Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 481

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Журагат, 

Улсын яллагч Р.Очирсүрэн,  

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т.М-д холбогдох 1908012760539 хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа “Учрал” кафе түрээслэж ажиллуулдаг, ам бүл-4, нөхөр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн .....дугаар, Хилчин ..... тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Т.М, РД:...............,   

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангай 07 дугаар гудамжны 19 тоот хашаанд байрлах нийтийн байрны 109 тоот Х.Умаргалдан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:   

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангай 07 дугаар гудамжны 19 тоот хашаанд байрлах нийтийн байрны 109 тоот иргэн Х.У маргалдан эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

- хохирогч Х.Уын:..2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ах Ууганхүүтэй ярих гээд түүний гар утас руу залгахад бэр эгч М аваад намайг хэл амаар доромжилсон...Ингээд өдөр 15 цагийн үед гэрийн хаалга тогшихоор нь онгойлгоход бэр эгч М, ах Ууганхүүгийн хамт орж ирсэн. Бэр эгч М ширээн дээр байсан хоолтой сав, газан плеткийн суурь зэргийг над руу авч шидээд...орон дээр сууж байхад намайг үсдээд дарж унагасан, би өөдөөс  нь эсэргүүцээд гарыг нь барьсан. Намайг М дух, баруун хацар, хүзүү маажсан, 2-3 удаа орон дээр дарж унагасан...гэх мэдүүлэг /хх-12-13, 20-21/,

- гэрч Д.Э:..2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Уламбаяр залгаад уйлсан байдалтай та ороод ирээч гэж хэлсэн. Ингээд гэрт нь ортол гэр орных нь эд хогшил эмх замбараагүй, нурж унасан, үл таних эмэгтэй орилоод Уламбаяр луу тогоо шанага аяга шидээд, Уламбаярыг гичий янхан минь гээд хараагаад байсан. Уламбаярын үс нь сэгсийсэн, уйлсан зодуулсан байдалтай харагдсан...гэх мэдүүлэг /хх-23/,    

- гэрч Х.У:..2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн дүү Уламбаяр миний утас руу залгасан байсан. Манай эхнэр миний утсыг аваад хоорондоо маргалдсан. Тэгээд М бид хоёр юу болсон талаар асуухаар гэрээс гарсан. Уламбаярын гэрт очиход гэртээ ганцаараа нийтийн байрны хаалгаа тайлж өгсөн. Хоорондоо хэрэлдээд шууд үстэлцээд авсан. Манай эхнэр М, Уламбаярыг 1 түлхэж унагасан...би салгаад эхнэрээ аваад явсан...гэх мэдүүлэг /хх-27/,

- шинжээчийн дүгнэлт:..Х.Уын биед тархи доргилт, дух, хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна /хх-29/,

- шүүгдэгчийн:..Би нөхөр У-н төрсөн дүү У-тай маргаантай байдаг. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хамтран амьдрагч У-тай эмнэлэгээр шинжилгээ өгсөн. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Уламбаяр залгаад ахыг явуулахгүй бол цагдаа дуудна гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд чам шиг гичий рүү явуулахгүй, бид хоёрын амьдрал чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд хамтран амьдрагч Ууганхүүгийн хамтаар гэрт нь уур хүрээд яваад очсон. Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд байрлах нийтийн байрны гэрт нь очсон...тэгээд нэг мэдэхэд үстэлцсэн. Үстэлцсэн байхад гэрийн эд хогшил жааз нь эвдэрсэн байх...гэх мэдүүлэг /хх-61-62/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Т.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-64-65/ гэжээ.

  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :   

Шүүгдэгч нь ял шийтгэлгүй, тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлснийг үгүйсгэх боломжгүй байх тул шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Шүүгдэгч нь ам бүл 4, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  Т.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.М-д оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.М-нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

 7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР