Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Н.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 1820002840058 тоот хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, улс хооронд хувиараа зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460,000 төгрөгийг торгох ялаар шийтгүүлсэн, О овогт Д.Б,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-аас орж ирэх чиглэлд ... улсын дугаартай ... маркийн автомашин ашиглан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулиар зохицуулсан дүрмээр хязгаарласан бараа болох 5 хайрцаг 52 ширхэг пиротехникийн хэрэгслийг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУлсын Эрээн хот хооронд өөрийн эзэмшлийн машинаар хүн ба ачаа тээврийн үйлчилгээ хувиараа эрхэлдэг.  2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүд сумаас БНХАУлсын Эрээн хот руу 11-12 цагийн үед гараад Эрээн хотын Хянган нэртэй зогсоол дээр зогсож байгаад өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгсэлд Замын-Үүд сум руу орох хоёр эмэгтэй хүнтэй ярьж ачаа барааг нь ачиж дуусаад 16 цаг үед Хянган гэх зогсоолоос хөдлөх гэж байхад Эрээн хотоос машинд ачаа өгөөд яваад байдаг нэг эрэгтэй Хятад залуу 5 хайрцаг ногоон өнгийн тааран шуудайгаар ороосон цаасан хайрцагтай гутлын улавч байгаа чи Замын-Үүд руу авч явах уу гэж асуухад за гэж хэлээд нэг хайрцагтай ачааг 50 юаниар бодож 5 хайрцаг ачааг 250 юаниар ачсан. Тэгээд БНХАУлсын Эрээн хотын хилээр гараад Монгол Улсын хил буюу Замын-Үүд авто шалган нэвтрүүлэх боомтоор орох чиглэлд Гаалийн улсын байцаагч тээврийн хэрэгсэл бичиг баримт ачиж яваа бараа бүтээгдэхүүнд шалгалт хийж байхдаа байцаагч энэ ногоон өнгийн тааран шуудайтай зүйл юу байгаа талаар асуухаар нь гутлын улавч байгаа талаар хэлж байцаагч задлаж үзэх шаардлагатай гэж хэлээд задлаж үзэхэд дотор талаас нь салют гарч ирсэн. Тэгээд гаалийн байцаагч хилээр хууль бусаар хязгаарласан бараа байна гэж хэлээд зөрчлийн хэрэг нээгээд Прокурорын байгууллагад шилжүүлсэн. Би тухайн үед мэдээгүй гаалийн байцаагч задлаж үзэх шаардлагатай гэж хэлээд хамт задлаж үзэхэд салют гараад ирсэн. Би зарж борлуулж мөнгө олдоггүй. Надад ямар нэг зөвшөөрөл байхгүй. Би тухайн барааг салют гэж мэдээгүй гутлын улавч гэж хэлсэн тул мэдээгүй ачсан байсан. Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл би 2017 онд Замын-Үүд сумын иргэнээс 500,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 58-59/,

 - Иргэний нэхэмжлэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “Би Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал, байгууллагын галын аюулгүй байдал хариуцсан ажилтай тул тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Тухайн приотехникийн хэрэгсэл буюу салютыг Монгол Улсад хэрэглэж болно. Салютыг УУХҮЯамнаас зөвшөөрөл авч итпортлох лицензтэй эрх бүхий аж ахуй нэгж импортлох бөгөөд иргэн импортлохыг хориглоно. Үнэлгээний байгууллагаас гаргасан мөнгөн дүнг нэхэмжлэх саналтай байна. Өөр санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/,

- BE мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 134 дүгээр дүгнэлт:

1. Тэдгээрийг үйлдвэрийн сав баглаанаас нь гаргасан, хадгалалт, тээвэрлэлт буруу хийгдсэн, багцын боодол нь муудсан, зарим хэсгээр боодол цоорч салют нь цухуйсан үзүүрээрээ пиротехникийн бодис асгарсан байдалтай байна. Энэ нь цаашид хадгалах, тээвэрлэхэд галын болон тэсрэлтийн аюул үүсэх өндөр эрсдэлтэйг анхааруулж, онцгой байдлын мэргэжлийн байгууллагад даруй хандаж устгуулахыг зөвлөж байна гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-21/

-  А ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 34-42/, 

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-75/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд, эд мөрийн баримтыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-аас орж ирэх чиглэлд ... улсын дугаартай ... маркийн автомашин ашиглан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулиар зохицуулсан дүрмээр хязгаарласан бараа болох 5 хайрцаг 52 ширхэг пиротехникийн хэрэгслийг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Д.Б нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулиар зохицуулсан дүрмээр хязгаарласан бараа болох 5 хайрцаг 52 ширхэг пиротехникийн хэрэгслийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн Ч.Э “...Тухайн приотехникийн хэрэгсэл буюу салютыг Монгол Улсад хэрэглэж болно. Салютыг УУХҮЯамнаас зөвшөөрөл авч итпортлох лицензтэй эрх бүхий аж ахуй нэгж импортлох бөгөөд иргэн импортлохыг хориглоно ...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулиар зохицуулсан дүрмээр хязгаарласан бараа болох 5 хайрцаг 52 ширхэг пиротехникийн хэрэгслийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг бусдад учруулаагүй болон түүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 хайрцаг 52 ширхэг пиротехникийн хэрэгслийг устгахаар шийдвэрлэв.

Прокурорын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5/02 тогтоолоор ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, шүүгдэгч Д.Б-д хадгалах, хамгаалах үүргийг хүлээлгэсэн байх ба шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдсон тул битүүмжлэлийг хүчингүй болгож, ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг А ХХК нь 500,000 төгрөгөөр үнэлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Д.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т заасан хязгаарласан бараа болох тэсэрч дэлбэрэх бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч О овогт Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд  хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 хайрцаг 52 ширхэг пиротехникийн хэрэгслийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5/02 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай ... маркийн 500,000 төгрөгний үнэтэй тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.Н