Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 630

 

 

                                                           

 

 

 

 

 

2019         08         13                                    2019/ШТ/630

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Очир овогтой Баярсайханы Нармандах-д холбогдох эрүүгийн 1911012210596 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Ховд аймаг Үенч суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, захчин, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Ховд аймаг, Жаргалант сум 4 дүгээр баг, Бугат, 24 дүгээр гудамж 9 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Очир овогт Б. Н. /РД:.

Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н нь Чингэлтэй дүүргийн 7-р хороо Хувьсгалчдын 11- 114Б тоотод баригдаж буй барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ буюу Монгол Улсын MNS 49692000 “Сургалт зохион байгуулалт” стандартын 3.16, Монгол Улсын Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөөгүй, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах үүргээ биелүүлээгүйгээс тус барилгын талбайд ажил үүрэг гүйцэтгэж байсан Г.Ойдовренчин унаж баруун талд дух яснаас доош духны хөндийн гадна болон дотор ялтас, баруун нүдний ухархайн гадна дээд хана, доод хана, гайморын хөндийн дээд, доод дотор хана, гадна хана этмойд хөндий рүү үргэлжилсэн цөмөрсөн хугарал бүхий хүнд хохирол эрүүл мэндэд нь болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   “...Д.Бодьгэрэлтэй тохиролцож тухайн барилгын ажлыг хийхээр болж гэрээ байгуулсан. Барилгын ажил түр зогсчихсон байж байгаад дахин ажил эхэлсэн эхний өдөр осол гарсан. Би осол гарсанд их харамсаж байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед Нямдэлгэр над руу залгаад хаана байна гээд асуухад нь би Өлзийт хороололд байна гэхэд өдөр ажиллахаар ирсэн 3 оюутан хүүхдүүдийн нэг нь уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Буянбадрах руу залгаад Гэмтэл согог судлалын эмнэлэг рүү аваад яв гэж хэлсэн. 18 цагийн үед гэмтлийн цагдаад мэдүүлэг өгөөд хохирогчтой орж уулзахад шингэн залгуулчихсан яаралтай хагалгаанд оруулах гээд байж байсан. Хагалгаа нь амжилттай болсон. Би эмнэлэгт байх хугацаанд нь хохирогчийг сахиж байсан. Өөрийн зүгээс чадах чинээгээрээ тусалж эмчилгээг нь хийлгэж эрүүл мэндэд нь анхаарсан...” гэх

Шүүгдэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Бодьгэрэл гэх хүнтэй амаар гэрээ хийж 1 м.кв-г 45.000 төгрөгөөр бодож нийт 29,160,000 төгрөг авахаар тохиролцож тухайн барилгын ажлыг авсан. Надаас өөр Бодьгэрэлтэй гэрээ хийж тухайн барилга дээр ажилласан байгууллага, хувь хүн байхгүй. Би ганцаараа тэр барилгыг авсан юм. Тухайн барилгыг би ерөнхийдөө хариуцаж байсан. Би уг барилга дээр байж байгаад 11 цаг өнгөрөөгөөд Өлзийт хороолол руу өөрийн багаж хэрэгслийг авчирхаар явсан байсан. “...2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нямдэлгэр ирчихсэн байсан бөгөөд өнөөдөр би ажиллах боломжгүй, харин манай 3 ажиллана гэж хэлээд өөрөө 10 цаг өнгөрөөгөөд явсан. Би Ц.Нямдэлгэртэй тухайн барилга дээр ажиллаж байсан хүмуүст хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа хэн өгөх талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Би тухайн барилга дээр ажиллаж байсан ажилчдад хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаагүй. Зааварчилга өгсөн тухай тэмдэглэл болон ямар нэгэн бичиг баримт байхгүй...” “...Ц.Нямдэлгэр нь тухайн барилгын захиалагч талтай гэрээ хийгээгүй, харин надтай амаар тохиролцож надаас ажлын хөлсөө авч байсан. Нэг ёсондоо туслан гүйцэтгэгч маягтай тухайн барилга дээр ажиллаж байсан. Миний хариуцаж байсан барилга дээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан ажилтан байхгүй байсан. Тухайн ажлыг би хариуцан ажиллах байсан...” гэх /хх-ийн 94- 95х/,

Хохирогч Г.Ойдовренчин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...би 2019 оны 04 сарын 15-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 7-р хороонд байрлах барилга дээр Сонинбилэг, Энхманлай нарын хамт ирээд эхлээд 2 давхараас 3 давхарлуу моднууд буюу цутгааны хэвнүүд зөөсөн. Дараа нь хадаастай хар паниаруудын хадаасыг авалцаж байгаад 17.00 цагийн үед тухайн барилгын 2 давхараас нэг давхарлуу уначихсан. Тэгээд нэг ухаан ороход эмнэлэгт байсан өөр санах зүйлгүй...” /хх-ийн 12-13х/,

Гэрч Э.Буянбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:                             “...Би Нармандахтай тухайн барилга дээр ажиллаж байхад хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар ярилцаж байгаагүй. Миний хийх ажил цутгалт авсны дараа хийдэг учраас хүмүүс нь амарчихсан байдаг, намайг очиж хэмжээ тавьж байхад хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтан гэх хүн байгаагүй надаар гарын үсэг зуруулж байгаагүй. Захиалагч тал гүйцэтгэгч тал 2 тохиролцоол аюулгүй ажиллагаагаа хэн өгөхөө шийдэх байх би Нармандахыг захиалагч тал болон туслан гүйцэтгэж байсан хүмүүстэйгээ юу гэж тохирсныг мэдэхгүй байна…” “...Би тухайн барилга дээр ажиллаж байсан ажилтан биш учраас аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхгүй, тийм эрхтэй албан тушаалтан биш, харин найз нөхдийн хүрээнд ярилцаж байгаад Нармандах хэлэхдээ “энэ барилга өндөр болчихлоо тор татах хэрэгтэй байна, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх хүний талаар ярилцсан, түүнээс би өгнө, чи өгнө гэсэн зүйл огт яригдаагүй…” “...Нармандахыг явсан хойгуур нь намайг хариуцна гэж бид хоёрт ярилцсан зүйл байхгүй, намайг хэмжээгээ тавьж бай би Өлзийт хороолол орчихоод ирье гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,

 Гэрч Ц.Нямдэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Бариулж байгаа хүнийг нь танихгүй харин барилгыг хариуцаж байгаа Нармандах, Буяка хоёрыг мэднэ. Би 2018 оны намар зарын дагуу яриад тэр барилга дээр 6 хоног ажиллаад хүйтрээд зогссон. Тэгсэн хэрэг гардгийн өмнөх өдөр Нармандах залгаад “ажлаа эхэлье, маргааш хүрээд ир” гэхээр нь “за тэгье” гээд маргааш өглөө нь очиход “би өнөөдөр ажиллах боломжгүй, манай гурван ах байгаа” гэж хэлээд өдөр ирэх 3 залууг Отгончулуун гэх ахад захиж үлдээгээд явсан. “... Анх 2018 оны намар энэ ажлыг хийгээд өг 4 сая төгрөг өгье гэхээр нь би долоон хүнтэй нийлээд тухайн ажлыг нь хийсэн юм түүнээс биш би хүнээ хариуцна, чи хүнээ хариуц гэж яриа болоогүй, ер нь бол бид нар хөлсөөр ажиллах гээд очиж байгаа хүмүүс тэгэхээр тухайн барилгыг хариуцаж байгаа инженер, хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтан хоёр л хариуцах ёстой  ...” гэх /хх-ийн 28х/,

Гэрч Н.Баасанжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр жаахан салхитай байсан юм. Тэгэхээр өргөж байсан паниарандаа савуулсан байх магадлалтай. “...Бид нарт ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй. Уг нь талбайн инженер өгөх ёстой, хэн өгөхийг нь мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 34-35х/,

 Гэрч Д.Бодьгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “.. Миний өөрийн хувь хөрөнгөөр амины сууцны зориулалттай бариулж байгаа барилга юм. Энэ барилга 2018 оны 08 сараас эхэлж баригдаад тухайн оны 11 сард зогссон тэгээд сая хэрэг болдог өдөр буюу 2019.04.15-нд эхлэх гэж цэвэрлэгээ хийгдэж байгаад ийм асуудал болсон. Би Нармандах гэж залуутай амаар тохиролцсоны үндсэн дээр уг барилгыг бариулж байгаа юм. Манай барилгыг барих ажилчидаа мөн хөдөлмөр аюулгүй ажиллагааг Нармандах өөрөө хариуцна гэж тохиролцсон. Барилга бариулж байхад Нармандахын ажилчдад хөдөлмөр аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэл бүгд байсан, тухайн өдөр барилгын ажил яг эхлээгүй цэвэрлэгээ хийгдэж байсан болохоор тухайн эд зүйлсээ авчраагүй байх. Цаасан дээр буусан гэрээ байхгүй, амаараа тохиролцож хөдөлмөр, аюулгүй ажиллагааг Нармандах хариуцахаар болсон юм...” гэх /хх-ийн 38х/,

 Шинжээч Б.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г.Ойдовренчин нь унаж гэмтэх болсны учир шалтгаан нь тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангагдаагүй, энэ нь Монгол улсад хэрэгжиж буй стандартын дагуу сургалт зохион байгуулагдаагүй, өдөр тутмын давтан зааварчилгааг өгч, гарын үсэг зуруулаагүйн улмаас тухайн осол болсон байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар Захиалагч, ерөнхий болон, туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгуй байдал эрүүл ахуй стандартыг хангах; болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэсэн заалтын дагуу уг барилга дээр ажиллаж байсан Б.Н, Нямдэлгэр нар нь хоорондоо хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар ярилцаж тохиролцож, гэрээ хийгээгүй бөгөөд Б.Н нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга, дүрэм өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна” гэх /хх-ийн 39х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4793 дугаартай шинжээчийн дүгнэлт-:

- “Г.Ойдовренчингийн биед баруун талд дух яснаас доош духны хөндийн гадна болон дотор ялтас, баруун нүдний ухархайн гадна дээд хана, доод хана, гайморын хөндийн дээд, доод дотор хана, гадна хана этмойд хөндий рүү үргэлжилсэн цөмөрсөн хугарал, баруун чамархайн цөмөрсөн ба хугарлын нэг үзүүр баруун суурь ясны их далавч, суурийн хөндий рүү үргэлжилсэн, хугарлын нөгөө үзүүр баруун чамархайн урд хэсэг болон суурь ясны бага далавч руу үргэлжилсэн бяцарсан хугарал, зүүн чамархайгаас доош суурь ясны их далавч, зүүн гайморын хөндийн дотор болон дээд ханын хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дух, чамархайн хатуу хальс дээрх цус хуралт, баруун зулай, духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт няцрал, аалзан хальс доорх цус харвалт, тархи доргилт, дух эрүү, зүүн чамархай, уруулын зөөлөн эдийн няцрал, нүүр өвдөгт зулгаралт, цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх /хх-ийн 41-42х/,

            Шинжээчийн 2019-03/01 дугаартай “Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”- ийн 3.2-д” Хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, хоршоо, нөхөрлөлийн гишүүн хөдөлмөр эрхлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан /Засаг даргын Тамгын газраас нэг, ажил олгогч болон ажилтны төлөөллөөс тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй комисс тухайн гарсан осол, хордлогыг судлан бүртгэж, акт тогтооно”, мөн дүрмийн 2.1.1-д “ажлын байрандаа ажил, үүргээ гүйцэтгэж байх үед” гэж заасныг баримтлан үйлдвэрлэлийн осолд тооцсон байна...” гэх дүгнэлт /хх-ийн 46-48х/,

 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт “Барилгын талбайн аюулгүй ажиллагаа хангаагүй, хаалт хамгаалалт хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөөгүй, аман гэрээгээр цагийн ажил гүйцэтгэж байсан, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй зэрэг нь үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Комиссын шийдвэр: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх хэсгийг үндэслэн иргэн П.Ойдовренчин нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед унаж бэртсэн тул комиссын гишүүдийн 100%-ийн саналаар осол мөн гэж үзлээ” гэх /хх-ийн 68-91х/ болон  хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Н нь хохирогч Г.Ойдовренчингийн эмчилгээний зардлыг төлсөн  ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс хохирогч Г.Ойдовренчингийн 6 сарын дараа дахин хагалгаанд орох болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчийн барилгын үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглох эрх хасах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                        ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Очир овогт Б. Н.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б. Нармандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Барилгын үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн тоолсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Хохирогч Г.Ойдовренчин нь цаашид эмчилгээ, асарч сувилах зэрэгт зайлшгүй гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД