| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2024/00909/И |
| Дугаар | 201/МА2025/00026 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 201/МА2025/00026
Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 309/ШШ2025/00481 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 441 210 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан гарсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 сарын 19-ний өдрийн А/101 дугаартай Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-д нөөцөлсөн 600 тн тэжээлийн буудайг нэгж үнэ нь 700 000 төгрөгөөр тооцож нийт 420 000 000 төгрөгийн зээлийг Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын газар нь авсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 420 000 000 төгрөг байна.
Иймд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас үндсэн төлбөр 420 000 000 төгрөг, гэрээний дагуу 101 хоногийн алданги 21 210 000 төгрөг, нийт 441 210 000 төгрөгийг гаргуулж манай байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын тайлбар, татгалзлын агуулга: Тэжээлийн буудайг зудын нөхцөл байдлын үнэлгээгээр цагаан зудтай ангилалд байгаа сумдад хуваарилсан сайдын тушаалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг яамнаас ирүүлсэн. Тухайн үед аймгийн батлагдсан төсөв дэх зудын гамшигт зарцуулж болох мөнгөн хөрөнгийн эх үүсвэр дуусаж, тэжээлийн буудай худалдан авахад хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул үнэтэй нөхцөлд авах боломжгүй, үнэгүй олгогдсон нөхцөлд авах талаар саналаа илэрхийлсэн.
Хөдөө аж ахуйн корпорациас гэрээний төслийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цахимаар илгээж, гэрээг яаралтай байгуулж, улаан буудайг татан авах тухай мэдэгдсэн. Аймгийн удирдлагаас тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд *******тай холбогдож саналаа танилцуулахад үнийг орон нутаг төлөхгүй байх шийдвэр гарахаар яригдаж байгаа тул цаг алдахгүй байх зорилгоор эхний ээлжинд гэрээгээ байгуулан авч байх нь зүйтэй гэсэн хариуг өгсний дагуу гэрээг 02 дугаар сарын 29-ний өдөр баталгаажуулсан.
Монгол Улсын Засгийн газрын Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 76 дугаар тогтоол гарч Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тэжээлийн буудайн үнэд шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан байсан. Уг тогтоолд аймгуудад олгосон тэжээлийн буудайны үнийг яамны төсвөөс нэгдсэн журмаар шийдвэрлэх талаар тусгагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх тогтоол 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан байхад мэдсээр байж биднийг хуурч, 02 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан байх тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. ... гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 441 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ... нэг бүрчлэн засаг даргын үүрэгт ажлыг тамгын газар зохион байгуулахаар тусгасан байна. Нөгөөтээгүүр аймгийн Засаг дарга нь өөрийн бие даасан төсөвтэй байх боловч уг төсвийг Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журамд заасны дагуу зарцуулах бөгөөд уг журмын 3.3-д Засаг даргын нөөц хөрөнгийг нийт дүнгээр нь орон нутгийн нөөц хөрөнгө гэсэн зориулалтаар Засаг даргын Тамгын газрын төсөвт тусган тухайн шатны ИТХ-аар батлуулна, 5.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох хэлтэс, агентлаг, алба нь нөөц хөрөнгийг зарцуулах тухай засаг даргын шийдвэрийн төслийг энэ журмын 3.1-д заасан шаардлагад нийцүүлэн боловсруулж, холбогдох шатны санхүү, төрийн сангийн нэгжид хүргүүлнэ. гэж заасантай нийцэхгүй байх ба энэ хэргийн хариуцагч нь Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар мөн.
Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээг худалдан авагч талыг төлөөлж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга *******, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга ******* нар оролцож, Дорнод аймгийн Засаг дарга ******* баталсан. Дээрх гэрээний хувьд хариуцагч талаас гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй болно. Харин хэн төлөх вэ гэдэг дээр маргаан үүссэн.
Мөн гэрээ нь Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад нийцсэн, хуульд харшлаагүй байх атал талуудын маргаагүй асуудлаар үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд нийцсэн бөгөөд хариуцагч нь гэрээ байгуулахаас татгалзах, гэрээний зүйлийг хүлээн авахаас татгалзах эрх нь нээлттэй байсан бөгөөд уг эрхийг хязгаарласан гэх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт ... заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд хариуцагчийн зүгээс тодорхой цаг хугацааны дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүргийг хүлээсэн боловч мөн үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөх талаар 2024.07.05, 2024.08.21-ны өдрүүдэд албан бичгээр шаардсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа болно.
Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоол гарсан болохыг гэрээ байгуулах үед мэдээгүй, Тэжээлийн буудай зээлээр авсан аймгуудаас төлбөр нэхэмжилж, төлөхгүй гэсэн аймгуудыг шүүхэд өгөх үед мэдсэн. Харин яамнаас энэ талаар тодруулахад буудайны үнийг улсаас төлөх төсөв байхгүй тул аймгуудад зээлээр олгосон буудайны үнийг төвлөрүүл гэсэн чиглэл ирсэн. Мөн манайд энэ талаар гэрээнд өөрчлөлт оруулах санал ирээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчид 441 210 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
5. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эвлэрэх саналгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. ... Засгийн газрын 76 дугаар тогтоолоор тэжээлийн буудайны үнийг 2024 онд батлагдсан төсвийн хүрээнд зарцуулахыг тус яамны сайдад үүрэг болгосон. Улаан буудайг Дорнод аймаг үнэ төлбөргүй бол авах боломжтой гэдгээ илэрхийлж байсан. Төлбөрийг Засгийн газраас шийдвэрлэх учраас зудын цагт яаралтай гэрээгээ байгуулж хүлээж аваад үнэ төлбөргүй малчдад тараах чиглэлийг бидэнд амаар өгсөн. ... Тухайн хугацаанд цас зудын байдалтай, өвөлжилт хүнд байсан, мөн буудай хэрэгтэй байсан тул бид гэрээг байгуулж, 8 сумын малчдад үнэгүй тарааж өгсөн. ... Бид төлбөрийн асуудлыг шийдэж өгөх талаар Хөдөө аж ахуйн сайд болон Шадар сайдад хоёр удаа албан бичиг хүргүүлсэн боловч одоо болтол хариу ирээгүй. ... Засаг даргын нөөц сан нь Засаг даргын төсвөөс тусдаа байгуулагддаг. Дээрх гэрээний нэг тал нь Хөдөө аж ахуйн газар байсан. Үнийг нь ямартай ч Засгийн газраас төлнө гэж л ойлгосон, мөн Засгийн газраас төлбөрийг барагдуулна гэж амаар мэдэгдсэн. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан тус аймгийн Засаг даргатай 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан №ТБ-Н/2024-7 дугаартай Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 600 тонн тэжээлийн буудайн үнэ 420 000 000 төгрөг, алданги 21 210 000 төгрөг, нийт 441 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, гэрээний алдангид 210 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч уг шаардлагаас татгалзжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт 600 тонн тэжээлийн буудайг нэг тонны үнийг 700 000 төгрөгөөр тооцож, нийт 420 000 000 төгрөгийн тэжээлийн буудайг зээлээр нийлүүлсэн. Буудайн үнийг гэрээнд зааснаар 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх байсан боловч одоог хүртэл төлөөгүй. Гэрээний 5.2-т зааснаар ... хугацаа хэтэрсэн хоног тутам 0,05 хувийн алдангийг худалдан авагч нь худалдагч талд төлөхөөр заасан тул 101 хоногийн алданги 21 210 000 төгрөгийг буудайн үнийн хамт гаргуулахаар нэхэмжилж байна. гэж тодорхойлсон.
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан ба татгалзлын үндэслэлээ ... Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоолоор тус корпорацийн тэжээлийн улаан буудайны үнийг 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд санхүүжилт хийхийг Хөдөө аж ахуйн сайдад даалгасан учир энэ төлбөрийг төлөхгүй, ... аймгийн Засаг даргын Тамгын газар нь энэ хэргийн хариуцагч биш. гэх үндэслэлээр маргажээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр ... Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар нь Засаг даргын гадагш чиглэсэн гэрээний үүргийг хариуцах этгээд биш ... гэж дүгнэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
5. Хэргийн материалыг судалж үзэхэд, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Гамшгийн эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/101 дүгээр тушаалыг үндэслэн Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК болон Дорнод аймгийн Засаг дарга нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж, буудайн нэг тоннын нэгж үнийг 700 000 төгрөгөөр тооцон, 600 тонн тэжээлийн буудайг 420 000 000 төгрөгийн өртөгтэйгээр худалдан авагч талд нийлүүлэх, худалдан авагч тал 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөрийг төлөх, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар дээрх 600 тонн тэжээлийн буудайг хүлээн авч, тус аймгийн сумдад хуваарилсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. /хх-ийн 5-8, 13/
Дээрх байдлаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээ хэрэгжсэн үйл баримт болон талууд гэрээний журам зөрчсөн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талууд маргаагүй, харин гэрээнд заасан үүргийг шаардах эрхтэй эсэх, мөн хариуцагч уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээх үндэслэлтэй эсэх нь зохигч талуудын маргааны зүйл болжээ.
6. Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар зохицуулагдсан захиргааны гэрээ боловч энэ гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэсэн нь дээрх хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт Захиргааны гэрээнд хамаарах худалдан авах гэрээг Захиргааны ерөнхий хуульд үндэслэн цуцалснаас бусад гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд харъяалан шийдвэрлүүлнэ. гэж заасныг зөрчөөгүй байна.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг хоёрт талт гэрээ бөгөөд гэрээнд зааснаар худалдагч талаас 600 тонн тэжээлийн буудайг нийлүүлсэн боловч худалдан авагч тал худалдан авсан тэжээлийн буудайн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар нь тэжээлийн буудайн үнэ 420 000 000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,05 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх тул хариуцагчаас худалдах, худалдах авах гэрээний үүрэгт тэжээлийн улаан буудайн үнэ 420 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 21 210 000 төгрөг буюу нийт 441 210 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцнэ.
8. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Дорнод аймгийн Засаг дарга уг гэрээг байгуулсантай маргахгүй, гэвч Засаг даргын тамгын газар хариуцахгүй, ... Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоолоор тэжээлийн буудай үнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах ёстой, ... нэхэмжлэгч тал дээрх 76 дугаар тогтоол гарсан болохыг мэдсээр байж биднийг хуурч гэрээ байгуулсан нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй ... гэж маргадаг.
8.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.5-д тус тус зааснаар аймгийн Засаг дарга харъяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах бүрэн эрхийг, мөн аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлдэг байна.
Түүнчлэн дээрх хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.1.4-т тус тус зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох чиг үүргийг хэрэгжүүлэхээр зохицуулжээ.
Иймд Засаг даргыг төлөөлөн Засаг даргын тамгын газар, мөн тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар гэрээ байгуулахад оролцсон байх тул Дорнод аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус аймгийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байх ба энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч биш гэх дүгнэлт тус тус хууль зүйн үндэслэлгүй.
8.2. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Өвөлжилт, хаваржилтийн хүндрэлийг даван туулахтай холбогдогдуулан авах зарим арга хэмжээний тухай 76 дугаар тогтоолоор ... Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн тэжээлийн буудайн үнийг 2024 ны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болгожээ.
Гэвч Засгийн газрын дээрх 76 дугаар тогтоолтой холбогдуулан талуудын хооронд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагч талын тэжээлийн буудайн үнийг төлөх үүргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжүүлэх, улмаар төлбөрөөс чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгаагүй, энэ талаар талууд гэрээнд өөрчлөлт оруулаагүй байх тул хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.
8.3. Хариуцагч талаас шүүх хуралдаанд ... нэхэмжлэгч нь Засгийн газрын 76 дугаар тогтоолыг гэрээ байгуулахаас өмнө буюу 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан болохыг мэдсээр байж, биднийг хуурч гэрээ байгуулсан нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцогдохоор байна. ... гэж тайлбарладаг.
Гэвч Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сонирхогч этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох боломжгүй бөгөөд хариуцагч талаас талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг шаардлагыг шүүхэд гаргаагүй байх тул шүүх дүгнэлт хийх боломжгүй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т ...төрийн болон орон нутгийн өмчит ашгийн төлөө бус хуулийн этгээдийг төсвийн байгууллагад хамаарахаар тус тус заажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 394 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Хөдөө аж ахйн корпораци ТӨХХК-ийн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.1-т тус тус зааснаар тус компани нь 100 хувь төрийн өмчит боловч ашгийн төлөө хуулийн этгээд байна.
Тиймээс Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-т зааснаар 441 210 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 2 364 000 төгрөгийг төлөх ёстой байжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор байгаа боловч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 2 364 000 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
10. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг ханган анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 309/ШШ2025/00481 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 441 210 000 төгрөгийг гаргуулан Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-д олгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 2 364 000 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ
Г.УРТНАСАН