| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 184/2024/05252/И |
| Дугаар | 210/МА2025/00929 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/00929
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох
Эзэмшлийн газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь *******дүүрэг, ******* хороо, /*******/ хаягт байх ******* м.кв талбайтай, нэгж талбарын ******* дугаартай газрын хууль ёсны эзэмшигч юм. Уг газрыг ******* дүүргийн Засаг даргын захирамжаар *******т 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба 2009 оны 01 сарын 09-ний өдөр гэрчилгээ олгосон. Гэтэл ******* нь *******ийн эзэмшлийн газар дээр 2020 оны ******* тоот ******* дүүргийн Засаг даргын захирамжаар давхардуулан газар эзэмших гэрчилгээ авсныг 2021 оны 10 дугаар сард олж мэдсэн.
Мөн *******, *******, ******* нар нь *******ийн газар дээр байшин барьсан нь ******* м.кв талбайгаар таллаж орсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба ******* газрыг чөлөөлүүлэхээр өмнө нь шүүхэд хандсан ч уг газарт давхардуулан 2 газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэвч ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 12 сарын 13-ны өдрийн *******дугаар захирамжаар *******д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт ******* м.кв талбайгаар таллаж орсон барилгыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Уг газар нь гудамж хаасан, үерийн устай гээд газар эзэмших эрх өгөхгүй байсан. Тухайн газрын нэхэмжлэгч агаараар зураг авч өөрийн эзэмшил болгосон байна. Манайх газрыг тэгшлээд, шороо асгаад байшин барьж эхлэхэд гэнэт 2 хүн гарч ирээд манай газар гэж маргасан, *******ийн газар руу миний барьсан байшин давхардан орсон нь үнэн. Уг газрын төлбөрт 15,000,000 төгрөг төлөөд эвлэрэх хүсэлтэй байгаа, эвлэрэх хугацаа авмаар байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн, нэгж талбарын ******* дугаартай, ******* дүүрэг, ******* хороо, ******* хаягт байршилтай, ******* м.кв талбайтай газар дээрх байшин /******* м.кв таллаж орсон/-г албадан буулгаж, газрыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч өөрийн газраа эзэмшиж ашиглах гэхээр хариуцагчийн барьсан байр зарим хэсгээрээ давхардан ороод саад учруулж байна" гэсэн агуулгаар үндэслэлээ тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч тус газрыг 2009 оны 01 сарын 09-ний өдөр газрын гэрчилгээ авснаас хойш нэг ч удаа ашиглаагүйгээс гадна уг газар нь ямар ч хүн амьдрах боломжгүй тэгш бус гадаргуутай газар байсныг хариуцагч өөрийн хөрөнгөөр тэгшилж, засварласан. Иймд нэхэмжлэгчийн гаргаж буй өөрийн газраа эзэмшиж ашиглах гэхлээр саад учруулж буй гэх тайлбар нь үндэслэлгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс энэ талаар удаа дараа шүүх хуралдаан дээр тайлбар гаргаж, өөрийн татгалзлын үндэслэлийг нотлохоор шүүхэд үзлэг хийлгэх болоод шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүхийн зүгээс хангахгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасантай нийцэхгүй гэж үзэж байна.
Уг хэрэг 3 хариуцагчтай байтал шүүх хуралдаанд нэгийг нь ч оролцуулж, тайлбар хэлэх, мэтгэлцэх боломжийг олголгүй хэргийг шийдсэнд гомдолтой байна. 2025 оны 02 сарын 24-ний 12:30 цагт товлогдсон шүүх хуралд хариуцагчийн зүгээс шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарт шүүх хуралд очиж байна, таван минутын дараа орлоо гэсэн боловч шүүх хуралдаан нэгэнт эхэлсэн байсан тул бид орох боломжгүй болсон. Шүүхийн зүгээс хүний эд хөрөнгөтэй холбоотой чухал асуудалд ядаж хариуцагчийн нэгийг нь оролцуулахгүй шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс гомдолтой байна гэжээ.
5. Хариуцагч *******ийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон. Тухайн хуралдаан болж байх үед хариуцагч нар хажуу талын нотариат дээр 2 хүнд итгэмжлэл хийж олгоод 40 минутын дараа 1 итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орж ирсэн. Нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хурал давхцаж оролцож чадаагүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Хариуцагч *******ийн дүү өмгөөлөгч хүн атлаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож өмгөөлөгч авах хүсэлт гаргаж хойшлуулдаг. Хэрэгт өмгөөлөгч авах хүсэлт 3 байгаа боловч өмгөөлөгч авдаггүй. *******гийн газрын эзэмших гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа тул захиргааны шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан түүний эзэмшлийн ******* дүүргийн ******* хороо, /*******/ хаягт байх зуслангийн газарт нь зөвшөөрөлгүй барьсан байшинг буулгаж албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, уг газрыг үерийн ам, гудамж хаасан гээд олгохгүй байсан ба бид газрыг тэгшлэн байшин барьж эхлэхэд гэнэт энэ хүмүүс гарч ирсэн, газрын төлбөрт 15,000,000 төгрөг төлж эвлэрэх хүсэлтэй байна гэж тайлбарлан маргажээ.
3. ******* дүүргийн ******* хороо, /*******/ хаягт байршилтай, ******* м.кв талбайтай, нэгж талбарын ******* дугаартай газрыг нэхэмжлэгч *******т ******* дүүргийн Засаг даргын 2008 оны ******* дугаартай захирамжаар эзэмшүүлжээ. Тус газартай давхцуулан мөн дүүргийн Засаг даргын 2020 оны ******* дугаартай захирамжаар хариуцагч *******д ******* м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн боловч 2022 оны 12 сарын 13-ны өдрийн *******дугаар захирамжаараа хариуцагч *******д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Уг газар дээр хариуцагч ******* 2012 онд байшин барьж эхэлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд хандан *******ийн хууль бус үйлдлийн таслан зогсоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрснөөр ******* дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 05 сарын 15-ны өдрийн ******* дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарчээ. Гэвч хариуцагч ******* маргаж буй газарт барьсан байшинг буулгаж газрыг чөлөөлөөгүй, харин түүний охин *******д 2020 онд дээрх газар эзэмших эрх олгогдож байжээ. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр биелэгдээгүй талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлажээ.
4. Хэрэгт ******* ХХК-ийн 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 2022/05 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нарын барьсан байшин нь нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* дүүргийн ******* хороо, /*******/ хаягт байх ******* м.кв талбайтай газартай ******* м.кв талбайгаар давхацсан буюу нэхэмжлэгчийн эзэмшил газрын хилийг уул хэмжээгээр зөрчин барилга барьсан нь ийнхүү тогтоогджээ. Хариуцагч ******* нь маргаж буй газрыг эзэмших эрхгүй байхдаа буюу 2012 онд нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт байшин барьсан, хожим /2020/ хариуцагч *******д уг газрыг давхцуулан олгосон газар эзэмших эрхээ Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2022 оны *******дугаар захирамжаараа хүчингүй болгосон байна.
Иймд нэхэмжлэгч ******* Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна. Хариуцагч нар маргаж буй газрыг эзэмших эрхгүй атлаа газрын хэвгий байдлыг нь өөрсдийн хөрөнгөөр тэгшилж зассан, улмаар байшин барьсан нь тэдний эзэмшлийг зөвтгөхгүй юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин хариуцагч *******ийн эрхийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
Тус шүүхийн 2025 оны 02 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч *******, ******* нар хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч шүүх тэдгээр хариуцагч нарын мэтгэлцэх эрхийг хангаж шүүх хуралдааныг 2025 оны 02 сарын 24-ний өдөр товложээ. Тус шүүх хуралдаанд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* оролцож шүүх хуралдааны товыг биечлэн мэджээ.
Гэвч 2025 оны 02 сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон бусад хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй байна. Иймээс шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар гаргах, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэсэн агуулгаар гаргасан хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Бусад хариуцагч болох *******, ******* нар энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй учир тэдний эрх ашиг зөрчигдсөн гэж дүгнэхгүй. Мөн эдгээр хариуцагч нар нь хариуцагч *******тай нэгдмэл сонирхолтой болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө хариуцагч *******аар төлөөлүүлсэн байдлаас үзвэл 2025 оны 02 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн гэж үзнэ.
Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаас 2025 оны 02 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд маргаан бүхий газрын бодит байдалд үзлэг хийлгэх, газрын үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь үндэслэлтэй. Газрын хууль бус эзэмшлээс хариуцагч нарыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тухайн газрын бодит байдал болон үнэлгээг тогтоох нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм.
6. Дээрх үндэслэлээр хариуцагч *******ийн давж заалдах гомдлын хангахгүй орхиж, анхан шатны шүүх хэргийг хуульд нийцүүлэн хянан шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч нарын нэрийг оруулаагүйг нэмж, мөн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах зүйтэй нь гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/01573 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, /*******/ хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай, ******* м.кв талбай бүхий нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн зуслангийн газрыг хариуцагч *******, *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ