Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01091

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/05218 дугаар шийдвэртэй,

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 10,513,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантгөс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 10,513,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...******* ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийн мастер даатгалын гэрээ байгуулсан, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр даатгуулагч ******* миний төрсөн эгч ******* нь тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж даатгалын тохиолдол үүссэн, даатгалын зүйлд учирсан хохирол нь даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1.1-д заасан эрсдэлд хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөрт 10,513,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэсэн бол,

 

хариуцагч нь хариу тайлбартаа ...зам тээврийн ослыг ******* гаргасан бөгөөд даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1.7-д зааснаар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдээгүй этгээд байх тул даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлд хамаарч байна... гэсэн байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар Г.Аззаяа нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* ХХК-тай даатгалын гэрээ байгуулж, өөрийн нөхөр *******ын эзэмшлийн ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрээнд заасан хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр авахаар тохирч, даатгалын хураамжид 1,034,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй. /х.х-ийн 42-44/

 

Талуудын байгуулсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийг үзвэл тухайн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байх болон оролцоогүй үед бий болсон даатгалын тохиолдлын улмаас хохирол учирсан бол нөхөн төлбөр олгох бөгөөд энэхүү даатгал нь Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан сайн дурын даатгалын төрөл-д хамаарна.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулагч *******гийн эгч ******* нь жолоодон явж байхдаа 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 30 минутад Замын хөдөлгөөний дүрэм зөрчин дүүргийн ******* хороо, гудамж, зүүн замд өдрийн Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж нийт 10,008,000 төгрөгийн хохирол учирсан байна. /х.х-ийн 20-25/

 

Тус даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Даатгалын хамгаалалтад дараах эрсдэлүүд хамаарна гэж, 2.2.1-д Даатгалын үндсэн хамгаалалт гээд 2.2.1.1-д Зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн осол гэж, 2.2.1.7-д Даатгуулагчаас гадна жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн этгээд тээврийн хэрэгслийг жолоодох, эзэмших үеийн эрсдэл гэж тус тус заажээ.

 

Даатгагч ******* ХХК-ийн зүгээс даатгалын гэрээний зүйл болох ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулагч ******* бус, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдээгүй *******ыг жолоодож явсан учир даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй гэж маргасан байна.

 

5. Анхан шатны шүүх сайн дурын даатгалын гэрээ болон албан журмын даатгалын гэрээний ялгаа, талуудын байгуулсан даатгалын гэрээний тохиролцоотой даатгагчийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж буй үндэслэл бүрэн нийцэж буй эсэхийг анхаараагүй байна.

 

5.1. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар даатгагч нь даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан даатгагч ******* ХХК-ийн албан ёсны вэб цахим хуудаст тээврийн хэрэгслийн даатгалын үндсэн эрсдэлүүдийн танилцуулах хэсэгт ...жолоо шилжүүлэх үеийн эрсдэлийг хүчинтэй жолоочийн даатгалын гэрээнд нэр заасан жолоочоос бусад этгээдэд жолоо шилжүүлсэн үед учирсан хохирол...-ыг даатгалын тохиолдолд хамааруулах талаар олон нийтэд түгээжээ. /х.х-ийн 7/

 

Өөрөөр хэлбэл, энэхүү танилцуулгыг үзвэл даатгалын гэрээний зүйлийн эзэмшигч нь дурын өөр этгээдэд тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэхийг зөвшөөрч, улмаар даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгох агуулгыг илэрхийлсэн байна.

 

Гэтэл зохигч нарын байгуулсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1.7-д зөвхөн албан журмын буюу жолоочийн хариуцлагын даатгалын гэрээнд нэр бичигдсэн этгээдэд тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэх, тийнхүү шилжүүлэн авсан этгээд жолоодож явахад даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоор өөрөөр тусгасан нь хэрэглэгчийг төөрөгдүүлсэн гэж үзэхээр байна.

 

5.2 Тээврийн хэрэгслийн даатгал нь эд хөрөнгө /объект/-ийн бөгөөд сайн дурын даатгал болохын хувьд даатгуулсан эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлбөр хэлбэрээр барагдуулах бол, харин жолоочийн хариуцлагын даатгал нь заавал даатгалын төрөл бөгөөд даатгуулагч /субъект/-ийн бусад этгээдэд учруулсан хохирлыг даатгадаг байдлаараа ялгаатай байдаг.

 

Энэ талаар Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.1-д Хариуцлагын даатгалаар даатгагч нь даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлөх үүрэгтэй гэж тодорхой зохицуулжээ.

 

Даатгагч ******* ХХК нь даатгуулагч *******тай даатгалын гэрээ байгуулахдаа даатгагдсан зүйл болох тус тээврийн хэрэгслийг зөвшөөрөгдөөгүй /даатгуулаагүй - албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдээгүй хүн/ этгээд жолоодож явахад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс татгалзах талаар бүрэн танилцуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

5.3 Талуудын байгуулсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-т Даатгалын нэмэлт хамгаалалт хэсгийн 2.2.2.4-т Өөрийн хүлээх хариуцлага байхгүй гэж, 3 дугаар зүйлийн 3.9-д Хэрэв 2.2.2.4-т заасан өөрийн хүлээх хариуцлага байхгүй гэсэн нэмэлт хамгаалалтыг сонгож даатгуулсан тохиолдолд нөхөн төлбөрийг 100 хувиар тооцож олгоно гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, даатгалын гэрээний талууд даатгалын тохиолдлын улмаас бий болсон эрсдэлийг даатгуулагчид тодорхой хэмжээгээр хуваарилахаас татгалзахаар нэмэлт хамгаалалтыг сонгосон ба тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар даатгуулагч буруутай тохиолдолд учирсан хохирлыг 80 хувиар, хэрэв буруугүй тохиолдолд 100 хувиар нөхөн төлбөрийг олгохоор тохирсон байна.

 

Гэвч талууд ямар тохиолдлыг буруутай, аль эсхүл буруугүй гэж үзэхийг гэрээндээ тодорхой нэрлэн зааж тохиролцоогүйгээс уг нөхцөлийн утга санаа ойлгомжгүй тодорхой биш байна.

 

6. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж заасан.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь хариуцагчийн зүгээс энэ төрлийн, нэг загварын гэрээг байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэж нөгөө талдаа санал болгодог, дээрх зохицуулалтад заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.

 

Хариуцагч ******* ХХК нь даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг мэргэжлийн хуулийн этгээд бөгөөд даатгуулагчид бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, ялгаатай болон давуу, сул гэх зэргийн талаар тайлбарлах учиртай.

 

7. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-т Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна гээд 202.2.4-т гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан гэж тус тус зааснаар энэ төрлийн тохиролцоо хүчин төгөлдөр бус юм.

 

Талуудын байгуулсан даатгалын гэрээний зорилго /мастер даатгал/, даатгалын бүтээгдэхүүний төрөл онцлог, даатгалын эрсдэлийн хамрах хүрээ, даатгалын танилцуулга зэргээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хэн жолоодож явахаас үл хамаарч даатгалын тохиолдол үүсэхэд нөхөн төлбөр олгох агуулгатай байтал хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдээгүй этгээд жолоодож явсан гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь дээрх хуулийн заалтад нийцээгүй байх тул уг тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж дүгнэнэ.

 

Иймд, хариуцагч ******* ХХК-аас даатгалын нөхөн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хэдийгээр нэхэмжлэгч ******* нь даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийн өмчлөгч боловч гэрээний харилцаанд оролцоогүй учир тэрээр нөхөн төлбөр шаардах эрхгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/05218 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 10,513,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 183,158 төгрөг гаруулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,158 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Б.МАНДАЛБАЯР