Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Н.А, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Э,

Орчуулагч Э.Х,

Шүүгдэгч К.В нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.В-д холбогдох эрүүгийн 1903005990306 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Фу Жейн мужид төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт БНХАУ-ын Фу Жейн муж Футейн хотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, К.В, гадаад паспортын дугаар .../,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч К.В нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний 511 дүгээр вагоны 8 дугаар суудалд зорчин явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь өргөн төмөр замын 1 дэх гаалийн хяналтын бүсийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 1,01 грамм алтыг хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч К.В мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Бүгд найрамдах Хятад улсаас Монгол улсад алтны уурхай болон тоосгоны үйлдвэр судлах зорилгоор ганцаараа таксигаар ирсэн. Монголд ирэн найз Ф-н түрээсийн байранд ирж хамт байсан. Ф намайг дагуулж яван нэг тоосгоны үйлдвэр үзсэн тэр үйлдвэр нь өр зээлтэй гэж байсан хаана байдгийг нь сайн мэдэхгүй байна. Бусад цагаар хэл мэдэхгүй учраас гэртээ байсан. Миний визний хугацаа дуусах гээд байхаар Хятад руу буцахаар шийдэн 2019 оны 05 дугаар сарын 26-ны 15 цагийн орчим Улаанбаатар төмөр замын билет касснаас ганцаараа очин билетээ бичүүлсэн. Орой 20 цагийн орчим очин хүлээж байгаад Улаанбаатар-Эрээний чиглэлд аялах суудлын 22 дугаар галт тэрэгний 511 вагоны 8 дугаар купенд суун гэртээ харихаар явсан. Манай өрөөнд надаас гадна 3 хүн байсан 1 нь хятад 2 хүн нь Монгол байсан. Галт тэрэг Улаанбаатар хотоос 20 цаг 40 минутын орчим хөдлөөд явсаар байгаад 2019 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн орчим Замын-Үүдэд очиж зогсоход манай өрөөнд Монгол Улсын хил, гаалийн хүмүүс орж ирээд шалгалт хийж эхэлсэн. Эхлээд манай өрөөнд байсан хүмүүсийн цүнх эд зүйлийг шалгаад дараа нь миний аялалын цүнхийг онгойлгон доторх зүйлийг шалгахдаа дотор нь байсан миний түрүүвчний цахилгаан түгжээг нээтэл дотор нь ил байсан жижигхэн алтыг аван хурааж авсан. Би тэр алтыг түрийвчин дотор байсныг ч мартчихсан байсан, надаас энэ юу юм гэж асуухаар нь өмнө нь алт мөнгөний дархан хийж байхдаа ашиглаж байсан түрийвчиндээ хийгээд мартсан байна гэж хэлсэн. Ингээд миний түрийвчинд байсан 1 грамм алтыг хураан авч намайг галт тэрэгнээс буулгасан. Миний бичиг баримт болон алтыг хураан авсан. Би Хятад Улсад алт мөнгөний дархан хийж байгаад 5, 6 жилийн өмнөөс эрүүл мэндийн улмаас хийхээ больсон юм. Тэгэхдээ алтыг багаж болгон ашиглаж байсан юм. Одоо манай том охин C.S үргэлжлүүлэн алтны дархан хийж байгаа. Би энэ алтыг түрүүвчин дотроо хийж мартаад хэдэн жил болсон байна. Хэрвээ мэдсэн бол гэртээ орхиод ирэх байсан. Манай улсад 50 граммаас дээш хэмжээтэй алтыг гаальд мэдүүлдэг юм. Миний авч явсан алт 1 грамм учраас анзаарсангүй ээ… Миний асуудлыг хурдан хугацаанд хуулийн хүрээнд шийдэж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 71-72/,

- Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын суудлын 22 дугаар галт тэрэгний 511 дүгээр вагонд үйлчилэгч О-н хамт галт тэрэгний үйлчилэгчээр үүрэг гүйцэтгэхээр болсон. Манай галт тэрэг оройн 20 цаг 45 минутанд хөдлөөд Замын-Үүд суманд 08 цаг 30 минутанд очсон. Ингээд үүрэг гүйцэтгэж явж байгаад маргааш өглөө нь ДГА-ийн Замын-Үүд суманд очоод хил гаалийн шалгалтандаа хамрагдсан. Шалганы хүмүүс бид нарын үнэмлэхийг хураагаад аваад явсан байсан бөгөөд тэнд үзэж шалгаж байсан гаалийн байцаагч нь 8 дугаар купэний 31 дүгээр местэнд зорчин иргэний биеээс юм гарч ирсэн хүрээд ирээрэй гэсэн. Тэгсэн тухайн местэнд зорчин явсан Хятад улсын иргэний биеээс 2 ширхэг жижиг хэмжээтэй шар өнгийн алт мэт металл эд зүйл гараад ирсэн. Тухайн гаалийн байцаагч хэлэхдээ нэгийг нь оймсноос нь нөгөөдөхийг нь түрүүвчнээс нь гаргасан гэж хэлж байсан. Ингээд тухайн хүнийг галт тэрэгнээс буулгасан бөгөөд бид нар цаашаагаа хөдлөөд Хятад улс руу явсан. Намайг очиж харахад түүний авч явсан цүнхтэй эд зүйлийг задлаад тавьсан байсан бөгөөд тэрийг яг хаанаас гарсан болохыг хараагүй. Гаалийн байцаагч нь өөрөө хэлэхдээ нэгийг нь түрүүвчнээс нь гарсан, нөгөөдхийг нь оймсноос нь гарсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,

- Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд: “Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар-Эрээн Чиглэлийн олон улсын суудлын 22 дугаар галт тэрэгний 511 дүгээр вагонд үйлчилэгч Э.Д-н хамт үүрэг гүйцэтгэсэн. Манай галт тэрэг Улаанбаатар хотоос оройн 20 цаг 45 минутанд хөдөлсөн. Манай вагон 22 зорчигчтой Улаанбаатар өртөөнөөс хөдөлсөн бөгөөд Замын-Үүд өртөөнөө нэмээд 5 зорчигч суусан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 08 цаг 50 минутын үед Замын-Үүд гаалийн шалгалт манайд орж ирсэн. Тухайн гаалийн байцаагч нь нэг эмэгтэй хүн байсан бөгөөд шалгалтыг 8 дугаар купэнээс эхлээд хийсэн. Тухайн үед нь би өөрийнхөө ажлынхаа өрөөний тэнд зогсож байсан чинь тэр гаалийн байцаагч намайг дуудахаар нь яваад очиход тэр купэйнд зорчин явсан Бүгд Найрамдах Хятад Улсын иргэний өмсөж явсан оймс болон түрүүвчин дотроос нь 2 ширхэг жижиг хэмжээтэй шар өнгийн алт мэт металл гаргаж ирсэн байсан. Ингээд тухайн алт гэх зүйлийг хураан авах ажиллагаа явуулсан бөгөөд намайг уг ажиллагаанд оролцуулсан. Тэр хятад хүнийг авч явсан ачаатай хамт галт тэрэгнээс буулгасан бөгөөд би тэр үед нь хажууд нь хамт байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

- Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “ Улаанбаатар Эрээн чиглэлийн 22-р галт тэргэнд үзлэг шалгалт хийж байхдаа БНХАУ-ын иргэн К.В-н гар тээшэнд үзлэг хийхэд эсэргүүцээд байсан болохоор нарийвчилсан үзлэг хийх явцад түрүүвчнээс нь 2 ширхэг алт мэт шар өнгийн зүйл гарч ирсэн. Хойшлуулашгүй ажиллагаа явуулаад тухайн эд зүйлийг хураан авсан. Би улс орнуудаар явж алтны үнэ судалдаг. Энэ алт миний түрүүвчинд 2-3 жил явж байна гэж ярьсан. К.В нь тухайн үед ганцаараа явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “ Би Гаалийн даргын батлагдсан хувиарын дагуу 2019 оны 05 дугаар сарын 27 өдөр 09 цаг 30 орчимд Замын Үүд дэх өргөн төмөр замын зөрчлийн хариуцан ажиллаж байсан. Ажиллах хугацаанд Улаанбаатар Эрээн чиглэлийн галт тэргэнд үзлэг шалгалт хийх явцад Гаалийн улсын байцаагч Ш.Б үзлэг шалгалтаар 22 дугаар галт тэргэний 511 дугаар вoгaны 8 дугаар купэнд үзлэг шалгалт хийхэд Хятад улсын иргэн эрэгтэй , C.W гэдэг нэртэй хүн бор өнгийн түрүүвчиндээ алт байж болох шар өнгийн металль эд зүйлийг авч явж байна гэж надад мэдэгдсэн. Тэгээд би очиход вагоны купэн дотор цүнх болон түрийвчинд нь Ш.Б үзлэг хийж байсан. Шар өнгийн металл хоёр жижиг хэсгийг жинлэж үзэхэд 1,033 грамм болж байсан. Үйл явцыг харуулсан 7 кадр зураг авч тэмдэглэлд хавсгарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,

- 2019 оны 06 сарын 07-нй өдрийн Мөрдөгчийн магадлагаа, “2019 оны 05 сарын 27-ны байдлаар 1 грамм алт 108,985.54 төгрөг гэсэн”  Монгол банкнаас алтны үнийн ханш /хх-ийн 30-31/,

  • Х ХХК-ийн лабораторийн шинжилгээний “алт” гэсэн дүгнэлт /хх-ийн 35/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч К.В нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний 511 дүгээр вагоны 8 дугаар суудалд зорчин явахдаа хууль заасны дагуу хязгаарласан бараа болох 1,01 грамм алтыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь өргөн төмөр замын 1 дэх гаалийн хяналтын бүсийн шалган нэвтрүүлэх боомт буюу Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

 Тээврийн Прокурорын газрын прокуророс шүүгдэгч КВ нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын 22 дугаар галт тэрэгний 511 дүгээр вагоны 8 дугаар суудалд зорчин явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь өргөн төмөр замын 1 дэх гаалийн хяналтын бүсийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох 1,01 грамм алтыг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Валютын зохицуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Валют гэж Монгол Улсын үндэсний валют, гадаад валют... мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйлсийг хэлнэ” гэж, 3 дугаар зүйлийн 3.4-т “Мөнгөжсөн алт гэж олон улсын жишигт хүргэн цэвэршүүлж, олон улсын санхүүгийн аль нэг төвд хадгалуулж байгаа, гадаад валютаар борлуулахад бэлэн болсон алтыг хэлнэ” гэж,  мөн 13 дугаар зүйлийн 13.2-т Монгол Улсад байнга болон түр оршин суугч гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь “...валютыг гадаад төлбөр, тооцооны эрх бүхий арилжааны банкнаас худалдан авсан, чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг тухайн банкны нотолгоо бичгээр, гадаадаас оруулж ирсэн бол түүнийгээ нотлох гаалийн мэдүүлгээр, өв залгамжлан авсан болон бусдаас бэлэглэсэн бол үүнийгээ тус улсын нотариатын байгууллагын нотолгоо бичиг”-ийг үндэслэн гаргаж болохоор тус тус заажээ. 

 Дээрхээс үзэхэд валют буюу алтыг улсын хилээр нэвтрүүлж болохгүй талаар хуулиар хориглоогүй, харин тодорхой хязгаарлалт тогтоосон байна.

Шүүгдэгч КВ нь уг хязгаарлалт тогтоосон бараа болох алтыг хуульд заасан шаардлагыг хангасан зөвшөөрөл авч улсын хилээр нэвтрүүлэх атал зөвшөөрөл аваагүй байх тул түүнийг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон бараа болох валют буюу алтыг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч КВ нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр хуульд заасны дагуу хязгаарласан бараа болох алтыг хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.Д-н “...Манай галт тэрэг оройн 20 цаг 45 минутанд хөдлөөд Замын-Үүд суманд 08 цаг 30 минутанд очсон. Ингээд үүрэг гүйцэтгэж явж байгад маргааш өглөө нь ДГА-ийн Замын-Үүд суманд очоод хил гаалийн шалгалтандаа хамрагдсан. Шалганы хүмүүс бид нарын үнэмлэхийг хураагаад аваад явсан байсан бөгөөд тэнд үзэж шалгаж байсан гаалийн байцаагч нь 8 дугаар купэний 31 дүгээр местэнд зорчин иргэний биеээс юм гарч ирсэн хүрээд ирээрэй гэсэн. Тэгсэн тухайн местэнд зорчин явсан Хятад улсын иргэний биеээс 2 ширхэг жижиг хэмжээтэй шар өнгийн алт мэт металл эд зүйл гараад ирсэн...” гэсэн, гэрч Н.О “... Бүгд Найрамдах Хятад Улсын иргэний өмсөж явсан оймс болон түрүүвчин дотроос нь 2 ширхэг жижиг хэмжээтэй шар өнгийн алт мэт металл гаргаж ирсэн байсан ...” гэсэн, гэрч Ш.Б “...БНХАУ-ын иргэн К.В-н гар тээшэнд үзлэг хийхэд эсэргүүцээд байсан болохоор нарийвчилсан үзлэг хийх явцад түрүүвчнээс нь 2 ширхэг алт мэт шар өнгийн зүйл гарч ирсэн. Хойшлуулашгүй ажиллагаа явуулаад тухайн эд зүйлийг хураан авсан...” гэсэн, гэрч Д.Б “... 22 дугаар галт тэргэний 511 дугаар вoгaны 8 дугаар купэнд үзлэг шалгалт хийхэд Хятад улсын иргэн эрэгтэй , CW гэдэг нэртэй хүн бор өнгийн түрүүвчиндээ алт байж болох шар өнгийн металл эд зүйлийг авч явж байна гэж надад мэдэгдсэн. Тэгээд би очиход вагоны купэн дотор цүнх болон түрийвчинд нь Ш.Б үзлэг хийж байсан. Шар өнгийн металл хоёр жижиг хэсгийг жинлэж үзэхэд 1,033 грамм болж байсан...” гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч КВ-ний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч К.В-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлуудыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч К.В нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  0,900 грамм алтыг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч К.В-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.В-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.В нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,900 грамм алтыг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч К.В нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.В-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.Н