Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 5219

 

              

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 6 дугаар байрны 13 тоотод  оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 47-34 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЙС 77062402, Чимэд овогт Баатархүүгийн Анхтуяагийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 6 дугаар байрны 13 тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧИ 53030704, Онолт овогт Онолтын Пунсалмаад холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 408 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

 

Зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Анхтуяа, түүний өмгөөлөгч Ө.Одгэрэл, хариуцагч О.Пунсалмаа, түүний өмгөөлөгч Ц.Туяа, гэрч Б.Дэмбэрэлдаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Б.Анхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:О.Пунсалмаа надаас 2013 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр 200 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан боловч эргүүлэн төлөхгүй байна.Иймд О.Пунсалмаагаас үндсэн зээлийн 200 000 000 төгрөг, зээлийн хүү 72 000 000 төгрөг, алданги 136 000 000 төгрөг нийт 408 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, энэхүү  үүргийг гүйцэтгэлийг  зээлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 6 дугаар байрны 13 тоотод байрлах орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Анхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би О.Пунсалмаад 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 50 000 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 60 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 100 000 000 төгрөгийг тус тус нэг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба О.Пунсалмаа 2013 оны 2 дугаар сар хүртэл өгсөн мөнгөний хэмжээгээр хүүг надад шилжүүлж өгч байсан боловч гэрээнд заасны дагуу мөнгөө авах гэтэл өгөхгүй байна.Бид тохиролцож 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр үлдэгдэл 200 000 000 төгрөг дээрээ гэрээ байгуулсан.О.Пунсалмаа нь Болормаа гэдэг хүнээс мөнгөө авч чадахгүй байна гээд 150 000 000 төгрөгт 4 өрөө байраа барьцаа болгож өгье гэж барьцааны гэрээ байгуулаад 2 жил хүлээсэн боловч мөнгө өгөхгүй байна.Одоо О.Пунсалмаагаас үндсэн зээлийн 200 000 000 төгрөг, зээлийн хүү 72 000 000 төгрөг, алданги 136 000 000 төгрөг нийт 408 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

     Хариуцагч О.Пунсалмаа шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Б.Анхтуяагаас 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 50 000 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 60 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 100 000 000 төгрөг нийт 210 000 000 төгрөгийг  сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд би энэ мөнгийг Д.Болормаад өгсөн.Ингээд Анхтуяад үндсэн зээлээс 10 000 000 төгрөг, зээлийн хүүд 29 700 000 төгрөг нийт 39 700 000 төгрөгийг буцаан төлсөн.Гэтэл Д.Болормаа зээлдэгч нараас мөнгөө авч чадахгүй байна гэсэн.Би 2014 оны 6 дугаар сард хуулийн байгууллагад хандаж Д.Болормаагаас 310 000 000 төгрөг авах шийдвэр гарсан.Б.Анхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээгээр авсан 200 000 000 төгрөгийг өгөхөд маргаан байхгүй, харин 4 өрөө орон сууцыг өгөх үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч О.Пунсалмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Анхтуяа надаас 408 000 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан байна.Гэтэл 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн гэрээгээр би Анхтуяагаас 200 000 000 төгрөг аваагүй, хийсвэр гэрээ хийсэн.Анхтуяа миний байрыг барьцаалахдаа хуульд зааснаар эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул энэхүү барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгөхийг хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгч Б.Анхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид үлдэгдэл 200 000 000 төгрөг дээрээ 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, мөн барьцааны гэрээ байгуулан нотариатаар батлуулж 150 000 000 төгрөгт байрыг барьцаалж байна гэж тохиролцсон.Барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй нь үнэн.Би Болормаа гэдэг хүнийг танихгүй, түүнд мөнгө зээлээгүй, гэрээ хийгээгүй.Одоо байрны ханш унасан тул надад хохиролтой байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Анхтуяа хариуцагч О.Пунсалмаа холбогдуулан үндсэн зээлийн 200 000 000 төгрөг, зээлийн хүү 72 000 000 төгрөг, алданги 136 000 000 төгрөг нийт  408 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч О.Пунсалмаа Б.Анхтуяатай 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг шаардлага гаргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр Б.Анхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, О.Пунсалмаагийн сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч О.Пунсалмаа нь Б.Анхтуяагаас  2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 50 000 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 60 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 100 000 000 төгрөг нийт 210 000 000 төгрөгийг,  сарын 3 хувийн хүүтэй зээл авсан, тухайн үед Б.Анхтуяа Монгол улсад байгаагүй учраас О.Пунсалмаа Б.Анхтуяагийн төрсөн дүү Б.Дэмбэрэлдаштай зээлийн гэрээ байгуулж, мөнгийг Б.Анхтуяа дансаар О.Пунсалмаад шилжүүлж өгсөн, улмаар О.Пунсалмаа эргүүлэн Б.Анхтуяад үндсэн зээлийн төлбөрөөс 10 000 000 төгрөг, зээлийн хүүд  29 700 000 төгрөг төлсөн гэх үйл баримтад талууд маргахгүй байна.

 

 Улмаар талууд тохиролцож 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд зээлийн гэрээгээр Б.Анхтуяа нь О.Пунсалмаад 200 000 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн, зээлийн барьцаанд О.Пунсалмаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 6 дугаар байрны 13 тоотод байрлах орон сууцыг барьцаалсан байна.

 

Энэхүү зээлийн гэрээний 200 000 000 төгрөг нь О.Пунсалмаагийн өмнө нь буюу 2012 онд Б.Анхтуяагаас зээлж авсан 210 000 000 төгрөгийн үлдэгдэл мөнгө гэдгийг зохигчид ойлгож байгаа бөгөөд хариуцагч О.Пунсалмаа ч 2012 онд авсан зээлийн мөнгөний үлдэгдэл 200 000 000 төгрөгийг Б.Анхтуяад өгнө гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Б.Анхтуяа 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг О.Пунсалмаад бодитоор шилжүүлээгүй бөгөөд 2012 онд зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 200 000 000 төгрөг О.Пунсалмаад байгаа гэдэгт талууд маргахгүй байгаа учраас Б.Анхтуяа Монголд ирээд дээрх хэлцлийг  хийсэн гэж тайлбарлаж байна.

 

Нэгэнт талуудын хооронд 2012 онд зээлийн харилцаа үүссэн байх бөгөөд тухайн үед зээлдэгч Б.Анхтуяа өөрийн мөнгийг О.Пунсалмаад зээлдүүлэхдээ түүнийг өөрийн дүүтэйгээ гэрээ хийлгэсэн байсан учраас Б.Анхтуяа зээлийн авлагын үлдэгдэл төлбөр дээр өөрөө О.Пунсалмаатай хэлцэл хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д хүүгээс анз тооцохгүй гэж заасан хэдий ч талууд гэрээндээ зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож зээлдэгчид төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн  189.1-т заасан “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн заалтад нийцэж байна.

 

Мөн талууд тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан  “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтын агуулгад нийцэж байна.

 

Хариуцагч О.Пунсалмаа зээлийн 200 000 000 төгрөгийг төлнө гэдгийг хүлээн зөвшөөрч байх боловч тухайн өдөр буюу 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр надад 200 000 000 төгрөгийг бодитоор өгөөгүй, барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул зээлийн хүү болон алдангийг төлөхгүй гэх түүний тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд үндсэн зээлийн 200 000 000 төгрөг, зээлийн хүү 72 000 000 төгрөг, алданги 136 000 000 төгрөг нийт 408 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Б.Анхтуяа О.Пунсалмаатай 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээнд тухайн өдөр байгуулсан 200 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд Д.Пунсалмаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 6 дугаар байрны 13 тоотод байршилтай орон сууцыг барьцаалсан байна.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 156.3-т “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд хийгдсэн барьцааны гэрээ нь энэхүү хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т хууль зөрчиж хийгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж заажээ.

Талуудын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх бөгөөд хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг бөгөөд энэхүү хэлцлээр талуудад эрх, үүрэг үүсэх боломжгүй байдаг тул зохигчдын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч О.Пунсалмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг Б.Анхтуяагаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Онолтын Пунсалмаагаас 408 000 000 /дөрвөн зуун найман сая/ төгрөгийг гаргуулан Баатархүүгийн Анхтуяад олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар Б.Анхтуяа, О.Пунсалмаа нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 355 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Пунсалмаагаас 2 197 950 /хоёр сая нэг зуун ерэн долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан Б.Анхтуяад олгож, О.Пунсалмаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Б.Анхтуяагаас 907 950 /есөн зуун долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.ДОРЖНАМЖИН