| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 102/2016/05939/И |
| Дугаар | 184/ШШ2016/00583 |
| Огноо | 2016-08-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2016/00583
2016 оны 8 сарын 15 өдөр Дугаар184/ШШ2016/00583 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,
“Түрээсийн төлбөр 2,910,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* *******” СӨХ-ын эзэмшлийн подвалийг түрээслэгч ******* нь түрээсийн мөнгөө төлөхгүй удаа дараа шаардуулж байгуу тул 2015 оны 11, 12 дугаар сар, 2016 оны 1 дүгээр саруудын түрээс 510,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сараас 5 дугаар саруудын түрээс 2,400,000 төгрөг, нийт 2,910,000 төгрөгийг гаргуулж, нийтийн эзэмшлийн подвалийг албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна.
Хариуцагч ******* нь манай холбооны эзэмшлийн зоорийн давхарын 56 м.кв талбайг түрээслэн эзэмшиж байсан бөгөөд холбооны хяналтын зөвлөлөөс 1 м.кв талбайн түрээсийн төлбөрийг 3,000 төгрөг байхаар шийдвэрлэсэн.
Өмнө нь түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан учраас 2015 оны 10 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны төлбөрийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс хойшхи хугацааны төлбөрөө төлөхгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
******* нь зоорийн давхарын 56 м.кв талбайг түрээсээр эзэмших эрхтэй боловч нийтдээ 200 м.кв талбайг эзэмшээд байгаа юм. Иймээс 2015 оны 11, 12 дугаар сарууд болон 2016 оны 01 дүгээр сарыг оролцуулаад нийт 3 сарын түрээсийн төлбөрийг 56 м.кв талбайгаар тооцож, сар тутам 170,000 төгрөг төлөх тул 510,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Мөн хариуцагч ******* нь гэрээгээр эзэмших ёстой 56 м.кв талбайгаас хэтрүүлж 200 м.кв талбайг эзэмшиж байгаа тул 2016 оны 2 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарыг дуусталх 4 сарын төлбөрийг сарын 600,000 төгрөгөөр тооцож, 2,400,000 төгрөг нэхэмжилж байна.
Иймээс хариуцагчаас нийт 2,910,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* түрээсийн төлбөрт 800,000 төгрөг төлсөнийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэгт авагдсан бусад түрээсийн төлбөр төлсөн баримтууд нь өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлсөн баримтууд байна. Үлдэгдэл 2,110,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2008 оноос эхлэн тус холбооны зоорийн давхарын 56 м.кв талбайг эзэмшиж байгаа бөгөөд чийггүй дундын өмчлөлийн эд хөрөнгийн засан сайжруулж дээр нь түрээсийн төлбөрийг өгч байсан. Газар доорхи подвалийн байранд хуулиар тогтоогдсон шийдвэр байхгүй. Сууц өмчлөгчдийн холбоо надаас ашигтай ашиггүй талбайг ялгаж тооцохгүй нийтэд нь тооцож дураараа төлбөр нэхэмжилж байна.
Бусад Сууц өмчлөгчдийн холбоо засвар хийсэн мөнгөө хөнгөлөлт үзүүлдэг тодорхой саруудаар төлбөр авдаггүй байхад 1 удаа хөнгөлөлт үзүүлж байгаагүй. Би 7 жил тасралтгүй түрээсээ төлж байсан. Зоорийн давхарыг нэмж зассан. Сууц өмчлөгчдийн холбоо миний өгсөн мөнгөөр юу хийсэн бэ? Энэ сууц өмчлөгчдийн холбоо нь подвалийг эзэмшдэг бидний өгсөн тодорхой засвар үйлчилгээ хийх боломжтой оршин суугчдад буруу ойлголт өгдөг гарын үсэг зуруулдаг. Ийм санаатай үйлдэлтэй сууц өмчлөгчдийн холбооны дарга, уг дарга нь өөрөө өмгөөлөгч байна. Өмгөөлөгч хүний эрх зүй ёс жудаг байдаггүй юм уу. Гэрээндээ зөвхөн сууц өмчлөгчдийн холбооний эрх ашгийг хамгаалсан байна. Олон удаа ирж тулган шаардсан 1 талын эрх ашгийг хамгаалсан, эцэслэж шийдвэр гаргаагүй байхад орж ирээд довтлоод сэтгэл санааны дарамт их байдаг. Энэ бүгдэд гомдолтой.
Би 56 м.кв талбайг эзэмшиж байгаад 2013 оноос эхлэн 200 м.кв талбайг эзэмшиж байгаа. Бусад орцны түрээслэгч нар 200 м.кв талбайг түрээслэдэг ч гэсэн би сард 120,000 төлдөг. Би харин ч сард 170,000 төгрөгийн түрээс төлөөд явдаг байсан. Би энэ 200 м.кв талбайгаа бүхэлд нь янзалж засвар хийсэн. Би энэ талбайд айл суулгадаг. Гэхдээ бараг айлгүй шахуу гуравхан айл байна. Би сард 600,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх гэрээг Сууц өмчлөгчдийн холбоотой байгуулаагүй. Харин сард 170,000 төгрөгөөр тооцоод түрээсээ төлнө. Хэрэгт нотлох баримтаар өгсөн төлбөр төлсөн баримтуудаас 800,000 төгрөг нь нэхэмжлэлд хамаарах хугацааны төлбөрийн баримт. Бусад баримтууд нь нэхэмжлэлд заасан хугацааны төлбөр биш ба өмнөх төлбөр юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч *******ад холбогдуулан түрээсийн төлбөрт 2,910,000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “******* *******” Сууц өмчлөгчдийн холбооны харьяа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны 1 дүгээр орцны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 56 м.кв талбайг сард 170.000 төгрөгөөр тохиролцон үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар түрээслэдэг болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 7868 дугаар шийдвэрээр тогтоогдсон бөгөөд уг талбайг одоог хүртэл түрээслэн үйл ажиллагаа явуулдаг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2015 оны 11, 12 дугаар сарууд болон 2016 оны 01 дүгээр сарыг оролцуулаад нийт 3 сарын түрээсийн төлбөрийг 56 м.кв талбайгаар тооцож, сар тутам 170,000 төгрөг төлөх тул 510,000 төгрөгийг нэхэмжилж байна. ... хариуцагч ******* нь гэрээгээр эзэмших ёстой 56 м.кв талбайгаас хэтрүүлж 200 м.кв талбайг эзэмшиж байгаа тул 2016 оны 2 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарыг дуусталх 4 сарын төлбөрийг сарын 600,000 төгрөгөөр тооцож, 2,400,000 төгрөг нэхэмжилж байна” гэж тайлбарлажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “******* *******” сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... би 200 м.кв талбайгаар гэрээ байгуулаагүй учраас энэ төлбөрийг төлөхгүй ...” гэж тайлбарладаг боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн төлбөрт 800,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байна.
“******* *******” СӨХ-ийн удирдах зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03 тоот тогтоолоор уг подвалыг түрээслэх эрхийг олгож, “******* *******” СӨХ-ны удирдах зөвлөлийн хяналтын зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03 тоот тогтоолоор, зоорийн давхарын түрээсийн төлбөрийг 1 метр квадрат тутмыг 3000 төгрөг байхаар тогтоосон шийдвэр гаргажээ.
“******* *******” СӨХ нь түрээслэгч *******тай байгуулсан гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний төрөлд хамаарах бөгөөд хуульд зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна.
Иймд хариуцагч *******аас түрээсийн төлбөрийг гэрээ байгуулсан 56 м.кв талбайгаар “******* *******” СӨХ-ны удирдах зөвлөлийн хяналтын зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03 тоот тогтоолоор баталсан 3,000 төгрөгөөр тооцож, 2015 оны 11, 12 дугаар сарууд болон 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарыг дуусталх нийт 7 сарын төлбөрийг сарын 168,000 төгрөгөөр тооцож, 1,176,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй бөгөөд уг төлбөрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн төлбөрт төлсөн 800,000 төгрөгийг хасаж, үлдэх 376,000 төгрөгийг “******* *******” СӨХ-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “******* *******” СӨХ нь хариуцагч *******тай 200 м.кв талбайг түрээслэхээр түрээсийн гэрээг байгуулаагүй тул уг талбайн хэмжээгээр түрээсийн төлбөрийг гаргуулах боломжгүй юм. Харин “******* *******” СӨХ нь *******ыг хууль бусаар илүү талбай эзэмшиж байгаа гэж үзвэл уг талбайгаа чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой болохыг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас түрээсийн төлбөрт 376,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 2,534,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 11,930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР