Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 225/МА2025/00024

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 225/МА2025/00024

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 320/ШШ2025/00351 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХХК-нд холбогдох

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт барааны үнэ 48,596,690 төгрөг, алданги 24,298,345 төгрөг, нийт 72,895,035 (далан хоёр сая найман зуун ерэн таван мянга гучин тав) төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Давааням /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М ХХК нь ХХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу ХХХК-иар дамжуулан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд М нэрийн болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцсон. Тус гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн тооцоогоор хариуцагчид 600,389,550 төгрөгийн бараа, материал нийлүүлсэн.

Гэтэл хариуцагч нь Худалдааны хамтран ажиллах гэрээний 5.2 дахь хэсэгт Борлуулагч нь нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан борлуулалтын орлогыг өдөр бүр Хаан банкин дахь М ХХК-ийн 5020633331 тоот дансаар үл маргах журмаар шилжүүлнэ. Ингэхдээ бараа худалдан борлуулсан зарлагын баримтыг цахим хэлбэрээр нийлүүлэгчид илгээнэ гэж заасан боловч худалдан борлуулсан барааны үлдэгдэл төлбөр болох 48,596,690 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Түүнчлэн М ХХК нь Гэрээний 6.5-д Борлуулагч нь гэрээнд заасан хугацаанд борлуулсан барааны үнийг нийлүүлэгчид төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэх хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө гэж зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 хоногт 242,083.45 төгрөг, нийт 956 хоногт 242,292,170.02 төгрөгийн алданги тооцохоор байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангиа бодвол 24,298,345 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн Ү-000 дугаартай 36 метр квадрат хэмжээтэй өвлийн сууцны зориулалттай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Геологийн байр 3-3 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө барьцаалсан байгаа. Энэхүү барьцааны гэрээний 4.1-д барьцаалагч гэрээнд заасан нөхцөл бий болсноор хуульд заасан журмаар барьцааны зүйлээр учирсан хохирол болон хохирлыг төлүүлэхтэй холбогдон гарах бусад зардал төлүүлэх гэрээнд заасан арга хэмжээ авах эрхтэй гэж заасан.

... Иймд хариуцагчаас Хамтран ажиллах гэрээний үүрэгт 48,596,690 төгрөг, алдангид 24,298,345 төгрөг нийт 72,895,035 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Хариуцагч ХХХК шүүхэд гаргасан тайлбартаа: М ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Учир нь хамтран ажиллах гэрээг өөрт давуу байдлаар хийж, борлуулсан барааны төлбөр гэх 48,569,690 төгрөг, алданги 24,298,345 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оноос хойш зөвхөн түрээсийн төлбөрт 24,800,000 төгрөг төлсөн. (үйл ажиллагаатай холбоотой бусад зардлыг тооцоогүй болно.)

Иймд барааны төлбөр гэх 48,569,690 төгрөгөөс түрээсийн төлбөр хасаж 24,799,951 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. гэжээ.

Хариуцагч Ххязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээг байгуулж байгаа мэт боловч нэг талын эрх ашгийг хамгаалсан буюу хамтран ажиллах гэрээний шаардлагыг хангаагүй гэрээ болсон.

Учир нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т Хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараах зүйлийг тусгана... гэж заасан.

Үүнд: Хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг алдагдлыг хуваарилах журам, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам, гэрээнээс гарах журмыг гэрээнд заавал тусгах ёстой. Гэтэл 2021 оны 11-р сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээнд эдгээр зүйлийг огт тусгаагүй.

Иймд 2021 оны 11-р сарын 12-ны өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Худалдааны хамтран ажиллах гэрээгээр нийлүүлэгч буюу нэхэмжлэгч тал нь өөрийн бараа бүтээгдэхүүнээ борлуулагч тал буюу хариуцагч ХХХК-нд хүлээлгэн өгөх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, борлуулсан барааны төлбөрийг гэрээний 5.1 дэх хэсэгт: Борлуулагч нь нийт худалдсан барааны үнийн дүнгийн 7 хувийн урамшууллыг бараа борлуулсны шимтгэл болгон авч ашиг хүртэнэ. гэж заасны дагуу борлуулсан бараанаас 7 хувийн шимтгэлээ суутган авахаар харилцан тохиролцсон.

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээ нь Худалдааны хамтран ажиллах гэрээ нэртэй боловч гэрээгээр зохицуулж буй харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан Хөлсөөр ажиллах гэрээ юм. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

...Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 320/ШШ2025/00351 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Хариуцагч Ххязгаарлагдмал хариуцлагатай компаниас 48,596,690 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 24,298,345 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Бын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ххязгаарлагдмал хариуцлагатай компаниас 400,933 төгрөгийг, улсын орлогоос 1 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Давааням давж заалдах гомдолдоо: ... Алданги хэрэгсэхгүй болгосон тухайд:

Анхан шатны шүүх ...Харин нэхэмжлэгч байгууллага нь алдангийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 965 хоног гэж тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан хэдий ч хэрэгт авагдсан Хамтран ажиллах гэрээний 2.1-д гэрээний хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан ба тухайн гэрээг ямар хугацаагаар сунгасан болох нь тодорхойгүй. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тооцоо нийлсэн акт, 2024 оны 05 дугаар сарын 31-ний үлдэгдэл бараагаа авсан баримтууд зэргээр 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл алданги тооцох боломжгүй гэж дүгнэлээ гэжээ. Гэвч дээрх дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нэг хоногт 242,983.45 төгрөг нийт 965 хоногт 232,292,178.2 төгрөг тооцохоор байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт заасныг баримтлан алдангид 24,298,345 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн алданги тооцсон байхад шүүх алданги тооцож эхэлсэн хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэж буруу дүгнэсэн.

...Гэрээний зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгч болон хариуцагч нь гэрээг анх 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатайгаар байгуулсан байх гэрээний аль нэг тал нь гэрээг цуцлах санал гаргаагүй тохиолдолд гэрээний хугацаа үргэлжилж байхаар харилцан тохиролцсон байна.

Гэтэл шүүх тухайн гэрээг ямар хугацаагаар сунгасан болох нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцэхгүй байна.

2.1 Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухайд:

Анхан шатны шүүх Нэхэмжлэгч байгууллага нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй, дан ганц үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр энэ шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв гэжээ. Гэвч дээрх дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 156 дугаар зүйлийн 156.1 дахь хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус заасан.

Үүний дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн /хх-ийн 12-16-р тал/.

Гэтэл анхан шатны шүүх хуульд заагаагүй буюу үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй гэсэн дүгнэлт хийж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 320/ШШ2025/00351 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ХХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б давж заалдах гомдолдоо: ..ХХХК-аас 48,596,690 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. М ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан ч ямар ч бараа тулгалт, дутсан зүйл байхгүй юм. Хариу тайлбарын 24,298,345 төгрөгийг М ХХК нь түрээсийн төлбөрт төлөх ёстой байсан гэсэн утгыг бид нар төлбөр төлөх ёстой байдлаа анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ дурдсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх канондсон цаас, компанийн тамга, тэмдэг дардасгүй баримтуудыг нотлох баримтаар үнэлсэнд маш их гайхаж байна. Манай байгууллагын зүгээс анхан шатны шүүхэд шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргаж өгсөн. Тус хүсэлтэд нотлох баримтаар үйлдсэн ХХХК-ийн тамга, тэмдэг, захирлын гарын үсэг зурсан хуулбар цаас нь хэний гарын үсэг болох, хэзээ, хэрхэн хэвлэсэн хар өнгийн тамга тэмдэг эсэхийг тодруулж өгөхийг анхан шатны шүүхэд хүсэлт гаргахад шүүгч хангаагүй шийдвэрлэсэн. Канондсон цаас, салбар нэгж, хэн, хэрхэн гарын үсэг зурсан нь тодорхой бус цаасаар төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 320/ШШ2025/00351 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн өмгөөлөгч Ж.Давааням, хариуцагч ХХХК-ийн захирал Г.Б нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч ХХХК-нд холбогдуулан худалдан борлуулсан барааны үлдэгдэл төлбөр 48,596,690 /дөчин найман сая таван зуун ерэн зургаан мянга зургаан зуун ер/ төгрөг, алданги 24,298,345 /хорин дөрвөн сая хоёр зуун ерэн найман мянга гурван зуун дөчин тав/ төгрөг, нийт 72,895,035 /далан хоёр сая найман зуун ерэн таван мянга гучин тав/ төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрсөн.

Хариуцагч ХХХК нь нэхэмжлэгч М ХХК-нд холбогдуулж талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Худалдааны хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч маргажээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 320/ШШ2025/00351 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч ХХХК-иас 48,596,690 /дөчин найман сая таван зуун ерэн зургаан мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-нд олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 24,298,345 /хорин дөрвөн сая хоёр зуун ерэн найман мянга гурван зуун дөчин тав/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Бын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч М ХХК, хариуцагч ХХХК-ийн хооронд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ, мөн нэхэмжлэгч М ХХК, хариуцагч ХХХК-ийн захирал Г.Б нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байх ба дээрх гэрээнүүд хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигч талууд гэрээ байгуулагдсан талаар маргаагүй байна.

Дээрх гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгчийн М нэрийн болон бусад бараа бүтээгдэхүүнийг ХХХК нь худалдан борлуулж үнийн дүнгийн 7 хувийн ашиг олох зорилгоор талууд гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нь 24,800,000 /хорин дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцно, алданги төлөхгүй гэж маргасныг анхан шатны шүүх ...барааны төлбөр гэх 48,596,690 /дөчин найман сая таван зуун ерэн зургаан мянга зургаан зуун ер/ төгрөгөөс түрээсийн төлбөр хасаж 24,799,951 төгрөг-ийг төлөх хүсэлтэй байна гэх тайлбараар барааны үлдэгдэл төлбөр 48,596,690 /дөчин найман сая таван зуун ерэн зургаан мянга зургаан зуун ер/ төгрөг болох нь нотлогдсон гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч ХХХК-ийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр дээрх үйл баримт нотлогдсон гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс зохигч талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг ямар хугацаагаар сунгасан болох нь тодорхойгүй 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн үлдэгдэл бараагаа авсан баримтууд зэргээр 2021 оны 11 дүгээр сарын 12-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл алданги тооцох боломжгүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан Худалдааны хамтран ажиллах тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний 2.1-т гэрээг 2021 оны 11 сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан байх ба уг гэрээний 2.2-т Гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг цуцлах санал гаргаагүй үүргээ гүйцэтгэсээр байгаа бол энэхүү гэрээг хүчин төгөлдөр байгаад тооцно гэж зааснаас үзвэл гэрээний хугацаа үргэлжилсэн гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн Хөвсгөл салбарын тооцоо нэртэй 2024.06.26-ны өдрийн баримт нь санхүүгийн тэмдэг давхардуулж дарсан ямар байгууллагын санхүүгийн баримт болох нь тодорхойгүй /хх-ийн 17 тал/, Тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн баримтад төлөгч байгууллагыг төлөөлж гарын үсэг зураагүй. /хх-ийн 18 тал/, Тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн баримтад төлөгч байгууллагыг төлөөлж Б гарын үсэг зурж, төлөх хугацааны талаар тайлбар бичсэн хэдий ч энэхүү баримт нь хуулбар баримт байх ба ямар байгууллагын тэмдэг дарагдсан болох нь тодорхойгүй /хх-ийн 19 тал/, Авлагын товчоо тайлан нэртэй 2023.01.01-2024.03.16 гэх огноотой баримт, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан нэртэй 2020.01.01-2024.06.26 гэх огноотой баримт /хх-ийн 20-42 тал/-ууд нь байгууллагын санхүүгийн тэмдэг дарагдсан хэдий ч энэхүү баримтаар хариуцагчийг нэхэмжлэгчид төлөх төлбөртэй гэснийг нотолсон гэж үзэхэд учир дутагдалтай, Бараа материалын үлдэгдэл-2024.03.12, Зарлагын баримт-ууд /хх-ийн 43-47 тал/ нь хуулбар баримтууд байх ба үүнд санхүүгийн тэмдэг дарсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан ба энэхүү хуулийн шаардлагыг хангасан баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжгүй.

Мөн нэхэмжлэгч нь алдангийг хэдий үеэс тоолж эхлэх болсон үндэслэлээ баримтаар нотлоогүй, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш хариуцагч нь хэдэн төгрөгийн төлбөрийг ямар хугацаагаар хэтрүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, гэрээ байгуулагдсан өдрөөс алданги тооцохоор нэхэмжилсэн нь ойлгомжгүй байх тул 24,298,345 /хорин дөрвөн сая хоёр зуун ерэн найман мянга гурван зуун дөчин тав/ төгрөгийн алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг анхан шатны шүүх ...тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй, дан ганц үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр энэ шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан ба М ХХК, хариуцагч ХХХК-ийн захирал Г.Б нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж уг гэрээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Геологийн байр 3-03 тоотод байрлах 36 м2 хэмжээтэй өвлийн сууцны зориулалттай Ү-000 улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгийг 25,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалжээ.

Энэхүү гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагч ХХХК-ийн захирал Г.Бын Худалдааны хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, уг хэлцлийг хуульд заасан аль үндэслэлээр шаардлагаа тодорхойлж байгаа нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан баримтаар тухайн үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох хууль зүйн фактын хамгийн түгээмэл хэлбэр нь хэлцэл бөгөөд энэ нь хуульд нийцсэн байхыг шаардана. Хэлцэл хийх эсэх нь талуудын хүсэл зоригоос шалтгаалах хэдий ч хуульд заасан тохиолдолд хэлцлийг хүчин төгөлдөр бус байх, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцож болох нөхцөлийг Иргэний хуулиар тусгайлан зохицуулсан байдаг.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй М ХХК, хариуцагч ХХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-1.10-д заасан үндэслэлийн алинд хамаарч байгаа талаар тодорхойлоогүй, үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч М ХХК-ийн өмгөөлөгч Ж.Даваанямын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ХХХК-ийн захирал Г.Бын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 320/ШШ2025/00351 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Ххязгаарлагдмал хариуцлагатай компаниас 48,596,690 /дөчин найман сая таван зуун ерэн зургаан мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2-т зааснаар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-000 улсын бүртгэлийн дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Геологийн байр 3-03 тоотод байрлах 36 м2 хэмжээтэй өвлийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 24,298,345 /хорин дөрвөн сая хоёр зуун ерэн найман мянга гурван зуун дөчин тав/ төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Бын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,650 /гурван зуун дөчин есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,933.45 /дөрвөн зуун мянга есөн зуун гучин гурван төгрөг, дөчин таван мөнгө/ улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Н.БАЯРХҮҮ