Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 629

 

                              

 

 

 

 

 

2019        08          13                                    2019/ШЦТ/629

 

     

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч В.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэв овогтой Ванчиндоржийн Цагаанд холбогдох эрүүгийн 1811032310284 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамтаар амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, материал, техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд нарангийн 27 дугаар гудамжны 30 тоотод оршин суух хаягтай, одоогоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 4 тоотод оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй,

-Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэгдсэн,

-Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хэтрүүлсэн,

-Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-Мөн Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 962 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Пүрэв овогт Ванчиндоржийн Цагаан /РД: ПГ67042903/,

Шүүгдэгч В.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч В.Ц нь хохирогч Ж.Баттөмөрийг 2018 оны 10 дугаар сард хамтран амьдарна, гэр авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Төрийн” банкнаас тэтгэврийн 6 сарын хугацаатай 1,700,000 төгрөгийн зээлийг гаргуулан, залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч В.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ж.Баттөмөрийн тэтгэврийн зээл авсан мөнгөнөөс би өөрт нь зохих хэмжээний зүйлс авч өгөөд үлдсэн мөнгийг нь хэрэгцээндээ зарцуулсан. Би хохирогчид хохирлыг төлсөн...” гэв.

Шүүгдэгч В.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Ж.Баттөмөрт гэр авч өгөөгүй, надад тухайн үед мөнгөний хэрэг байсан тул Ж.Баттөмөрийг залилан тэтгэврийн зээл авахуулж мөнгийг нь авч хувьдаа ашигласан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх /хх-ийн 88х/ ...”,

Шүүгдэгч В.Ц мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Хаан банкны данс миний нэр дээр байдаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хаан банкны экспрессээр хийсэн орлогын 505,000 төгрөгний гүйлгээ нь Баттөмөрөөс авсан тэтгэврийн зээлийн мөнгийг би өөрийнхөө дансруу хийсэн...”, “...Баттөмөр надад чи миний цалинг өөрийнхөө дансаар авчих гээд надад хүнс, тамхи тариа дөхүүлж өгөөрэй гэж хэлсэн тул би цалинг нь өөрийнхөө дансаар 2 удаа авсан эхнийх нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөгөөр, дараагийнх нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 90,000 төгрөг 5720753641 дугаарын данснаас орж ирсэн”, “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж байна...” гэх /хх-ийн 13х/

 

Хохирогч Ж.Баттөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хөгжлийн бэрхшээлтэй чих муу сонсдог. Мөнгөний тоо мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй, 2018 оны 10 дугаар сард Цагаанаа гэх эмэгтэй надтай сууна, амьдарна ажилд оруулж өгье, чамд би хоол ундыг чинь зөөж өгнө манай нөхөр хөдөө байдаг тэр угаасаа ирэхгүй, архичин гэж хэлсэн. Тэгээд би Төрийн банкнаас тэтгэврийн зээлээ 6 сарын хугацаагаар авсан. Миний зээлийн мөнгийн бүгдийг нь Цагаанаа авсан тэгээд надад ус буцалгагч, гурилын түмпэн, ус зөөх хуванцар сав, 2-3 кг будаа, адууны умс гитаа, хогийн шүүр, ноосон дотуур өмд, дотуур цамц авч өгсөн. Бусад мөнгийг нь Цагаанаа гэх эмэгтэй аваад явсан. Мөн миний цахим үнэмлэх, автобусны билет хоёрыг чи хаячих байх гэж хэлээд надад байж байг, би автобусны билетыг нь хэрэглэж байя гэж хэлээд авсан. Тэгээд Цагаанаа намайг зарын дагуу галчаар ажилд оруулж өгсөн бөгөөд, миний 1 сарын цалинг Цагаанаагийн Хаан банкны 5042118485 дансруу 2 удаа 100,000 төгрөгөөр тасалж шилжүүлсэн. Цагаанаа манай даргад 5042118485 энэ дансруу шилжүүлээрэй гэж хэлсэн гэсэн ...” гэх /хх-ийн 9-10х/,

Гэрчээр Ц.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энэ оны 10 дугаар сарын эхээр Цагаанаа  надруу залгаад манай нэг ах хүү байдаг юм аа тэрэнд батлан даагчаар ороод өгөөч тэтгэврийг нь бөөнөөр нь авахуулаад хөдөө явуулах гэж байгаа юм, ойр зуурын юм хум авч өгөөд явуулах гэсийн, чи батлан даагаад орвол  50,000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд би Цагаанаа, Баттөмөр хоёртой 17-н “Төрийн” банкны хажууд уулзсан. Би тухайн үед бичиг баримтаа худаг дээр үлдээчихсэн байсан. Цагаанаа, Баттөмөр хоёртой цуг очиж аваад эргээд “Төрийн” банкин дээр ирсэн. Тэгээд батлан даагчаар нь гарын үсэг зурсан. Баттөмөр гэдэг хүн чинь өөрөө тэтгэврийн мөнгөө 6 сараар нь авсан, Цагаанаа Баттөмөрийн тэтгэврийн мөнгийг цүнхэндээ хийсэн ийм их хэмжээний мөнгө ил бариад болохгүй байх гэж хэлээд цүнхэлж байсан. Тэгээд бид 3 “Төрийн” банкнаас гарсан, Төрийн банкны үүдэнд нь Цагаанаа цүнхнээсээ 50,000 төгрөг гаргаж ирээд надад өгсөн. Тэгэхээр нь би 40,000 төгрөгийг нь авъя гэж хэлээд Цагаанаад 10,000 төгрөгийг нь буцааж өгсөн...” “ ... Цагаанаа миний утасны эрх хаагдчихсан чи 94215361 гэсэн дугаар руу 2500 нэгж шилжүүлээч гэж хэлсэн. Тэгээд би шилжүүлсэн. 14 цагт цайны цаг болох үеэр за за би явлаа гээд явсан. Орой 16 цаг өнгөрч байхад Баттөмөр манай ажил дээр ирээд Цагаанаа ирсэн үү гэж надаас асуусан. Тэгэхээр нь би та хоёр уулзаагүй юм уу Цагаанаа өглөө ирээд байж байгаад цайны цагаар гараад явчихсан гэж хэлсэн. Маргааш нь Баттөмөр дүү хүргэн хоёроо дагуулаад манай ажил дээр ирсэн. Би нэгж шилжүүлсэн утасны дугаараа өгсөн ...” гэх /хх-ийн 14-15х/,

Гэрч Б.Цэрэнханд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би төрсөн дүү Баттөмөртэй хамт нэг гэрт Ар согоотын 2-223 тоотод амьдардаг, Баттөмөрийн эхнэр нь нас барснаас хойш сүүлийн 2 жил цуг амьдарч байна. Манай дүү Баттөмөр хөгжлийн бэрхшээлтэй, оюун ухааны хомсдолтой хүн байгаа юм. 10 дугаар сарын 01-ны өдөр Баттөмөр тэтгэврээ авах гэж яваад 13 цагийн үед гэртээ ирээд надад 100,000 төгрөг хүрэхгүй шахуу мөнгө өгөөд үлдсэн мөнгөөр нь тамхи, хиам, авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би 100,000 төгрөгөөр ийм жаахан юм авна гэж юу байдаг юм бэ үлдсэн мөнгө нь хаана байгаа юм бэ гэсэн чинь Баттөмөр уурлаад намайг нэг хүүхэд ажилд оруулж өгнө гэсэн надад мөнгө хэрэгтэй гэж хэлээд надад өгсөн мөнгөө миний хүрэмний халааснаас аваад гараад яваад өгсөн, Баттөмөрийг гэрээс гараад явсных нь дараа утас руу нь залгахад нэг хүүхэд утсыг нь аваад Баттөмөр зунжинд 2-3 залуутай явж байна гэж хэлээд утсыг нь салгачихсан. Тэрнээс хойш утас нь холбогдохгүй гэртээ ирэлгүй 10 гаруй хоносон. Тэгээд би нэг өдөр 99570176 дугаараас залгаад би утасны дугаараа сольсон энэ дугаар дээр байгаа гэж хэлсэн. Мөн 6 сараар тэтгэврийн зээл авчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баттөмөрөөс чи хаана ажиллаж байгаа юм бэ гэж асуусан чинь би мэдэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би охиндоо Баттөмөрийн утасны дугаарыг өгч ахыгаа хаана ямар ажил хийж байгааг ол гэж хэлж байсан. Тэгээд Баттөмөр галчаар ганцаараа ажиллаж байгааг мэдсэн. Тэгээд Баттөмөрөөс иргэний үнэмлэх чинь хаана байгаа юм бэ надад өгөөдөх гэж хэлсэн чинь Цагаанаа гэдэг хүүхэнд байгаа одоо авчраад өгнө гэж хэлсэн. Цагаанаа гэх эмэгтэй цахим үнэмлэхийг нь авч ирж өгөөгүй. Залгахаар утсаа авдаггүй байсан. Би Баттөмөрийг чи яах гэж тэтгэврийн зээлээ 6 сараар авч байгаа юм бэ гэж асуусан чинь Цагаанаа гэх эмэгтэй надтай сууна, амьдарна гэж хэлсэн, тэгээд оёдлын машин авч гэрээрээ юм оёно тийм болохоор чи надад тэтгэврийн зээл 1 жилээр нь аваад өг гэхээр нь би яах юм бэ гэж хэлсэн. Надаас гуйгаад байсан. намайг нэг өдөр дагуулж яваад Төрийн банкны 17-н тооцооны төвөөс 6 сараар нь тэтгэврийн зээл авахуулсан. Тэгээд надад хогын шүүр, гурил зуурдаг түмпэн, ус буцалгагч, шанага, гурил, будаа авч өгсөн, үлдсэн мөнгийг нь Цагаанаа “Хаан” банкинд хийнэ та цахим үнэмлэх, автобусны картаа хаячихна надад байж байг гэж хэлээд цүнхлээд аваад явсан ...” гэх /хх-ийн 16-17х/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 30-31х/,

Төрийн банкны тэтгэврийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 39-43х/,   

Шүүгдэгч Цагааны иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 50-53х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 58х/,

2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №962 дугаартай шийтгэх тогтоол /62-64х/,

2001 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 66-69х/,

2002 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №93 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 70-73х/,

2006 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №69 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 74-78х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч В.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Баттөмөрийг 2018 оны 10 дугаар сард хамтран амьдарна, гэр авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Төрийн банкнаас тэтгэврийн 6 сарын хугацаатай 1.700.000 төгрөгийн зээлийг гаргуулан, залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна .

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаад шүүгдэгч В.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

 Шүүгдэгч В.Ц нь хохирогч Ж.Баттөмөрт 1.700.000 төгрөгний хохирлоос 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн. Үлдэгдэл 200.000 төгрөгийг хохирогч Ж.Баттөмөрийн төрсөн эгч Б.Цэрэнхандын  “Хаан” банкны тоот дансанд 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Пүрэв овогт Ванчиндоржийн Цагааныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган /  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.АРИУНБОЛД