Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 201/МА2025/00025

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Г.Уртнасан, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 309/ШШ2025/00398 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

49 761 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие Хэрлэн сумын ******* дугаар байрны ******* тоотод 49 м.кв талбайтай 2 өрөө орон сууцтай байсан. ******* бид хоёр 2021 онд танилцсан. Танилцаад удаагүй байх үедээ би өөрийн эзэмшлийн орон сууцыг метр квадратыг 1 500 000 төгрөгөөр бодож нийт 73 000 000 төгрөгөөр *******д худалдахаар тохиролцсон. ******* надад 53 000 000 төгрөг өгч, 20 000 000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцсон. Удалгүй бид хамт амьдарч, байраа зарж өөр байранд орохоор захиалга өгсөн. Байранд захиалга өгөх үедээ ******* нь чи бид хоёрын эд хөрөнгө шүү дээ гэж хэлсэн ч байр ашиглалтад орохоос 7 хоногийн өмнө ааш нь өөрчлөгдөж байрандаа орсон. Энэ хугацаанд нотариатаар батлуулж 10 000 000 төгрөгийг *******д зээлдүүлсэн. Би байрны үлдэгдэл 20 000 000 төгрөг, дансаар шилжүүлсэн 19 761 000 төгрөг, нотариатаар батлуулж зээлсэн 10 000 000 төгрөг, нийт 49 761 000 төгрөгийг *******аас нэхэмжилж байна. гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

...******* гэх хүнтэй 2021 оноос одоог хүртэл хамт амьдарч байна. ******* надад байраа 53 000 000 төгрөгөөр худалдаж би байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Би тухайн байрыг 53 000 000 төгрөгөөр худалдаж авсан байхад ******* худал хэлж надаас 20 000 000 төгрөг нэхэмжилж байна. Би мөнгөө өгч байр худалдан авсан. ******* нь 4 жилийн хугацаанд надад зарцуулсан мөнгөө нэхэмжилж авах боломжтой. Харин худлаа хэлж хүнээс мөнгө нэхэмжилж болохгүй. Иймээс надаас мөнгө нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхбаяр нь хамт амьдарч байхдаа хэрэглээндээ хэрэглэсэн мөнгийг надаас нэхэмжилж байна. Би *******од надад мөнгө зээлээч гэж хэлж байгаагүй, би зээлийн гэрээ болон тооцоо нийлсэн гэрээ байгуулаагүй. Орон сууцыг 40 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Бодит байдал дээр 53 000 000 төгрөгөөр тохиролцож би үнийг бүрэн төлсөн ба нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг 73 000 000 төгрөгөөр худалдаж аваагүй. Би нэхэмжлэгчид ямар ч мөнгө төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 21 591 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 1******* 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 265 905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн дутуу болох 20 000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн нь шүүхээс нотлох баримтыг үнэлэх, харьцуулах, дотоод итгэл үнэмшилээр хэргийг шийдвэрлэж чадсангүй гэж үзэж байна. Хариуцагч 53 000 000 төгрөг шилжүүлсэн гэдгээ нотолсон болохоос биш 53 000 000 төгрөгөөр худалдан авсан гэдгээ нотлоогүй, 73 000 000 төгрөг гэдгийг үгүйсгэж чадаагүй байхад шүүх шилжүүлсэн мөнгийг нотолсон гэж буруу дүгнэлт хийсэн.

Төлбөр барагдуулах хэлцэл бол бие даасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага. Гэтэл тухайн гэрээ байгуулагдахаас өмнө дансаар шилжүүлэн авсан мөнгийг энэ гэрээнд шууд хамаатуулан нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдсэн нь илт үндэслэлгүй болсон. Хариуцагч энэ гэрээг хийгээгүй, би гарын үсэг зураагүй гэж маргадаг. Гэтэл төлбөр барагдуулах хэлцэл хийж гарын үсгээ өөрөө зурсан болохыг шинжээч хангалттай тогтоож өгсөн.

19 761 000 төгрөгийн тухайд би дансны хуулгаа гаргаж өгөөд нотолж чадсан. Тухайн мөнгө *******ын дансанд шилжиж орсон болох нь нотлогдсон. Үүнийг ******* үгүйсгэхдээ хамтран амьдарч байх явцад гэр ахуйн хэрэглээнд зарцуулсан гэж татгалздаг бол гэр ахуйн хэрэгцээнд зарцуулсан гэдгээ нотолж чадаагүй байхад шүүх 10 сая төгрөгийг нь хугацааны хувьд 2 хуваан хэт үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн шаардлагаа нотолж буй нотлох баримтыг үгүйсгэж шийдсэнд гомдолтой байна. Үнэхээр буцааж өгнө гэж авсан мөнгөнүүдээ л нэхэмжилж байгааг зөв харж шийдээсэй гэж хүсч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас хангаагүй хэрэгсэхгүй болгосон 28,1*******,000 төгрөгийг *******аас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

 5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: *******ын гаргасан гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтыг гаргаж өгсөн. Гэвч хариуцагч талаас хариу тайлбараа нотолж чадаагүй.

... Хариуцагчийн хувьд 53 сая төгрөгийг шилжүүлсэн хэдий ч 53 сая төгрөгөөр худалдаж авсан гэсэн үг биш юм. Уг нь бол 73 сая төгрөгөөр худалдсан. Мөн ******* нь хэдхэн сарын дараа тухайн байрыг 80 сая төгрөгөөр бусдад худалдсан байдаг.

... Мөн дараагийн дугаарт энэ хүмүүсийн хувьд төлбөр барагдуулах хэлцэлийг хийсэн. Үүн дээр 10 сая төгрөгийн бэлэн мөнгө өгсөн. Гэвч мөнгөө өгөхгүй удаад байсан учраас нотариат дээр очиж 10 сая төгрөгийг авсан гэдгээ нотолсон баримтыг үйлдсэн байна. Гэтэл энэ баримтыг шүүхээс бие даасан нэхэмжлэлийн шаардлагаас хэлцэл байгуулсан өдрөөс өмнө хугацаанд 10 сая төгрөгийг зээлүүлсэн үнийн дүнд тооцож 19 761 000 төгрөгөөс хасаж тооцсон. Энэ нь үндэслэлгүй юм. ... Төлбөр барагдуулах хэлцэлийг ******* хийгээгүй, миний гарын үсэг биш, миний гарын үсгийг дуурайж бичсэн байна гэж маргасан. Тиймээс хүсэлтийнх нь дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба түүний өөрийнх нь гарын үсэг мөн болох нь нотлогддог. Тиймээс хариу тайлбараа нотолж чадаагүй гэж харж байгаа юм. Шүүхээс нотлох баримтыг бүрэн дүүрэн нотолж чадаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргасан. ... Үйл баримтыг дутуу бүрүү үнэлж байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д  холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг хуулийн хүрээнд тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 49 761 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...*******д орон сууцаа 73 000 000 төгрөгөөр худалдсан, орон сууцны үнийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, ...мөн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу төлөх ёстой 10 000 000 төгрөг, ...2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд зээлсэн 19 761 000 төгрөг, нийт 49 761 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ... гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг ба татгалзлын үндэслэлээ ...******* надад байраа 53 000 000 төгрөгөөр худалдаж, би мөнгийг нь төлөөд байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэн, 73 000 000 төгрөгөөр худалдан аваагүй, ...*******оос мөнгө зээлж байгаагүй, би зээлийн гэрээ болон тооцоо нийлсэн гэрээ байгуулаагүй, ... хамтран амьдарч байх явцад гэр ахуйн хэрэглээнд зарцуулсан мөнгөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, миний хувьд нэхэмжлэгчид ямар ч мөнгө төлөх үндэслэлгүй гэж тайлбарладаг.

6. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулан Хэрлэн сумын 6 дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод байрлах 49 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг  40 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, хариуцагч нь нэхэмжлэгчид 53 000 000 төгрөг төлсөн, ...мөн талууд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээг бичгээр байгуулж хариуцагч нь 10 000 000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу боломжтой хугацааны дотор төлөхөөр тохиролцсон, ...нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 11 591 000 төгрөг шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байгаа талаар анхан шатны шүүх зөв тодорхойлсон байна.

7. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдлын үндэслэлээ гэрээний үүргийн гүйцэтгэл 20 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзсэн нь шүүхээс нотлох баримтыг үнэлэх, харьцуулах, дотоод итгэл үнэмшилээр хэргийг шийдвэрлэж чадсангүй гэж үзэж байна. Хариуцагч 53 000 000 төгрөг шилжүүлсэн гэдгээ нотолсон болохоос биш 53 000 000 төгрөгөөр худалдан авсан гэдгээ нотлоогүй, 73 000 000 төгрөг гэдгийг үгүйсгэж чадаагүй байхад шүүх буруу дүгнэлт хийсэн,

...Төлбөр барагдуулах хэлцэл бол бие даасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага. Гэтэл тухайн гэрээ байгуулагдахаас өмнө дансаар шилжүүлэн авсан мөнгийг энэ гэрээнд хамаатуулан нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдсэн нь илт үндэслэлгүй,

19 761 000 төгрөгийн тухайд би өөрийн дансны хуулгаар нотолсон байхад төлбөр барагдуулах гэрээтэй хамаатуулан хугацааны хувьд хоёр хуваан шийдсэнд гомдолтой байна гэж тайлбарладаг.

7.1. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс үзэхэд 2 өрөө орон сууцыг  40 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч 53 000 000 төгрөг төлсөн талаар маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь орон сууцыг 73 000 000 төгрөгөөр худалдсан, хариуцагч 53 000 000 төгрөгөөр худалдан авсан гэж талууд худалдах-худалдан авах гэрээний үнийн талаар маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч ... нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь орон сууцыг 73 000 000 төгрөгөөр худалдсан болохоо нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн 53 000 000 төгрөгөөр орон сууцыг худалдан авч, төлбөрийг төлсөн гэх үйл баримтад үндэслэн ...хэлэлцэн тохирсон үнийг төлөх... гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэн орон сууцны үнийн үлдэх хэсэг 20 000 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

7.2. Талууд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээг бичгээр байгуулж хариуцагч нь 10 000 000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу боломжтой хугацааны дотор төлнө...гэж тохиролцсон байна.

Гэрээний 1.1-д Энэхүү гэрээний зорилго нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үүссэн шаардлагыг тооцоо нийлэх замаар хааж, төлбөр төлөгч тал хэлэлцэн тохирсон төлбөрийг төлбөр авагчид төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино гэж заажээ.

Дээрх гэрээний заалтаас үзэхэд талуудын хооронд өмнө нь байгуулагдсан гэрээнээс үүссэн шаардлагыг биелүүлэхтэй холбоотой талууд хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө зээлдүүлсэн мөнгийг тооцоо нийлэх замаар нэгтгэж, 10 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэж дүгнэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

7.3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд зээлдүүлсэн 19 761 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч хамтран амьдарч байх хугацаандаа зарцуулсан мөнгө учир төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээнээс хойшхи хугацаа буюу 2022 оны 10 дугаар сарын 8-наас 2023 оны 8 дугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч *******оос хариуцагчийн харилцах дансанд шилжүүлсэн 11 591 000 төгрөгийг *******аас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

8. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1- т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 309/ШШ2025/00398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 800 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

 ШҮҮГЧИД Г.УРТНАСАН

 С.ГАНЧИМЭГ