс биш илүү дутуу мөнгийг тооцоолоогүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 155/ШШ2025/00312 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Огээс 1,300,000 төгрөгийг гаргуулж Н.Хд олгож, нэхэмжлэгч Х.Огийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Хд холбогдох, 5,652,500 (таван сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 550,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,728 төгрөгийг, Н.Хийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Х.Огээс улсын тэмдэгтийн хураамж 35,750 төгрөгийг гаргуулж Н.Хд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж буюу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Тодруулбал:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дахь хэсэг: ...хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагаас өмнө Нарантуул-2 худалдааны төвд махыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх тохиролцсон хугацааг хожимдуулсан, ачааг тээвэрлэсэн автомашины хөргүүр доголдолтой байсан зэргээс мах үнэр орж муудсан талаар нотолсон барим хавтас хэрэгт авагдаагүй... гэжээ.
Гэтэл гэрч Ц.С нь ...Харилцан тохиролцсон өдрөөс нэг өдрийн дараа жолооч нь Нарантуул-2 худалдааны төвд махыг хүргэж байсан... гэж мэдүүлсэн. Үүнээс харахад нэхэмжлэгч нь мах зарах газартайгаа хугацаагаа харилцан тохиролцсон байсан, уг хугацаанаасаа 1 хоног хожимдуулсан нь нотлогдож байна. Гэрч Н.Б нь ...Н.Х бол махыг хэзээ хүргэж өгөх талаар хэлээгүй. Харин Н.Х өглөө эрт бол манай машин Улаанбаатар орохгүй.... гэж мэдүүлсэн байдаг. Уг мэдүүлгээс харахад хариуцагч Н.Х жолоочдоо хэзээ очих ёстойг тайлбарлаж хэлээгүй, мөн Өглөө эрт манай машин Улаанбаатар хот орохгүй гээд байгаа нь эрт Улаанбаатар хотод орох ёстой байсан гэдгийг ойлгосон байсныг илэрхийлж байна.
Мөн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл-д ...Шөнөжин тавьж үзээд хоёулаа өглөө орсон чинь пязда чинь бүр ногоорчихжээ бүр халуун үлээж байна ... хав халуун... гэх яриаг баримтжуулж авсан байх бөгөөд уг ярианаас машины хөргүүрийн ажиллагаа доголтой байсан нь нотлогдож байна.
2. Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дахь хэсэг: ...326 тооны бог малыг нэг өдөрт нядалж, мөн өдрөө автомашинд шууд ачиж тээвэрлэхэд тухайн автомашины хөргүүр олон тоогоор давхарлаж ачигдсан нойтон махны гүнд хүрч хөлдөөх боломжгүй нь илэрхий бөгөөд энэ үйл баримтад хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна..." гэжээ.
Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.6-д Тээвэрлэгч ачааг хүлээн авах үед түүний илэрхий доголдлын талаар мэдэж байсан бөгөөд үүнтэй холбоотой ямар нэг болзол тавиагүйгээс бусад тохиолдолд ачааны сав баглаа, боодлын улмаас бусдад учирсан хохирлыг ачаа илгээгч хариуцна. гэж хохирлыг хэн хариуцахыг тодорхойлсон байна.
Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу хөргүүртэй машинаар мах тээвэрлүүлж, тээврийн хөлс төлөх, хариуцагч нь махыг тогтоосон газар, тогтоосон хугацаанд махны чанарыг муутгахгүй хүргэх үүргийг тус тус хүлээсэн байдаг.
Тодруулбал манайх тээвэрлүүлж байгаа махыг хөлдөөх зорилгогүй, зөвхөн махны чанарыг муутгахгүй байх зорилгоор хөргүүртэй машинаар тээвэрлэлт хийлгэж байгаа. Гэтэл шүүхийн шийдвэрт махны гүнд хүрч хөлдөөх боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үйл баримттай нийцэхгүй байна.
Хэрэв тухайн өдөртөө нядалсан, нойтон махыг олон давхарлаж ачвал мах муудах боломжтой гэдэг нь илт ойлгомжтой байсан юм бол, ийм тээвэрлэлт байнга хийдэг тээвэрлэгч энэ эрсдэлийг тээвэрлүүлэгчид хэлээд, тээвэрлэлт хийхээс татгалзах, эсвэл махыг дараа өдөр нь ачих санал тавьж болох байсан. Гэвч тээвэрлэгч өөрөө шалгаж үзээд махыг ачсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог.
Нэхэмжлэгч П.О бид махны бизнесийг 10 гаран жил хийж байгаа, байнга Хөвсгөл аймгаас Улаанбаатар болон бусад орон нутаг руу махаа тээвэрлүүлдэг. Тас хөлдөөгүй, сэврээсэн махыг олон удаа тээвэрлүүлж байхад ийм асуудал огт үүсэж байгаагүй учраас миний хувьд маш их гомдолтой байна.
Хэргийн материалд авагдсан гэрч М.Б нь ...Жолооч бид хоёр машин дээрээ тараагаад тавьсан байсан махаа барьж үзээд эргүүлээд махаа машин дээрээ хурааж ачсан... гэж мэдүүлсэн байдаг бөгөөд Н.Х нь өөрөө махаа барьж үзээд сэвэрсэн байна гээд ачсан нь харагдаж байна.
Мөн Иргэний хуулийн 393.1-т Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ... хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна гэж хуульчилсан байна.
Н.Х нь махыг эмээлтэд хүргэж өгөхөөр харилцан тохиролцсон гэж тайлбар өгдөг ч үүнийг логик дэс дарааллаар бодож үзвэл Нарантуул-2 худалдааны төвд махаа зарахаар харилцан тохирсон хүн эмээлт зах дээр махыг хүлээж аваад, нийт 6.5 тонн махыг дахин Нарантуул-2 худалдааны төв рүү өөр тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэлт хийлгэж, мөнгө санхүү, цаг хугацаагаар хохирох үйлдэл хийхгүй. Нарантуул-2 ХҮТ-д махаа зарахаар харилцан тохиролцсон байсныг гэрч С мэдүүлсэн байдаг.
Мөн шүүх хуралд уг машиныг шинэ машин, хөргүүрт ямар нэг гэмтэл байгаагүй гэж мэдүүлж байгаа хэр нь 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэл-д өмнө нь хөргүүрийг үзүүлсэн, зүгээр л гэсэн юм даа, халуун үлээж байна, хав халуун гэх харилцан яриа нь уг машиныг хөргүүрийн доголдолтой гэдгийг нотолсон хууль журмаар бэхжүүлж авсан нотлох баримт юм.
Үүнээс гадна манай махыг ачиж дуусаад Лидер хүнсийн захирал Мягаа гэх хүний хөлдүү үхрийн махыг ачсан байдаг. Гэтэл тухайн үхрийн мах шалбайтал гэсэж шүүс нь гоожиж очсон байдгийг 00 ХӨНулсын дугаартай Хьюндэй траго машинаас үхрийн мах буулгаж байгаа 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.
Гэтэл анхан шатны шүүх ямар үндэслэлээр хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, үзлэгийн ажиллагаагаар баримтжуулсан баримтыг үнэлээгүй үндэслэлээ тодорхой дурдаагүй, дээрх нотлох баримтуудыг тухайн хэрэгт ямар хамааралтай, ач холбогдолтой утга агуулгаар нь тус тус үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжилж буй махны мөнгийг нэхэмжлэх эрхгүй хэмээн тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн ноцтой зөрчил болно.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Н.Хд холбогдуулж тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохиролд 17,755,000 /арван долоон сая долоон зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулах, хариуцагч Н.Х нь нэхэмжлэгч Х.Од холбогдуулж тээвэрлэлтийн гэрээтэй холбогдуулан 1,850,000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасныг хэн аль нь эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Х нь 11,700,000 /арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Х.Од төлж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,652,500 /таван сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөг болгон багасгасан байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 320/ШШ2025/00312 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Огээс 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж Н.Хд олгож, нэхэмжлэгч Х.Огийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Хд холбогдох 5,652,500 /таван сая зургаан зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэрэгт хуульд заасан журмаар цугларсан, талуудаас гаргаж өгсөн нотлох баримтууд, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлахад, тээвэрлүүлэгч Х.О, тээвэрлэгч Н.Х нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Н.Х нь Х.Огийн 6,501 кг бог малын махыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хотод тээвэрлэж хүргэх, Х.О нь хэлэлцэн тохирсон тээврийн хөлс 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Хэргийн үйл баримтаас үзвэл, ачааг ачиж дуусаад 2024 оны 10 дугаар сарын 28-ны орой тээвэрлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэлтээ эхлүүлсэн, мөн тээвэрлүүлэгч болох Х.О өөр машинаар Улаанбаатар хот руу түрүүлж явсан, ачааг 2024 оны 10 дугаар сарын 29-ний 17 цагийн үед Улаанбаатар хотын Эмээлт гэх газарт хүргэсний дараа 16 цагаас өмнө ирээгүй тул ачааг тээвэрлүүлэгч Х.О, тээвэрлэгч Н.Хийн жолооч Н.Б нар манаж хонон, улмаар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тээвэрлэсэн махны зарим хэсгийг зарж борлуулахад ямааны 2,555 кг мах, хонины 281 кг махыг муудаж, үнэр орсон шалтгаанаар авалгүй буцаасан болох нь тогтоогдсон байна.
Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон ачааны тоо, хэмжээ бүрэн бүтэн байдлын талаар маргаагүй, харин чанар алдагдаж ямааны 2,555 кг мах, хонины 281 кг мах муудаж бусдад худалдах боломжгүй болсныг нэхэмжлэгч буюу тээвэрлүүлэгч нь хариуцагч буюу тээвэрлэгчийг ачааг тээвэрлэхдээ хөргүүр бүрэн ажиллаагүй доголдолтой гэж буруутган тээвэрлэлтийн гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг шаардсан, харин хариуцагч тээвэрлүүлэгчийн өмнө тээвэрлэлтийн гэрээний үндсэн үүргээ биелүүлсэн, тээвэрлүүлэгч нь тухайн өдөр нядалсан халуун махыг давхарлаж ачсанаас мах муудах шалтгаан болсон гэсэн агуулгатай хариу тайлбар гаргаж, талууд тээвэрлэлтийн явцад муудсан ачаатай холбогдуулан маргажээ.
Талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ амаар байгуулагдсан боловч хуульд зааснаар дагалдах бичиг үйлдээгүй тул тээвэрлэгч болон тээвэрлүүлэгч нар тээвэрлэлтийн гэрээний үндсэн үүргээс гадна тээвэрлэж буй ачааны онцлогоос шалтгаалах тусгай эсхүл онцгой үүрэг тус тус хүлээсэн эсэх, тээвэрлэлттэй холбоотой шаардлагатай мэдээ, мэдээлэл болох ачааг тээвэрлэх нөхцөл, температурын хэмжээ, ачааг ямар хугацаанд тээвэрлэх үүргийг тээвэрлүүлэгч, тээвэрлэгчийн хэн аль нь хүлээсэн зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тохиролцоогүйгээс үүссэн маргаантай холбогдуулан шүүхээс талуудын үүргийн талаар хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд хангагдсан эсэхээс өөрөөр тухайлсан дүгнэлт хийх боломжгүй байна.
Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцах бөгөөд нэхэмжлэгч буюу тээвэрлүүлэгч Х.О нь хуулийн уг зохицуулалтыг үндэслэж хариуцагч буюу тээвэрлэгч Н.Хэс тээвэрлэлтийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Гэвч тээвэрлэгч нь хуульд заасан нөхцөл байдлын улмаас тээвэрлэж буй ачаа муудсан бөгөөд үүнд гэм буруугүй болох нь нотлогдвол дээрх хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарууд, гэрчийн мэдүүлгүүдээс дүгнэвэл, тээвэрлэлтийн явцад муудсан ямааны 2,555 кг мах, хонины 281 кг махыг ямар температурт, ямар орчинд тээвэрлэх талаар талууд тохиролцоогүй, тээвэрлэгч нь гэрээнд заасан тусгай үүрэг хүлээсэн эсэх нь нотлогдоогүй.
Мөн тээвэрлэсэн махыг Улаанбаатар хотод хүргэсний дараа тээвэрлүүлэгч Х.О нь жолоочтой хамт махаа сахиж хоносон байх ба махыг хүлээж авах, өөр газарт хадгалах боломжтой байсан зэргээс дүгнэхэд ачааг тээвэрлүүлэгч нь тээвэрлэгчийг тээвэрлэлтийн гэрээний үүргийн зөрчилд буюу ямааны 2,555 кг мах, хонины 281 кг махыг тээвэрлэлтийн явцад муудаж цаашид ашиглах боломжгүй болсон үйл баримтад буруутгах боломжгүй байх тул тээвэрлүүлэгчид учирсан хохирлыг төлөх хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Иймд талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, тээвэрлэсэн ачаанаас тээвэрлэлтийн явцад ямааны 2,555 кг мах, хонины 281 кг махыг муутгаж, цаашид ашиглах боломжгүй болсон нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон боловч үүнд тээвэрлэгч гэм буруутай болох нь нотлогдоогүй, талуудын хооронд хуульд зааснаар дагалдах бичиг үйлдэгдээгүй учраас тээвэрлэгч нь ачааг тээвэрлэх явцад хөргүүр ажиллаагүйн улмаас мах муудах шалтгаан бий болсныг баримтаар нотлоогүй зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэг, 393.4 дэх хэсгийн 393.4.3 дах заалтыг баримталж тээвэрлэгч буюу хариуцагч Н.Хийг хуульд заасан нөхцөл байдал тогтоогдсон учраас түүний тээвэрлэх явцад муудсан буюу ашиглах боломжгүй болсон ямааны 2,555 кг мах, хонины 281 кг махны үнийг тээвэрлүүлэгчид нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлтэй.
Нөгөөтэйгүүр махыг тээвэрлэсэн автомашины хөргүүр стандартын шаардлагад нийцсэн байдлаар ажиллаагүй болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хэргийн оролцогч нараас хүсэлт гарган техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулаагүйн дээр тээвэрлэгч тээвэрлүүлсэн махыг зохих шаардлага хангасан газарт хадгалуулах үүрэг хүлээгээгүй байна.
Мөн нэхэмжлэгч Х.Огээс 1,850,000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн нэмэлт зардал гаргасан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтад хамаарах Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 320/ШШ2025/00312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,190 /нэг зуун хорин зургаан мянга нэг зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ